Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/03994

 

 

 

            2020        12          08

                                 101/ШШ2020/03994

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэн Э.Т нь иргэн О.Б-тай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2293 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлүүд болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний 2 дох хэсэгт заасны дагуу Иргэн О.Б нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцаан 4,600,000.00 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртлэх хугацаанд буцаан төлөхгүй хохирол учруулж байна.

 

Гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл хоногын 0.5 хувийн алданги тооцоход нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 2,300,000.00 төгрөгний алданги нэхэмжилж байна.

 

Хариуцагчийн тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч нь түүнд 9,600,000.00 төгрөгөөр портер маркийн автомашиныг худалдсан бөгөөд хариуцагч тал үлдэх 4,600,000.00 төгрөгийг төлөөгүй тул зохигчид хожим зээлийн гэрээ байгуулсан юм.

Иймд, хариуцагчаас 6,900,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Тус шүүхэд хандаж нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч О.Б надад холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 4,600,000.00 төгрөг, алданги 2,300,000.00 төгрөг, нийт 6,900,000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч байна.

 

Хариуцагч О.Б миний бие анхнаасаа Э.Т-тэй зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн асуудал байдаггүй бөгөөд бидний дунд худалдах худалдан авах гэрээний дагуу машин худалдаж авсан бөгөөд Э.Т-өөс 9,600,000.00 төгрөгөөр портер машин авсан бөгөөд одоо үлдэгдэл 4,600,000.00 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй.

 

Үлдэгдэл 4,600,000.00 төгрөгийг өгнө гэдгээ хүлэээн зөвшөөрч түүнийгээ илэрхийлж байгаа ч алданги 2,300,000.00 төгрөгийг өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги гэх 2,300,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т-өөс хариуцагч О.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,900,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс тус хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

 

Хариуцагч О.Б 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг Ц.Э-т олгосон бөгөөд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, улмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э.Т 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч О.Б-тай зээлийн гэрээ байгуулж, түүнд 4,600,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй зээлүүлэхээр тохиролцжээ /х.х-ийн 3 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбарт дурдсанаар зохигчид 9,600,000.00 төгрөгөөр портер маркийн автомашиныг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, үүнээс хариуцагч нь 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх 4,600,000.00 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч О.Б нь нэхэмжлэгч Э.Т-т автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,600,000.00 төгрөг төлөх үүргээ зээлийн гэрээний үүргийн харилцаа болгон өөрчилсөн байна.

 

Энэ талаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон”-оор тэрхүү үүргийн харилцааг дуусгавар болж, өөр төрлийн үүрэг шинээр үүснэ гэж зохицуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч Э.Т нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 9,600,000.00 төгрөгийн үнэтэй портер маркийн автомашиныг хариуцагч О.Б-ны өмчлөлд шилжүүлж, хариуцагч тал үлдэх 4,600,000.00 төгрөгийг зээлийн гэрээгээр тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсоноор тэдгээрийн хооронд тухайн гэрээний харилцаа шинээр бий болсон байна.

    

            Тус гэрээгээр хариуцагч нь 4,600,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлабал, уг гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа биелүүлэх ёстой ба ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Гэвч хариуцагч О.Б 4,600,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн шүүхэд өгсөн хариу тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэсэн зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар тайлбарлаж, үүнийгээ баримтаар нотлоогүй.

 

Талууд, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба гагцхүү алдангийн хэмжээ тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

            Ингээд хариуцагчийн төлбөл зохих 4,600,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг 2,300,000.00 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна /4,600,000x0.5%=23,000x108=2,484,000/.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас /4,600,000+2,300,000/ 6,900,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч О.Б-аас 6,900,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т-т олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,350.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 125,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР