Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/01283

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сары 13 өдөр

181/ШШ2020/01283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Батболд/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Идэр/РД: /-т холбогдох,

 

337 629 996 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж, хариуцагч Т.Идэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Идэр нь тоосго үйлдвэрлэдэг Энхсэржим ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан ба А.Батболд уг компанийн 50 хувийн хувьцааг 225,086,664 төгрөгөөр Т.Идэрээс худалдан авсан.

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Т.Идэр нь дээрх төлбөр буюу 225,086,664 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А.Батболдод буцаан шилжүүлэх, А.Батболд нь төлбөрийг хүлээн авсаны дараа Энхсэржим ХХК-д эзэмшиж байгаа 50 хувийн хувьцааг Т.Идэрт шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

А.Батболд нь Т.Идэрийн дараах үйлдэлтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба уг гомдлыг Цагдаа, прокурорын байгууллага 2014 оноос эхлэн шалгаж, 2018 онд эцэслэн дуусгасан юм.

А.Батболд уг нь Т.Идэрээс мөнгө авах ёстой байсан боловч бүр өрөнд орчихоод байгаа. Энхсэржим компанийн хувьцааг 2 хуваагаад 50 хувиар эзэмшиж байсан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш А.Батболд компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Т.Идэр хэлэхдээ үйл ажиллагаагаа явуулаад хариуцаад явчихна гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 450,000,000 төгрөгийг зээлж аваад танд 225,086,664 төгрөгийг өгнө гээд гэрээ байгуулчихсан. Энэ нь цэвэр залилангийн хэрэг байсан. Цагдаагийн байгууллага сайн шалгадаггүй юм байна лээ. Ямар учраас тийм зүйл гаргаад байдаг юм мэдэхгүй.

Т.Идэрээс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээ-ний дагуу төлөх 225,086,664 төгрөг, уг гэрээний 3.2-д зааснаар төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 112,543,332 төгрөг, нийт 337,629,996 төгрөгийг Г.Идэрээс гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Т.Идэр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөр овогтой Идэр миний бие 2004 онд Энхсэржим ХХК-ийг үүсгэн байгуулж, төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад Монголд анх удаа евро стандартын өнгөлгөөний керамик тоосго үйлдвэрлэх зорилгоор 2008 онд БЗД-ийн 11-р хороо Төмөр замын тохой 1-1 тоотод Өнгөлгөөний керамик тоосгоны үйлдвэр-ийг байгуулан барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллуулж эхэлсэн. Тоосгыг үйлдвэрлэх технологи нь урьд өмнө ашиглаж байгаагүй шинэ учир түүхий эд боловсруулалт, техник, мэргэжлийн боловсон хүчин, санхүү зардалтай холбоотой хүндрэл бэрхшээлүүд тулгарч нэмэлт хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага үүссэн билээ.

2012 оны 01 сарын 23-ны өдөр Чоно групп-ын тухайн үеийн гүйцэтгэх захирал X.Бат-Очиртой худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн Энхсэржим компаний 50 хувийг 150 сая төгрөгөөр үнэлэн Чоно групп-ын охин компани болох Чоно пропертийс ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

2012 оны хавар үйлдвэрлэлийн бэлтгэлийг ханган хамтран ажиллах явцад Чоно групп-ын зүгээс үйлдвэрийн төлөвлөсөн ашиг орлогыг бага гэж үзэн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх санал гаргав. Хэдийгээр энэ саналыг би хүлээн авсан ч компаний тавь тавин хувийн эзэмшлийн дагуу нэмэлт хөрөнгө оруулалтыг хувааж гаргах мөнгө надад байгаагүй. Чоно групп-ын гүйцэтгэх захирал Х.Бат-Очирт нэмэлт санхүүжилтийг хаанаас ямар шугамаар босгох төлөвлөгөөтэй байгааг асуутал Чоно групп нэмж 180 сая төгрөг гаргаж болно. Чи өөрт ноогдох 50 хувийг манайхаас зээлж ноогдол ашгаас төлөх боломжтой. Гэвч одоохондоо манай санхүүгийн байдал бололцоогүй намраас хэвийн болох учир намар хүртэл манай охин компани Чоно финанс ХХК-иас зээлье гэсэн.

Чоно финанс БЗД-ийн 11-р хороонд байрлах Өнгөлгөөний керамик тоосгоны үйлдвэр-ийг дээр нь Төмөрийн Идэр миний эзэмшлийн 3 өрөө байр орон сууцыг нэмж барьцаалан 180 сая төгрөгийн зээл өгсөн. Уг зээлийн мөнгөөр БНХАУ-аас жилд 2 сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ шугамыг захиалан, мэргэжлийн 12 хятад ажилтны хамт оруулан ирж угсарч, туршилт тохируулга хийн 2012 оны 08-р сараас шинэ шугамаар ажиллаж эхэлсэн. Гэвч

1. Үйлдвэрлэлийн улирал оройтсон

2. Хятад ажилчид Монгол түүхий эдийн онцлог шинжийг мэдэхгүй

3. Шинэ тоног төхөөрөмж жигдрэх зэрэг шалтгаанууд нөлөөлөн төлөвлөсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадалгүй 9-р сард хүйтэн орж үйлдвэрлэл зогсов. Энэ хугацаанд зарцуулсан эргэлтийн хөрөнгө болон төлөвлөгдөөгүй бүх зардалыг миний бие дангаараа танил тал, найз нөхөд, банк бус байгууллагуудаас зээлсэн мөнгөөр санхүүжүүлж байсан болно.

2012 оны 10-р сард Чоно групп-ын зүгээс санхүүжилт орж ирэхээ больсон гэх шалтгаанаар Чоно финанс ХХК-иас үйлдвэрлэлийн нэмэлт хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн 180 сая төгрөгийн өрийг миний бие дангаараа хариуцахаар болов. Ингэснээр миний хувьд барьцаанд тавьсан үйлдвэр болон өөрийн байраа Чоно групп-ын охин компани Чоно финанс ХХК-д алдах эрсдэл тулгарсан. Чоно финанс-аас зээл авснаар үндсэн зээл болон хүү торгуулийн хамт 220 орчим сая, бусад зээл 130 орчим сая, нийт 350 орчим сая төгрөгний өртэй болсон. Би танилаасаа 220 сая төгрөгийг зээлэн Чоно финанс-ын өрийг дарж бүх барьцаагаа чөлөөлж авсан.

Үүний дараа 12-р сард Чоно групп хамтарч ажиллахаа болилоо гээд /гүйцэтгэх захирлын ажлаа Х.Бат-Очир хүлээлгэн өгөв/ Чоно пропертийс компани эзэмшлийнхээ 50 хувийг Чоно групп-ийн ерөнхийлөгч Энхболдсодонгийн найз болох А.Батболдод шилжүүлэн надад 50 хувиа буцааж худалдаж ав гэсэн санал тавьсан.

Харилцан ярилцаад урт хугацааны хүү багатай төслийн зээл авч компани дээр үүсээд байгаа бүх өрийг даран А.Батболдын эзэмшиж буй 50%-ийг худалдан авахаар тохиролцсон. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг зохих журмын дагуу хөөцөлдснөөр 2013 оны 11-р сард 450 сая төгрөгийн зээлийг Капитал банкаар дамжуулан олгох шийдвэр гарсан.

Үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөгүйн улмаас 2013 онд үйлдвэрлэл огт явуулаагүй. Хувь хүн, банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан хүү өндөр, хугацаа богино зээлүүдийн 2012 оны дундаас 2013 оны төгсгөл хүртэл хүү торгууль, алданги нь үндсэн зээлтэйгээ нийлэн дээрхи ЖДҮ-ийн сангийн зээлийн 450 сая төгргөөс хол давсан байлаа.

2013 оны 11-р сарын 29-ний өдөр Капитал банкнаас элдэв шимтгэл нь хасагдсаар 432 сая төгрөг болсон ЖДҮ-ийн сангийн зээлийг бүхлээр нь дундын эзэмшлийн Энхсэржим ХХК-ийн өрийг төлж, үлдэгдэл 60 орчим сая төгрөгийн өрийг өөрийн 2 ширхэг гараж, Баянхошууны баруун салаан дах 2 давхар байшин, HUMMER Н-2 автомашин зэргийг зарж борлуулан төлж барагдуулсан. Тэгтэл Чоно групп намайг ЖДҮ-ийн сангийн зээлийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр

1. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт 1 удаа,

2. ЧГД-ийн цагдаагийн хэлтэст 3 удаа,

3. ЧГД-ийн прокурорт 1 удаа тус тус хандаж 2014 оны 6-р сараас 2018 оны 7-р сарын хооронд шалгуулсан байдаг. Тухай бүр дуудсан цаг хугацаанд нь зээлийн хөрөнгийг компаний үйл ажиллагаанд зарцуулж, хувьдаа нэг ч төгрөг хэрэглээгүй тухай нотлох баримт тайлбарын хамт өгч байсан. Цагдаа, прокурорын байгууллагууд ч хэрэгсэхгүй болгон хааж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 07-р сарын 09-ний өдөр Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 1/290 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болж иргэн А.Батболдын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

2013 оны 11сарын 25-ны өдөр Чоно групп-ын эзэмшлийн 50%-ийг худалдан авах гэрээг би байгуулсан ч санхүүгийн чадамжгүйн улмаас худалдан авч чадаагүй. Энэ 50 хувийн эзэмшлийг захиран зарцуулах эрх нь тус группт одоо ч гэсэн нээлттэй.

Өөрийн бүтээсэн ажлын үр дүнг үзэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн хүний хувьд дангаар шийдвэр гаргах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлаа урагшлуулах зорилгоор Чоно групп-ээс өөрийн үйлдвэрийн 50%-ийг худалдан авах өндөр сонирхол надад бий ч ойрын хугацаанд санхүүгийн боломж, бололцоогүй байна.

Одоо худалдаад авчихъя гэхээр үнэхээр орлогын эх үүсвэр байхгүй болчихоод байна.

Эцэст нь болсон процессыг эргээд эргэцүүлэхэд дээрхи бүх үйл ажиллагааг анхнаасаа төлөвлөсөн болов уу гэж санагддаг. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Батболд хариуцагч Т.Идэрт холбогдуулан төлбөр 225 086 664/хоёр зуун хорин таван сая наян зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг, алдангид 112 543 332/нэг зуун арван хоёр сая таван зуун дөчин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг, нийт 337 629 996/гурван зуун гучин долоон сая зургаан зуун хорин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Т.Идэр нь урт хугацааны хүү багатай төслийн зээл авч компани дээр үүсээд байгаа бүх өрийг даран А.Батболдын эзэмшиж буй 50%-ийг худалдан авахаар тохиролцсон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.1.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн Энхсэржим ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт буюу 225 086 664/хоёр зуун хорин таван сая наян зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг, 12 062/арван хоёр мянга жаран хоёр/ ам.долларыг Энхсэржим ХХК-ийн нэрээр Капитал банкнаас авах 450 000 000/дөрвөн зуун тавин сая/ төгрөгийн зээлийн санхүүжилтээс нэхэмжлэгчид 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч нь Энхсэржим ХХК-д эзэмшиж байгаа 50/тавь/ хувийн хувьцааг хариуцагчид шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн болох нь Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй ... хуулийн этгээдийг компани гэнэ. гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Энхсэржим ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч А.Батболд, хариуцагч Т.Идэр нар болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Энхсэржим ХХК-ийн 1000/нэг мянга/ ширхэг хувьцааг бүхэлд нь эзэмшдэг байсан байх ба Чоно пропертийс ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан Энхсэржим ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 50/тавь/ хувийг 150 000 000/нэг зуун тавин сая/ төгрөгөөр Чоно пропертийс ХХК-д худалдсан болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаа, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Чоно пропертийс ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчтэй Бэлэглэлийн гэрээ байгуулан Энхсэржим ХХК-ийн нийт хувьцааны 50/тавь/ хувь буюу 500/таван зуу/ ширхэг, нэг бүр нь 4 950/дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн үнэтэй хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаа, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ий болон 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх бөгөөд тухайн компанийн нэг төрлийн хувьцааны нэрлэсэн үнэ ижил байна. гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар Энхсэржим ХХК-ийн 1/нэг/ ширхэг хувьцаан үнэ 4 950/дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг болох нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-ий хуулбар, Энхсэржим ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 12-ны хурлын шийдвэрээр тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй., 30 дугаар зүйлийн 30.1-т Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан ... энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд ... зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй., 32 дугаар зүйлийн 32.1Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ. гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Энхсэржим ХХКхөрөнгө оруулалт хийсэн нь ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчлэх боловч Энхсэржим ХХК-ийг татан буулгаагүй тохиолдолд оруулсан хөрөнгөө буцаан гаргуулан авах үндэслэл болохгүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Энхсэржим ХХК-д 225 086 664/хоёр зуун хорин таван сая наян зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг, 12 062/арван хоёр мянга жаран хоёр/ ам.долларын хөрөнгө оруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хөрөнгө оруулалт 225 086 664/хоёр зуун хорин таван сая наян зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг, алдангид 112 543 332/нэг зуун арван хоёр сая таван зуун дөчин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг, нийт 337 629 996/гурван зуун гучин долоон сая зургаан зуун хорин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй.

 

Шүүх Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Т.Идэрээс нийт 337 629 996/гурван зуун гучин долоон сая зургаан зуун хорин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч А.Батболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Т.Идэрээс нийт 337 629 996/гурван зуун гучин долоон сая зургаан зуун хорин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч А.Батболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1930 дугаар захирамжаар нэхэмжлэгч А.Батболдод буцаан олгохоор шийдвэрлэсэн нэхэмжлэгч А.Батболдын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 846 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ