Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00989

 

****ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01283 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1834 дүгээр магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****т холбогдох, 

Гэрээний үүрэгт 337,629,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ****ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ****, ****т холбогдуулан 337,629,996 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01283 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч ****ээс нийт 337,629,996 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.03-ны өдрийн 1930 дугаар захирамжаар нэхэмжлэгч ****од буцаан олгохоор шийдвэрлэсэн нэхэмжлэгч ****ын 2020.01.24-ний өдөр Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,846,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1834 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн ****ээс 247,595,330 төгрөгийг гаргуулж ****од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,034,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, ****ээс улсын тэмдэгтийн хураамж болох 1,395,927 төгрөгийг гаргуулж ****од олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,846,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 181/ШШ2020/01283 дугаар шийдвэр, 2020.08.26-ны өдрийн 1834 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хууль хэрэглээний болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох ёстой үүргээ биелүүлсэн эсэх, маргааны үйл баримтыг бүрэн тогтоосон болон нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн эсэх зэрэгт үнэлэлт өгч, хуулийн шаардлага биелүүлсэнд дүгнэлт өгсөнгүй. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг бүрэн хийсэн бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийг оролцуулаагүйгээс /шүүх хуралдаанд ирсэн нэг давхарт сууж байсан байна/ хариуцагчийн тайлбар өөрөө нотлох баримтаар үнэлэгдэж, маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэх байсан үүргээ хангалттай биелүүлсэнгүй. Зохигчдын хооронд “Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээ” гэж утга агуулгын хувьд алдаатай, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх бөгөөд адил эрх, үүрэгтэй компанийн хувьцаа эзэмшигч буюу хувь нийлүүлэгч нэхэмжлэгч **** худалдаж авсан хувьцааны /150,000,000 төгрөг/ үнийн дүнг оролцуулан хөрөнгө оруулалт гэж 225,086,664 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. ****ын оруулсан хөрөнгө оруулалт бол жинхнээрээ 75,000,000 төгрөг юм. Үүнийгээ ч өөрөө тодорхой мэдэж байгаа. **** нь намайг Чоно пропертийс компанитай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулуулан 50 хувийн хувьцааг авхуулан дараа нь бэлэглэлийн гэрээгээр өөртөө шилжүүлж авсан байдаг. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 30.1 дэх хэсэгт зааснаар “хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд тухайн компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж, “компаниас гаргасан энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө” гэх бөгөөд “...эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа, хамаарахгүй” гэж, Үнэт цаасны хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж тус тус заажээ. Түүнээс адил эрх үүрэг бүхий хувь нийлүүлэгч нар бие биедээ шахалт үзүүлж, “Энхсэржим” ХХК татан буугдаагүй байхад хувьцаагаа хөрөнгө оруулалт болгож буцаан худалдан авах талаар хууль зохицуулаагүй байна. Тэгээд ч **** нь худалдсан хувьцаагаа буцаан худалдан авах үүрэггүй бөгөөд тийм хүсэл зориг байхгүй байсан. **** хувьцаагаа буцаан худалдан авах талаар ярьснаар “худалдан авах боломж муутай байна, Капитал банкнаас зээл авна, зээлийн мөнгө орж ирэхээр авъя” гэж хэлж байсан тухайгаа анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тэгтэл давж заалдах шатны шүүх “Хувьцаа худалдах, худалдан авах”, “Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх” тухай 2 гэрээний агуулгыг тодорхойлж, хуульд нийцсэн гэрээ эсэх, гэрээнээс үүссэн төлбөр эсэхэд дүгнэлт хийж, ялгаж зааглаагүй шийдвэрлэлээ. Зохигчдын хооронд хөрөнгө оруулалтын нэртэй гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүссэн тул ****ын нэхэмжлэл үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөрчилтэй болжээ. Энэ нь үүргийн харилцаа үүсэж байгаа хэрэг биш компанид хувь нийлүүлэгчийн хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд тухайн компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй гэж, “компаниас гаргасан энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө” гэж үзэх талаар Компанийн тухай хуульд тодорхой заасан. Зохигчдын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ гэх гэрээний агуулгыг тайлбарлаж тодорхойлоогүй байж талуудын хооронд “үүргийн харилцаа” үүссэн гэж дүгнэж, алдангийн хамт төлбөр хариуцуулсан нь хууль зүйн хувьд алдаатай болсон байхаас гадна ****ын хөрөнгө оруулалт бодитой хийгдээгүй, 225,086,664 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь анхан шатны шүүхэд цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, “Энхсэржим” ХХК татан буугдаагүй байхад хувьцаагаа хөрөнгө оруулалт болгож буцаан худалдан авах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч **** нь 225,086,664 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт манай “Энхсэржим” ХХК-д оруулаагүй, харин тус компанийн захирал **** би 75 сая төгрөг хөрөнгө оруулалтаар оруулсан гэж шударгаар хэлье гэжээ. Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх энэ үндэслэл шалтгаанаар дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****т холбогдуулан гэрээний төлбөрт 225,086,664 төгрөгийг, алдангийн 112,543,332 төгрөгийн хамт нийт 337,629,996 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...урт хугацааны хүү багатай төслийн зээл авч, компани дээр үүсээд байгаа өрийг дарах, ****ын эзэмшиж буй 50 хувийн хувьцааг буцаан худалдан авахаар тохиролцсон гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн ****ээс 247,595,330 төгрөгийг гаргуулж ****од олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,034,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн өөрчлөлтийг оруулсан байна. 

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон агуулгын алдаа гаргасныг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

9. Давж заалдах шатны шүүх ...хариуцагч **** нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 225,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, компанийн 50 хувийн хувьцааг ****оос буцааж худалдан авах талаар маргаагүй байхад анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй талаар зөв дүгнэсэн, гэвч зохигчийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасанд нийцсэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.    

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч **** нь “Энхсэржим” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авч, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012.12.12-ны өдрийн тогтоолоор хувьцаа эзэмшигч болсон байх ба тус компанийн 2013.09.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар, Капитал банкнаас зээл авах, компанийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавих зэрэг асуудлыг хэлэлцэж, тус компанийн үйлдвэрийн барилгыг барих зорилгоор Капитал банкнаас 450,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай авахаар шийдвэрлэн, тус хурлаас 13/05 тоот тогтоол гарсан, тус компани нь Капитал банктай 2013.10.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 450,000,000 төгрөгийн зээл авсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон, зохигч эдгээртэй маргаагүй байна. 

Улмаар, “Энхсэржим” ХХК-ийн хувьцаа эзэмшигч **** /Б тал/, **** /А тал/ нар нь 2013.11.25-ны өдөр Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээ байгуулж, уг гэрээний 2.1-д “...Компанийн нэрээр, Капитал банкнаас авах 450,000,000 төгрөгийн зээлийн эхний санхүүжилт буюу 225,000,000 төгрөгийг А тал / ****/ авч, дараагийн санхүүжилт болох 225,000,000 төгрөгийг зээлийн харилцах дансанд ороход Б тал / ****/-д төлж, үлдэгдэл 86,664 төгрөг, 12,062 ам.долларыг гэрээнд заасан хугацаанд багтаан төлнө”, 3.1-д “Гэрээний 2.1-д заасан хугацаанд А тал мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Б талд төлнө”, 3.4-т “Гэрээний 2.1-д заасан хугацаанд уг зүйлд заасан журмын дагуу А тал хөрөнгө оруулалтыг бүрэн буцаан төлсний дараа компанид эзэмшиж байгаа 50 хувийн хувьцааг ****т буцаан шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааж, харилцан тохиролцжээ. 

11. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар талуудын хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар талууд гэрээг дуусгавар болгож, “Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх” нэр бүхий гэрээг байгуулж, зохигч дээрх байдлаар харилцан үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч нь хариуцагч ****ээс гэрээнээс татгалзсаны үр дагаврыг буюу 225,086,664 төгрөгийг төлөхийг шаардах эрхтэй байна. 

Түүнчлэн, зохигч дээрх гэрээний 3.1-д алданги төлөхөөр тохиролцсон тул хариуцагчаас алдангийг гаргуулах үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг үндэслэн ...хариуцагчийг бусдын мөнгөн хөрөнгөөр 2012 онд үйлдвэр, тоног төхөөрөмж худалдан авсан, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээгүй, бусдад зээлийн өртэй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг гүйцэтгээгүй үүргийн 10 хувиар тооцож, алдангид 22,508,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 12. Иймд давж заалдах шатны шүүхийн, талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хариуцагч ****ээс 225,086,664 төгрөг, алдангийн 22,508,666 төгрөг, нийт 247,595,330 төгрөгийг гаргуулж ****од олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.8-т заасанд нийцжээ. 

Харин, давж заалдах шатны шүүх дээрх Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээний 3.4-т зааснаар талууд харилцан үүрэг хүлээснийг анхаараагүй, хариуцагчаас төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн атлаа хариу үүрэг болох нэхэмжлэгчийн эзэмшиж буй, компанийн 50 хувийн хувьцаа эзэмших эрхийг хариуцагчид буцаан шилжүүлж шийдвэрлээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой тул магадлалд хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон тул өгсөн, авснаа харилцан буцаах үүрэгтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж байгаа бол эзэмшиж буй хувьцаагаа буцаан өгөх үүргээ биелүүлэх ёстой, уг үүргийг нэгэн зэрэг шийдвэрлэх нь зохистой байжээ. 

13. Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1834 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн ****ээс 247,595,330 төгрөгийг гаргуулж ****од олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,034,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****ээс 247,595,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****од олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,034,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, “Энхсэржим” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших эрхийг хариуцагч ****т буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч ****од даалгасугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.07-ны өдөр төлсөн 900,000 төгрөг, 2022.10.24-ний өдөр төлсөн 946,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                   Г .БАНЗРАГЧ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                             Б.МӨНХТУЯА