Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 830

 

-

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цогтгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалсан урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1897 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох 201625022537 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Д.Б, Улаанбаатар хотод 1976 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, ам бүл 5; эх, дүү нарын хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх гудамжны 45-2262 тоотод оршин суух,

1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жил 6 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар хорих ялаар тогтоосон,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,

2004 онд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил хорих ялаар тогтоосон,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /регистрийн дугаар ХН................/;

 

Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Арвижих 2” худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Л.Хажидмаагийн дэлгүүрт нэвтэрч 18.380.200 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлсан,

2017 оны 7 дугаар сарын 10-наас 11-ний хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-317б тоотод А.Тайвангийн гэрт нэвтэрч 1.942.940 төгрөгийн үнэ бүхий зурагт, 4 ширхэг мөнгөн аяга, 40 литрийн усны бидон, битүү чанагч, хүүхдийн скүтер, хөөрөг, тоглуулагч, хүлээн авагч зэрэг эд зүйл хулгайлсан,

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “100 айл” худалдааны төвийн гадаа зогсоол дээр байрлуулсан Р.Ганбатын эзэмшлийн УБЛ 33-06 улсын дугаартай 2.500.000 төгрөгийн үнэ бүхий “Hyundai Grase” загварын автомашиныг хулгайлсан,

2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Сэтгэц эрүүл мэндийн төвийн лабораторын эрхлэгчийн өрөөнд нууцаар нэвтэрч 5.220.000 төгрөгийн үнэ бүхий “LG” загварын нөүтбүүк, рентген зураг авдаг оношилгооны программ бүхий лицензтэй плаш 1 ширхэг зэргийг хулгайлсан,

2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Сэтгэц эрүүл мэндийн төвийн эмнэлгийн Б байрны 3 дугаар тасгийн 109 өрөөнд нууцаар нэвтэрч, А.Гомбосүрэнгийн 378.000 төгрөгийн үнэ бүхий төмрийн дрилл, уран хөрөө, дундын таслагч зэргийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдал нотлогдон тогтоогдоогүй. Үүнд:

Д.Б нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэлд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх Д.Отгонбаатар, Б.Түвшинбаяр, Доёд нарыг шалгуулах талаар 2017 оны 1 дүгээр сарын 12, 23-ны өдрүүдэд өргөдөл гаргасныг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 40 дугаартай прокурорын тогтоолоор “... гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэжээ. Яллагдагч нь өөр бусад этгээдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаараа өргөдөл гаргаж байхад энэ талаар ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын хугацааг 15 хоногоор сунгасан боловч сунгасан хугацаанд ямар ч ажиллагаа хийгдээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэжээ. Гэтэл яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулаагүй, яллагдагчид түүний өмгөөлөгчид хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдэгдээгүй.

Д.Б-д 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Түүний үйлдсэн 4 удаагийн хулгайлах гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх өөр бүрэлдэхүүн байгаа эсэх талаар шалгаагүй.

Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор ...шинжилгээ хийлгэнэ” гэжээ. Гэтэл хөрөнгийн үнэлгээг тодорхой эрх бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулалгүйгээр Комиссын дарга, гишүүд гэх этгээдүүдээр эд зүйлсийн үнэлгээ хийлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг заан хэргийг прокурорт буцааж, Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Д.Б нь дээрх хулгайлах гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байх тул... Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай бүлэглэж үйлдсэн, эсхүл би хэрэг үйлдээгүй” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэх буюу түүнийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Харин ганцаараа үйлдсэн камерын бичлэг хэрэгт авагдсан тул Отгонбаатар, Түвшинбаяр, Доёд гэгч хүмүүсийг Д.Б-тай гэмт хэрэг хамтран үйлдсэн эсэхийг шалгах үндэслэлгүй гэж үзэж байна.

 Мөн Д.Б нь хохирогч Л.Хажидмаагийн эд зүйлийг хулгайлахдаа Цагаачтай бүлэглэж үйлдсэн асуудлыг шалгуулах талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан ба тэрээр Отгонбаатар, Түвшинбаяр, Доёд нарыг шалгуулах хүсэлт гаргаагүй болно.

Д.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт гардаж авах эрхийг хангаж ажилласан. Яллагдагч Д.Б нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарсан тул яллагдагчид ашигтайгаар зүйлчилсэн болно. Хохирогч Л.Хажидмаа, Д.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнд маргаагүй бөгөөд тухайн үед хийсэн комиссын үнэлгээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой тул гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн мөн чанар, хэр хэмжээг бүрэн тогтоосон гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Яллагдагчид яллах дүгнэлтийг гардуулаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны гарчээ.

 

Хэргийн 3 дугаар хавтасны 225 дугаар хуудаст авагдсан тэмдэглэлээс үзэхэд яллагдагч Д.Б нь яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзсанаас шалтгаалж яллах дүгнэлт гардуулах ажиллагаа хийгдээгүй байна.

 

Яллах дүгнэлтийг яллагдагч гардуулаагүй бол шүүх тухайн эрүүгийн хэргийг цааш хэлэлцэх боломжгүй. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан үе шат, дарааллын дагуу явагдах бөгөөд нэг нь нөгөөгөөс хамааралтай, аль нэг нь хийгдээгүй, орхигдвол дараагийн ажиллагаа явагдах хууль зүйн үндэслэлгүй болдог. 

 

Нөгөө талаар яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдүүлэг өгөх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах зэрэг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон яллагдагчийн эрхийн хэрэгжилттэй шууд холбогддог онцлогтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулах ажиллагааг прокурор хийж гүйцэтгэхээр хуульчилсан байх тул үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Харин яллагдагч Д.Б-д холбогдох хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан талаар буюу хэрэгт нотолбол зохих байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Л.Хажидмаад учирсан хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан учраас үнэлгээ гаргах асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх боломжгүй. Хохирогчид буцаан олгогдсон эд зүйлс хохирлоос хасагдаагүй гэсэн яллагдагч Д.Б-ы гомдлыг эс тооцвол хохирогч, яллагдагч нарын хэн аль нь үнэлгээгээр тогтоогдсон хохирлын хэмжээний талаар маргаагүй байна. Яллагдагчийн энэхүү гомдол, хүсэлт нь дээрх үнэлгээг үгүйсгэж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах үндэслэл болохгүй. Энэ талаар  прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй бичигдсэн байх боловч шүүх яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1897 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН