Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00346

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00346

 

 

Э.Т-нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2020/03994 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Т-нн нэхэмжлэлтэй хариуцагч О.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Э.Т нь О.Бтай 2020.4.30-ны өдөр 2293 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний 2-т зааснаар О.Б нь 2020.6.1-ний өдрийн дотор буцаан 4 600 000 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл төлөхгүй хохироосон. Гэрээний 3-т зааснаар 2020.6.1-ний өдрөөс 2020.9.16-ны өдрийг хүртэл алданги тооцоход нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 2 300 000 төгрөг нэхэмжилж байна. 9 600 000 төгрөгөөр портер маркийн автомашиныг худалдсан бөгөөд хариуцагч тал үлдэх 4 600 000 төгрөгийг төлөөгүй тул зохигчид хожим зээлийн гэрээ байгуулсан юм. Иймд хариуцагчаас 6 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Ттэй зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн асуудал байдаггүй бөгөөд бидний дунд худалдах худалдан авах гэрээний дагуу автомашин худалдсан. Э.Төөс 9 600 000 төгрөгөөр портер машин авсан бөгөөд үлдэгдэл 4 600 000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй, харин алданги 2 300 000 төгрөгийг өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлээс 2 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч О.Баас 6 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Тт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 125 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал 2020.12.08-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргана гэдгээ мэдэгдэж, шүүхийн байранд байрлах тэмдэгтийн хураамж төлөх гэрэгэ системийн төхөөрөмж ажиллахгүй байсны улмаас ойролцоох банкинд оочирлож тэмдэгтийн хураамж төлөөд ирэхэд шүүгчийн туслах хариуцагчийг огт ирээгүй мэт ойлголт төрүүлж шүүх хурлыг эхлүүлж улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хурлын тамхимын гадаа байлган оролцуулалгүй шүүхийн шийдвэр гаргасанд их гомдолтой байна. Энэ нь шүүх хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэх хуулийн заалтыг зөрчиж, талуудыг мэтгэлцэх зарчмаар хангаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө өгөлцөж авалцсан асуудал байхгүй гэдгээ сөрөг нэхэмжлэл дээрээ тодорхой нотлох баримтын хамт нотлон мэтгэлцэх байсан бөгөөд анхнаасаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж түүний үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. О.Б нь тухайн үед алданги тооцсон зээлийн гэрээ байгуулж байгаа гэдгээ ухамсарлаж ойлгоогүй. Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн нөхцөл байдал үүссэн. Энэ талаар хэрэгт хамтад нь шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч О.Бд холбогдуулан зээл, анз нийт 6 900 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч портер машин худалдан авсан үнэ 4 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч анз 2 300 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Э.Т нь О.Бтай 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2293 тоот зээл нэртэй гэрээг бичгээр байгуулсан баримт авагдсан. Энэ гэрээнд гарын үсэг зурснаа хариуцагч үгүйсгээгүй. /хх 3/

 

Гэрээний 2 дах хэсэгт заасны дагуу О.Б нь 2020 оны 6 дугаар сарын 1-ний дотор 4 600 000 төгрөгийг буцаан бүрэн төлөх үүрэг хүлээсэнд хариуцагч маргаагүй. Талууд өмнө нь 4 600 000 төгрөгөөр портер машин худалдах-худалдан авах гэрээ байгуулж портер автомашиныг нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч 4 600 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй үлдсэн тухайд болон уг мөнгөн хөрөнгийг буцаан төлүүлэх талаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2293 тоот зээл нэртэй гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй. /хх 3/

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг үндэслэн талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй. Зохигч портер автомашины үнэ 4 600 000 төгрөг төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон, гэрээнд анзын талаар тохиролцсон. /хх 3/

Зохигчид гэрээний 1.1 дэх хэсэгт 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор 4 600 000 төгрөгийг төлөх талаар тохиролцсон. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх юм.

Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар анз шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд уг эрхийн хүрээнд давж заалдах шүүх шүүхээс тодруулахад нэхэмжлэгч 300 000 төгрөгийн хэмжээнд алдангийг багасгах боломжтой гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэж байх тул анзаас 300 000 төгрөгийг хасч, 6 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч нь тухайн үед алданги тооцсон зээлийн гэрээ байгуулж байгаа гэдгээ ухамсарлаж ойлгоогүй, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэх тайлбар нь хуулийн үндэслэл муутай байна. Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэдэгт хэлцлийн агуулга хэлцэлд оролцогч талуудын субъектив хүсэл зоригоос зөрж байгааг ойлгодог.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Насанд хүрсэн, иргэний эрх зүйн чадамжтай этгээд бичгийн хэлцэл хийж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байна. Үгийн шууд утгаас бодит нөхцөл байдлыг үл ухамсарласан, эндүүрсэн, төөрөгдсөн гэх байдал алга байна. Аливаа баримт бичгийг уншиж агуулгатай танилцан гарын үсэг зурсан этгээдийг эндүүрсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болсон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар тэмдэгтийн хураамжаа төлөх шалтгаанаар хуралдаанаас хоцорсон гэх тайлбар нь шүүхээс хамаарахгүй, хариуцагчийн өөрийнх нь зохион байгуулалтын асуудал байх тул хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн, шүүхийн шүүх хуралдааныг цагтаа эхлүүлсэн ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2020/03994 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч О.Баас 6 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дах заалтын 125 350 төгрөг гэснийг 117 350 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД