Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/01046

 

“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2022/00228 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204/МА2022/00015 дугаар магадлалтай,

“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ӨХӨГХБХБГ, ӨХАЗДТГ, ХНХЯ, БХТ ТӨААТҮГ-т холбогдох,

360,663,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, түүний өмгөөлөгч Ч.Анар, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч Ц.Ганболд, хариуцагч Өвөрхангай аймаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч ӨХӨГХБХБГ, ӨХАЗДТГ, ХНХЯ, БХТ ТӨААТҮГ-т холбогдуулан 2018.04.12-ны өдрийн БУА-УТ-01/2018 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хохирол 360,663,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2022/00228 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас нийт 79,285,710 төгрөг гаргуулан “..........” ХХК-д олгож, 281,377,422 төгрөг гаргуулах нэхэмжлэл болон ӨХӨГХБХБГ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БХТ ТӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар баримтлан “..........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,961,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 554,379 төгрөг гаргуулж “..........” ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

3.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204/МА2022/00015 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2022/00228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтохоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,564,838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр ..........” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 79,285,710 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй хэмээн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянаад давж заалдах шатны шүүх магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” талаар

4.1.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянаад, БУА-УТ-01/2018 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.5-д зааснаар тухайн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэсэн байх хуулийн шаардлага тавигдсаныг зөрчсөн, мөн зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглосон хэм хэмжээг зөрчсөн, Иргэний хуулийн 56.1, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг үнэн зөвөөр дүгнэж тогтоосон.

4.1.2.Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулах болохыг дурдсан атлаа Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр, үндэслэл заахгүйгээр, гагцхүү 1 дүгээр хавтасны 152-154 хуудсуудад авагдсан нотлох баримтаар “..........” ХХК тухайн үед маргаж байгаагүй (харин хожим маргаж эхэлснийг үгүйсгээгүй)-г иш татаад, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д заасан тоо хэмжээ өөрчлөгдөх үндэслэл бүрдээгүй хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг харилцан зөрүүтэй хэрэглэсэн, улмаар хяналтын шатны журмаар энэхүү маргаантай асуудлыг эцэслэн хянуулж шийдвэрлүүлэх үндэслэлтэй болохыг илэрхийлэхээр байна.

4.1.3.Үүний зэрэгцээ, давж заалдах шатны шүүхийн магадлал нь магадлалд хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал: магадлалын “хянавал” хэсэг бус, “үндэслэх” хэсэг бүхий, магадлалын “тогтоох” хэсэг байхгүй, мөн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн аль үндэслэл, хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тухайгаа тайлбарлаагүй, заагаагүй байна. Энэ нь магадлалын хууль ёсны шинжийг үгүйсгэхүйц, тодорхой бус байдлыг бий болгосон байна.

4.1.4.Магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-т зааснаар захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан, хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн шалтгаанаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай худалдан авах ажиллагааны хууль тогтоомжид заасан үндэслэл тогтоогдоогүй болохыг дүгнэж, энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, талуудын анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй үндэслэл, үйл баримтыг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн хуулийг буруу хэрэглэснийг илэрхийлдэг. Учир гэвэл, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл /Захиалагчийн чиг үүрэг/-ийн 37.1 дэх хэсэгт “Барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.10.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах” гэж тусгайлан заасан, түүнчлэн магадлал хийлгээгүй тохиолдолд дээр дурдсанаар барилгын ажлыг эхлүүлэхийг хориглосон хуулийн хэм хэмжээг тус тус зөрчсөн болох нь хангалттай тогтоогдсон байхад, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-168.1.7 дахь заалтуудын аль үндэслэлээр хүчингүй болгох болсноо тайлбарлалгүйгээр, мөн Иргэний хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүхийн тодорхой бус үнэлэлтийг ойлгохыг хичээж, хийсвэрлэн төсөөлбөл, 1 дүгээр хавтасны 152-154 хуудсуудад авагдсан хуралдааны тэмдэглэлийн үеэр зураг төсөлд магадлал хийлгээгүй байсан талаар “..........” ХХК нь тухайн үед маргаагүй, хожим маргасан явдал нь тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардах эрхээ алдсан, эсхүл хууль зөрчсөн хэлцлийг талууд хэлэлцэн тохирч, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлсэн бол хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн далд утгатай дүгнэлт болсон байна. Энэ нь магадлал анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй гарахдаа, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй болсныг илэрхийлж байна.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” талаар

4.2.1Давж заалдах шатны шүүх хуралдааны танхимд 2022.07.08-ны өдөр нээлттэй явагдсан хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхээр зөвлөлдсөний дараагаар давж заалдах магадлалынхаа тогтоох хэсгийн агуулгыг танилцуулан сонсгохдоо, “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулах үед зураг төсөлд магадлал хийлгэх шаардлага байгаагүй тул хэлцлийг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж үзэхгүй, иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэх агуулгаар тайлбарласан.

4.2.2.Гэтэл магадлал бичгээр гарсантай танилцаж үзэхэд, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тухайн бүрэлдэхүүний магадлал танилцуулахдаа дурдсан үндэслэл огт тусгагдаагүй, танилцуулан сонсгосноосоо өөр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шинжийг алдагдуулж байна.

4.2.3.Түүнчлэн, өмнө дурдсанчлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1 дэх хэсгийн аль үндэслэл, заалтыг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болохоо тодорхой заагаагүй, тайлбарлаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болж энэ нь магадлалын хууль ёсны шинжийг алдагдуулахад дээрхтэй адил нөлөөлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа, анхан шатны шүүх “магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан төсөвт өртөг 2,360,663,132 төгрөгөөс “..........” ХХК-ийн хийсэн төсөвт өртөг 2,281,377,422 төгрөгийг хасаад...зөрүүг 79,285,710 төгрөг гэж тооцох үндэслэлтэй” хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдал дээр нэхэмжлэгч “..........” ХХК нь “Мөнх хос шилтгээн” ХХК-аар зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгүүлээгүй, өөрөө сонгож буюу Иргэний хуульд заасан гэрээний эрх чөлөөт байдлын зарчимд үндэслэн ямар нэгэн гэрээний харилцаанд огт ороогүй бөгөөд гагцхүү тухайн зураг төслийг урьд ӨХАЗДТГ бусдаар (“Мөнх хос шилтгээн” ХХК) гүйцэтгүүлсэн байсныгаа барилгын ажлын төсвөөс суутган гаргуулж авсан харилцаа үүссэнтэй холбоотой болохыг үндэслэж, тухайн захиалагчаас нэр зааж гэрээлүүлсэн буюу өмнө хийгдсэн ажлын хөлсийг давхардуулж төсвөөс гаргуулах болсон зураг төсөл зохиогч, хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн тоо хэмжээний зөрүүг бүрэн гаргуулан өгөх агуулгаар гомдол гаргасан. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль тогтоомжид зааснаар, дээрх Хүний хөгжлийн төвийн барилгын ажил нь орон нутагт худалдан авах ажлын ангилалд хамаараагүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын багцад багтсан ажил байсан, үр дүн нь тус яамны ажлын болон төсвийн гүйцэтгэлд хамаарч тайлагнагдсан болохыг ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, энэ утгаараа ХНХЯ-ыг бусдад эрхээ шилжүүлсэн захиалагч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ тохиолдолд эрх шилжүүлэгч, төлөөлүүлэгч нь төлөөлөх эрх хүлээн авагчийн явуулсан тухайн харилцааны үр дагаврыг өөрөө хүлээх зохицуулалт үйлчлэх болохыг үндэслэл болгож гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүх энэхүү гомдлын үндэслэлийн талаар мөн зохих дүгнэлтүүдийг өгөлгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтохын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.10.03-ны өдрийн 001/ШХТ2022/01108 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

7.Нэхэмжлэгч “..........” ХХК хариуцагч Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ӨХАЗДТГ, ХНХЯ, БХТ ТӨААТҮГ-т холбогдуулан 360,663,132 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Хүний хөгжлийн төвийн барилгыг барих ХНХЯнаас зарласан буюу эрх шилжүүлсэн тендерт шалгарч уг барилгыг 2,000,000,000 төгрөгт багтааж барихаар тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын эрх олгосон албан бичиг, Засаг даргын гаргасан захирамжийн дагуу 2018.04.12-ны өдрийн БУА-Утендерт Т-01/2018 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай байгуулсан боловч ажил хийхэд эрсдэлтэй зүйл гарч, барилгын зураг төслийн магадлал хийлгээгүй байснаас төсвийн зөрүү гарсан, тухайлбал, БХТ ТӨААТҮГ 2018.06.15-ны өдөр зураг төслийн магадлал хийсэн ба уг магадлалаар барилгын нийт төсөв 2,360,663,132 төгрөг гэж тооцсон, манай компани өөрийн хүч бололцоогоор барилга барьж ашиглалтад оруулсан боловч зөрүү мөнгийг шийдэж өгөөгүй юм. Ажил гүйцэтгэх гэрээ нь Барилгын тухай хуульд зааснаар зураг төсөлд магадлал хийлгээгүй байхад барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглосон заалт зөрчсөнөөрөө хууль зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх аль ч шинжээрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул зөрүү мөнгийг ХНХЯнаас гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад Хүний хөгжлийн төвийн барилга төсөл, арга хэмжээ 2,000,000,000 төгрөгөөр батлагдсан, уг төвийн барилга байгууламжид тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018.03.26-ны өдрийн 113 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг үндэслэн 2018.04.12-ны өдрийн БУА-УТ-01/2018 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, яам нь уг барилга байгууламжийн ажлын худалдан авах ажиллагаа, гэрээ байгуулах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцоогүй, ӨХАЗДТГ бүрэн хариуцсан, 2018 онд батлагдсан санхүүжилт нийт 1.999.999.993 төгрөгийг “..........” ХХК-д бүрэн шилжүүлсэн, яам нь нэхэмжлэлд дурдсан 360,663,132 төгрөгтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй” гэж,

Хариуцагч ӨХАЗДТГ “2018.03.26-ны өдрийн тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай А/174 тоот захирамжаар “..........” ХХК-аар 2,000,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлэхийг зөвшөөрч гэрээ байгуулан ажлын явцад хяналт тавьж гэрээнд заасан хугацаанд хүлээн авахыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан, үүний дагуу 2018.04.12-ны өдөр БУА-УТ-01/2018 тоот гэрээг “..........” ХХК-тай байгуулсан, нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараа 2018.12.10-ны өдрийн 510/2018 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад тендер зарлагдсан тоо хэмжээнээс, зураг төсвийн магадлалын тооцоолол зөрүүтэй тул төсвийг шийдэхийг хүссэн, энэ талаар хяналт тавьж байгаа Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тодруулахад гүйцэтгэх ажлын тоо хэмжээ зөрүүгүй, үндэслэлгүй байсан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын нэмэлт санхүүжилт нь Улсын төсвийн тухай хуульд тусгагдаж батлагдсанаар хэрэгждэг тул “..........” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалтын зориулалтаар батлагддаг төсөв гэж байдаггүй” гэж,

Хариуцагч БХТ ТӨААТҮГ “тус газар нь Хүний хөгжлийн төвийн барилгын ажлын зураг төсөл, төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулж, 2018.06.15-ны өдөр 651/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан, харин тухайн барилга угсралтын ажил, тендер шалгаруулалт, захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамааралгүй байх бөгөөд хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэн магадлалын нэгдсэн дүгнэлт гаргасан нь нэхэмжлэлд дурдсан 360,663,132 төгрөгийг хариуцах үндэслэл болохгүй” гэж,

Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар “гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн хорооны хурлын тэмдэглэлд ажлын тоо, хэмжээ дутуу тусгагдсан, нэмэлт хөрөнгө шаардагдах талаар тэмдэглэл байдаггүй, гэрээний үнийг нэмэгдүүлж өөрчлөхийг хуулиар хориглосон, тооцоолол хийхэд 201,671,900 төгрөгийн тооцоо гарсан, мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцах ёстой” гэсэн тайлбаруудыг тус тус гаргаж, зохигч мэтгэлцжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба энэ үндэслэлээ, “...“..........” ХХК нь Хүний хөгжлийн төвийн барилгыг барьж хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар нь зураг төсөлд магадлал хийлгээгүй байхад “..........” ХХК-тай барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3-т заасныг зөрчсөн, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч болох ӨХАЗДТГ гаргахаар байхад ХНХЯнаас төсвийн эрх шилжүүлэн авсан тус аймгийн Засаг дарга гаргасан нь хуульд нийцээгүйгээс 2018.04.12-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ, иймээс мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар үүснэ, тендер зарлагдахад “..........” ХХК нь барилгын нийт төсөвт өртгийг 2,281,377,422 төгрөг гэж тооцоод энэ ажлыг 2,000,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр санал гаргаж, улмаар гэрээ байгуулсан тул зураг төсөвт магадлал хийсэн 2,360,663,132 төгрөг, нэхэмжлэгчийн хийсэн төсөвт өртөг 2,281,377,422 төгрөгийн зөрүүг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн 79,285,710 төгрөгийг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь 2018.04.12-ны өдөр гэрээ байгуулахдаа болон 2018.06.15-ны өдөр барилгын зураг төсвийн магадлал гарсан үед төсөвт өртгийн зөрүүгийн талаар маргаж байгаагүй, ...гаргасан төсөвт өртгийг нэмэгдүүлэн өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

10.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

10.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын талаар.

10.1.1.Хэргийн баримтаар нэхэмжлэгч “..........” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд улсын төсвийн хөрөнгөөр баригдах Хүний хөгжлийн төвийн барилгыг барихаар Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газраас (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эрх шилжүүлэн авсан захиалагч нь ӨХАЗДТГ) зарласан тендерт шалгарч уг барилгыг 2,000,000,000 төгрөгт багтааж барих саналын дагуу эрх олгогдож 2018.04.12-ны өдөр БУА-У тендерт Т-01/2018 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн, хариуцагч ӨХАЗДТГ гэрээгээр тохирсон ажлын хөлс болох 2,000,000,000 төгрөгийг (Улсын төсвөөс санхүүжүүлсэн) төлсөн талаар зохигч маргаагүй байна.

10.1.2.Ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлвөл зохих ажлын хөлс 2,000,000,000 төгрөгөөс гадна хариуцагч нар 360,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж төлөх үүрэгтэй эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон ба хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийсэн байна.

10.1.3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн зохицуулалт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. Үүнд дараах байдлыг тайлбарлах нь зүйтэй.

а/Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэдэг нь аливаа этгээдийн байгуулсан хэлцэл нь агуулгын хувьд анхнаасаа хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хууль зүйн ойлголт юм.

“Хууль зөрчсөн” гэж үзэхийн тулд тухайн хэлцэл нь ямар хуулийн, тухайлбал ийм төрлийн хэлцэл хийж болохгүйг аль хуулиар хориглосон, уг хориглолтыг хэлцэл хийгч талууд хэрхэн зөрчсөн эсэхийг тодорхойлох бөгөөд үүнээс гадна хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчсөнөөс хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх үр дагаврыг үүсгэх эсэхийг тогтоох шаардлагатай болно.

Нэхэмжлэлд дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч нь талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д заасан “зураг төсөвт магадлал хийлгээгүйгээр барилгын ажил эхлэхийг хориглоно” гэснийг “хууль зөрчсөн” хэлцэл гэдэгт хамааруулжээ.

б/Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5-д ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулахыг заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болсон барилгын ажлын гүйцэтгэлийг 2018 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн жагсаалтад оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад 2,000,000,000 төгрөгөөр баталсан, улмаар тендер шалгаруулалтын журмаар гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэхээр тохиролцсон байх тул тусгайлсан хууль буюу Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтын холбогдох зохицуулалтыг шүүх хэрэглэсэн нь зөв байна.

в/Тендер шалгаруулалт зарлахад тендерийн бичиг баримтад гүйцэтгэх ажлын тоо хэмжээ, санхүүжүүлэх төсвийг бүрэн заадаг, эдгээрийг үндэслэн тендерт оролцогч байгууллагууд өөрсдөө төсөв, үнийн санал гаргадаг, уг үнийн санал нь үнэлгээний хороо гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нэг нөхцөл болдог ба нэхэмжлэгч “..........” ХХК нь тендерт оролцохдоо үнийн саналыг 2,000,000,000 гэж ирүүлсэн, уг саналыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогджээ.

г/Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал” гэдгийг барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохыг заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д заасан зураг төсөлд магадлал хийлгэх шаардлагатай барилга байгууламжид нэхэмжлэгчийн барьж ашиглалтад оруулсан Хүний хөгжлийн төвийн барилга хамаарч байгааг зохигч маргаагүй, тухайн магадлалыг хийлгээгүйгээр барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгохыг мөн хуульд хориглосон байна.

д/2018.04.17-ны өдрөөс Хүний хөгжлийн төвийн барилгын суурийн ажил эхлэх үед зураг төсөлд магадлал хийлгээгүй байсан боловч, хожим буюу 2018.06.15-ны өдөр тухайн магадлалыг хийлгэснээр энэ зөрчил арилсан байна.

е/Барилга барих ажиллагаанд захиалагчийг төлөөлж мэргэжлийн хяналт тавьж, гэрээний нэг тал болсон Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нөгөө талаас барилгын ажил эрхэлдэг мэргэжлийн компани болох “..........” ХХК (ажил гүйцэтгэгч) аль аль нь зураг төсөлд магадлал хийлгэсний дараа барилгын ажил эхлэх учиртайг мэдэж байх үүрэгтэй байсан хэдий ч магадлал хийлгээгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн нь буруу боловч хуулийн хориглосон хэм хэмжээ зөрчсөн гэрээ бүхэн тухайн гэрээг хүчин хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг үүсгэдэггүй.

Өөрөөр хэлбэл, барилгын зураг төслийн магадлал хийлгээгүй, барилгын ажил эхлүүлсэн нөхцөл нь ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаварт хүргэх боломжгүй.

Иймээс “хууль зөрчсөн”, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн” үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

10.2.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд дээр дурдсанаар ажил гүйцэтгэгч нь барилгыг барьж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн талаар зохигч маргаагүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т худалдан авах гэрээнд, гэрээний үнэ, төлбөр хийх нөхцөл, хэлбэр, гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг заавал тусгана гэж заасан бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн нэмэлт нөхцөл 2-т тендерт өгөгдсөн ажлын тоо, хэмжээ, зурагнаас гадна хийсэн ажлыг санхүүжүүлэхгүй гэж заасан байна.

Нөгөө талаас үзвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэжээ.

Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээнд, хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг талууд тохиролцон тодорхойлно гэж журамласан бөгөөд зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд нэхэмжлэгч нь тендерт оролцож, Хүний хөгжлийн төвийн барилгын ажлыг 2,000,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр санал гаргасан, үүнийг нь хариуцагч зөвшөөрч гэрээ байгуулсан, гэрээгээр тохиролцсон хөлсийг хариуцагч төлсөн тул гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч 360,000,000 төгрөг шаардахдаа зураг төслийн магадлалыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй. Тухайлбал тухайн магадлал хийгдсэнээр талуудын анхны тохиролцсон гүйцэтгэх ажлын тоо, хэмжээ өөрчлөгдөөгүй, зөвхөн үнийн зөрүү гарсан гэж үзэхээр байна.

Иймээс дээрх магадлалаар тогтоосон төсвийн хэмжээгээр ажлын хөлсийг тооцож, зөрүүг хариуцагчаас гаргуулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т заасныг зөрчих юм. Уг зохицуулалтад худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч тохируулж хийхээр гэрээнд тусгаж болно гээд үүнд хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, суурь үнэ огцом өөрчлөгдсөн нөхцөлөөс бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглосон байна.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдлын талаар.

а/Давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулан сонсгосон агуулга бичгээр гаргасантай зөрүүтэй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

б/Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан аль үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосноо заагаагүй гэх гомдол үндэслэлтэй боловч энэ зөрчил магадлалыг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй байна.

в/.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзсэн учир нэхэмжлэлээр шаардсан мөнгийг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас бус барилгын ажлыг захиалагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулах үндэслэлтэй байсан гэх агуулгатай гомдлын талаар дүгнэлт өгөх шаардлагагүйг тэмдэглэв.

12.Дээр дурдсанаар хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13.Харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт ямар хуулийн зохицуулалтыг баримталж хэний хэнд холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо тодорхой заагаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг зөрчсөн алдаа гаргасныг залруулж энэ үндэслэлээр зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204/МА2022/00015 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсний өмнө “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ӨХӨГХБХБГ, ӨХАЗДТГ, ХНХЯ, БХТ ТӨААТҮГ-аас 360,663,132 төгрөг гаргуулахыг хүссэн “..........” ХХК-ийн” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “..........” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох/-ийн 2022.08.04-ний өдөр 1,961,266 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД