Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 01656

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01093 дугаар шийдвэртэй, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б болон Х-д холбогдох

 Гэм хорын хохиролд 325 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ү.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2012 оноос сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /хуучнаар Аж үйлдвэрийн яам/-ны 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичиг явуулж дээрх захиргааны хууль бус акт гаргасны улмаас Э ХХК-ийн эрх ашгийг хөндсөн юм. Э ХХК-ийн эрх ашгийг хөндсөн дээрх асуудалд хариуцагч нарыг гэм буруутай гэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм. Харин гэм буруу болон хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбооны хувьд Э ХХК нь 2013 онд Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж сурагчийн дүрэмт хувцас нийлүүлдэг байсан бөгөөд дээрх яамдуудын албан бичиг нэр дурдсан 7 компаниас өөр этгээдтэй гэрээ байгуулахгүй байхыг үүрэг болгосон тул гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлоо шаардаж байна.

Нэхэмжлэгчээс борлогдоогүй хувцас буюу сурагчийн дүрэмт хувцас 12908 ширхэг байгаа бөгөөд эдгээрийн зах зээлийн нийт үнэлгээ 187 912 000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцасны мөрөнд оёх сургуулиудын лого нь сургууль бүрээр өөр байдаг байсан бөгөөд нийт 12908 ширхэг логоны үлдэгдэл байх бөгөөд эдгээрийн зах зээлийн үнэлгээ 12 908 000 төгрөг юм. 2013 онд дээрх албан бичгүүд гарсны дараагаас эхлэн улсын хэмжээнд бүх сургуулиуд нэг ижил стандарт загварын лого хэрэглэдэг болсон тул сургууль бүрийн онцлогыг харуулсан таних тэмдэг бүхий логог зах зээлд нийлүүлэх боломжгүй юм. Дуусаагүй үйлдвэрлэл 16 226 574 төгрөг, ХААН банктай 2013 он 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан 100 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 43 283 965 төгрөг, хүү 25 175 874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 950 223 төгрөг нийт 72 410 063 төгрөг байна. Уг зээлийг авахдаа Э ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувцас үйлдвэрлэх зорилгоор авсан болно. Үйл ажиллагаа явуулж байсан байрны түрээсийн төлбөр “Сансар өргөө” СӨХ-ны 59 дүгээр байрны подвалийн 2013 оны 12 дугаар cap, 2014 оны 1-12 дугаар cap, 2015 оны 1-6 дугаар сарын түрээсийн төлбөр, сард 200 000 төгрөг буюу нийт 3 800 000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар хороолын 12 дугаар байрны 8 дугаар подвалийн түрээсийн төлбөр үндсэн төлбөр 2 440 000 төгрөг алданги 281 250 төгрөг, нийт 2 721 250 төгрөг болно.

“Нэт капитал финанс корпораци” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 6 700 000 төгрөг, үйлдвэрийн ажилчдын сул зогсолтын үеийн цалин хөлс 20 600 000 төгрөг, үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн төлбөр 1 512 000 төгрөг, татварын өр 210 113 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хохирлуудын хувьд Э ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан шаардлагыг хангаж сүлжмэл хувцасны захиалга, оёдлын үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг байсан бөгөөд сурагчийн дүрэмт хувцас оёх нь үндсэн үйл ажиллагааны нэг байсан тул дээрх хууль бус захиргааны актын улмаас Э ХХК үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч уг зээлийг төлөх боломжгүй болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б-ын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2013 оныг хүртэл нэгдсэн загварын сурагчийн дүрэмт хувцасгүй хичээллэж байсан нь нийгмийн амьдралын олон янз байдал, амьжиргааны түвшний эрс ялгарлыг тодруулж, зарим сурагчид өдөр бүр хувцсаа сольдог байхад амьдралын түвшин дунд болон доод түвшний айл өрхийн хүүхдүүд нэг л хувцастай хэмээн хочлуулж, сурагчид сургалтандаа анхаарлаа төвлөрүүлэхээс илүү бусад сурагчдын өмссөн хувцсанд анхаарч, тэр ч бүү хэл хувцаснаас хамаарч сургуулиас хөндийрөх хүртэл асуудал үүсч байсан юм. 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тухайн цаг үед өндөр ач холбогдолтой ажил байсан. Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдсэн загварын сурагчийн дүрэмт хувцсыг эх орны түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж, ханган нийлүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн 580 000 мянга гаруй сурагчид, тэдний гэр бүл болсон монголын 1 740 000 сая иргэдийн амьдралд дэм болсон ээлтэй бодлогын шийдвэр болж чадсан. Сурагчийн дүрэмт хувцасны 2013 оноос өмнөх болон нэгдсэн загварын дүрэмт хувцасны хангалтын байдал, чанар, үнийн талаар товч дурдвал: 2012-2013 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд нийт 498 000 сурагч суралцаж байснаас 81,2 хувь нь дүрэмт хувцас хэрэглэж байсан. Хэрэглэгдэж байгаа дүрэмт хувцасны 60 гаруй хувь нь импортоор буюу БНХАУ-ын Эрээн хотоос дотоодын зарим үйлдвэрлэгчдийн нэр дор эсвэл хувийн худалдаачдаар нийлүүлэгдэж байсан. Улаанбаатар хотод нийт сурагчийн дүрэмт хувцасны 2,0 хувь нь, хөдөө орон нутагт 61,8 хувь зах худалдаанаас нийлүүлэгдэж байна. Импортоор нийлүүлэгдэж байсан дүрэмт хувцасны чанарын тухайд эрүүл ахуйн болон эдэлгээ, хэрэглээний шаардлага хангахгүй, загвар, дизайн нь хүүхдийн сонирхолд нийцэхгүй байсан. Иж бүрдэл нь бүрэн биш. Сурагчийн дүрэмт хувцасны дийлэнх нь бага, дунд ангид эрэгтэй нь өмд, жилет, ахлах ангид эрэгтэй нь өмд, пиджак, бага ангид эмэгтэй нь сарафан, дунд, ахлах ангид эмэгтэй нь пиджак, юбка гэсэн хувцаснаас бүрдэж байсан.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийг зохион байгуулах талаар Засгийн газрын шийдвэрийн төсөл, холбогдох мэдээллийг бэлтгэхээр Боловсрол, шинжпэх ухааны сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 13-ны Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж батлах тухай А/71, А/36 тоот тушаал гарч дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн судалгааг хийж, Засгийн газрын тогтоол гаргах бэлтгэлийг хангаж ажилласан болно. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажпын хүрээнд сурагчийн дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Ү, Б, Хөдөлмөрийн яамтай хамтран Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас төслийн ажил эхэлсэн. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж батлах тухай А/96, А/143, А/313 тоот хамтарсан тушаал гарч үйл ажиллагааг эрчимжүүлсэн.Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дүгээр заалтад заасан "Боловсролын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах" бүрэн эрхийнхээ хүрээнд: Бага, дунд боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дугаар хэсэгт заасан "Ерөнхий боловсролын суруулийн суралцагчид дүрэмт хувцастай байна", 281.1.9 аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах заалтыг хэрэгжүүлж ажиллахыг орон нутагт үүрэг өгсөнөөр Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас-ны загвар батлагдсан. Оюуны өмчийн газраас 2377 тоот Бүтээгдэхүүний загварын патент авсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтарсан ажлын хэсэг ажиллуулж, Засгийн газрын тогтоол гарахаас өмнө сурагчийн дүрэмт хувцас импортоор оруулсан буюу оёж нийлүүлж байсан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэл дүрэмт хувцасны тоог баталгаажуулах ажил хийсэн. 2012 оноос өмнө сурагчийн дүрэмт хувцас импортлож байсан бүх аж ахуйн нэгжийн үлдэгдэл хувцасны тооллого зохион байгуулж, тоо ширхэгийг үйлдвэрлэгчтэй харилцан хүлээн зөвшөөрснөөр баталгаажуулсан. Иймд компаниудад өмнө нийлүүлж байсан сургуулиудад 1 жилийн хугацаанд дүрэмт хувцас борлуулах чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Дүрэмт хувцасны тухай 4/2844 албан тоотоор өгч ажилласан. Э ХХК-ийн 325 000 000 төгрөгний нэхэмжлэх гаргах үндэслэлгүй болно.

Ү-ны Төрийн нарийн бичгийн дарга 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дүгээр албан бичиг, хавсралтаар: Ажил гүйцэтгэх 3 талт гэрээний төсөл ( аймаг, нийслэл) 2 хувь, 2. Орон нутаг болон нийслэлд гэрээ хийх аж ахуйн нэгжийн жагсаалт, 3. Сурагчийн дүрэмт хувцасны борлуулах үнэ, нийлүүлэх хуваарийг тодорхой зааж ирүүлсэн тул аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргэж сурагчийн дүрэмт хувцас хүлээн авах үйлдвэр, цаг хугацаа, үнийн саналыг хүргүүлж байсан. Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцасны төслийн үр дүнгийн талаар Оёдлын нэгдсэн холбооноос ач холбогдолтой гэж үзсэн. Иймд Б-наас Засгийн газрын тогтоол, бусад хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан.

Сурагчийн дүрэмт хувцсаар ханган нийлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол хэн нэгэн үйлдвэрлэгчид ашиг орлого оруулах зорилготой биш, зөвхөн нийгмийн амьдралын эрс ялгарал үүссэн цаг үед нийт сурагчдаа нэгдсэн загварын дүрэмт хувцастай байлгах, Боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой.  Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамнаас 7 аж ахуйн нэгжийг шалгаруулж зээл олгож ажил гүйцэтгүүлсэн. Э ХХК энэ шалгаруулалтанд оролцоогүй, хичнээн оёдолчин ажиллуулж, хэдэн ажилтны цалингаас НӨАТ болон нийгмийн даатгал төлсөн болохыг цаг хугацаатай нь шалгах шаардлагатай. Сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт болон туслах материалыг хэдэн удаа хил гаалиар оруулж, ямар татвар төлж, дүрэмт хувцас үйлдвэрлэсэн эсэхийг тогтоох шаардлагатай. Монголдоо чанартай сурагчийн хувцас оёж нийлүүлдэг бол хаана ч борлуулалт хийх боломж нээлттэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд шинээр байгуулагдсан Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн шинэ эрин үе зарласныг дэмжих тухай 118 дугаар тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан. Уг тогтоолоор боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж болон тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх үйлдвэрлэлийн төсөл, шинээр байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрүүд, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой санал, төслийг тухайн оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг тус яамны сайд Х.Баттулга болон холбогдох яамны Сайдуудад үүрэг болгосон. Эдгээр шалгарсан, дэмжсэн төслүүдийн дотор хөнгөн үйлдвэрлэлийн салбар хоорондын уялдааг хангасан кластрын /хоршин хамтран ажиллах/ төсөл болох ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Монгол ноосон даавуу төсөл шинэ дэвшилтэт технологийг ашиглан Монгол хонины ноосон даавуу үйлдвэрлэж, оёдлын нэгдсэн холбооны импортыг орлох оёмол бүтээгдэхүүн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслүүдийг ирүүлсэн. Э ХХК-иас гаргасан гомдол үндэслэлгүй ба 23 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрүүдэд бүгдийг нь олгоогүй ба сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх үйл ажиллагаанд зориулж тодорхой хэсгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгогдсон. Э ХХК нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр төсөл бичиж тухайн үеийн яаманд хандаагүй. Тухайн үеийн яамнаас сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид дүрэмт хувцасны үйлдвэрлэлд үйлдвэрлэгчдийг оролцуулах, кластераар хоршин ажиллахад дэмжих, олон жижиг үйлдвэрүүдийг ажлаар хангах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдийг оролцуулж, эдгээр үйлдвэрүүдтэй санал солилцох, уулзалтыг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан ба уг арга хэмжээнд Э ХХК оролцсон талаар хурлын тэмдэглэл, бичлэг хадгалаастай байгаа болно. Уг компани нь өмнө нь Хятадаас бага ангийн хүүхдийн хувцас оруулж ирж байсан, нейлон хувцас байсан. Цаашид Чингис бондоос мөнгө авмаар байна гэдгээ хурал дээр хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа болно. Гэвч зээл авахаар төслөө ирүүлээгүй. Э ХХК нь шаардлага хангахгүй аж ахуйн нэгжийн тоонд орсон.

Хэргийн материалд хавсаргасан санхүүгийн тайлан балансад бүх хөрөнгийн шинж чанартай зүйлсийн үлдэгдлийг зайлшгүй тусгах ёстой байтал дээрх нэхэмжилсэн бараа материалын үлдэгдэл, дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдлийн аль аль нь мөнгөн дүнгээрээ нотлогдохгүй байна. Э ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бараа материалын эцсийн үлдэгдэл 40 651 000 төгрөг, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бараа материалын эцсийн үлдэгдэл 110 827 000 төгрөг байсан гэх үндэслэл алга байна. Мөн дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдэл 2012, 2013 онд эргэлтийн хөрөнгийн хэсэгт тодруулга тайланд үлдэгдэлтэй дүнгээр тусгагдаагүй үнийн дүн алга байна. Өөрөөр хэлбэл, Э ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдэл 48 142 920 төгрөг байсан гэх үндэслэлгүй. Мөн санхүүгийн тайлан балансаас үзэхэд цалинд өгсөн гэх 20 600 000 төгрөгийн өрийг оёдлын машин, тоног төхөөрөмжөөр төлсөн, түрээсийн өр сард 7 009 080 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй. Э ХХК-ийн захирал Ү.Э-ын арилжааны банкнаас авсан зээлийн үйл ажиллагаа холбогдох хуулиар тухайн иргэн, хуулийн этгээдийн асуудал тул яамнаас нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Б яам, Х яам нарт холбогдуулан гэм хорын хохиролд 325 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 782 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Э давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх хуулийн шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүх манай компанийг хохирсон болохыг хүлээн зөвшөөрсөн боловч буруу нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэх агуулга бүхий тайлбарыг хийсэн. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Э ХХК нь сурагчийн дүрэмт хувцас оёх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан буюу сурагчийн дүрэмт хувцасыг батлагдсан загвар, материалаар үйлдвэрлэх эрхийг 7 аж ахуйн нэгжид олгосонтой холбоотойгоор үйлдвэрлэл явуулах эрх зөрчигдсөний улмаас учирсан хохирол шаардаагүй” гэж дүгнэсэн байна. Манай компани анх шүүхэд Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр болон хариуцагч байгууллагуудын зохих шийдвэрийн улмаас учирсан хохирлоо шаардсан байхад шүүхээс ийнхүү шаардаагүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Хариуцагч байгууллагуудаас сурагчийн нэгдсэн загварыг батлах, уг загварын дагуу үйлдвэрлэгч тус загварт нийцүүлэн үйлдвэрлэх, худалдаалах үүрэгтэй.

Хариуцагч манай компаний нэгэнт үйлдвэрлэгдсэн барааг харгалзан үзэлгүй тендер зарлах, бусад аж ахуйн нэгжид уг эрхийг шилжүүлэх, давуу эрх олгох, бусад шийдвэрүүдийн улмаас бидний бараа, дүрэмт хувцас өнөөдөр агуулахад хураалгаастай байна. Төрийн байгууллага бусад аж ахуйн нэгжийн эрхийг хүндэтгэж ажиллах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх “...зах зээлд нийлүүлэх дүрэмт хувцас нь боловсролын байгууллагын бодлого шийдвэрээс шууд хамааралтай.." гэж дүгнэсэн атлаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгж үүнд анхаарч ажиллах ёстой тул тухайн байгууллага өөрийнхөө өмнө хүлээх үүрэг гэж дүгнэсэн нь агуулгын болоод логикийн хувьд ноцтой алдаатай дүгнэлт байна. Өөрөөр хэлбэл, шүүх манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохыг хүлээсэн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. Төрийн байгууллагын шийдвэрийг аж ахуйн нэгж дагах, биелүүлэх нь зүй ёсны хэрэг боловч төрийн байгууллага мөн адил хувийн хуулийн этгээдийн эрхийг хүндэтгэж аливаа шийдвэрээ гаргах шаардлагатай. Гэвч хариуцагч байгууллага тэгээгүй тул бид хохирол болох үйлдвэрлэгдсэн хувцасны үнийг төрөөс шаардах нь зүй ёсны хэрэг болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын .... эд хөрөнгөд санаатай, эсхүл болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдож байхад тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 179 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "..нэхэмжлэгч нар дүрэмт хувцас үйлдвэрлэдэг, захиргааны байгууллагаас шинэ загварын дүрэмт хувцас үйлдвэрлэхээс өмнө хуучин дүрэмт хувцасны үлдэгдэлийг хэрхэхээ шийдээгүй, мөн сурагчийн дүрэмт хувцас оёх аж ахуйн нэгжийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг нийтэд мэдээлээгүй зэргээр нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн байна..." гэж дүгнэсэн байна. Ийнхүү нэгэнт хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас Э ХХК-ийн эрх зөрчигдсөн болохыг 3 шатны шүүхээс тогтоож Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, хариуцагчийн хууль бус шийдвэрийг тогтоосон тул нэхэмжлэгч "Э" ХХК-иас гарсан хохирлоо шаардах эрхтэй. Гэтэл шүүх шаардах эрхгүй, мөн хариуцагч нарын албан бичиг нэхэмжлэгчийн хохиролтой шалтгаант холбоогүй, маргаан бүхий актууд нэхэмжлэгчид хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт болсон. Улсын Дээд шүүхийн 179 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт “...маргаан бүхий албан бичгүүд хэдийгээр  аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд хаяглагдсан боловч албан бичгээр илэрхийлсэн мэдэгдлийн үр дагавар нь нэхэмжлэгч нарын аж ахуйн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн байна..” гэж, "...Боловсрол шинжлэх ухааны яамны 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичгүүд нь дүрэмт хувцас үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг баталсан, зөвхөн эдгээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахыг даалгасан зэргээр нэхэмжлэгч Э ХХК-ийн эрх, хууль ёны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт мөн” гэх дүгнэлтээр нэхэмжлэгч Э ХХК-ийн эрх нь хариуцагч нарын хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон тул хохирлоо шаардсан болно.

Хариуцагч нарын үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр хууль зөрчсөн болохыг захиргааны шүүх тогтоосон тул нэхэмжлэгч учирсан хохирлоо нотолж шаардсан болно. Иймд нэхэмжлэлийгн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Б болон Х яаманд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 325 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013 оны 07 дугаар сарын 09-нй өдрийн 4/3931 дүгээр Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн 4 дэх хэсэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн “Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл зохион байгуулах тухай” албан бичгүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7-д заасныг зөрчсөн гэж хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 2 хавтасны 240-248, 3 хавтасны 1-16 дугаар тал/

Нэхэмжлэгч дээрх Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013 оны 07 дугаар сарын 09-нй өдрийн 4/3931 дүгээр Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн 4 дэх хэсэгт зааснаар 2012 оноос 2013 онд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас зах зээлд борлогдоогүйн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч байгууллагууд болон тэдний гаргасан шийдвэрийн улмаас учирсан гэм хор учирсан гэх нөхцөл байдлаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Э ХХК-иас захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн улмаас гэм хор учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан шинжээч “Ю Би Пропертиз” ХХК-ийн дүгнэлтээр 2013 оны 06, 07 дугаар сарын байдлаар нийт 13 363 ширхэг дүрэмт хувцаснууд, дээрх захиргааны байгууллагын шийдвэр гарах үе буюу тухайн үед тооллого хийхэд байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хийгдсэн байна. /хэргийн 2 хавтасны 86-92 дугаар тал/

Нэхэмжлэгч Э ХХК-ийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас хариуцагч Боловсрол шинжлэх ухааны яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар шийдвэрүүдийн улмаас 2012-2013 онд худалдагдаагүй болохоор хохирол учирсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Засгийн газрын 2013 оны 250 дугаар “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” тогтоол гарсны улмаас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэсэн эсхүл сургуулиуд 2013 оноос эхлээд цаашид үргэлжлэх хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулахаас татгалзсан нь эдгээр байгууллагын шийдвэрүүдтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн худалдагдаагүй дүрэмт хувцасны үлдэгдлийг өөрийн санаачилгаар урьдчилан дүрэмт хувцас үйлдвэрлэсэн эрсдлийг төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэсэнтэй холбон үзэх боломжгүй болно.

Нэхэмжлэгч талаас 2013 оны 06, 07 дугаар сарын байдлаар 13 363 ширхэг хувцасны үлдэгдэлтэй байсан гэх нөхцөл байдлаа эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй бюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч Э ХХК болон Ү.Энхжаргал, Ү.Энх-Отгон нар ХААН банктай 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, Ү.Энхжаргал, Б.Ариунзул нар “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-аас 2 700 000 төгрөг, мөн Ү.Энхжаргал нь “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК-иас 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд зээлдэгчийн үүргийг бусдын хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохирол гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, банкнаас зээл авсан нөхцөл байдал нь шууд хариуцагч байгууллагуудын үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагаас “Сансар өргөө” СӨХ-ны 59 дүгээр байрны 1 дүгээр орцны подволыг оёдол хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сарын 200 000 төгрөгөөр түрээсэлсний төлбөрт 3 800 000 төгрөг мөн Орхон аймгийн “Номин өргөө” СӨХ-ны 12 дугаар байрны 8 дугаар орцны зоорийн давхрын 16 м.кв талбайг оёдол ажиллуулахаар 1 м.кв талбайг 35 000 төгрөгөөр нийт 2 440 000 төгрөг, алданги 281 250 төгрөгийг тус тус гэм хорын хохиролд тооцож нэхэмжилсэн бөгөөд түрээсийн үйл ажиллагаанд зориулсан байх тул хариуцагч байгууллагуудын буруутай үйлдлээс учирсан хохирол гэж тооцогдохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 782 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                            Д.БАЙГАЛМАА