Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1166

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Т -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н В  ХХК  -д холбогдох

 

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзсаныг баталж, 6.872.020 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Т   Н В  ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зуучлагч суралцагчийн сонгосон улсад суралцахад зуучлалын үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зуучлагчид үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөх үүргийг талууд хүлээхээр тохиролцсоны дагуу зуучлалын үйлчилгээний нийт хөлс 3.000 ам.долларыг зуучлагчид шилжүүлэн өгсөн.

Зуучлагч нь зуучлалын хөлсийг 3.000 ам.доллар гэж өндөр хөлс тохирон виз гаргах баталгаа егч байсан боловч зуучлагч байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, виз гаргаагүй өдийг хүрсэн юм.

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1-д “Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар буюу 2016 оны 06 сарын 13-ны өдрөөс, Суралцагчид тухайн улсын элчин сайдын яамнаас тухайн улсад сурах албан ёсны зөвшөөрөл олгох өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусгаагүй, үргэлжилж байгаа билээ. Зуучлагч байгууллага Виз гаргаж өгч чадахгүй, хугацаа алдсан, одоо АНУ-руу гарахаа больсонтой холбоотой Төрмөнх нь тус гэрээнээс татгалзаж, хөлсийг буцаан олгохыг хүсч зуучлагч байгууллагад удаа дараа хандаж, мэдэгдэж байсан байна. Үүний дагуу тус, байгууллагаас түүнд 500.000 төгрөг буцааж өгсөн боловч үлдсэн төлбөрийг буцаан төлсөнгүй. Иймд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзсаныг баталж, миний төлсөн үлдэгдэл төлбөрийг буцаан гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Н В  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-очир миний бие өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд Б.Т  ийн манай компанид холбогдуулан гаргасан 6.872.020 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийг гардана авч, холбогдох журмын дагуу хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Т  ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Т  тэй байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд үйлчилгээний хөлсийг буцаан олгох талаар талууд харилцан тохиролцсон байдаг бөгөөд тухай улсын элчин сайдын яам виз олгохоос татгалзсан нь манай компанийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй юм. Гэрээний хугацаанд манай байгууллага өөрсдөөс шалтгаалах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсээр ирсэн буюу гэрээний үүргээ биелүүлж ажилласан.

Өөрөөр хэлбэл манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд аливаа гадаадын иргэнийг өөрийн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх зөвшөөрөл олгох нь тухай улсын бүрэн эрхийн асуудал тул бид ямар нэг байдлаар виз гаргаж өгөх талаар амлалт өгсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Т   нь хариуцагч Н В  ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж, 6.872.020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан тул манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 02/110 дугаартай “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу АНУ-ын Вашингтон хотод хэлний бэлтгэл сургалтанд зуучлахаар тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний төлбөрт 3.000 ам доллар төлсөн үйл баримтад маргаагүй бөгөөд хариуцагч нь гэрээний 4.3-д “үйлчилгээний хөлсийг зуучлагчийн зүгээс явуулах дараах цогц үйл ажиллагаа, оюуны  хөдөлмөрийг үндэслэн тогтоосон болно.

  • Тухайн оюутаны талаар сургууль болон бусал хөтөлбөрийн талаарх судалгаа явуулах
  • Баталгаат урилга авах
  • Бичиг баримт бүрдүүлэх
  • Баталгаат оруучлгын үйлчилгээ үзүүлэх
  • Элчингийн анкет бөглөх
  • Байрлах байр, онгоцноос тосож авах үйлчилгээ захиалах
  • Гадаад гуйвуулга хийх
  • Гэр бүл болон хамаатан саднаа урьж, аялуулахад нь визний материал бүрдүүлэлтэнд мэргэжлийн түвшинд зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэхээр тохиролцжээ.

 

Хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг нэхэмжлэгч Б.Т  өд буцаан өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 50 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь 3.000 ам долларыг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Монгол банкны зарласан ханш /3.000х2.457,34/- аар тооцож, 7.372.020 төгрөгөөс 500.000 төгрөгийг хасч, нийт 6.872.020 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...АНУ-ын элчин сайдын яаманд визэнд ороогүй” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т заасан ямар ажил, үйлчилгээ үзүүлсэн байдлаа баримтаар нотлоогүй, Б.Т  ийн АНУ-д суралцах виз гараагүй атлаа уг үйл баримттай холбоотой оюутаны талаар сургууль болон бусад хөтөлбөрийн талаарх судалгаа явуулах, баталгаат урилга авах, бичиг баримт бүрдүүлэх, баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх, элчингийн анкет бөглөх зэрэг ажиллагаа хийсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Н В  ХХК-иас 6.872.020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т  өд олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт товлогдсон шүүх хуралдааны товтой 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр биечлэн танилцаж, гарын үсэг зурсан атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснын баримтлан хариуцагч Н В  ХХК-иас 6.872.020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т  өд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н В  ХХК-иас 124.910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т  өд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР