Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0491

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч,

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай 6,785,934.643 үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 6,785,934.643 үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 380 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0025/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр:

1.“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан, “Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай 6,785,934.643 үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 6,785,934.643 үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. “Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар цар тахлаас шалтгаалан маргаан бүхий барилгын ажлыг гүйцэд санхүүжүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон гэж үзэн шийдвэрийнхээ үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2.2.Цар тахлын хүнд нөхцөл байдал болж, түүнийг нотолсноор тухайн тал гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, зөвхөн уг нөхцөл байдал бий болсноос дуусах хүртэл, дууссаны дараа үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тогтоосон хугацаа өнгөртөл үүргийн гүйцэтгэл түр хойшлогдож болно.

2.3.Өөрөөр хэлбэл цар тахлын хүнд нөхцөл байдал нь гэрээ байгуулах үүргээс хариуцагч тал чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, харин гэрээний үүргийг хойшлуулах үндэслэл болж болох юм.

2.4.Манай байгууллага нь санхүүжилтийн маргаан үүсгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага маань гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгах тухай байсан.

2.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд Илтгэгч шүүгчээс: тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэжээ.

2.6.Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагаа буюу Сайншандын депогийн барилгын ажил нь үр ашиггүй, хэрэгцээгүй, шаардлагагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сайншандад мэргэжилтэн, ажиллах хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад чухал хэрэгцээтэй ажил болохыг шүүх хуралдаан дээр тэмдэглэж, орлого борлуулалтын байдал 2022 оны 07 дугаар сараас сайжирвал тухайн худалдан авалтын ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд шинээр тендер зарлах тухай мэдэгдсэн.

2.7.Захиргааны шийдвэр нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” нэхэмжлэл захиргаа үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчим. Уг зарчмыг хуулийн албан бус тайлбарт тодорхойлсноос үзвэл:

2.7.1. Захиргаанаас тухайн шийдвэрийг зөвхөн шаардлагатай үед л гаргах ёстой,

2.7.2. Зорилгод тохирсон буюу тухайн арга зам шийдвэрийн хувилбар нь хүрэхээр зорьж буй зорилгыг дэмжсэн байх,

2.7.3. Бодит нөхцөл байдалд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх гэсэн агуулгаар тайлбарлажээ.

2.8.Хариуцагч байгууллага нь 2022 оны төсөвтөө 6,860,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын ажиллагааг үргэлжлүүлэн тусгаж Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлж батлуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/3780 дугаартай хариуцагч байгууллагын албан бичиг баримт хавтаст хэрэгт бий. Тухайн ажлыг хасах тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагчийн шийдвэр хавтаст хэрэгт байхгүй.

2.9.Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмээс үзэхэд эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурал байх бөгөөд хуралд заавал хамаарах асуудал нь “нийгэмлэгийн ирэх жилийн үйлдвэрийн санхүүгийн төлөвлөгөөг ... хэлэлцэж батлах” гэжээ. Тухайн ажлын хөрөнгө оруулалтыг хасах тухай хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурлын шийдвэр хавтас хэрэгт байхгүй.

2.10.Манай байгууллага нь “Сайншанд депогийн ахуйн барилга” нэр бүхий, УБТЗ/2021/НТШ/А/223 төслийн дугаартай тендерт оролцон тус ажлыг 6,785,934,643 төгрөгөөр гүйцэтгэхээр санал явуулан тус тендерт ялж, хариуцагч байгууллагын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 16/3505 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан.

2.11.Иймд тендерийн үнэ буюу 6,785,934,643 төгрөгөөр нийт үнийн дүнтэй гэрээ байгуулахаар гэрээний төсөл, гүйцэтгэлийн баталгаа дагалдах бусад бичиг баримтуудыг тус байгууллагад хүргүүлсэн.

2.12.Гэтэл хариуцагч байгууллагын холбогдох албан тушаалтан нар нь албан ёсны хариу тайлбар өгөхгүй, уулзалт товлохоор хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирүүлэхгүй байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хандсан.

2.13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тайлбарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хятадын төмөр замууд корпорацийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга М Х-ы албан бичиг бүхий зөвхөн чингэлгээр ачаа барааг хүлээн авах шийдвэрээр тээвэрлэлтийн орлого буурсан тул захиалагч 1.4 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Иймд гэрээ байгуулах мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр явуулсан гэжээ.

2.14.Худал тайлбар, худал шалтгаан учраас цаг хугацааны хувьд таарч тохирохгүй, алдаатай, хоорондоо холбогдохгүй, ийм тайлбарыг үндэслэж шүүх шийдвэр гаргаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2.15.Хариуцагч байгууллага нь хуулийн хугацаанд буюу тендер нээгдсэнээс хойш 30 хоногийн дотор, Сангийн яамд хүсэлт гарган хугацаа сунгуулсан бол 45 хоногийн дотор тендерийн ажиллагааг явуулж дуусган гэрээг байгуулсан байх хуулийн шаардлага бүхий зохицуулалттай.

2.16.Тендер 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нээгдсэн. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тендерийн хорооны хуралдаанаар “Б” ХХК-ийг шалгаруулсан. Тендерийн бичиг баримтын 39.3-д зааснаар гүйцэтгэлийн баталгааг хүргүүлснээр захиалагч тал гэрээнд шууд гарын үсэг зурна.

2.17.Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор тендерийн ажиллагааг бүрэн дуусгавар болгож гэрээг баталгаажуулсан байх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдоно.

2.18.Дээр хугацаанд хариуцагч байгууллагад цар тахлын хүнд нөхцөл байдал учраагүй, цар тахлын хүнд нөхцөл байдлын талаар манай байгууллагад огт мэдэгдээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0380 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул тус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас “Захиалагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагатай 6,785,934.643 үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 6,785,934.643 үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргажээ.

2.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас зарласан Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэрэгцээнд “Сайншанд депогийн барилгын ажил гүйцэтгэгч шалгаруулах” цахим тендерт нэхэмжлэгч “Б” ХХК оролцож, хамгийн сайн тендерээр шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг[1]  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлжээ.  

3.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас шалтгаалан БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх ачааг хүлээн авах боломжгүй болж, тус компанийн бизнесийн үйл ажиллагаа буюу экспорт, импортын тээвэрлэлтийн орлого эрс багасаж, санхүүгийн хүндрэл үүснээс төлөвлөгдсөн ажлуудыг анх төлөвлөсөн үнийн дүнгийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүний дотор “Дорноговь аймгийн Сайншанд суман дахь депогийн ахуйн байр барих” ажлыг гүйцэтгэх гэрээний нийт үнийг анх тендер зарлах үед тогтоосон 6,785,934,643 төгрөгөөр хэрэгжүүлэх боломжгүй болж, үнийг бууруулан гэрээний нийт үнийн дүнг 1,429,400,төгрөгөөр тогтоож, уг үнийн саналыг, гэрээний төслийн хамт нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас[2] тогтоогдов.

5.Санхүүжилтийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний шинэ үнийн санал, гэрээний төслийн хамт нэхэмжлэгчид гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 6 өдрийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн боловч уг үнийн санал, гэрээний төслийг нэхэмжлэгч компаниас хүлээн зөвшөөрөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[3] нотлогдож байна.

6.Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасны дагуу хариуцагчаас гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан 6-аас доошгүй өдрийн дараа шинэ үнийн санал болон гэрээний төслийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байхад түүнийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

7.Тендерийн захиалагч байгууллагын хувьд тендерт анх зарласан үнийн саналаар барилгын ажлыг санхүүжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчийг анх зарласан үнийн дүнгээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үүрэгтэй гэж шүүхээс үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “цар тахлын хүнд нөхцөл байдал нь гэрээ байгуулах үүргээс хариуцагч тал чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, харин гэрээний үүргийг хойшлуулах үндэслэл болж болох юм” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

9.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль  хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч компанийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дүгээр зүйлийн 120.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 380 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 16  дахь тал

[2] Хэргийн 17, 21, 79-80, 111, 115-122, 132-135, 138-145 дахь тал

[3] Хэргийн 17, 21