Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 94

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ц.Очирхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждулам /ҮД:2042/,

хохирогч Ц.Ууганцэцэг,

иргэний хариуцагч Д.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Тээврийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Монкара” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 2 дугаар гудамжны 82 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЙР68112513/ Анжуу овогт Цэдэндамбын Очирхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201624001053 дугаар 185/2017/0118/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Очирхүү 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Дөлгөөн нуурын урд замд Zhongtong маркийн 69-19 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ууганцэцэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Очирхүүгийн: 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Мон кара” ХХК-ний автобустай Зайсангаас Дэнжийн 1000-н чиглэлд явж байгаад “Дөлгөөн нуур”-ын уулзвар дээр ногоон гэрэл асахад зам нь нарийхан болохоор удаан эргэсэн. Тэгтэл явган зорчигч гэнэт гараад ирэхээр тоормос гишгэсэн боловч тухайн үед замын нөхцөл байдал гулгаатай байсан учраас хохирогчийг мөргөсөн. Тэгээд би буугаад хохирогч дээр очтол ил харагдах шарх байгаагүй байсан. Хажууд байсан хүмүүс наад хүнээ эмнэлэгт хүргэ, хүйтэн газар бие нь муудах байх гэж хэлэхээр нь би такси барьж, хохирогчийг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр хохирогчийн гэмтлийн зургийг авахуулахад дотуур цус алдсан нилээн хүнд гэмтсэн байна гэж хэлсэн. Тэгээд би осол болсон газарт очиж цагдаатай цуг хэргийн газрын үзлэг хийлгэсэн. Хөнгөн ял оноохыг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ууганцэцэгийн: 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17-18 цагийн хооронд Дөлгөөн нуурын гэрлэн дохиогоор ногоон гэрлээр зам хөндлөн гарч явж байгаад зорчигч тээврийн автобусанд мөргүүлсэн. Би ногоон гэрэл дохио асахаар нь нэг алхаад ийм асуудал болсон. Тэгээд юу болсныг мэдээгүй, нэг сэрэхэд автобусны гупер дор хэвтэж байсан. Тэгээд мөргөсөн автобусны жолооч намайг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт аарцагны зураг авахуулсан. Миний аарцаг хугарсан, цуурсан гэмтэл учирсан, одоо хагас бороолттой байгаа. Одоо би сууж чадахгүй удаан хэвтэж чадахгүй байгаа, мэс заслын үеэр шруп хийхдээ зөрүүтэй хийсэн учраас хазганаж явдаг. Би 2 хүүхэдтэй, нөхөр группт байдаг, би гэр бүлээ тэжээж авч явдаг байсан. Би гомдолтой байна. “Хангай” хотхонд үйлчлэгч хийж байсан тул ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Гантөмөрийн: Тухайн осол хэргийн талаар мэдэж байгаа, шүүхээс гарах шийдвэрийг биелүүлэх болно. Шүүгдэгч нь одоо манай компанид ажиллахгүй байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс: Мөрдөн байцаалтад гэрч Л.Дорждагвын: ...2016 оны 11 сарын 25-ны орой 17-18 цагийн орчимд би ажлаа тараад гэрлүүгээ харих гээд такси бариад Сүхбаатар дүүргийн нутаг Дөлгөөн нуурын урд талын уулзварын замаар хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэвтрэх гээд уулзвар дээр гэрэл дохио хүлээгээд зогсож байхад ...уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас урагшаагаа чиглэлтэй том ногоон өнгийн автобус нь даялаад эргэж байгаа харагдсан. Тэгээд өөр зүйл харчихаад том ногоон өнгийн автобус руу харахад автобусны зүүн урд талын буферний доор нь нэг үстэй ч юм шиг зүйл харагдахаар нь нохой юм болов уу гэж хальт хараад дахин лавшруулж харахад буферний зүүн доод буланд цагаан өнгийн үстэй мэт зүйл өнхрөөд байсан. Тэгсэн тэр доор нь хүн орилоод байхаар нь би тухайн үед сандраад өөрийнхөө 99873715 дугаарын утсаар 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Харин нөгөө ногоон өнгийн автобус нь урд хоёр дугуйны хооронд л хүн өнхрүүлээд ойролцоогоор 5-6 орчим метр газар яваад зогссон... Явган зорчигч ямар гэрлээр нэвтэрснийг бол би анзаараагүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-41-42/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Д.Гантөмөрийн: ...Манай байгууллагад Zhongtong маркийн 69-19 УНЕ улсын дугаартай автобус байгаа. ... дэнжийн 1000-аас Зайсангийн чиглэлд үйлчилгээнд явдаг байгаа. Автобусанд бол ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Тийм болохоор манай байгууллагын зүгээс автобусанд эвдрэлийн үнэлгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-80-81/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹16072 тоот:

  1. Ууганцэцэгийн биед тархи доргилт, давсагны урагдал, хуулрал, дотуур цус алдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл, аарцагны цагираг тасарсан мальгены хугарал, хэвлий, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12,

3.1.15-т тус тус зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-51/,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ¹20 тоот:

  1. ...Ц.Очирхүү нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ц.Ууганцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-68-69/,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ¹39 тоот:

  1. Zhongtong маркийн 69-19 УНЕ улсын дугаартай автобусыг жолоодон явсан жолооч Ц.Очирхүү нь уулзвараар баруун гар тийш эргэхдээ аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно. Явган зорчигчийн гэрэл үндсэн ногоон асаж байгаа тул явган хүний гарцаар гарч яваа явган зорчигч давуу эрхтэй хөдөлгөөнд оролцож явган зорчигчид зам тавьж өгнө.
  2. Монгол Улс Олон улсын Венийн конвенцид нэгдэн орсон иймд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг уг конвенцид нийцүүлэн баталсан байдаг. Тиймээс манай гэрлэн дохионы зохицуулалт Олон улсын жишигт нийцсэн байдаг. Жишээ нь АНУ, ХБНГУлс зэрэг орнууд багтана. Онол болоод практикийн хувьд зөв эсэхийг тогтоохгүй. Учир нь Олон улсын стандарт жишигт нийцсэн болохоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг 2004 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-73/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8-9/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-10/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-11/, дуудлагын лавлагааны хуудас /хх-17/, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-35-38, 131-132/, Ц.Ууганцэцэгийн өвчний түүхийн хуулбар /хх-55-66/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-107/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-108/, “МонКара” ХХК-ийн тодорхойлолт /хх-109/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-111/, Хөдөлмөрийн гэрээ /хх-112-114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-120/, шагнал урамшууллууд /хх-121-129/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.  

       

Шүүгдэгч Ц.Очирхүү 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед “Монкара” ХХКомпанийн эзэмшлийн “Zhongtong” маркийн 69-19 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Дөлгөөн нуур”-ын урд замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Ууганцэцэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Ц.Очирхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                  

Хохирогч Ц.Ууганцэцэг эмчилгээний зардалд 318.484 төгрөг нэхэмжилсэн тухай нотлох баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч Ц.Очирхүү хохирогч Ц.Ууганцэцэгийн бие махбодид учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 2.026.000 төгрөг зарцуулсан талаарх жагсаалтаа шүүхэд ирүүлсэн боловч хохирогч Ц.Ууганцэцэг 1.500.000 төгрөг авсан гэж мэдүүлэв.

          Шүүгдэгч Ц.Очирхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ууганцэцэгийн бие махбодид учирсан хүнд гэмтэл бүрэн эдгэрч илааршаагүй, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Ц.Ууганцэцэг ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Очирхүү урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-120/ тогтоогдов.

Шүүгдэгч Ц.Очирхүү анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн чин санаанаас гэмшиж байгааг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

Хэрэгт хураагдсан Ц.Очирхүүгийн жолооны №163667 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Цэдэндамбын Очирхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                 
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Цэдэндамбын Очирхүүг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.           
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Ц.Очирхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
  4. Ц.Очирхүү цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                                     
  5. Ц.Очирхүүгийн №163667 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ц.Ууганцэцэг гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүнд гэмтлийг хойшид эмчлүүлэхэд хувиасаа гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг хууль зүйн үндэстэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ц.Очирхүүгээс нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.                         
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Очирхүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, баривчлах ялыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                    
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Очирхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ