Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2021/00011

 

Хаан банк-ны Өмнөговь салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2020/00550 дугаар шийдвэртэй,

Хаан банк-ны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй, Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нарт хариуцагдах,

2013 оны 420, 2015 оны 420/1, 2013 оны 441, 2015 оны 441/1 дугаартай зээлийн болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 91 902 597,61 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амартүвшингийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амартүвшин, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амартүвшин нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Наранбаяр, хамтран зээлдэгч Д.Дэмбэрэлтогтох нар нь 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №420 тоот зээлийн гэрээ байгуулан 74,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан бөгөөд зээлдэгч бизнесийн орлого буурсан гэх шалтгаанаар гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №20/1 тоот нэмэлт өөрчлөлтийн зээлийн гэрээ байгуулан 50 сарын хугацаагаар сунгасан. Үндсэн зээл 52 530 503,96 төгрөг, зээлийн хүү 30,186,890.52 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Мөн зээлдэгч нар 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №441 тоот зээлийн гэрээ байгуулан 126 000 000 төгрөгийг 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг гэрээг зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №441/1 тоот нэмэлт өөрчлөлтийн зээлийн гэрээ байгуулан 89,379 359,92 төгрөг, зээлийн хүү 50,826,344.43 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн төлбөрийн асуудлаар маргаангүй гэдгээ баталгаажуулж, гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг тус тус тохиролцож өөрчилсөн.

2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 203 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд 2020 оны 09 дүгээр сарын байдлаар №420, №420/1, №441, №441/1 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө нь цуцалж, дээрх гэрээнүүдийн үүрэгт нийт 91 902 597,61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч талаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр биш гэдэг. Гэхдээ тухайн гэрээний зөвхөн эргэн төлөлт дээр нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг Б.Наранбаяр гаргасан бөгөөд өөрөө гарын үсэг зурж, нотариатаар, Улсын бүртгэлээр орсон. Мөн нэмэлт гэрээний 2.1 дэх заалтад 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №420 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулав гэж зааж өгсөн. Барьцаа хөрөнгийг өөрчлөх, багасгах хүсэлт гаргаагүй. гэжээ.

Хариуцагч Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Зээлийн гэрээнүүд болон нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийн үүрэгт 200,035,307.05 төгрөг, үүргийн гүйцэтгэлд нийт 318,994,743 төгрөг төлсөн гэсэнтэй маргахгүй.

Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоосноор манай байгууллагын үйл ажиллагаа 2020 оны 02 дугаар сараас эхлэн бүрэн зогссон. Энэ нь зээлдэгч талаас үл шалтгаалж байсан тул энэ байдлаа зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан үлдсэн зээлийн хүүгээс чөлөөлж өгөхийг хүссэн.

Хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээнүүд болон нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг цуцлах болон маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй талаараа илэрхийлж өргөдөл гаргахад хариу өгөлгүй 5 сарын хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл дээр 2020 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар хүү тооцож 10 114 784 төгрөг нэхэмжилсэн нь зээлдэгч надад ямар ч хамааралгүй, банк өөрийн буруугаас хугацаа алдсан тул төлөх боломжгүй.

Мөн нотариатын төлбөрийг банк өөрөө хариуцах учир төлөх боломжгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдэл болох 79 697 550 төгрөгийг үргэлжлүүлэн төлж барагдуулна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 05 дугаар сарын 10-ны болон 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн хувьд 60 сарын хугацаатай байгуулсан тул зээлийн гэрээний хугацаа нь дууссан. Иймд хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх гэрээг зөвхөн Б.Наранбаяртай байгуулсан. Д.Дэмбэрэлтогтох гарын үсэг зураагүй буюу энэ талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй. Зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдаж нотариатаар батлуулснаар хуулийн хүчин төгөлдөр болдог учир хугацаа сунгуулах зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчингүй.

Хэдэн төгрөгийн зээл болон зээлийн хүүд төлсөн талаар тооцоог гаргаж ирүүлсэн нь бидний тооцоотой тохирч байна.

Нэхэмжлэлд дурдсан нийт 118,959, 436.35 төгрөг төлсөн гэсэн нь 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,600,775 төгрөг одоо төлбөл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахаар байгаа. 441 тоот зээлийн гэрээний хувьд 200,035,307 төлсөн байгаа 222,586 нэмэгдүүлсэн хүү энэ мөнгийг хасаж тооцвол 5,421,197 төгрөгийн үүргийн гүйцэтгэл үлдсэн байгаа. 7 сая гаруй төгрөгийн үүрэг зээлдэгч нар дээр байгаа. Хаан банкны зүгээс нэхэмжилсэн 58,901,374.41 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Мөн нотариатын үйлчилгээний 96,300 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд бичгийн нотлох баримтын шаардлага хангуулж нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг учраас 96,300 төгрөгийг нэхэмжпэгч тал өөрөө хариуцах ёстой.

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжпэлийн шаардлагын тухайд 420 тоот зээлийн гэрээний хувьд 95,062,500 төгрөгийн хөрөнгийг, нөгөө гэрээний хувьд 118,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан байдаг. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээр хэрвээ 58,000,000 төгрөг нэхэмжилж байгаа бол тухайн үнийн дүн дээр тохирсон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.

Мөн барьцаа хөрөнгийн хувьд нэхэмжлэлийн ерөнхий шаардлагаас 7,799,516 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Үндсэн зээлийн гэрээ буюу 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 420 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 441 тоот зээлийн гэрээнд талуудын эрх, үүрэг тэгш хангагдаагүй байгуулагдсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь зээлдэгч Б.Наранбаярын зүгээс зээлийн гэрээнээс чөлөөлж өгнө үү мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэтэл банк хүсэлтийг хүлээж аваагүй.

Зээлийн гэрээнүүдээс харахад зээлдэгч нар зээлийн гэрээг цуцлах эрхгүйгээр байгуулагдсан, зөвхөн банкинд энэ эрх олгогдсон байдаг.

Энэ нь Иргэний хуульд заасан гэрээний талуудын чөлөөт байдал болон гэрээ байгуулах стандарт нөхцөл алдагдсан. Өөрөөр хэлбэл гэрээний нэг талын эрхийг гэрээнд тусгаж өгөөгүй. Ийм учраас банк зээлдэгч Б.Наранбаярын хүсэлтийг хүлээж авч зээлийн хүүгээс чөлөөлөх болон цуцлах асуудлыг хэлэлцэлгүй хохироосон байдаг.

Иймээс эхний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2 дахь нэхэмжлэлийн шаардлага болох 7,799,516 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө гаргуулах, нотариатын зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нараас 81,865,812 төгрөг гаргуулан Хаан банкны Өмнөговь салбарт олгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар 81 787 812.80 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Б.Наранбаярын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай Ү-1105000377, ГД-000026791 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105000376, ГД-000026792 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105001423, ГД-00026790 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай Ү-1105001759 ГД- 000094815 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 150502522 дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай ГД-0243626 тоот дугаартай газар эзэмших эрх, иргэн Д.Буд, Ц.Мөнхжаргал, Б.Одонбаяр нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай Ү-1105000249 ГД-000026748 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,

Б.Наранбаярын өмчлөлийн дэлгүүрийн зориулалттай Ү-1105000873, ГД-000209397 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 4608006043 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай ГД-000431137 газрын эзэмших эрх зэрэг барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон илүү нэхэмжилсэн 10 340 785 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Өмнөговь салбар улсын тэмдэгтийн хураамж 617 463 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нараас 565 799 төгрөгийг гаргуулан Хаан банкны Өмнөговь салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амартүвшин давж заалдах гомдолдоо: ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч уг тогтоолоор банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэхэмжилсэн иргэний хэрэгт огт хамааралгүй бөгөөд зээлдэгчийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болгох, цуцлах нөхцөлийн талаар:

Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил арилгахыг банк зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй, зээлдэгч гэрээнд заасан үүргээ эс биелүүлсэн, зөрчсөн, гэрээг цуцалснаас үүсэх хариуцлагыг зээлдэгч хариуцна" гэж тохиролцсон.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ...гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.4-д "Үүрэг гүйцэтгэх хугацааг ...гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

Гэтэл шүүх гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээнд шууд нөлөөлнө гэж. мөн гэрээг цуцалж түүний үр дагавар буюу гэрээний үүргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад энэ талаар эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцласнаас хойшхи үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан гэдэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэж байх тул банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан зохицуулалтад нийцсэн ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүрэг болох үлдэгдэл төлбөр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Мөн зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний хөлс нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 -д "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн үндэслэлд хамаарч байх тул хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2020/00550 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хаан банк-ны Өмнөговь салбар нь хариуцагч Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нарт холбогдуулан зээлийн болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 91,902,597.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нар нь шаардлагын мөнгөн дүнгээс хүү 10,114,784 төгрөг, нотариатын зардал 96,300 төгрөгийг эс зөвшөөрч, үлдэх 79,697,550 төгрөгийг төлж барагдуулна гэж, зарим хэсгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ давагдашгүй нөхцөл байдлын улмаас гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтэд банк хариу ирүүлээгүй буруутай тул хүү төлөхгүй гэж тайлбарласан байна. /хэргийн 130-131 дүгээр хуудас/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн нотариатын зардал, зээлийн гэрээний хүүг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хаан банк-ны Өмнөговь салбар нь Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нартай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 420 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 74, 000,000,0 /74 сая/ төгрөгийг, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 441 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 126,000,000.0 /нэг зуун хорин зургаан сая/ төгрөгийг тус бүр 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, зээлийг төлөөгүй тохиолдолд 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, зээлдэгч Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нар нь зээлийг хөрөнгө худалдан авах зориулалтаар ашиглах, хугацаа, хүү зэрэг гол нөхцлийн талаар адилхан харилцан тохиролцсон.

Талууд 420 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 5 төрлийн үл хөдлөх, зоогийн газрын тоног төхөөрөмж, тавилга, барааны үлдэгдэл зэргийг барьцаалж 420 дугаартай барьцааны гэрээг, 441 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ГД-000209397, Y-1105000873 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон 420 дугаартай барьцааны гэрээний барьцаанд бүртгэгдсэн ГД-000026748, Y-1105000249 дугаартай үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалж 441 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж дүгнэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ.

2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээнүүдийн хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож, 420/1 дугаартай гэрээгээр 2013 оны 420 дугаартай зээлийн гэрээний үүргээс үндсэн зээл 52,530,503. 96 төгрөгийн, 441/1 дугаартай гэрээгээр 2013 оны 441 дугаартай зээлийн гэрээний үүргээс үндсэн зээл 89,379,359.92 төгрөгийн үлдэгдэл байгааг тус тус тооцон, уг гэрээ тус бүрийн хугацааг 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 50 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ. /хэргийн 11, 64 дүгээр хуудас/

Хариуцагч нар нь зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнд заасан хугацааны дагуу зээл, хүүг төлөөгүй нь зохигчдын тайлбар, тухайн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэмжээний талаар маргаагүй.

Зээлдэгч тал нь зээлийн гэрээ цуцлах саналаа хүргүүлсэн байхад зээлдүүлэгч Хаан банк нь гэрээнээс татгалзах эсэхэд хариу хүргүүлээгүй, мөн Зээлийн гэрээнүүдийн 6.1.1-т заасан зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа...г газар дээр шалгах, биечлэн танилцах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч банкийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэх тул хүндэтгэн үзэх үндэслэлээр зээлдэгч нарын хүсэлт гаргаснаар гэрээг цуцлагдсан гэж үзэн, гэрээ цуцалснаас хойшхи үр дагаврыг буюу гэрээгээр төлбөл зохих үндсэн үүргийн үлдэгдлийг хариуцагч нарт хариуцуулж, нэхэмжлэлээс гэрээ цуцлах, хүү 10,114,784.79 төгрөг, нотариатын зардал 96300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хугацаа сунгасан гэрээнд Д.Дэмбэрэлтогтох нь ямар хүсэл зоригтойг асуугаагүй байгуулагдсан,...зээлдэгч гарын үсэг зураагүй, бичгээр байгуулагдаж нотариатаар гэрчлүүлэх гэрээ, ...энэ гэрээний хувьд хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага үүсэхгүй... гэх тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хариуцагч нар нь энэ тухайд маргаагүй, нотариатын үйлдэл хийсэн хугацааг 2015.7.17 гэж бичигдэж Д.Дэмбэрэлтогтох гарын үсгээ зурсан нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн хуулбар хэрэгт авагдсан байна. /хэргийн 130-131, 184 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 төлөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн гэж заасан.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан талуудын чөлөөт байдалд нийцнэ. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэх байр суурь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг дуусгавар болоогүй тул барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй гэж үзнэ.

Хариуцагч нар барьцаагаар хангагдсан үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг хуульд заасан журмаар албадан худалдаж, үнээс үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга, нөгөө талаар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, барьцаалагч, барьцаалуулагч нь үүргийг барьцааны зүйлээр хангуулах эсэхийг өөрсдөө харилцан тохиролцох боломжтой тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжилж байгаа үнийн дүнд тохирсон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргах байсан гэх тайлбар үндэслэл муутай.

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Үүрэг гүйцэтгүүлэгч нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээнүүдийн үүргийг Б.Наранбаяр, Д.Дэмбэрэлтогтох нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тооцсон байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан эрх хэмжээнд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2020/00550 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 3 дахь заалтыг нэгтгэн дугаарыг 1 гэж, 4 ба 5 дахь заалтыг 3, 4 гэж эрэмбэлэн өөрчилж,

1 дүгээр заалтын 220.4 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, 81,865,812 гэснийг 81,787,812 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг болон илүү нэхэмжилсэн 10,211,085 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дугаар заалтын 153 дугаар зүйлийн 153.1 гэснийг 175 дугаар зүйлийн 175.1 гэж,

3 дугаар заалтын 565,799 гэснийг 566,889 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4. 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180402 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.НАСАНЖАРГАЛ

                      ШҮҮГЧИД                     Х.БАЙГАЛМАА

                                         Х.ГЭРЭЛМАА