Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б***** ХХК,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б***** ХХК нь Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай 6,***,***.*** үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 6,***,***.*** үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Манай байгууллага нь УБТЗ ХНН-ийн хэрэгцээнд ********** дугаартай Дорноговь аймгийн Сайншанд суман дахь депогийн барилгын ажил-ын тендерт оролцсон. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №16/3291 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нөхцөл үзүүлэлт нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4.(в) шаардлагыг хангаагүй, БА-3.1 тусгай зөвшөөрөлгүй гэсэн шалтгаан дурдан тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу манай тендерээс татгалзаж буйг мэдэгдсэн.

Манай тендерээс татгалзсан үндэслэлийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасанд Монгол улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 28 ын өдрийн №6-1/6033 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр Б***** ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн Барилга, хот байгуулалтын яамны БУ17-213/21 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт болон гэрээнд нэмэлтээр БА-4.1 цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээсэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, тохижилтын ажил-ын зөвшөөрөлтэй байгаа нь тендерийн баримт бичгийн TOӨ3 4.4.(в)-д заасан БА-3.1 тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа тул захиалагчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16/3291 дугаартай шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл өгч шийдвэрлэсэн.

Улмаар захиалагч байгууллагаас тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийн манай байгууллагыг гүйцэтгэгчээр шалгаруулж, УБТЗ ХНН нь гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №16/3505 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Мөн гэрээний төслийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн электрон шуудангаар хүлээн авахад 2021 онд санхүүжих мөнгөн дүн буюу 1 *** *** *** төгрөг бүхий гэрээний нийт үнийн дүн бичигдсэн, буруу архитектур төлөвлөлтийн даалгаврын хамт илгээсэн байсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг; гэж, тус хуулийн 40 дүгээр зүйлд 40.3-д Худалдан авах гэрээнд энэ хуулийн 40.2-т зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана 40.3.1-д гэрээний үнэ; гэж заасныг болон тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 38.1-т Захиалагч нь гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө шалгарсан тендерт оролцогч болон бусад тендерт оролцогчид нэгэн зэрэг бичгээр хүргүүлнэ. Энэ мэдэгдэлд гэрээнд заасны дагуу нийлүүлэгдэх бараанд төлөх мөнгөн дүн буюу гэрээний үнийг заана. Гэрээний үнэ нь залруулга болон үнийн хөнгөлөлтийг тооцсон тендерийн үнэ байна гэж тендерийн баримт бичгийн 2-р бүлэг, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 2.1-т нийт төсөвт өртөг 6 *** *** ***, 2021 оны санхүүжилт 1 *** *** *** төгрөг гэж тус тус заасныг зөрчсөн байсан. Иймд манай байгууллага нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн захиалагчаас ирүүлсэн гэрээний маягтыг 6 *** *** *** төгрөгийн нийт үнийн дүнтэй гэрээ байгуулахаар баталгаажуулан хавсралт бичиг баримтуудын хамт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 603 тоот албан бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн NPFG2021111906705 дугаартай гүйцэтгэлийн баталгааг Хаан банкнаас гаргуулж захиалагч байгууллагад тус тус хүргүүлсэн.

Захиалагч байгууллага нь тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын 6 хоногийн дараа гэрээний маягтад гарын үсэг зурах боломжгүй байгаа талаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр захиалагч байгууллагын худалдан авалтын асуудлыг хариуцсан мэргэжилтэн Н.А******* утсаар мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно. гэж зааснаас үзэхэд тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах нь хариуцагч байгууллагын эрх хэмжээний асуудал байна.

Ийнхүү тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан заасныг үл хэрэгсэн захиалагч байгууллага нь тендер шалгаруулалтын ажиллагаанд хайхрамжгүй хандан 24.5-д "Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна., 28.2-т Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ. 46.1-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах; 46.1.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах;, 46.1.8-д барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх; гэж тус тус заасныг зөрчсөн.

Хариуцагч байгууллага нь нэгэнт хуулиар тогтоосон хугацаандаа багтаан тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах зэрэг холбогдох ажиллагааг түргэн шуурхай явуулах, гаргасан шийдвэрийн талаар тендерт оролцогчдод цаг тухайд нь мэдэгдэх захиалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учрах ур дагаврыг нэхэмжлэгч байгууллага хүлээх нь зүйд нийцэхгүй. Иймд хариуцагч байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасныг зөрчиж захиалагч байгууллагын Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор УБТЗ ХНН-ийн хэрэгцээнд ********** дугаартай Дорноговь аймгийн Сайншанд суман дахь депогийн барилгын ажил-ын сонгон шалгаруулалтыг хийгээгүй, гэрээг байгуулахгүй байгаа тул захиалагч байгууллага нэхэмжлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тендер нээгдсэн. Хуульд заасан 30 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаж 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэхэд үнэлгээ гарган гэрээ байгуулах ёстой байсан. Манай байгууллага тендерт шаардлагатай бүх баримт бичгийн бүрдүүлж өгсөн байгаа. Захиалагч шалгарсан тендерт оролцогчийн гүйцэтгэлийн баталгаа ирүүлсэн даруйд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж манайхтай гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл захиалагчаас гэрээ байгуулж болохгүй, давагдашгүй нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээ байгуулаагүй. Сайншанд Төмөр зам тендерийн арга хэмжээгээс эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдсан тухай баримт харагдахгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22-а заалтад Замын дарга тушаал, шийдвэр гаргана, 24-д Замын орлогч дарга нь замын даргын чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь туслах ба нийгэмлэгийн ерөнхий хорооноос тогтоосон эрхийн хүрээнд ажлаа явуулна. Замын даргыг эзгүйд замын 1-р орлогч дарга нь түүний чиг үүргийг бүрэн хариуцаж хэрэгжүүлнэ гэж тус тус заасан.

УБТЗ-ын дарга 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний өөрчлөлт-өөр №13-т Сайншанд депогийн ахуйн барилгын ажил-д 2021 онд санхүүжих дүнг-1.429.400.000 төгрөгрөөр баталсан. Б***** ХХК нь УБТЗ ХНН-ээс зарласан тендерт оролцож 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарч гэрээ байгуулах эрх авсан юм.

УБТЗ нь Б***** ХХК руу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулах эрхийг мэдэгдсэн боловч ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан хугацаа дуусч гэрээ байгуулах боломжгүй болсон. УБТЗ ХНН нь 88 салбар аж ахуй нэгжтэй, Монгол Улсын 8 аймагт тархан үйл ажиллагаагаа явуулдаг. 24 цагийн байнгын ажиллагаатай, 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 1949 онд байгуулагдсан, МУ-ын хойд хил Алтанбулагаас наушки урд хил Замын-Үүд Эрээн өртөө хүртэл тээвэрлэлт хийдэг, 1120 км, нийт дэлгэмэл уртаараа 1800 км, төрөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй.

УБТЗ-ын нийт ачаа тээврийн 41 хувийг зөвхөн нийгмийн шинж чанартай ачаа эзэлж байгаа нь нийгмийн хариуцлага сайтай, 15.900 ажилчинтай, ажил олгогч байгууллага юм. УБТЗ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага юм. УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү 50, 50 хувиар эзэмшдэг бөгөөд УБТЗ нь Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг зөвхөн дангаараа гүйцэтгэдэг. Бид олон улс, орон нутгийн зорчигчид болон экспорт, импортын ачаа тээврийг хүссэн газарт нь түргэн шуурхай, хямд, найдвартай, аюулгүй тээвэрлэн хүргэж, төмөр замынхаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлаас давсан ажил, үйлчилгээг жилээс жилд үзүүлсээр байна. Ковид 19 цар тахалын хүндрэл бэрхшээл манай байгууллагыг ч мөн адил тойрч гараагүй туулан даван туулсаар байна

Хятадын төмөр замууд корпорацийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ма Хунин-ны 2021.11.30 албан бичгээр: БНХАУ-ын Эрээн боомтод корона вирусын өвчлөл бүртгэгдсэний улмаас 2021.11.27-ны 00 цагаас эхлэн төмөр замаар тээвэрлэгддэг бүх төрлийн ачаа: Yүнд мод модон материал, полиэфир, метз, барилгын материал, бага оврын тоног төхөөрөмж, архи, дарс шар айраг, эрдэст ус, масло, ургамлын тос, гурил, сүү, жигнэмэг, чихэр, давс зөгийн бал, хуурай сүү, цөцгий, зайрмагын иш, ханын цаас, гутал хувцас... зэргийг импортоор хүлээн авч тээвэрлэхийг зогсоосон. 2021.11.28-ны 00 цагаас уул уурхай, ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүн болох чулуун нүүрс, газрын тос, зэс, цайр, төмрийн хүдэр, мөн ачиж буулгахдаа гар ажиллагаа шаардагдах хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг Хилийн Эрээн өртөөгөөр хүлээн авахгүй, импортоор оруулахыг тус тус зогсоосон тухай мэдэгдэл ирүүлсэн. Энэхүү мэдэгдлийн хүрээнд УБТЗ тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд эрвийх дэрвийхээрээ мөнгөө хэмнэж, зарлагаа танах, ажиллах хүчээ авч үлдэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүр авсан: Үүнд: 2021.12.30-нд 16/4023 тоотоор: харилцагч компаниуддаа хандаж, хөдөлгөөн зогсож, орлого буурсантай холбоотой, гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж, төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн тухай, гэрээнд өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, гэх мэт саналуудыг хүргүүлж, харилцан ойлголцож ажиллаж байна /хх-111/ Мөн 2021.12.24-нд 1326 цахилгаан гарч: Үүнд: 2021 оны 12 сард тээвэрлэлт төлөвлөгөөт дүнгээс 1.1 сая тонноор огцом буурч орлогын хэмжээ 35.2 тэрбум төгрөгөөр тасарсан тул авч хэрэгжүүлэх 13 бүлэг арга хэмжээ авав. Үүнд: түлш эрчим хүч хэмнэх, албадын дарга нарыг автомашины хэрэглээг зогсоож, үүрэн болон суурин утасны хэрэглээг хязгаарлаж, илүү цагаар ажилласан ажилтан нарыг биеэр нөхөн амраах, сул орон тоонд шинэ ажилтан авахгүй байх, алба салбар нэгжийн бүх ажилчид сард 3 өдөр сул зогсолтод хамрагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан хөдөлгөөнтэй холбоотой ажилчид 100% сул зогсолтод хамрагдах, бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ажлыг 12 сарын 24-өөс нийгэмлэгийн хэмжээнд бүрэн зогсоох гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэв /хх-115/ 2022.02.18-нд 1816 цахилгааны хүрээнд: Тээвэрлэлтийн ажлын хэмжээ буурч, мөнгөн урсгал үлэмж хэмжээгээр буурсан тул их засвар хөрөнгө оруулалтын ажлуудыг 2022.07.01 хүртэл хойшлуулах арга хэмжээг авав. 2022.02.22-нд нийгэмлэгийн хэмжээнд гарсан зааварчилгаагаар 13 авах арга хэмжээний хүрээнд 206.4 сая төгрөг хэмнэж, цаашид хэрхэн хэмнэх талаар зааварчилгаа гарсан /хх-118/. 2022.03.16-нд МУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Форс мажорын бичигт: УБТЗ нь Гэрээнүүдийн хэрэгжилтийн явцад Эрээн хотын төмөр замын боомтоор ашигт малтмалын бүтээгдэхүүн импортлохыг зогсоосон тул Новатек Интернэшнл ХХК, Инновационные технологи Смазок ХХК, Шарын гол ХХК, Төмөрт өргөө ХХК гэх мэт компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн боломжгүй болсон тухай гэрчилгээг олгосон /хх-116/ мөн УБТЗ-ын Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны 2022.05.04-ны 12/146 тоотоор УБТЗ-аар тээвэрлэгдэх ачааны хэмжээ эрс буурч, тээврийн орлого 34.4%-иар буураад байгаатай холбоотойгоор шийдвэр гарахаас өмнөх 2 сарын орлогын дундажийг шийдвэр гарсанаас хойш 3 сарын орлогын дундажтай харьцуулсан байдлаар гаргажээ. Үүнд: 2021 оны 10 сард 6* *** *** *** байсан бол 2022 оны 02 дугаар сард 6* *** *** *** болж 65.6% болж буурсан үзүүлэлттэй байна. Мөн УБТЗ-ын Төлөвлөлт, эдийн засгийн албаны 2022.05.04-ны 11/68 тоотоор: 2021.12 сараас эхлэн төлөвлөсөн хэмжээнээс 1-3 сая тонноор огцом буурч тээвэрлэлтийн орлогын хэмжээ 20-35 тэрбум төгрөгөөр тасарч, 2021 оны мөн үетэй харьцуулахад 29.9%, тээвэрлэлтийн орлого 24.4% буурч, түлш, сэлбэг материалын үнэ огцом өсч 8.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Мөн онд барагдуулах ёстой байсан төлбөрүүдээ одоо хүртэл барагдуулаагүй, үүнтэй холбоотой их барилга хөрөнгө оруулалт, засварын ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулах арга хэмжээг тус тус авч ажиллаж байна. Ингээд дээрх нөхцөл байдал хүндрэл бэрхшээлүүдтэй холбоотой 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 181б цахилгаан замын хэмжээнд гарч №3-т НН алба 2022 оны их засвар, их барилга, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн дагуу НН /Төлөвлөлт эдийн засгийн алба/ 2022 оны 02 дугаар сарын 28-ны №1-1 Их барилгын төлөвлөгөөний өөрчлөлт хийж Сайншанд татах хэсгийн ахуйн барилга барих 6.***.***.* төгр**өгийг 2-р улиралд 3.***.***.***, 3-р улиралд 3.***.***.***, 4-р улиралд-***.***.*** төгрөгөөр тус тус хасч шийдвэрлэсэн. Б***** ХХК нь тухайн цаг хугацаанд УБТЗ-тай гэрээ байгуулаагүй, цаг үеийн хүндрэлээс болж төмөр зам мөнгөө хэмнэж, зардлаа хассан шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. Иймд Б***** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б***** ХХК-руу гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн боловч тохиролцож гэрээ байгуулж чадаагүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2019 оны 181Б цахилгааны 3-т энергийн баталсан жагсаалтын дагуу барилга засвар, хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай мэдээ гаргасан. Тус төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан жагсаалтын Сангийн яам баталсан. Тус жагсаалтад нийт 15 зүйлд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг явуулахад нийт санхүүжих төсөвт өртөг нь 6,***,***,*** төгрөг байсан. Үүнээс тухайн Б***** ХХК-тай гэрээ байгуулах санхүүжүүлэх төсөв нь 1,***,***,*** төгрөгөөр гэрээ байгуулахаар саналыг явуулсан. Энэ талаар нэхэмжлэгч нь 6,***,***,*** буруу ойлгосон байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б***** ХХК нь Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд, Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай 6,***,***,*** үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 6,***,***,*** үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2021 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай №16/3505 мэдэгдлээс үзэхэд УБТЗ ХНН-ийн хэрэгцээнд ********** дугаартай Сайншанд депогийн барилгын ажил гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалтад Б***** ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, Б***** ХХК -д гэрээ байгуулах эрх олгосон байна.

УБТЗ ХНН-ийн хэрэгцээнд ********** дугаартай Дорноговь аймгийн Сайншанд суман дахь депогийн барилгын ажил-ын тендер шалгаруулалтад Б***** ХХК-ийн ирүүлсэн тендер шалгарч, гэрээ байгуулах эрх авсан байх бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Тус тендер шалгаруулалтын ажиллагаа явагдаж дууссан байх ба нэхэмжлэгч нь тендер шалгаруулалттай холбоотой маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа ... нэхэмжлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах гэж тодорхойлсон байх тул тус маргааныг шүүх тусгай журмаар биш ердийн журмаар хянан шийдвэрлэх маргааны хугацааг баримтлан хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас шалтгаалан маргаан бүхий барилгын ажлыг гүйцэд санхүүжүүлэх боломжгүй болж, санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал бий болж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Хятадын төмөр замууд корпорацийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ма Хунин-ны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг,

         Цахилгаан 132 Б 780, 24.12.21

         Цахилгаан 146 Б 145, 27.12.21

         Цахилгаан 181 Б 130, 18.02.22

         Цахилгаан 135 Б 260, 12.04.22

         2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Зааварчилгаа /БАТЛАВ НЗ-1/

         Улаанбаатар төмөр замын Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12/146 тоот албан бичиг,

         Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Х.Х*****-гийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 16/4023 тоот албан бичиг,

         Улаанбаатар төмөр замын Төлөвлөлт, эдийн засгийн албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 11/68 тоот албан бичиг,

         2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн алба, 2022 оны их барилгын төлөвлөгөөний өөрчлөлт,дугаар № I-1,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, бодит байдалд захиалагч нь Дорноговь аймгийн Сайншанд суман дахь депогийн ахуйн байрны барилгын ажлыг гүйцэд санхүүжүүлэх боломжгүй болсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасан ба шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэдэг нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн байх агуулгыг илэрхийлнэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг хуульчилсан ба барилгын ажлыг гүйцэд санхүүжүүлэх боломжгүйн улмаас ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь тус зарчимд харшлаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин ********** дугаартай тендер шалгаруулалтад Б***** ХХК шалгарсан ба нэхэмжлэгч нь тус тендер шалгаруулалтад оролцсоны улмаас тодорхой зардал гаргасан, хохирол учирсан гэж үзвэл энэ асуудлаар шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус  баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан, Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай 6,***,***,*** үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 6,***,***,*** үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Б***** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б***** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б*******