Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0359/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Ш.Отгон-Өлзий,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч Н-,

Шүүгдэгч М-өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Э- өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч Б- өмгөөлөгч Н.Баярмаа,

Шинжээч эмч Б.Долгормаа,

Гэрч Д.Эрдэнэчулуун, О.Идэржаргал, Т.Болормаа, П.Алтанчимэг, Д.Пүрэвбат,

Шүүгдэгч М-, Э-, Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Баянсан овогт Далантайн Мөнгөнтулга, Боржигон овогт Цэрэндоржийн Энхбаяр, Боржигин овогт Аюурцэдэнгийн Болд-Эрдэнэ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000506 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М-, урьд ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, Э-, урьд ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, Б-, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М-, Э-, Б- нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд Б.Энэрэлийг өдөж, хоргоосон шалтгааны улмаас Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд шүүгдэгч М- нь хохирогч Н-ийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохиж унагасан, шүүгдэгч Б- нь хохирогч Н-ийг унасан байхад нь толгой дээр нь хэд хэдэн удаа дэвссэн, шүүгдэгч Э- нь хохирогч Н-ийн цээж, мөр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б-н өгсөн: 2015.7.10-ны өдөр бид бөөндөө Энхбаярынд архи уусан. Энхбаярынхаас Идэржаргалын найз охин Энэрэл нь Болормаа, Болорцэцэг, Эрдэнэчулуун нарын хамт гараад явсан. Тэгтэл Идэржаргал “би найз охиноо авч ирэх гэсэн юм, надтай хамт гараач” гэхээр нь би Идэржаргалтай хамт гарсан. Гудамжнаас гараад явж байтал хүмүүс орилох чимээ гарсан. Тэгсэн Энэрэл, Идэржаргал бид хоёрын өөдөөс гүйж ирээд “намайг хэдэн хүмүүс өдөж, хоргоогоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Идэржаргал бид хоёр эхлээд тэдгээр хүмүүс дээр очсон. Тэгсэн нэг хүн “хөөе наашаа хүрээд ир” гэж дуудсан. Би газраас тоосго аваад очсон. Тэдгээр хүмүүс бөөндөө зогсож байсан. Төмөрөө гэх залуу Идэржаргалыг заамдсан байсан учраас би араас нь тоосгоор цохисон. Удалгүй Энэрэл ирээд миний мөрнөөс татсан. Тэгээд би тоосгоо хаяад зогсож байтал хажууд байсан Н- “та нар болиоч” гэж хэлсэн. Намдагийг би барьж аваад бид хоёр хамт замын нөгөө талд гарсан. Замын нөгөө талд гараад би газраас базргар чулуу аваад тэр залууг цохиход Эрдэнэчулуун ирээд намайг тэр залуугаас салгасан. Төмөрөө Идэржаргалтай барьцалдаад зогсож байснаа цаашаа гүйгээд явсан. Би Төмөрөөгийн араас хөөхөд хохирогч Намдаг газар унасан байсан. Би Төмөрөөг барьж аваад бид хоёр өндөр хүчдэлийн хажууд барьцалдаад зогсож байхад Мөнгөнтулга араас хүрч ирээд миний хажуугаар орж зодолдсон. Тэгсэн Төмөрөө босоод зугтаасан чинь Мөнгөнтулга араас нь хөөгөөд би тэндээ үлдсэн. Тэгээд Намдаг босоод зогсчихсон байхаар нь би Намдагийн араас өшиглөж, жийж унагаагаад толгой дээр нь 2-3 удаа дэвсэж, нуруу руу нь өшиглөж байхад Э- хажуугаас орж ирээд Намдагийг хажуу тийш хараад хэвтэж байхад нь нуруу руу нь өшиглөсөн. Тэгтэл Батцэцэг нь “та нар хүн аллаа шүү дээ, цагдаа дуудсан одоо ирж байгаа” гэж хэлэхээр нь би гүйгээд явсан. Тэгээд би гэртээ ороод хувцсаа солиод гараад ирсэн чинь Энхбаяр, Мөнгөнтулга хоёр цагдаад баригдсан байсан. Би бас цагдаад баригдаад бид нар эрүүлжүүлэхэд орсон гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э- өгсөн: 2015.7.12-ны өдөр буюу наадмын үеэр өглөө үүрээр Мөнгөнтулга, Болд-Эрдэнэ, Эрдэнэчулуун, Энэрэл, манай хоёр найз бид манайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манайхаас эхлээд Болормаа, Болорцэцэг, Эрдэнэчулуун нар гарсан. Араас нь Болд-Эрдэнэ, Идэржаргал нар гарсан. Тэгсэн манай 2 найзын нэг нь унтлаа гээд би ор засаад байж байсан. Сүүлд Мөнгөнтулгыг би гаргаж өгсөн. Би буцаж гэр лүүгээ ороод нохойгоо тавих гээд гарч ирэхэд манай гудамжны ар талд хүмүүс орилолдох чимээ гарсан. Өглөө үүрээр 6 цаг өнгөрч байхад нартай байсан. Тэгээд хүмүүс орилоод байхаар нь би зодоон болж байгаа газар явж очсон. Намайг очиход Болормаа, Болорцэцэг, Эрдэнэчулуун нар наад талын гудамжнаас надтай зэрэгцэн гарч ирсэн. Тэр үед зодоон эхэлсэн байсан. Зодолдож байгаа хүмүүс хоорондоо нилээн зайтай байсан. Хамгийн наана Баттөмөр /нүүрэндээ мэнгэтэй, махлагдуу/ гэх ах манай найз нарын нэгэнтэй нь зодолдож байх шиг байсан. Би тэр зодоон болж байсан газар очсон. Цаана нэг хүн унасан. Тэгсэн бүр 10 метрийн зайтай бас нэг хүн хашааны ойролцоо унасан байсан. Гэрч гэх Батцэцэг нь Энэрэлтэй үстэлцэж, зодолдоод байсан. Батцэцэг нь тухайн үед улаан өнгийн өмд өмссөн, согтуу байсан. Хамгийн наана манай хүмүүсийн нэг нь нэг ахтай зодолдож байсан. Уг нь би тэр хоёрыг салгах санаатай очсон. Юу болсон талаар би сайн мэдээгүй. Гэтэл би салгах гээд дундуур орсон чинь тэр ах намайг цохисон. Намайг цохихоор нь би тэр ахыг заамдаж авсан. Тухайн үед би мөнгөн гинж зүүсэн байсан. Баттөмөр ах намайг заамдаж татахдаа миний мөнгөн гинжийг тасалж, цамцны захыг урсан. Миний гинжийг тасалж, цамцыг урахад маргаан үүссэн. Би тэр ахаас “гинжээ авъя” гэхэд миний гинжийг өгөхгүй байсан. Тэгээд би тэр ахыг 2-3 удаа цохиж, 2 удаа өшиглөсөн, намайг зөрүүлээд 2 удаа өшиглөж, зугтаах үйлдэл гаргаж байсан. Миний хажууд Болд-Эрдэнэ, Идэржаргал нар байсан. Миний гинжийг шидэх шиг болсон гэхдээ би гинжээ хайгаад олоогүй. Болормаа намайг явъя гэхэд нь би гинжээ хайгаатахъя гэж хэлсэн. Цаана цагдаа дуудаад улаан үстэй эгч нь та нар хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгээд нэг харахад Болд-Эрдэнийн хажууд Намдаг газар унасан байдалтай, 6 метрийн зайтай Мөнгөнтулга, Идэржаргал, Батцэцэг нар байсан. Батцэцэг гэдэг эгч Болд-Эрдэнийг “боль боль” гээд Идэржаргал, Болд-Эрдэнэ хоёр руу “та нар хүн алчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би яг Болд-Эрдэнийн хажуугаар ороод харахад хохирогч Намдаг газар унасан, миний өөдөөс Идэржаргал хараад зогсож байсан. Болд-Эрдэнэ хохирогчийг газар унасан байхад өшиглөөд байхаар нь би “энэ хүн яасан юм бэ” гээд хохирогчийн цээжин хэсэг рүү нь өшиглөсөн. Намайг хохирогчийг өшиглөхөд царай нь доошоо харсан, бие нь дээшээ эргэсэн, нүүр нь битүү цус болсон, ухаангүй байдалтай хэвтэж байсан учраас хохирогчийг болохоо байсан байна гэж бодоод бид нар тал тал тийш зугтаасан. Нэг харахад охидууд байхгүй, сүүлд би гэр лүүгээ харихдаа эргээд харахад Мөнгөнтулга тэнд үлдсэн харагдсан. Намдагийг унасан байхад нь би мөр хэсэг рүү өшиглөсөн нь үнэн гэх мэдүүлэг,

Хохирогч Н-ийн өгсөн: Батцэцэг хотоос Мөнхчулууныд ирсэн. Бид нар хамт архи уусан. Тэгсэн Батцэцэг “Чимгээгийн гэрт очъё” гэж хэлсэн. Чимгээгийн гэрт очиход Чимгээ гэртээ байхгүй байсан. Тэгээд Чимгээгийн дүүг дагуулаад Чимгээгийн байгаа газрыг заалгахаар авч явсан. Чимгээг байсан газраас нь авч, бид нар вокзал руу архинд явсан. Чимгээг дагуулаад Батцэцэг бид хоёр урд нь явж байсан. Тэгсэн намайг цохиж унагаасан. Тэгээд цаашаа юу болсныг би сайн санахгүй байна. Батцэцэг намайг өмөөрч байсныг санаж байна. Хохиролд Энхбаяр 1,700,000 төгрөг, Болд-Эрдэнэ 1,300,000 төгрөг, Мөнгөнтулгын ар гэрийн зүгээс 285,320 төгрөг өгсөн. ...Миний толгой хааяа өвддөг болсон. Заримдаа хүний ярьж байгаа зүйлийг сайн ойлгохоо больсон. Надад өмнө нь ямар ч хууч өвчин байгаагүй. Эмч ирж үзүүлээрэй, тархины зураг авахуулаарай гэж хэлсэн. Мөн би өмнө нь барилга дээр ажилладаг, сарын 450.000 төгрөгийн цалин авдаг байсан. Харин одоо ажлаа хийхгүй байгаа, барилгын ажил хийж чадахаа байсан. Иймээс  Мөнгөнтулгаас ажилгүй байсан хугацааны цалин болох 1 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Гэрч П.Алтанчимэгийн өгсөн: Өглөөний 06 цагт Намдаг, Чука /жинхэнэ нэрийг мэдэхгүй/, Батцэцэг, Баттөмөр нар ирсэн. Батцэцэг надтай уулзахаар Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэгээд бид нар бөөндөө явж байтал бид нарын хажуугаар нэг шивээстэй охин зөрсөн. Баттөмөр тэр шивээстэй охинд хандаж “ямар гоё шивээстэй охин бэ” гэж хэлсэн. Тэгээд “Улаан Хад” дэлгүүр өнгөрөөд явж байтал араас нэг залуу “Төмөө гэдэг нь хэн юм” гэж хэлээд орилсон. Эхлээд бид нар зогсохгүй цааш явсан. Тэгсэн Улаан хад дэлгүүрийн тэнд араас нөгөө залуу гүйгээд ирэхээр нь бид нар зогссон. Эхлээд Болд-Эрдэнэ Чукаг хавсарч унагаагаад зодсон. Мөнгөнтулга нь Намдагтай зууралдсан. Намдаг нилээн согтсон байсан. Намдаг би Төмөө байна гэж хэлсэн. Намдагийг Мөнгөнтулга тоосгоор цохисон. Намдаг босч ирээгүй. Батцэцэг цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд улаан цамцтай Мөнгөнтулга зугтаасан. Хамгийн түрүүнд “зогсож бай” гэж хашхираад Мөнгөнтулга, Болд-Эрдэнэ хоёр бид нар дээр гүйж ирсэн. Намдагийг Мөнгөнтулга эхлээд түлхэхэд Намдаг дахин босч ирсэн. Тэгсэн Мөнгөнтулга цамцаа тайлаад тоосго шиг зүйл хийсэн байсан. Тэгээд тоосготой цамцаараа Намдагийг цохисон. Намдаг дахин босч ирээгүй. Төмөрөө эрүүл байсан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Пүрэвбатын өгсөн: Өглөө Чука, Намдаг, Батцэцэг, Төмөрөө нар манайд ирсэн. Алтанчимэг бид хоёр унтаж байсан. Тэгээд “гол гаръя” гэж хэлсэн. Бид нар гудамж эргээд явж байтал нэг шивээстэй хүүхэн таарсан. Тэр хүүхнийг “ямар гоё шивээстэй хүүхэн бэ” гэж хэлэхэд тэр хүүхэн цааш гүйсэн. Бид нар Улаан хад дэлгүүр рүү алхаад явж байхад 2 залуу гүйж ирсэн. Нэг залуу нь “Төмөрөө гэж хэн бэ” гээд хашхирсан. Би бүр цаана очиж зогссон. Харин Чука, Намдаг, Төмөрөө гурав дэлгүүрийн урд зогсож байсан. Шивээстэй охины найз залуу гэх хар малгайтай залуу буюу Идэржаргал /хуралдааны танхимд Идэржаргал руу гараараа заав/ нь Чукаг цохиж унагаасан. Намдаг тэр хоёрыг салгах гэтэл Мөнгөнтулга тоосгоор Намдагийг цохиж унагаагаад Төмөрөө рүү дайрсан. Удалгүй улаан подволктай залуу хүрч ирээд Төмөрөө рүү дайрсан. Тэнд зодоон болж байхад цаанаас гурван охин нэг жижиг биетэй залуу хүрч ирсэн. Тэр үед Намдаг газар унасан байсан. Тэгсэн нэг цэнхэр цамцтай залуу хүрч ирээд Төмөрөөтэй барилцаж аваад нэг гинж яриад байсан. Тэгээд Батцэцэг цагдаа дуудсан. Нэг бүдүүн шар залуу ирээд “...би цохиогүй шүү” гэж хэлээд явсан. Цагдаагийн машин ирсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

Гэрч Б.Батцэцэгийн өгсөн: Намдагийг халзан толгойтой, махлаг залуу гартаа юм барьчихсан толгой руу нь цохисон чинь Намдаг доошоо хараад уначихсан. Мөн улаан цамцтай залуутай би хүн зодлоо гээд зууралдаад хэрэлдэхэд тэр улаан цамцтай, тод хар хөмсөгтэй залуу намайг түлхэж унагаад Намдагийг газар уначихсан байхад нь нүүр, тогой дээр нь нилээд хэдэн удаа хүчтэй дэвссэн. ...Сүүлд нь Намдагийг газар унаад ухаан алдсан байхад тод хар хөмсөгтэй залуу дэвсэхэд хажуугаас нь нийлээд хар бор царайтай, зургийг нь үзүүлж байгаа залуу /Э-/ дэвссэн. Энэ хоёр залуугийн нэг нь гэхэд 2, 3 удаа дэвссэн. гэх 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 42/, 1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ анх гартаа тоосго барьчихсан гүйж ирээд Намдагийн ар дагз руу цохиж унагаагаад цаашаа Баттөмөр рүү гүйгээд явсан. Тэгээд Баттөмөртэй зодолдож байгаад ирсэн юм шиг байна лээ, сүүлд Намдагийг ухаангүй байхад ирчихээд “би таны найзыг яагаа ч үгүй шүү” гэхээр нь би “чи цохисон биз дээ” гэж хэлэхэд над руу салаавч гаргаад хэл амаар дайраад “тэгвэл яваад заргалд би харъя” гэсэн. 2 номерын зураг дээрх тод хар хөмсөгтэй залуу /Б-/ Намдагийг унаад хэвтэж байхад толгой дээр нь 2-3 удаа дэвссэн. 3 номерын зураг дээрх залуу /Э-/ гүйж ирээд Намдагийн цээж дээр нь нэг өшиглөөд зугтаачихсан. гэх 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 152/,

Гэрч Т.Баттөмөрийн өгсөн: ...Тэгсэн цаанаас халзан толгойтой залуу гүйж ирээд Чукаг жийж унагаад цамцандаа тоосго боочихсон гүйж ирээд Намдагийн толгой орчимд тоосгоороо цохисон. Би тэр үед газар уначихсан байсан болохоор толгойных нь аль хэсэгт цохисныг хараагүй. Намайг босож байхад Намдагийг дугуй бор царайтай, хүзүүндээ мөнгөн гинжтэй бусдыгаа бодвол өргөн цээжтэй залуу мөр рүү нь өшиглөөд гүйгээд яваад өгсөн, дэвссэн эсэхийг нь бол би хараагүй. гэх 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 33/, ...яг одоо санахад Намдагийг эхлээд Болд-Эрдэнэ гэх залуу гараараа нүүр орчим цохиод унагааж харагдсан, дахиад нэг харахад халзан толгойтой залуу цамцандаа тоосго ороочихсон Намдагийг толгой орчим нь цохиж унагаасан. Тэгээд би нэгэнтэй нь зодолдоод хөөцөлдөөд байж байхад Намдагийг Болд-Эрдэнэ цээж нүцгэн нүүрэн дээр нь дэвсэж байсан. Дараа нь эдгээр залуус над руу бөөнөөрөө дайраад би газар унаад босож ирэхэд цаанаас дугуй бор царайтай бусдыгаа бодвол өргөн цээжтэй залуу /Э-/ мөр рүү нь өшиглөөд гүйгээд явсан. гэх 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 154/,

Гэрч Ж.Мөнхчулууны өгсөн: ...Намдаг нөгөө залуучуудад хандаж “та нар зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд халзан толгойтой баруун далан дээрээ шивээстэй залуу “чамд ямар хамаатай юм” гээд цохисон. Тэр үед би “боль” гээд очиход эрээн цоохор цамц өмссөн залуу болон саарал өнгийн малгайтай цамц өмссөн байсан залуу хоёр над руу дайраад хавсарч унагаад миний дээрээс дэвсэж өшиглөсөн. Тэр үед халимаг үстэй дээгүүрээ нүцгэн доогуураа шорт өмссөн байсан залуу нь цамцандаа тоосго хийчихээд миний баруун хөлний өвдөг хэсэг рүү 4-5 удаа цохисон. Мөн нүүр лүү нэг удаа цохичихоод намайг орхиод явсан. Би газраас босоход Намдаг нүүр нь нилэнхүүдээ цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би “та нар хүн алчихлаа шүү дээ” гэж хэлэхэд халзан толгойтой залуу нь “наадах чинь амьсгаатай л байна шүү дээ. Наад муугаа хая” гээд найз нарыгаа аваад явсан. гэх 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 28/, 1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ Намдагийг тоосгоор цохиж унагаасан. 2 номерын зураг дээрх залуу /Б-/ Намдагийн нүүр дээр нь дэвсээд байсан. 3 номерын зураг дээрх бор залуу /Э-/ Намдагийн бие рүү нь өшиглөж байсан. гэх 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 200/,

Гэрч Б.Энэрэлийн өгсөн: ...Би хамгийн анх цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөхдөө айж сандраад бас цагдаа асуугаад байхаар нь Энхбаяр ирээд цохисон гээд хэлчихсэн юм. Намдагийг хэн газар унагасныг бол хараагүй. гэх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 403/, ...Би анх удаа мэдүүлэг өгч байсан. Тэгээд айж сандарсандаа Энхбаярыг хохирогч залууг цохиж унагаасан гээд хэлчихсэн юм. Ямар ч гэсэн намайг Батцэцэгтэй муудалцаад барьцалдаад байж байхад Болд-Эрдэнэ, Энхбаяр хоёр газар унасан Намдагийг өшиглөж байгаа харагдсан. гэх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 435/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч Н-ийн биед дагз ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шууны цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учирсан болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10727 дугаартай “Намдагийн биед дагзны яс хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 52/,

Хохирогч Н- Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тухай 7406 дугаартай өвчний түүх, Их эмч Г.Лхагвасүрэнгийн 2015 оны 07 дугаар сарын 16 болон 27-ны өдрүүдийн компьютер томографийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 125-134/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба хохирогчийн биед учирсан гэмтлийн шалтгааныг шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Долгормаа: ...Ар дагз ясны хугарал нь хатуу мохоо зүйлээр нэг удаа хүчтэй цохих үед үүсэх боломжтой. Дагзаараа савж унахад ар дагз ясны хугарал үүсэх боломжтой. Аль эсвэл олон удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой. 1 удаа хөл нүцгэн өшиглөхөд Ар дагз ясны хугарал нь үүсэх боломжгүй. Гутлаар толгой дээр дэвссэн хүчээс шалтгаалан үүсч болно. Гэхдээ хатуу гадаргуу дээр хавсарсан тохиолдолд үүсэх боломжтой. Шороон гадаргуу дээр гавал ясны хугарал үүсэх боломж муутай. Тухайн газар шороон эсхүл цементэн гадаргуутай эсэхээс шалтгаална. Хэрэв сул шороон дээр унасан байхад хөл нүцгэн толгой дээрээс нь дэвсэхэд гэмтэл үүсэх боломжгүй. Газар нь хадархаг газар байсан ч хөл нүцгэн толгой дээр нь дэвсэхэд ар дагз ясны хугарал гэмтэл үүсэх боломж муутай. Хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь гавал ясны хугарлаас үүдэлтэй. Тархины хатуу бүрхүүлийн цусан хураа нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагз ясны хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу бүрхүүлийн цусан хураа нь дангаараа үүсч болдог ч дагз ясны хугарлаас үүссэн гэж үзэх боломжтой учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тайлбарлаж байна.

Иймд шүүгдэгч М-хохирогч Н-ийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохьсон үйлдэл, шүүгдэгч Б- хохирогч Н-ийг унасан байхад нь толгой дээр нь хэд хэдэн удаа дэвссэн үйлдэл зэрэг нь хохирогчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгч М-, Б- нарын үйлдлийн улмаас хохирогч Н-ийн биед дагзны яс хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Э- хохирогч Н-ийн цээж, мөр хэсэг рүү өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед дээрхи хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б-, М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би буцаад ирэхэд хохирогч болох Намдаг дээшээ харсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд би хохирогчтой хамт явж байсан Батцэцэг гэдэг хүнд хандаж “...хамт явж байгаа хүн чинь хэцүү байдалтай байна, та түргэн, цагдаа дууд” гэж хэлсэн... хохирогч Намдаг газар унасан, Батцэцэг, Баттөмөр бид дөрөв үлдсэн байсан. Тэгээд би Батцэцэгт “...би энэ хүнд чинь гар хүрээгүй шүү, та цагдаа, түргэн дуудаж энэ хүний биеийн байдалд анхаараарай” гэж хэлээд цааш явсан.” гэх мэдүүлэг,

Гэрч О.Идэржаргалын өгсөн: Хэрэг гарсан өдөр бид нар Энхбаярынд байж байгаад өглөө 6.30 цагийн үед гарсан. Эхлээд Болормаа, Болорцэцэг, Эрдэнэчулуун нар гарч явсан. Дараа нь Энэрэл гарсан. Тэгсэн удалгүй Энэрэл буцаж хүрч ирээд надад “...намайг хэдэн залуучууд хоргоогоод явуулахгүй, шивээстэй гээд доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгээд Болд-Эрдэнэ бид хоёр гараад очиход 3 залуу 1 хүүхэн байсан. Би махлаг залуу Баттөмөртэй нь маргалдаж, харилцан нэгнээ цохисон. Тэгсэн Баттөмөр цаашаа зугтсан. Би Баттөмөрийн араас хөөхөд Мөнгөнтулга, Энхбаяр хоёр миний араас ирсэн. Бид гурав Баттөмөртэй барьцалдаж байгаад газар унахад Баттөмөр дахиад цаашаа зугтаасан. Тэгээд Баттөмөрийн араас Мөнгөнтулга хөөсөн. Намайг эргэж харахад Энэрэл, Батцэцэг 2 үстэлцсэн байсан. Нэг харахад Намдаг газар унасан байсан. Удалгүй Мөнгөнтулга ирээд “наад хүний чинь хамраас цус гарсан байна, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа ирсэн гэх мэдүүлэг,

Гэрч Т.Болормаагийн өгсөн: Тухайн өдөр өглөө үүрээр Болорцэцэг, Эрдэнэчулуун хоёртой Энхбаярынхаас гараад явж байхад хүмүүс орилох чимээ сонсогдсон. Тэгээд бид нарыг очиход Батцэцэг, Энэрэл 2 зодолдож байсан. Хохирогч Намдаг гэх хүн дээшээ хараад хэвтэж байсан. Мөнгөнтулга ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бид салцгаасан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Эрдэнэчулууны өгсөн: Намайг очиход Намдагтай Болд-Эрдэнэ, Энхбаяр хоёр зодолдож байсан. Харин Пүрэвбаттай Мөнгөнтулга маргалдаж байсан. Энэрэл Батцэцэг эгчтэй маргалдаж байсан. Намайг нэг харахад Намдаг ахыг газар унагаагаад дээрээс нь Болд-Эрдэнэ, Энхбаяр хоёр дэвсэж байсан. Тэгээд Мөнгөнтулга бид хоёр цаанаас ирж тэд нарыг салгаад Батцэцэг цагдаа дуудаад бүгд тарцгаасан гэх мэдүүлгүүд нь гэрч П.Алтанчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эхлээд Болд-Эрдэнэ Чукаг хавсарч унагаагаад зодсон. Мөнгөнтулга нь Намдагтай зууралдсан. Намдаг нилээн согтсон байсан. Намдаг би Төмөө байна гэж хэлсэн. Намдагийг Мөнгөнтулга тоосгоор цохисон. Намдаг босож ирээгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ анх гартаа тоосго барьчихсан гүйж ирээд Намдагийн ар дагз руу цохиж унагаагаад цаашаа Баттөмөр рүү гүйгээд явсан. Тэгээд Баттөмөртэй зодолдож байгаад ирсэн юм шиг байна лээ, сүүлд Намдагийг ухаангүй байхад ирчихээд “би таны найзыг яагаа ч үгүй шүү” гэхээр нь би “чи цохисон биз дээ” гэж хэлэхэд над руу салаавч гаргаад хэл амаар дайраад “тэгвэл яваад заргалд би харъя” гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152/, гэрч Т.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгсэн цаанаас халзан толгойтой залуу гүйж ирээд Чукаг жийж унагаад цамцандаа тоосго боочихсон гүйж ирээд Намдагийн толгой орчимд тоосгоороо цохисон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/, гэрч Ж.Мөнхчулууны мөрдөн байцаалтад өгсөн “...1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ Намдагийг тоосгоор цохиж унагаасан” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 200/-ээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Б-, М- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н-ийн биед хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Б- нь хохирогчийн эмчилгээний төлбөрт бэлнээр 1.100.000 төгрөг, Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал, эм тариа бусад зардал 109.000 төгрөг, нийт 1.209.000 төгрөг төлсөн болох нь хохирлын төлбөр барагдуулж, мөнгө хүлээлцсэн баримт /2-р хх-ийн 348/, хохирогч Н-ийн бичсэн баталгаа /2-р хх-ийн 352/, санхүүгийн баримт /2-р хх-ийн 353, 354/-аар, шүүгдэгч М- нь хохирогчийн эмчилгээний зардалд 285.320 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өсгөн мэдүүлэг, санхүүгийн баримт /2-р хх-ийн 317-324/-аар тус тус нотлогдож байна.

Хохирогч Н- нь ажилгүй байсан хугацааны цалин болох 1.000.000 төгрөг шүүгдэгч М-ас нэхэмжилж, мөн “миний толгой хааяа өвддөг болсон. Заримдаа хүний ярьж байгаа зүйлийг сайн ойлгохоо больсон зураг авахуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн, одоо барилгын ажил хийж чадахаа больсон” гэж мэдүүлж байх боловч  холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б-, М- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б-, М- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б-, М- нь хохирогч Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Б-, М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б- цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Э- нь 11 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хагархай тоосго, 1 ширхэг бетоны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-, Э-, М- нарт холбогдох эрүүгийн 201509000506 дугаартай хэргээс Боржигон овогт Цэрэндоржийн Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Э-ыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигин овогт Аюурцэдэнгийн Болд-Эрдэнэ, Баянсан овогт Далантайн Мөнгөнтулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б-, М- нар нь бусдад төлөх төлбөргүй ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-, М- нарт тус бүр 5  /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б-, М- нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оногдуулан тооцсугай.

7. Шүүгдэгч М- нь цагдан хориглсон хоноггүй, Э- 11 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хагархай тоосго, 1 ширхэг бетоны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-, М- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                              

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Я.ТУУЛ

        ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ