Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 143/ШШ2020/00550

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

                                                   Нэхэмжлэгч: Х   б   Ө с

Хариуцагч: Б.Н

                                                                   Хариуцагч: Д.Д

Зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэг болон нотариатын үйлчилгээний хураамж нийт 91 902 597.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Н, хамтран зээлдэгч Д.Д нар нь *******аас 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр №420 тоот зээлийн гэрээ байгуулан 74 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан бөгөөд зээлдэгч бизнесийн орлого буурсан шалтгаанаар гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №420/1 тоот нэмэлт өөрчлөлтийн зээлийн гэрээ байгуулан үндсэн зээл 52 530 503.96 төгрөг, зээлийн хүү 30 186 890.52 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба зээлийн гэрээний хугацааг 50 сараар сунгасан.

Мөн зээлдэгч Б.Н, хамтран зээлдэгч Д.Д нар нь *******аас 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар №441 тоот зээлийн гэрээ байгуулан 126 000 000 төгрөгийг 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө худалдан авах зориулалтаар зээл авсан бөгөөд уг гэрээг зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №441/1 тоот нэмэлт өөрчлөлтийн зээлийн гэрээ байгуулан 89 379 359.92 төгрөг, зээлийн хүү 50 826 344.43 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн төлбөрийн асуудлаар маргаангүй гэдгээ баталгаажуулж, гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг тус тус харилцан тохиролцож өөрчилсөн.

Зээлдэгч нь Дугаар №441, Дугаар №441/1 тоот зээлийн барьцаанд:

1. Иргэн Б.Н /КЮ76071125/-ын өмчлөлийн Өмнөговь аймаг Даланзадгад сумын төв 3-р баг, Хуучин хотын захиргааны баруун талд байршилтай дэлгүүрийн зориулалттай 60 м.кв талбайтай Ү-1105000873, ГД-000209397 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,

2. Иргэн Д.Буд /КЮ46071115/ Ц.Мөнхжаргал /КЮ56091228/ Б.Одонбаяр /КЮ79071П5/ нарын өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3-р баг 8-р байр 36 тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-1105000249 ГД-000026748 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,

3. Иргэн Б.Н /КЮ76071125/-ын Өмнөговь аймаг, Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлалтай нэгж талбарын 4608006043 дугаар бүхий 108 м.кв газар Магvеl зоогийн газрын урд үйлчилгээний зориулалттай ГД-000431137 эзэмших эрхийн газар зэргийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан.

Зээлдэгч нь Дугаар №420, Дугаар №420/1 тоот зээлийн барьцаанд:

1. Иргэн Б.Н /КЮ76071125/-ын өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3-р баг Говь дулаан ХХК-ын хойд талд байрлалтай 17,9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-1105000377, ГД-000026791 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,

2. Иргэн Б.Н /КЮ76071125/-ын Өмнөговь аймаг, Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлалтай нэгж талбарын 150502522 дугаар бүхий 160.65 м.кв газар худалдаа үйлчилгээний зориулалттай ГД 0243626 тоот дугаартай эзэмших эрхтэй газар,

3. Иргэн Б.Н /КЮ76071125/-ын өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Далангийн 3-р баг Говь дулаан ХХК-ын хойд талд байршилтай үйлчилгээний зориулалттай 16 м.кв талбайтай Ү-1105000376, ГД-000026792 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,

4. Иргэн Б.Н /КЮ76071125/-ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3-р баг Говь дулаан ХХК-ын хойд талд байрлалтай 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-1105001423, ГД-000026790 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,

5. Иргэн  Б.Н  /КЮ76071125/-ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг Мануулт дэлгүүрийн урд талд байрлалтай үйлчилгээний зориулалттай 23 м.кв талбайтай Ү-1105001759 ГД-000094815 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,

6. Иргэн Д.Буд /КЮ46071П5/ Ц.Мөнхжаргал /КЮ56091228/ Б.Одонбаяр /КЮ79071115/ нарын өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3-р баг баг 8-р байр 36 тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-1105000249 ГД-000026748 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан.

Зээлдэгч нар нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 126,000,000 төгрөгийн № 441 тоот зээлийн гэрээ болон 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн № 441/1 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүрэгт:

• Үндсэн зээлд 73 719 487 төгрөг

• Зээлийн хүүгийн төлбөрт 126 093 234 төгрөг

• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 222 586.05 төгрөг

Нийт 200 035 307.05 төгрөг төлсөн байна.

2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 74 000 000 төгрөгийн дугаар №420 тоот зээлийн гэрээ болон 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №420/1 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүрэгт:

• Үндсэн зээлд 44 492 700 төгрөг

• Зээлийн хүүгийн төлбөрт 74 395 865.48 төгрөг

• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70 870.87 төгрөг

Нийт 118 959 436.35 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Б.Н, Д.Д нар нь 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрүүлж 203 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт зээлээ төлөөгүй ба удаа дараа уулзаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж уулзаж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна.

Иймд банк шүүхэд 2020 оны 9 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Зээлдэгч Б.Н, Д.Д нартай байгуулсан 2013 оны 05-р сарын 10-ны өдрийн дугаар №420, 2015 оны 07-р сарын 17-ний №420/1 тоот зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №441 тоот болон 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн № 441/1 тоот зээлийн гэрээний гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах

2. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №420 тоот болон 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн № 420/1 тоот гэрээний үүрэгт:

а. Үндсэн зээл 29 507 299.87 төгрөг

б. Зээлийн хүү 3 493 923.33 төгрөг

в. Нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг

Зээлийн төлбөрт 33 001 223.2 төгрөг гаргуулах,

- 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №441 тоот болон 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №441/1 тоот зээлийн гэрээний үүрэгт:

а. Үндсэн зээл 52 280 512.95 төгрөг

б. Зээлийн хүү 6 620 861.46 төгрөг

в. Нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг

г. Нотариат үйлчилгээний хураамж 96 300 төгрөг

Зээлийн гэрээнүүдийн үүрэгт болон нотариатын зардалд нийт 58 901 374.41 төгрөг гаргуулах,

3. Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээ болон нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: Улсын тэмдэгтийн хураамжийн 617 463 төгрөг төлсөн болно.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Энэ нь 2013 оны 05 дугаар сарын  10-ны өдрийн 420 тоот гэрээний үргэлжлэлийн нэмэлт өөрчлөлт явж байгаа. Тус гэрээний 2.1-д заалтад 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 420 тоотын гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав гэж зааж өгсөн. Хүсэлтийг  Б.Н  гаргасан. Нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд  Б.Н ын өөрийн гарын үсгийг зуруулаад, нотариатаар, Улсын бүртгэлээр орсон тул энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбар гаргасан. 420 тоот болон 441 тоот зээлийн гэрээ дээр хүүгийн төлбөр, эргэн төлөлт тооцсон. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 1.1-д заасан 30 186 898 төгрөгийн зээлийн хүүг төлөгдсөн гэсэн утгатай заалтыг нэмж оруулж өгсөн. Төлөгдсөн хүү байгаа тул нэхэмжлэл гаргаагүй. 1.2-д үндсэн зээлийн үлдэгдлийг тусгаж өгсөн байгаа. Зээлдэгч нар 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтдээ барьцаа хөрөнгийг өөрчлөх, багасгах хүсэлт гаргаагүй. Зөвхөн эргэн төлөлт дээр өөрчлөлт хүсэлт гаргасны дагуу шийдвэрлээд явсан байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зээлдэгч нарын үүргийн талаар зохицуулалтын 5.17-д шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн холбогдон гарах аливаа зардлыг төлүүлэх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгахаар шаардах эрхтэй гэж заасан байна гэв.

Хариуцагч Б.Н, Д.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5604/025 дугаартай Зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 91 902 597 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Хаан банкны Өмнөговь салбарыг төлөөлөн гаргасан Н.Амартүвшингийн нэхэмжлэлийг хариуцагч Б.Н, Д.Д бид 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч танилцлаа. Зээлдэгч, хамтран зээлдэгч нарын хувьд 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №420, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №420/1, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №441, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №441/1, тоот зээлийн болон нэмэлт өөрчлөлтийн зээлийн гэрээний дагуу авсан зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа болон 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №420 тоот зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №420/1 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүрэгт 118 959 436.35 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №441 тоот зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №441/1 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүрэгт 200 035 307.05 төгрөг, үүргийн гүйцэтгэлд нийт 318 994 743 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэлийн утгатай маргах зүйл байхгүй.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол гарч, түүнээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймаг төдийгүй улсын хэмжээнд хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, үйл ажиллагаанд хязгаарлалт хийж, хорио цээрийн дэглэм тогтоон, тэмдэглэлт баярын өдрүүдийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгож, зарим уул уурхайн компанийн үйл ажиллагаа зогссоноор манай байгууллагын үйл ажиллагаа 2020 оны 02 дугаар сараас эхлэн бүрэн зогссон.

Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжих хугацаа тодорхойгүй, цаашид хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тогтоосон хязгаарлалт нь хэдий хугацаанд үргэлжлэх нь мэдэгдэхгүй, мөн хугацааны энэ байдал нь зээлдэгч талаас үл шалтгаалж байсан тул энэ байдлаа ХААН банкны Өмнөговь салбарт бичгээр мэдэгдэн 2020.04.02-ны өдөр Засгийн газрын 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц, давагдашгүй хүчин зүйл бий болсон тул гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан үлдсэн зээлийн хүүгээс чөлөөлж өгөхийг хүсч, өргөдөл гарган өөрийн биеэр хүлээлгэж өгсөн боловч өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэгэнт миний зээлийн хүүгээс чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 420, 420/1, 441, 441/1 дугаар зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг цуцлах болон маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж дахин өргөдөл бичгээр гаргаж өгсөн. Засгийн газрын болон Улсын онцгой комиссын дээрх шийдвэрүүд нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Гэтэл Хаан банкны Өмнөговь салбараас миний өргөдөлд хариу өгөлгүй байсаар 5 сарын хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл дээр 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хүү тооцон нэхэмжилсэн байна. 5 сарын хугацааны хүү нь нийт 10 114 784 төгрөг болж байгаа ба энэхүү хүү тооцох болсон шалтгаан нь зээлдэгч надад хамааралгүй, банк өөрийн буруугаас хугацаа алдсан тул дээрх 10 114 784 төгрөгийн хүүг төлөх боломжгүй, мөн нотариатын зардалд 96 300 төгрөг нэхэмжилсэн байна, энэ нь банкны хариуцах зардал тул үүнийг мөн төлөх боломжгүй, харин үндсэн зээлийн үлдэгдэл болох 79 697 550 төгрөгийг үргэлжлүүлэн төлж барагдуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Д, Б.Н-ын зүгээс нэхэмжлэлд дурдсанчлан  2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 420 тоот гэрээ байгуулан 74 000 000 төгрөгийн зээлийг 5 жилийн  хугацаатай 21.6 хувийн хүүтэй зээл авсан. Мөн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 441 тоот зээлийн гэрээ байгуулан 126 000 000 төгрөгийг 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээл аваад зээлүүдээ төлж явж байгаад тодорхой хугацаанд бизнесийн орлогогүй шалтгаанаар зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагч Б.Н-ын зүгээс гаргасан. 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүсэлтээ гаргаж 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны зүгээс энэ асуудлыг шийдвэрлэсэн. Зээлдэгч Б.Н, Д.Д нартай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 420, мөн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 420/1, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 441 тоот, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 441/1 тоот гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах санал гаргасан. 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болон 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн хувьд 60 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Энэ зээлийн гэрээний хугацаа дууссан. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 441/1, 420/1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний тухайд дараах тайлбарыг хэлье. Уг зээлийн гэрээ нь зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх тухай зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Н-ын зүгээс гаргасан хүсэлтийг үндэслэсэн юм шиг байгаа юм. Улмаар энэ гэрээний зээлдэгч  Б.Н ,  Д.Д нар байгаа боловч энэ зээлийн гэрээг зөвхөн  Б.Н  болон Хаан банк хоёрын дунд байгуулагдсан гэрээ байна. Энэ зээлийн гэрээнд  Д.Дгарын үсэг зураагүй. Зээлдэгч  Д.Днь өмнөх 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсгээ зурж зээлийн гэрээний нэг тал болоод явж байсан боловч хугацаа сунгасан зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлээгүй. Өөрөөр хэлбэл хугацаа сунгасан зээлийн гэрээнд зээлдэгч  Д.Днь энэ талаар ямар хүсэл зоригтой байгаа талаар асуугаагүй энэ гэрээ байгуулагдсан байна. Энэ зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдаж нотариатаар батлуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох гэрээ байдаг. Тэгэхээр энэ хугацаа сунгуулах зээлийн гэрээ нь хүчингүй зээлийн гэрээ юм. Хуульд заасан шаардлагыг хангаагүй, зээлдэгч гарын үсэг зураагүй, тэр хүний хүсэл зориг харагдахгүй, хүсэл зоригийг агуулаагүй гэрээ болжээ. Энэ гэрээний хувьд зээлийн гэрээний хугацаанаас өмнө цуцлах шаардлага үүсэхгүй юм. Зээлдэгч Н.Наранбаяр,  Д.Д нарын зүгээс 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 74 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 126 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Уг зээлийн гэрээнүүдийн хувьд 420 тоот зээлийн гэрээний хувьд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хамгийн сүүлийн зээл төлөгдөж дуусах ёстой байсан. 74 000 000 төгрөгийн зээлийг нийт 60 сарын хугацаанд зэлийн хүүд 47 631 211 төгрөг, нийт 121 631 211 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан. Банкны зүгээс уг тооцоог зээлдэгч нар хэдэн төгрөгийн зээл болон зээлийн хүүнд төлсөн талаар тооцоог гаргаж ирүүлсэн энэ нь бидний тооцоо дээр тохирч байгаа. 420 тоот зээлийн гэрээний хувьд 118 959 436.35 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэлд дурдагдсан байна. Гэтэл энэ мөнгө нь анх 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 600 775 төгрөг одоо төлбөл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахаар байгаа. 441 тоот зээлийн гэрээний хувьд 200 035 307 төлсөн байгаа 222 586 нэмэгдүүлсэн хүү энэ мөнгийг хасаж тооцвол 5 421 197 төгрөгийн үүргийн гүйцэтгэл үлдсэн байгаа. 7 сая гаруй төгрөгийн үүрэг  зээлдэгч нар дээр байгаа. Хаан банкны зүгээс нэхэмжилсэн 58 901 374.41 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн нотариатын үйлчилгээний 96 300 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд бичгийн нотлох баримтын шаардлага хангуулж нотлох баримтаа шүүхэд ирүүлэх ёстой. Энэ нь нэхэмжлэгч талын үүрэг учраас 96 300 төгрөгийг нэхэмжлэгч тал өөрөө хариуцах ёстой. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. 420 тоот зээлийн гэрээний хувьд 95 062 500 төгрөгийн хөрөнгийг барьцаалсан байгаа. Нөгөө гэрээний хувьд 118 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан байдаг. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээр хэрвээ 58 000 000 төгрөг нэхэмжилж байгаа бол тухайн үнийн дүн дээр тохирсон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан юм уу гэж бодож байна.

Зээлдэгч Д.Дэмбэрэлтогтохын хувьд ирж гарын үсэг зураад Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн учраас хүчинтэй гэрээ гэж нэхэмжлэгч тал тайлбарлалаа. Хаан банкнаас хэрэгт гаргаж өгсөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлдэгч  Д.Д нь гарын үсэг зураагүй, хоосон байдаг. Зээлдэгч  Б.Н  нь гарын үсэг зурсан байдаг. Нотариатын зардлын хувьд үндэслэлгүй тайлбар хэлж байна. Мөн барьцаа хөрөнгийн хувьд нэхэмжлэлийн ерөнхий шаардлагаас 7 799 516 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийн гэрээ буюу 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 420 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 441 тоот зээлийн гэрээнд талуудын эрх, үүрэг тэгш хангагдаагүй байгуулагдсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь зээлдэгч  Б.Н ын зүгээс зээлийн гэрээнээс чөлөөлж өгнө үү мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгсөн гэсэн хүсэлтийг удаа дараа банканд гаргасан. Гэтэл банк уг хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ зээлийн гэрээнүүдээс харахад зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах заалтыг зээлдэгч нар зээлийн гэрээг цуцлах эрхгүйгээр байгуулагдсан гэрээ байдаг. Зөвхөн банканд энэ эрх олгогдсон байдаг. Энэ нь зээлийн гэрээний банкны эрх гэдэгт хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах эрх нь дан банканд олгогдсон ба зээлдэгч нарт ийм эрх байхгүй. Гэрээнд зааснаар зээлийг авч ашиглах, хуулга баримтыг авах гэсэн эрхийг олгосон. Энэ нь Иргэний хуульд заасан гэрээний талуудын чөлөөт байдал болон гэрээ байгуулах стандарт нөхцөл алдагдсан. Өөрөөр хэлбэл гэрээний нэг талын эрхийг гэрээнд тусгаж өгөөгүй. Ийм учраас банк зээлдэгч  Б.Н ын хүсэлтийг хүлээж авч зээлийн хүүгээс чөлөөлөх болон цуцлах асуудлыг хэлэлцэлгүй хохироосон байдаг. Гэхдээ  Б.Н ын бизнесийн үйл ажиллагаа алдагдсан шалтгаан нь Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр тархсан ковид-19 өвчлөлтэй холбоотой. Хариуцагчийн зүгээс тухайн үед гарсан Засгийн газрын тогтоолыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Үйлчилгээний бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хөл хорионд орж үйл ажиллагаагаа зогсоосон нөхцөл байдалтай байсан учир орлого олох ямар ч боломжгүй байсан гэх мэтчилэн дээрх шалтгаан, нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Иймээс эхний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2 дахь нэхэмжлэлийн шаардлага болох 7 799 516 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгө гаргуулах, нотариатын зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

******* нь  Б.Н ,  Д.Д нартай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 420 тоот зээлийн гэрээ байгуулан 74 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба улмаар зээлдэгч нар хугацаа сунгах хүсэлт гаргасны үндсэн дээр 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 420/1 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийг 52 530 503.96 төгрөгийн үлдэгдлээс тооцох,  гэрээний хугацааг 50 сараар сунгах, зээл эргэн төлөлтийн  хуваарьт өөрчлөлт оруулахаар тохиролцож нэмэлт гэрээ байгуулжээ.   

Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд  Б.Н ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай Ү-1105000377, ГД-000026791 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105000376, ГД-000026792 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105001423, ГД-000026790 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105001759 ГД-000094815 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 150502522 дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай ГД-0243626 тоот дугаартай газар эзэмших эрх, иргэн Д.Буд, Ц.Мөнхжаргал, Б.Одонбаяр нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай Ү-1105000249 ГД-000026748 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байна.

Мөн ******* нь  Б.Н ,  Д.Д нартай 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 441 тоот зээлийн гэрээ байгуулан 126 000 000 төгрөгийг 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө худалдан авах зориулалт бүхий зээлийн гэрээ байгуулсан ба улмаар 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 441/1 тоот зээлийн гэрээ байгуулан 89 379 359.92 төгрөгийн үлдэгдлээс зээлийг тооцох, гэрээний хугацааг 50 сараар сунгах, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахаар тохиролцож  нэмэлт гэрээ байгуулжээ.  

Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд иргэн  Б.Н ын өмчлөлийн дэлгүүрийн зориулалттай Ү-1105000873, ГД-000209397 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 4608006043 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай ГД-000431137 газрын эзэмших эрх, иргэн Д.Буд, Ц.Мөнхжаргал, Б.Одонбаяр нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай Ү-1105000249 ГД-000026748 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байна.  

Хариуцагч тал нь 420/1, 441/1 тоот зээлийн гэрээнүүдэд зээлдэгч болох  Д.Д гарын үсэг зураагүй, түүний хүсэл сонирхол байгаагүй хүчингүй гэрээ ба зөвхөн Хаан банк Наранбаяр нарын хооронд байгуулагдсан гэрээ гэж маргадаг.

Банк тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал уг мөнгийг авч ашиглах, хүү буцаан төлөхөөр харилцан тохиролцсон тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 196.1.1-д заасан журмын дагуу хийгдсэн мөн хуулийн 43.1.1-д зааснаар Дэмбэрэлтогтох нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсанаа бодит үйлдлээр илэрхийлсэн тухайлбал Наранбаяр Дэмбэрэлтогтох нар нь зээлийн мөнгийг аж ахуйн үл ажиллагаандаа хэрэглэсэн, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээл эргэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж зээлээ төлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог тул хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг.  

Зээлдэгч нар нь 441, 441/1 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 73 719 487 төгрөг, хүүгийн төлбөрт 126 093 234 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 222 586.05 төгрөг, нийт 200 035 307.05 төгрөг төлсөн, 420, 420/1 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд    44 492 700 төгрөг, хүүгийн төлбөрт 74 395 865.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70 870.87 төгрөг, нийт 118 959 436.35 төгрөг тус тус төлсөн гэх ба талууд энэ талаар маргаагүй байна.

Харин зээлдэгч  Б.Н ,  Д.Д нар нь 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 203 хоног хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэгч 420 420/1 тоот гэрээний дагуу үндсэн зээл 29 507 299,87 төгрөг, хүү 3 493 923.33 төгрөг нийт 33 001 223,2 төгрөг, 441, 441/1 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээл 52 280 512.95 төгрөг, хүү 6 620 861.46 төгрөгийг шаарджээ.

Нэхэмжлэгч тал хариуцагч нарыг зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчиж гэрээний 7.1.1-т заасныг зөрчиж 203 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж гэрээний  8.2-д  зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэсэн тайлбарыг гаргадаг. 

Гэрээний 8.2-т Энэхүү гэрээний 7.1.1-7.1.14-т заасан зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд Банк гэрээг зөрчсөн гэж тооцож хугацаанаас нь өмнө цуцалж дуусгавар болгохоор заажээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж, мөн хуулийн 221 дүгээр зүйлд “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээ дуусгавар болгож болно” гэж мөн хуулийн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 4-т “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Хариуцагч тал  2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Зээлдүүлэгч талд хандан зээлийн гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болох нь түүний банкинд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. /хх-170-171 дүгээр хуудас/. Хариуцагч талын хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь засгийн газраас гаргасан тогтоолын дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоон, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсний улмаас орлого нь тасалдаж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Хариуцагч тал гэрээ  цуцлах талаар банкинд бичгээр мэдэгдсээр байтал банк өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй эсэх талаар арга хэмжээ авсан эсэх нь нотлогдохгүй байх тул хариуцагч гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Гэрээ цуцлах талаар банкинд бичгээр мэдэгдэж байсан, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулахыг банк зөвшөөрөөгүй, хариуцагч талын гэрээг дуусгавар болгохыг хүссэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдалд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч тал гэрээнээс татгалзсанаар гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээг дуусгавар болсноос хойш хуримтлагдсан хүүг төлүүлэх байдлаар хариуцлага хүлээлгэхийг шаардах эрхгүй байна.

Иймд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 420/1 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 29 507 299.87 төгрөг, 441/1 тоот гэрээний үндсэн үүрэгт  52 280 512.95 төгрөг нийт 81 787 812.80 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хуулийн 227дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ. Гэвч нэхэмжлэгч талын нотариатын төлбөрт төлсөн 96300 төгрөгний хохирлыг хариуцагч тал учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэжээ.

Талуудын хооронд 420 болон 441 тоот барьцааны гэрээ байгуулагдсан ба хожим энэ гэрээнд өөрчлөлт ороогүй байх ба үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс гаргуулах тохиролцоо хүчин төгөлдөр тул Банк энэ шаардлагыг гаргах эрхтэй. 

Иймд зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дүгээр зүйлийн 153.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч  Б.Н ,  Д.Д нараас 81 865 812 төгрөг гаргуулан Хаан банкны Өмнөговь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар 81 787 812.80 төгрөгийг төлөөгүй тохиолдолд  Б.Н ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай Ү-1105000377, ГД-000026791 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105000376, ГД-000026792 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105001423, ГД-000026790 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105001759 ГД-000094815 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 150502522 дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай ГД-0243626 тоот дугаартай газар эзэмших эрх, иргэн Д.Буд, Ц.Мөнхжаргал, Б.Одонбаяр нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай Ү-1105000249 ГД-000026748 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,  Б.Н ын өмчлөлийн дэлгүүрийн зориулалттай Ү-1105000873, ГД-000209397 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 4608006043 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай ГД-000431137 газрын эзэмших эрх зэрэг барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон илүү нэхэмжилсэн 10 340 785 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Өмнөговь салбар улсын тэмдэгтийн хураамж 617 463 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Н ,  Д.Д нараас 565 799 төгрөгийг гаргуулан Хаан банкны Өмнөговь салбарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.УРАНЧИМЭГ