Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01055

 

“ССЭЭЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02188 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2211 дүгээр магадлалтай,

“ССЭЭЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ЭДП” ХХК-д холбогдох,

30,505,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Т.Билгүүнсоёлын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ССЭЭЖЭ” ХХК нь хариуцагч “ЭДП” ХХК-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сараас 2019.07.22-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 17,466,666 төгрөг, алданги 9,233,333 төгрөг, ашиглалтын зардал 3,205,189 төгрөг, нүүлгэлтийн зардал 600,000 төгрөг, нийт 30,505,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02188 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан “ЭДП” ХХК-аас 21,271,855 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ССЭЭЖЭ” ХХК-д олгож, үлдэх 9,233,333 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 264,309 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2211 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн төлөөлөгч Т.Билгүүнсоёл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах утга бүхий гомдлыг гаргаж байна. Давах хуралдаанд шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр анхан шатны 181/ШШ2020/02188 тоот шийдвэр буюу нэхэмжлэгч “ССЭЭЖЭ” ХХК-д хариуцагч “ЭДП” ХХК-аас түрээсийн төлбөрт 30,505,188 төгрөг гаргуулах болсныг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч байна.

4.1.2017.08.01-ний өдөр талууд түрээсийн гэрээ байгуулж сар бүр 2 сая төгрөгөөр түрээсийг төлөхөөр тохиролцсон боловч Түрээсийн гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн газарт огт бүртгүүлээгүй байсан нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бусд тооцож болохоор юм. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн талд 2 шатны шүүх маргаантай асуудлыг 100 % шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэн хариуцагчийн зүгээс гомдолтой байгаа болно. Гэрээг сунган тухайн Гранд Плаза офиссын 904 тоот өрөөнд хариуцагч талыг оруулсан боловч үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөлгүй, шаардлага хангахгүй, гэрээнд заагдаагүй байдалд байлгасан. Учир нь тэнд ус цахилгаан байхгүй ажлын байр болох өрөө байсан юм. Энэ баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөх боломжтой бөгөөд үүнийг шүүх шаардан авах эрхтэй байсан.

4.2.Давагдашгүй хүчин зүйл болох дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч аж ахуйн нэгжүүд өнөөдөр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд “ЭДП”ХХК-ийн хувьд санхүү болон үйл ажиллагааны хувьд дампуурлын байдалтай байгаа гэдгээ нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан болно. Одоогийн байдлаар ч тус компанитай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаашид эрх эдэлж, үүрэг хүлээх хууль зүйн чадамжгүй хуулийн этгээд болсон гэдгээ шүүхийн өмнө шударгаар мэдэгдье.

Иймд 2 шатны шүүхийн шийдвэрийг сайтар хянан үзэж шүүх хуулийг хэрэглэхдээ хэт нэг талд үйлчилснийг шалган тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй боловч шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6.Нэхэмжлэгч “ССЭЭЖЭ” ХХК нь хариуцагч “ЭДП” ХХК-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сараас 2019.07.22-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 17,466,666 төгрөг, алданги 9,233,333 төгрөг, ашиглалтын зардал 3,205,189 төгрөг, нүүлгэлтийн зардал 600,000 төгрөг, нийт 30,505,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч хариу тайлбартаа түрээсийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулсан нь үнэн боловч нэхэмжлэгч нь түрээсийн зүйл болсон 1304 тоот өрөөгөө 2019 оны 12 сард бусдад худалдаж, тавилгаа 904 тоотод оруулж тавь гэж шаардсан, уг 904 тоот өрөөнд ус цахилгаан байхгүй, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зохих заалтуудыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй боловч тухайн гэрээг хүчин төгөлдөр гэсэн дүгнэлт алдаатай байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Зохигчийн хооронд бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэрээ хэрэгт авагдсан боловч тухайн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг анхаарахгүйгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Тухайн түрээсийн зүйл болсон Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза цогцолборын 1304 болон 904 тоот оффисын талбай нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

9.Иймд зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна, иймээс мөн зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийг хүлээх үр дагавар үүсжээ.

Дээрх хуулийн агуулга мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх зохицуулалтад тусгагдсан ба үүнд, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

10.Хэргийн баримтаар хариуцагч нь 2017.08.01-ний өдрөөс 2019.07.22-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон, гэрээ хүчин төгөлдөр бус боловч шилжүүлэн авсан эд хөрөнгийг ашигласан хугацаагаар хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул хоёр шатны шүүхийн тодорхойлсон мөнгөн дүнгийн хэмжээгээр буюу 21,271,855 төгрөгөөр буцаан гаргуулах шаардлагын хэмжээг тодорхойлж энэ хүрээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь хууль зөрчихгүй байна.

11.Хариуцагч 2019.07.22-ны өдрөөс хойш эд зүйлээ аваагүйгээс нэхэмжлэгч тал 2019.08.30-ны өдөр бичиг баримт, эд зүйлийг нүүлгэн хүргэж өгсөн, уг зардалд 600,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагджээ. Хариуцагч нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгийг суллаж буцаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрөөсөө зардал гаргасан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих энэ маргааны үр дагаварт шууд хамааралтай байх тул уг мөнгийг мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах нь хууль зөрчихгүй гэж үзэв.

12.Хариуцагчийн гомдолд дурдсан, “шилжүүлэн авсан 904 тоотыг ашиглах боломж байгаагүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөх боломжтой бөгөөд шүүх шаардан авах эрхтэй байсан, ковидын нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгж дампуурлын байдалтай байгааг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуульд заасан нөхцөл тогтоогдоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээх бөгөөд шүүх санаачилгаараа зохигчоос аливаа баримтыг шаардах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргах үүрэгтэй, эсхүл хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлэх эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах учиргүй.

13.Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2211 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “318 дугаар зүйлийн 318.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1 дэх” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ЭДП” ХХК-ийн /төлөөлөгч Т.Билгүүнсоёл/-ийн 2020.12.08-ны өдөр 267,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН