Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00991

 

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дүгээр шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1893 дугаар магадлалтай,

Х.А-ын нэхэмжлэлтэй,

Л.М-д холбогдох,

15,151,888 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

16,074,893 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Х.А нь Л.Мд холбогдуулан барьцаа 4,000,000 төгрөг, гэрээ цуцлах үеийн барааны үнэ 2,020,000 төгрөг, дансны үлдэгдэл 2,299,373 төгрөг, 2017.04.24-2019.01.13-ны өдрийг хүртэлх орлого 6,832,515 төгрөг, нийт 15,151,888 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Л.М нь нэхэмжлэгч Х.Ад холбогдуулан нөхөн төлбөр 4,000,000 төгрөг, эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 2,706,000 төгрөг, харилцагч байгууллагын өр 1,351,038 төгрөг, татварын өр 192,470 төгрөг, газын плиткийн үнэ 646,000 төгрөг, сэтгүүлийн ширээний үнэ 300,000 төгрөг, камерын үнэ 669,000 төгрөг, алданги 1,883,750 төгрөг, нийт 16,074,893 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг харилцан эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 227 дугаар зүйлийн 227.1, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 288.2.1, 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.5, 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлээс, хариуцагч Л.Мгаас 10,601,728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгон, үлдэх 4,550,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 6,019,803 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ааас гаргуулан хариуцагч Л.Мд олгож, үлдэх 10,055,090 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, үндсэн ба сөрөг нэхэмжлэлүүдийг харилцан тооцсоноор 4,581,925 төгрөгийг хариуцагч Л.Мгаас гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,400 төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагын хураамжид төлсөн 274,006 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцах хураамжид 184,578 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 111,267 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1893 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Л.Мгаас 285,378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,866,510 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,400 төгрөг болон 274,006 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 38,691 төгрөг болон 35,682 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч болон хариуцагчид олгож, хариуцагч Л.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 9,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж, Шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.Мгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дугаар шийдвэрээр Х.Аын нэхэмжлэлтэй Л.Мд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж хариуцагчаас 4,581,925 төгрөг гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2020.09.04-ний өдөр 1893 дугаар магадлалаар хариуцагчаас 285,378 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдөр 1893 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Х.А миний бие хариуцагч Л.Мгийн гаргасан “Түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг болох 14,191,143 төгрөг гаргуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн 2019.01.13-ны өдрийн “Тооцоо нийлсэн баримт”-ыг ач холбогдолтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд гэрээ дүгнэн, талуудын хооронд үүссэн харилцааг дуусгавар болгох үед талууд 2 баримт үйлдсэн. Энэ нь Эд хөрөнгө хүлээлцсэн эвдрэл гэмтэл тооцсон баримт болон дээрх Тооцоо нийлсэн баримт юм. Нэхэмжлэгч, хариуцагч талууд эхний буюу Эд хөрөнгө хүлээлцсэн баримтыг үйлдэн, гэрээний дагуу ашиглаж байсан эд хөрөнгийг тоолж, эвдрэл гэмтлийг тооцсон баримтад хэн аль нь гарын үсэг зурсан. Харин 2 дахь баримтыг хариуцагч Л.М үйлдэн гарын үсэг зурахыг шаардах үеэс талуудын хооронд маргаан үүсч эхэлсэн ба давж заалдах шатны шүүхийн үнэлсэн уг баримтад нэхэмжлэгч Х.А нь гарын үсэг зураагүй бөгөөд үүнийг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн үнийн дүн болох 4,581,925 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдөр 1893 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Л.Мд холбогдуулан 15,151,888 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гарган, үндэслэлийг ...2017.04.24-ний өдөр Л.Мтай түрээсийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн ...үл хөдлөх эд хөрөнгийг, эд хогшил, тоног төхөөрөмжийн хамт ресторан пабын зориулалтаар 1 жилийн хугацаагаар түрээслэн авч ажиллуулсан. ...гэрээний хугацаа 2018.04.24-ний өдөр дууссан боловч бид харилцан тохиролцож, түрээсийн байрыг ...2019.01.11-ний өдөр хүртэл ажиллуулсан. ...энэ хугацаанд хариуцагчийн пос машинаар түрээсийн бүх орлого орж байсан, үүний дараа хариуцагч нь намайг өөрийн пос машин авсан гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, түрээсийн гэрээ цуцлахаар болсон. Иймд гэрээ байгуулахад анх өгсөн барьцаа 4,000,000 төгрөг, гэрээ цуцлах үед байсан барааны үнэ 2,020,000 төгрөг, дансны үлдэгдэл 2,299,373 төгрөг, ажилласан хугацаанд олсон орлогын 6,832,515 төгрөгийг хамт нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, 16,074,893 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, ...Х.А нь манай пабыг зориулалтын дагуу ажиллуулж, үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүрэг хүлээсэн, үүргээ зөрчвөл барьцаа болох 4,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй байхаар тохирсон. ...гэвч нэхэмжлэгч нь пабын үйл ажиллагааг доголдуулж, ажлын байрыг маань хаяад явснаас бидэнд хохирол учирсан. Бид 2019.01.13-ны өдөр ажлаа хүлээлцэж, тооцоо нийлсэн бөгөөд түүний нэхэмжилсэн мөнгөнөөс хохирлыг хасч, түүнд 285,378 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, энэ талаар өөрийн гараар баримт бичиж өгсөн... гэсэн тайлбар гаргасан байна. Харин хариуцагч сөрөг нэхэмжлэлээр ...нөхөн төлбөр 4,000,000 төгрөг, эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 2,706,000 төгрөг, харилцагч байгууллагын өр 1,351,038 төгрөг, ашиглалтын зардал 439,125 төгрөг, 21 хоногийн түрээсийн төлбөр 3,150,000 төгрөг, татвар 192,470 төгрөг, газан плитканы үнэ 646,000 төгрөг, сэтгүүлийн ширээний үнэ 300,000 төгрөг, камерын үнэ 669,000 төгрөг, алданги 1,883,750 төгрөг гаргуулна гэж шаардсан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч Л.Мгаас 10,601,728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгон, үлдэх 4,550,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс, нэхэмжлэгчээс 6,019,803 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгон, үлдэх 10,055,090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцсоноор 4,581,925 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “хариуцагч Л.Мгаас 285,378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,866,510 төгрөг болон 16,074,893 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх зөвхөн 2019.01.13-ны өдрийн “Тооцоо нийлсэн баримт”-ыг ач холбогдолтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой. ...талууд хооронд үүссэн харилцааг дуусгавар болгох үед 2 баримт үйлдсэн. ...эхний буюу эд хөрөнгө хүлээлцсэн баримтыг үйлдэн, гэрээний дагуу ашиглаж байсан эд хөрөнгийг тоолж, эвдрэл гэмтлийг тооцсон баримтад талуудын хэн аль нь гарын үсэг зурсан. Харин давж заалдах шатны шүүхийн үнэлсэн 2 дахь баримтыг хариуцагч Л.М үйлдэж, гарын үсэг зурахыг шаардах үеэс маргаан үүссэн, ...уг баримтад нэхэмжлэгч Х.А нь гарын үсэг зураагүй тул үүнийг талуудын харилцан тохиролцож тооцоо нийлсэн баримт гэж үзэх үндэслэлгүй. ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

10. Талуудын хооронд 2017.04.24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Л.М нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 5а байр, 73 тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ресторан, пабын зориулалтаар түрээслүүлэх, нэхэмжлэгч Х.А нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар гэрээний талууд тохиролцон 2018.12.13-ны өдрийн “Ажлын байр үргэлжлүүлэн түрээслэх гэрээ”-гээр гэрээний хугацааг 2021.04.24-ний өдөр хүртэл сунгасан байх боловч 2019.01.11-ний өдөр гэрээг цуцалж, гэрээний харилцааг дуусгавар болгосон нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогджээ.

Дээрх зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй учир уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг үүсгэхгүй, харин үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохицуулагдана гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн баримт, төлбөрийн баримтууд болон бусад баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.А нь гэрээний барьцаа 4,000,000 төгрөг, гэрээ цуцлах үед үлдээсэн барааны үнэ 2,020,000 төгрөг дансны үлдэгдэл 2,299,373 төгрөг, нийт 8,319,373 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй болох нь тогтоогдсон, тодруулбал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг энэ үнийн дүнгийн хэмжээгээр хангах үндэслэлтэй байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч Л.М нь нэхэмжлэгчээс эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 2,706,000 төгрөг, харилцагч байгууллагын өр 1,351,038 төгрөг, ашиглалтын зардал 482,707 төгрөг гэсэн боловч хэрэгт байгаа баримтаар нотлогдсон 143,667 төгрөг, түрээсийн төлбөр 3,150,000 төгрөг, тайлангаар гарсан татвар 188,250 төгрөг, нийт 7,538,955 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.А нь 21 хоногийн түрээсийн төлбөрийн 3,150,000 төгрөг, татварын 188,250 төгрөг, эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэ 2,706,000 төгрөг, нийт 6,044,250 төгрөгийг төлөх үүрэг хүлээж тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан, харин харилцагч байгууллагын өр 1,251,038 төгрөг, ашиглалтын зардлын 143,667 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй тул нийт 7,538,955 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Иймд үндсэн нэхэмжлэлээс хангагдах 8,319,373 төгрөгийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээс хангагдах 7,538,955 төгрөгийг харилцан тооцвол хариуцагч Л.Мгаас 780,418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгох нь хуульд нийцнэ.

12. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1893 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л.Мгаас 780,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,371,470 төгрөг болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх 8,535,938 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184,578 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 111,267 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай” гэснийг “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 148,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 135,573 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.12-ны өдөр төлсөн 88,265 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД