Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 01635

 

    Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01166 дугаар шийдвэртэй, Б.Т-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, 6 872 020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч О.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т нь “Н” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр зуучлагч суралцагчийн сонгосон улсад суралцахад зуучлалын үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зуучлагчид үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөх үүргийг талууд хүлээхээр тохиролцсоны дагуу зуучлалын үйлчилгээний нийт хөлс 3 000 ам.долларыг зуучлагчид шилжүүлэн өгсөн. Зуучлагч нь зуучлалын хөлс 3 000 ам.доллар гэж өндөр хөлс тохирон виз гаргах баталгаа өгч байсан боловч зуучлагч байгууллагаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, виз гаргаагүй өдийг хүрсэн юм.

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1-т “Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар буюу 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс, Суралцагчид тухайн улсын элчин сайдын яамнаас тухайн улсад сурах албан ёсны зөвшөөрөл олгох өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж байна. Зуучлагч байгууллага виз гаргаж өгч чадахгүй, хугацаа алдсан, АНУ руу гарахаа больсонтой холбоотой Б.Т гэрээнээс татгалзаж, хөлсийг буцаан олгохыг хүсч зуучлагч байгууллагад удаа дараа хандаж, мэдэгдсэний дагуу тус байгууллагаас 500 000 төгрөг өгсөн боловч үлдсэн төлбөрийг буцаан төлсөнгүй. Иймд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, үлдэгдэл 6 872 020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Т-тэй байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд үйлчилгээний хөлсийг буцаан олгох талаар талууд харилцан тохиролцсон бөгөөд тухайн улсын элчин сайдын яам виз олгохоос татгалзсан нь манай компанийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй юм. Гэрээний хугацаанд манай байгууллага өөрсдөөс шалтгаалах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсээр ирсэн буюу гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Өөрөөр хэлбэл, манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд аливаа гадаадын иргэнийг өөрийн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх зөвшөөрөл олгох нь тухай улсын бүрэн эрхийн асуудал тул бид ямар нэг байдлаар виз гаргаж өгөх талаар амлалт өгсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснын баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 6 872 020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 124 910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан бөгөөд энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 3 000 ам.доллар төлснийг нотолсон ямар баримт байгааг тэмдэглээгүй. Өөрөөр хэлбэл, 3 000 ам.доллар төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Нөгөө талаар шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн анкет дээр латинаар PAID гэсэн тэмдэглэгээ хийгдсэнийг анхаараагүй. 3 000 ам.доллар хүлээлгэн өгсөн гэх баримт нь хуурамч буюу санхүүгийн тэмдэг ч дарагдаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зуучлагч байгууллага виз гаргаж өгөхгүй удсан гэсэн болохоос гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй гэж дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, виз гэдэг бол тухайн орон руу нэвтрэх зөвшөөрөл бөгөөд энэ нь элчин сайдын яамны шийдвэр, үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Мөн ustraveldocs.com цахим хуудсанд элчин сайдын яаманд ярилцлаганд орсон үйл баримт нь тогтоогддог бөгөөд үүнийг шүүх хуралдаанд тодруулаагүй мөн анхаараагүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбалан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, 6 872 020 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...АНУ-ын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан тул компанийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй, гэрээний үүргээ биелүүлсэн...” гэж маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу АНУ-ын Вашингтон хотын хэлний бэлтгэл сургалтанд зуучлахаар тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 3 000 ам.доллар төлсөн, үүнээс хариуцагч байгууллагаас 500 000 төгрөг төлсөн талаар маргаагүй. /хэргийн 7-8, 13, 50 дугаар тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

Дээрх гэрээний 4.3-т заасан ажил үйлчилгээг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 3 000 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож  7 372 020 төгрөг /3000 ам.доллар* 2457,34 төгрөг/-өөс хариуцагчийн төлсөн 500 000 төгрөгийг хасч үлдэх 6 872 020 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нь гэрээний 4.3-т заасны дагуу үзүүлсэн ажил, үйлчилгээ, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа үндэлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй тохиолдолд гэрээнээс татгалзаж өгсөн, авсан зүйлээ буцаах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зуучлалын гэрээний дагуу хариуцагч ”Н” ХХК-иас ажил, үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн, шүүх хуралдаан давхцсан үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул гомдлыг хангах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА