Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2020/00222

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ц.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.Э-д холбогдох

Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Эко Сүмбэр хотхоны 9 байрны 2 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай,

 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э түүний өмгөөлөгч Ч.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрыг барьж, ашиглалтанд оруулсан. Эко сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоотыг захиалагч иргэн Г.Э нь /РД:ДЭ61031507/ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №3/3 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэвч иргэн Г.Э нь тус байранд амьдарч байгаа боловч төлбөр тооцоог удаашруулж, одоогийн байдлаар үндсэн төлбөр 28 150 000 төгрөг, алданги 12 480 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Энэхүү асуудлаар удаа дараа шаардлага тавьж, хүргүүлсэн боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Говьсүмбэр аймгийн Эвлэрүүлэн зуучлах төвд хандсан ч эвлэрээгүй болно. Иймд гэрээний 5.2.1-т заасны дагуу орон сууц захиалах гэрээг цуцалж, тухайн байранд амьдарч байгаа Гомбо овогтой Энхжаргалыг албадан гаргаж, тус байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Э надад холбогдуулсан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

1. Г.Э миний бие нь одоо амьдарч буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоот байрыг 2016 онд ашиглалтанд бүрэн орсон 77 м.кв байрыг Ц Ө ХХК-ийн захирал Б.Э 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Одоогийн байдлаар миний бие 65 000 000 төгрөгнөөс 40 000 000 төгрөг төлсөн, 25 000 000 төгрөг төлөөгүй байгаа. Тухайн байр нь 2016 оны 10 дугаар сарын 25-нд бүрэн ашиглалтанд орсон байр байсан бөгөөд миний бие нь дээрх байрыг захиалж бариулаагүй болно.

2. Орон сууц захиалан бариулах 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний нэмэлт хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 18 000 000 төгрөг, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард орон сууцны зээлд хамруулж төлөхөөр харилцан тохиролцсон боловч Ц.Ө ХХК нь одоог хүртэл орон сууцны зээлд хамруулж өгөөгүй болно.

3. Ц.Ө ХХК-ийн захирал Б.Э нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 31 000 000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сарын 2 000 000 төгрөгийг төлөхөөр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байрны үлдэгдэл мөнгө төлөх графикийг гаргаж бид харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл гэрээний нэг хэсэг болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Г.Э надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Г.Э надад холбогдуулан Ц.Ө ХХК нь 2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрыг барьж ашиглалтанд оруулсан. Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоотод захиалагч иргэн Г.Э нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Төлбөр тооцоог удаашруулж одоогийн байдлаар үндсэн төлбөр 28 150 000 төгрөг, алданги 12 480 000 төгрөг, төлөхгүй байна. Иймд гэрээний 5.2.1-т заасны дагуу орон сууц захиалдах гэрээг цуцалж, тус байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Миний бие Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоот 77 м2 байрыг Ц.Ө ХХК-тай харилцан тохиолцож 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тухайн байр нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэхэд бүрэн ашиглалтанд орсон байр байсан бөгөөд миний бие нь бүрэн ашиглалтанд орсон орон сууц худалдан авсан болохоос Ц.Ө ХХК-д анхнаасаа орон сууц захиалаж бариулах захиалга өгөөгүй болно.

            Иймд, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Эко Сүмбэр хотхоныг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн. Тухайн үед байраа хүлээлгэж өгсний дараа Нарансайхан гэж хүн байхаа Г.Э гэж хүн байр сонирхоод байна. Та яриад уулзаад үзээч гэхээр нь Г.Э гэдэг эгчтэй ярьсан. Тэгсэн Говь-Алтай аймгаас ирж байгаа байр авах сонирхолтой байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хийсэн. Анх орохдоо 2 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч орох байсан боловч ямар ч мөнгө өгөөгүй. Гэрээнд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 18 000 000 төгрөг, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард багтааж өгөх байсан. Тэгсэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 удаа 100 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 900 000 төгрөг гэсэн нийт 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш тооцоо хийхгүй явсаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 500 000 төгрөг хийсэн. Үүнээс хойш 2017 онд 1 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг,  2 000 000 төгрөг гэж төлөлтүүд хийсэн. 2018 онд төлөлтийг бага зэрэг хийсэн. 2019 онд огт хийгээгүй учир Эвлэрүүлэн зуучлахад өгөхдөө гэрээнд төлбөрөө төлөөгүй байвал алданги тооцно гэсэн зүйлийг тусгасан байгаа. Үүний дагуу 2019 оны төлбөр төлөөгүй 360 гаруй хоногийн алданги 12 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Г.Э нь алдангийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Төлбөр тооцоог төлөх боломжгүй бол орон сууцны зээлд хамруулаад үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулаад өгье гэж маш олон удаа шаардлага тавьсан боловч өндөр настай хүнд зээл өгөхгүй, өндөр хүү төлж чадахгүй гэсэн хариуг хэлсэн. Энэ байдлаар явсаар байгаад 4 жилийн хугацаа өнгөрсөн. Цаашдаа энэ байдлаар яваад байх юм байна гэж үзэж сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцоо хийсэн. Тохиролцоо хийсэн боловч Г.Энь тохиролцооны дагуу төлбөр хийдэггүй. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 950 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 900 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. 2020 оны 08 дугаар сар хүртэл шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хариу тайлбар гаргасныхаа дараа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөг төлсөн. Үүнийг шүүхэд төлбөр тооцоо хийж байна гэж харагдах зорилгоор хийсэн гэж ойлгож байгаа. Уг байрыг тухайн үеийн ханшаар бодох юм бол сарын 400 000 төгрөгөөр түрээслэх байсан. Үүнээс үзэхээр 48 сараар бодохоор 19 200 000 төгрөг, мөн 4 жилийн хугацаанд элэгдэл хорогдолд орж, засвар үйлчилгээ хийгдэхээр болсон байгаа байх. Ийм үндсэн дээр байрнаас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож байна. Хариуцагч Г. Энхжаргал нь одоог хүртэл байрандаа амьдарч байгаа. Гэхдээ төлбөр тооцоог удаашруулж байгаа. Үндсэн төлбөр 28 850 000 төгрөг, алданги 12 480 000 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Энэ асуудлаар удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрээгүй тул гэрээний дагуу 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, Г.Энхжаргалыг байрнаас албадан гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Үүнтэй холбоотой удаашруулж гэж яриад байгааг ойлгохгүй байна. Анх гэрээ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан байдаг.  Үүнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үндсэн 65 000 000 төгрөгөөс 34 000 000 төгрөгийг бүрэн төлсөн байдаг. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг удаа дараа өгсөн гэдэг. Гэтэл нэг удаа мэдэгдэх хуудас өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Мэдэгдэх хуудас дээрээ 2020 оны 03 дугаар сард анх шаардлага өгсөн. Өмнө утсаар ярьсан байх. Албан ёсоор өгөхдөө тухайн үед Г.Энхжаргалд төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч биелүүлээгүй учир гэрээг цуцалсан байдаг. Үүнд Г.Эгарын үсэг зурсан байдаг. Мэдэгдэл хүргүүлсэн өдрөө Б.Э нь Г.Эуулзаад байрны үлдэгдэл мөнгө болох 31 000 000 төгрөг дээрээ график байгуулъя гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар болгон 2 000 000 төгрөг төлөхөөр график гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байгаа. Энэ хугацаанд Г.Энь төлбөр төлөөгүй биш төлсөн. Г.Энь тэтгэвэрт байдаг. Нийгмийн эдийн засгийн хэмжээнд дэлхий нийтээрээ хямралд орчихоод байгаа. Шүүхэд хандахаас өмнө нь гэрээний хавсралтад өөрчлөлт оруулаад хариуцагч, нэхэмжлэгч 2 гарын үсэг зурсан. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл мөнгийг төлж дуусгана гэж гэрээ хийсэн. Гэрээг хийснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 950 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 900 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 6 850 000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар 24 150 000 төгрөгийн тооцоотой байгаа. Хариуцагчийн дансны хуулганаас харахад гаднаас орж ирсэн мөнгөнөөсөө нэхэмжлэгчийн дансанд хийсэн нь харагдаж байгаа. Гэрээний дуусаагүй байхад шүүхэд хандсан нь гэрээг зөрчсөн гэж үзсэн. Үлдсэн 24 150 000 төгрөгийг төлөх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд төлөх боломжтой гэж үзэж байна. Тиймээс хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас нийгэм эд засгийн байдлын талаар, мөн гэрээний үүргээ биелүүлээд явж байгаа гэж яриад байна. Үүнд нийгэм эдийн засгийн байдал энэ хэрэгт ямар ч хамаагүй. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан. Одоо 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр, гэрээ байгуулснаас хойш 4 жилийн хугацаанд төлөх боломж байсан. Миний үйлчлүүлэгчийн тухайд Г.Энхжаргалыг настай хүн учраас уулзсан, утсаар ярьсан байдлыг маш их удаа харгалзан үзсэн. Гэрээний 2 дахь заалтад захиалагч орон сууцны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг барилга ашиглалтад орохоос өмнө төлөх үүрэг хүлээнэ. Мөн улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш ажлын 15 хоногийн дотор багтааж төлбөрийг төлж дуусгана гэсэн байдаг. Тэгэхээр 2016 оноос хойш Г.Эгэдэг хүний амьдралын байдал, ахуй нөхцөл, өөрийнх нь ярьж байгаа зүйлийг харгалзан үзээд явсан. Өнөөдрийг хүртэл 65 000 000 төгрөг өгөх ёстой хүнд 1 000 000 төгрөг өгөөд яваад байгаа нь бизнес хийж ашиг болох уу? алдагдал болох уу? Мөн нэмэлт гэрээ байгуулсан хэрнээ гэрээгээ зөрчсөн гэсэн асуудлыг ярьж байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулж болох, хавсралт хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн заалт байхгүй. 2019 онд нэг ч төгрөг төлөөгүй учраас эвлэрүүлэн зуучлахад хандаад  график байгуулан хийсэн. Гэрээний 6.1-т захиалагч гэрээний 2.3-т заасан орон сууцны үнийг төлөх хуваарийг 30 дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн 0.1 хувийн алдангийг үйлчлүүлэгч төлнө гэсэн байдаг. Харин үүнийг 2016 оноос хойш тооцоогүй, зөвхөн төлөлт хийгдээгүй  2019 оноос эвлэрүүлэн зуучлалд хандах хугацаа хүртэл тооцсон. Одоо алданги тооцох юм бол төлөх дүн нь маш өндөр гарч ирнэ. 2020 онд хийсэн гэрээнээс хойш 4 удаагийн төлөлтийг хийсэн. Энэ нь дүр үзүүлж хийж байгаа үйлдэл, хатуу хэлэхэд залилангийн гэмт хэргийн үйлдэл харагдаж байна. Тиймээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс аль нэг тал үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан боловч үүрэг гүйцэтгэгч  тал нь харилцан тохиролцсон үүргээ гүйцэтгэхгүй байгаа бол гэрээнээс татгалзан гарах шаардлага тавьж байгаа. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн эрхийнхээ дагуу шаардаж байгаа. Тэрнээс гэрээний үүрэг зөрчөөд, хууль бус зүйл гаргаагүй. Харин таны яриад байгаа гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй байсан хэдий ч гэрээний хавсралт хэсэгт байгаа нөхөн төлөхөөр гаргасан графикийг хүчин төгөлдөр байгаа гэж үзвэл гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчиж байна. Сүүлийн төлөлт шүүхээр чөлөөлүүлэх нэхэмжлэл гарсны дараа 3 000 000 төгрөг төлсөн. Та өөрөө хүнд  65 000 000 төгрөг зээлчихээд талыг нь аваад талыг авахгүй яваад байх уу? гэдэг асуудалтай адил зүйл. Тиймээс гэрээг цуцалж, тухайн байрыг чөлөөлж өгнө үү гэв.             

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө ХХК нь хариуцагч Г.Э-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Эко Сүмбэр хотхоны 9 байрны 2 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь эс зөвшөөрч, Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Нэхэмжлэгч Ц.Ө ХХК нь хариуцагч Г.Э 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ц.Ө ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 9 дүгээр байрны 02 тоотод байрлах 77 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Г.Энь 65 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх5-6/

Талууд Орон сууц захиалан бариулах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байх боловч гэрээний зүйл болох орон сууцыг төлбөрөө бүрэн төлсөн захиалагчид барилгыг Улсын комисс хүлээж авсаны дараа орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ болон тэдгээрийн тайлбар зэргээр тогтоогдсон.

Дээрх гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь тус орон сууцыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх, хариуцагч нь уг орон сууцны үнэд 65 000 000 төгрөг төлөх хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийжээ.

Худалдан авагч нь орон сууцны үнийг төлөх, худалдагч нь эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаа болон төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иймд, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч Г.Э-аас шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь “... Г.Энь анх орохдоо 2 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч орох байсан боловч ямар ч мөнгө өгөөгүй,  2016-2017 онуудад төлбөрийг янз бүрээр хийсэн, 2018 онд төлөлтийг бага зэрэг хийсэн. 2019 онд огт хийгээгүй, төлбөр тооцоог төлөх боломжгүй бол орон сууцны зээлд хамруулаад үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулаад өгье гэж маш олон удаа шаардлага тавьсан, ингэж явсаар 4 жил болж байна, цаашдаа энэ байдлаар яваад байх юм байна гэж үзэж сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцоо хийсэн. Тохиролцоо хийсэн боловч Г.Энь тохиролцооны дагуу төлбөр хийдэггүй. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 950 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 900 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. 2020 оны 08 дугаар сар хүртэл шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хариу тайлбар гаргасныхаа дараа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөг төлсөн. Үүнийг шүүхэд төлбөр тооцоо хийж байна гэж харагдах зорилгоор хийсэн гэж ойлгож байгаа ... ” гэж,

Хариуцагч нь “... Анх гэрээ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан.   Үүнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үндсэн 65 000 000 төгрөгөөс 34 000 000 төгрөгийг бүрэн төлсөн, ... мэдэгдэл хүргүүлсэн өдрөө Г.Э үлдэгдэл төлбөрийг төлөх талаар график гаргасан, энэ хугацаанд төлбөр төлөөгүй биш төлсөн, шүүхэд хандахаас өмнө нь гэрээний хавсралтад өөрчлөлт оруулаад хариуцагч, нэхэмжлэгч 2 гарын үсэг зурсан. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл мөнгийг төлж дуусгана гэж гэрээ хийсэн. Гэрээг хийснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 950 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 900 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 6 850 000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар 24 150 000 төгрөгийн тооцоотой, хариуцагчийн дансны хуулганаас харахад гаднаас орж ирсэн мөнгөнөөсөө нэхэмжлэгчийн дансанд хийсэн нь харагдаж байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь гэрээг зөрчсөн гэж үзсэн. Үлдсэн 24 150 000 төгрөгийг төлөх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх боломжтой ...” гэж тайлбарлана.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эээс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Г.Энхжаргалд гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг хүлээн авсан тухай баримт хэрэгт авагджээ. /хх-8/  

Талуудын байгуулсан гэрээний 2.3“Захиалагч нь гэрээний 2.1-т заасан төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу Гүйцэтгэгчид төлнө, 5.1.2-д “Гэрээний аль нэг тал гэрээгээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш нөгөө талдаа ажлын 10 хоногт багтаан хариу өгөөгүй бол гэрээг дуусгавар болгох”, 5.2.1-д “Захиалагч нь орон сууцны үнийг төлөх хуваарийг 10-аас дээш хоногоор зөрчсөн тухай гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор уг зөрчлийг арилгаагүй бол Гүйцэтгэгчийн санаачлагаар гэрээг цуцална”, Гэрээний нэмэлт нөхцлүүд 9-д “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 18 000 000 төгрөг, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард орон сууцны зээлд хамруулж төлөхөөр тохиролцов” гэжээ.

            Дээрх гэрээний тохиролцооноос үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, хариуцагч мэдэгдлийг хүлээн авсан боловч гэрээний 5.2.1-т заасан хугацаанд хариу өгөөгүй үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Г.Энь зөрчлийг арилгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. 

Иймд, хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцны үнийг 100 хувь төлөөгүй, гэрээг цуцлах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ц.Ө ХХК-иас 40 850 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Э-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ.

Тодруулбал, хариуцагч нь шүүх хуралдаан болтол тодорхой хэмжээгээр төлбөрийг хийснээр нийт 40 850 000 төгрөг төлсөн, харин нэхэмжлэгчийн төлөөлөгч 39 850 00 төгрөгийг төлсөн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.   

Түүнчлэн хариуцагч нь Г.Э нь Ц.Ө ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар болон гэрээний 4.2.1-д зааснаар тогтоогдсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 1061-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан байх тул орон сууцыг хариуцагч Г.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

Иймд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 482 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, Г.Э олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 заасныг баримтлан хариуцагч Г.Энхжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Эко Сүмбэр хотхоны 9 байрны 2 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Э-д даалгаж, нэхэмжлэгч Ц.Ө ХХК-иас 40 850 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Э-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 482 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ө ХХК-д олгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Э-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА