Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 265

 

Д.Мө-, Ц.Эн-, А.Бо-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар магадлалтай 201509000506 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.Мө-,

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын зургийн техникч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Ц.Эн-,

3. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй А.Бо-.

 

Шүүгдэгч Д.Мө-, Ц.Эн-, А.Бо- нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 0600 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчим Б.Эн-ийг өдөж хоргоосон гэх шалтгаанаар Д.На-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эн-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Д.Мө-, А.Бо- нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрд 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бо-ийн цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Мө- нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Эн- 11 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мө-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч А.Бо-ийн өмгөөлөгч Н.Баярмаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Д.На-ийг зодож цохиогүй Д.Мө-ыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 5 жил хорих ял оногдуулсан, мөн энэ хэрэгт бүлэглэн оролцсон Ц.Эн-ыг энэ гэмт хэрэгт оролцоогүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгох зэргээр хуулийн заалтыг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Д.Мө- нь хохирогч Д.На-ийг зодсон гэх үйлдэл тогтоогддоггүй бөгөөд шүүгдэгч А.Бо- “Д.На-ийг цохиж унагааж дээрээс нь Ц.Эн-ын хамт өшиглөж, дэвсэж зодсон” гэдгээ хүлээн мэдүүлсэн.

Мөн хохирогч Д.На- болон гэрч Б.Эн-, Т.Бо-, Д.Эр-, О.Ид- нарын мэдүүлгийг үнэлээгүй атлаа удаа дараа зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгдөг гэрчүүд болох П.А-, Д.Пү-, Б.Ба-, Т.Ба-, Ж.Мө- нарын мэдүүлгийг үндэслэж Д.Мө-ыг гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч Д.На-, гэрч Б.Эн-, Т.Бо-, Д.Эр-, Т.Ба-, П.А-, Д.Пү-, шүүгдэгч А.Бо- нарын мэдүүлгүүдээр Д.Мө- нь хохирогч Д.На-ийг толгойн тус газар нь чулуугаар цохиж гэмтэл учруулаагүй болох нь тогтоогдож байна.

А.Бо- нь 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Д.На-ийг чулуугаар цохисон гэсэн мэдүүлгээсээ 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буцаж “би цохиж зодоогүй, Д.Мө- цамцандаа тоосго боож байгаад цохисон” гэж огт худал мэдүүлэг өгсөн байдаг. А.Бо-, Ц.Эн- нарын худал мэдүүлгээр Д.Мө-д ял халдааж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн гэрч Т.Ба-, П.А-, Д.Пү- нарын мэдүүлэг нь тогтворгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чаддаггүй бөгөөд Д.Мө- улаан эрээн цамцанд, эсвэл цэнхэр цамцанд тоосго боогоод Д.На-ийг цохисон гэх зэргээр мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдаанд гэрч П.Алтанцэцэг нь Д.Мө-ыг газраас тоосго аваад Д.На-ийг цохисон гэх зэргээр мэдүүлэг өгөх болгондоо өөрөөр мэдүүлдэг нь бусдын захиалгаар зөвхөн Д.Мө-ыг цохисон гэдгийг нотлохын тулд зориуд худал мэдүүлээд байгаа нь илт харагдаж байна. Мөн таньж олуулах ажиллагааг хийхдээ хугацаа алдаж А.Бо-, Ц.Эн- нар мэдүүлгээсээ буцаж Д.Мө-ын эсрэг мэдүүлэг өгдөг болсноос хойш явуулсан бөгөөд гэрч Б.Ба- нь хэрэг гардаг өглөө шөнөжин архи уучихсан согтуу байсан, гэрч Ж.Мө-, Д.Пү-, П.А- нар хэргийн газарт байсан эсэх нь эргэлзээтэй байдаг юм. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 19 дүгээр магадлалаар аль гэрчийн мэдүүлэг хэрхэн үгүйсгэгдэж, аль гэрчийн мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцэхийг нарийвчлан тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасныг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзэхгүй хэт нэг талыг барьж өрөөсгөл байдлаар дүгнэлт хийж үүнийгээ хамгаалахын тулд эргэлзээ бүхий зөрүүтэй мэдүүлэг өгдөг гэрч нарын 2015 оны 07 дугаар сарын 28-наас хойшхи мэдүүлгийг шийтгэх тогтоолдоо түүвэрлэн бичиж анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн гэрч Б.Эн-, Т.Бо-, Д.Эр-, О.Ид- нарын хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өгсөн, шүүгдэгч А.Бо-ийн гэрчээр болон, сэжигтнээр анх өгсөн мэдүүлэг зэрэгт эрх зүйн дүгнэлт хийлгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14 дэх хэсгийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.

Шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирч байна. Хэрэг тухайн үед хоромхон зуур болж өнгөрсөн. Гэтэл уг хэргийг 3 жилийн турш шалгаж байна. Ц.Эн- нь тухайн үед хохирогчийн цээжинд нь өшиглөсөн гэдэг боловч түүнд хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрч болон бусад нотлох баримтаар хэрэг нотлогдож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дугаар талд алдаатай өгүүлбэр орсон байсныг залруулах саналтай байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Мө-, Ц.Эн-, А.Бо- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мө-, Ц.Эн-, А.Бо- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Ц.Эн-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.Мө-, А.Бо- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх ёстой бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн бодит үйл баримтыг тогтоох үүднээс нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн үзэж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахдаа харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай билээ.

Гэтэл хэргийн бодит байдал, шүүгдэгч бүрийн үйлдэл, оролцоог хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтыг түүвэрлэн үнэлж  хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН