Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 216/МА2021/00002

 

Цогц-Өргөө-ХХК нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00222 дугаар шийдвэртэй, Цогц Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Энхжаргалд холбогдох орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Эко Сүмбэр хотхоны 9 байрны 2 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай,

хариуцагч талын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа /онлайнаар/, нарийн бичгийн дарга П.Нямзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрыг барьж, ашиглалтанд оруулсан. Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоотыг захиалагч иргэн Гомбо овогтой Энхжаргал нь /РД:ДЭ61031507/ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №3/3 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэвч иргэн Г.Энхжаргал нь тус байранд амьдарч байгаа боловч төлбөр тооцоог удаашруулж, одоогийн байдлаар үндсэн төлбөр 28 150 000 төгрөг, алданги 12 480 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Энэхүү асуудлаар удаа дараа шаардлага тавьж, хүргүүлсэн боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Говьсүмбэр аймгийн Эвлэрүүлэн зуучлах төвд хандсан ч эвлэрээгүй болно. Иймд гэрээний 5.2.1-т заасны дагуу орон сууц захиалах гэрээг цуцалж, тухайн байранд амьдарч байгаа Гомбо овогтой Энхжаргалыг албадан гаргаж, тус байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Энхжаргал надад холбогдуулсан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

1. Г.Энхжаргал миний бие нь одоо амьдарч буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоот байрыг 2016 онд ашиглалтанд бүрэн орсон 77 м.кв байрыг Цогц Өргөө ХХК-ийн захирал Б.Эрдэнэбилэгээс 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Одоогийн байдлаар миний бие 65 000 000 төгрөгнөөс 40 000 000 төгрөг төлсөн, 25 000 000 төгрөг төлөөгүй байгаа. Тухайн байр нь 2016 оны 10 дугаар сарын 25-нд бүрэн ашиглалтанд орсон байр байсан бөгөөд миний бие нь дээрх байрыг захиалж бариулаагүй болно.

2. Орон сууц захиалан бариулах 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний нэмэлт хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 18 000 000 төгрөг, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард орон сууцны зээлд хамруулж төлөхөөр харилцан тохиролцсон боловч Цогц Өргөө ХХК нь одоог хүртэл орон сууцны зээлд хамруулж өгөөгүй болно.

3. Цогц Өргөө ХХК-ийн захирал Б.Эрдэнэбилэг нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 31 000 000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сарын 2 000 000 төгрөгийг төлөхөөр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байрны үлдэгдэл мөнгө төлөх графикийг гаргаж бид харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл гэрээний нэг хэсэг болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Г.Энхжаргал надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Эко Сүмбэр хотхоныг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн. Тухайн үед байраа хүлээлгэж өгсний дараа Нарансайхан гэж хүн байхаа Г.Энхжаргал гэж хүн байр сонирхоод байна. Та яриад уулзаад үзээч гэхээр нь Г.Энхжаргал гэдэг эгчтэй ярьсан. Тэгсэн Говь-Алтай аймгаас ирж байгаа байр авах сонирхолтой байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хийсэн. Анх орохдоо 2 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч орох байсан боловч ямар ч мөнгө өгөөгүй. Гэрээнд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 18 000 000 төгрөг, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард багтааж өгөх байсан. Тэгсэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 удаа 100 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 900 000 төгрөг гэсэн нийт 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш тооцоо хийхгүй явсаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 500 000 төгрөг хийсэн. Үүнээс хойш 2017 онд 1 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг гэж төлөлтүүд хийсэн. 2018 онд төлөлтийг бага зэрэг хийсэн. 2019 онд огт хийгээгүй учир Эвлэрүүлэн зуучлахад өгөхдөө гэрээнд төлбөрөө төлөөгүй байвал алданги тооцно гэсэн зүйлийг тусгасан байгаа. Үүний дагуу 2019 оны төлбөр төлөөгүй 360 гаруй хоногийн алданги 12 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Г.Энхжаргал нь алдангийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Төлбөр тооцоог төлөх боломжгүй бол орон сууцны зээлд хамруулаад үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулаад өгье гэж маш олон удаа шаардлага тавьсан боловч өндөр настай хүнд зээл өгөхгүй, өндөр хүү төлж чадахгүй гэсэн хариуг хэлсэн. Энэ байдлаар явсаар байгаад 4 жилийн хугацаа өнгөрсөн. Цаашдаа энэ байдлаар яваад байх юм байна гэж үзэж сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцоо хийсэн. Тохиролцоо хийсэн боловч Г.Энхжаргал нь тохиролцооны дагуу төлбөр хийдэггүй. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 950 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 900 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. 2020 оны 08 дугаар сар хүртэл шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хариу тайлбар гаргасныхаа дараа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөг төлсөн. Үүнийг шүүхэд төлбөр тооцоо хийж байна гэж харагдах зорилгоор хийсэн гэж ойлгож байгаа. Уг байрыг тухайн үеийн ханшаар бодох юм бол сарын 400 000 төгрөгөөр түрээслэх байсан. Үүнээс үзэхээр 48 сараар бодохоор 19 200 000 төгрөг, мөн 4 жилийн хугацаанд элэгдэл хорогдолд орж, засвар үйлчилгээ хийгдэхээр болсон байгаа байх. Ийм үндсэн дээр байрнаас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож байна. Хариуцагч Г.Энхжаргал нь одоог хүртэл байрандаа амьдарч байгаа. Гэхдээ төлбөр тооцоог удаашруулж байгаа. Үндсэн төлбөр 28 850 000 төгрөг, алданги 12 480 000 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Энэ асуудлаар удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрээгүй тул гэрээний дагуу 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, Г.Энхжаргалыг байрнаас албадан гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Үүнтэй холбоотой удаашруулж гэж яриад байгааг ойлгохгүй байна. Анх гэрээ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан байдаг. Үүнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үндсэн 65 000 000 төгрөгөөс 34 000 000 төгрөгийг бүрэн төлсөн байдаг. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг удаа дараа өгсөн гэдэг. Гэтэл нэг удаа мэдэгдэх хуудас өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Мэдэгдэх хуудас дээрээ 2020 оны 03 дугаар сард анх шаардлага өгсөн. Өмнө утсаар ярьсан байх. Албан ёсоор өгөхдөө тухайн үед Г.Энхжаргалд төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч биелүүлээгүй учир гэрээг цуцалсан байдаг. Үүнд Г.Энхжаргал гарын үсэг зурсан байдаг. Мэдэгдэл хүргүүлсэн өдрөө Б.Эрдэнэбилэг нь Г.Энхжаргалтай уулзаад байрны үлдэгдэл мөнгө болох 31 000 000 төгрөг дээрээ график байгуулъя гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар болгон 2 000 000 төгрөг төлөхөөр график гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байгаа. Энэ хугацаанд Г.Энхжаргал нь төлбөр төлөөгүй биш төлсөн. Г.Энхжаргал нь тэтгэвэрт байдаг. Нийгмийн эдийн засгийн хэмжээнд дэлхий нийтээрээ хямралд орчихоод байгаа. Шүүхэд хандахаас өмнө нь гэрээний хавсралтад өөрчлөлт оруулаад хариуцагч, нэхэмжлэгч 2 гарын үсэг зурсан. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл мөнгийг төлж дуусгана гэж гэрээ хийсэн. Гэрээг хийснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 950 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 900 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 6 850 000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар 24 150 000 төгрөгийн тооцоотой байгаа. Хариуцагчийн дансны хуулганаас харахад гаднаас орж ирсэн мөнгөнөөсөө нэхэмжлэгчийн дансанд хийсэн нь харагдаж байгаа. Гэрээний дуусаагүй байхад шүүхэд хандсан нь гэрээг зөрчсөн гэж үзсэн. Үлдсэн 24 150 000 төгрөгийг төлөх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд төлөх боломжтой гэж үзэж байна. Тиймээс хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нийгэм эд засгийн байдлын талаар, мөн гэрээний үүргээ биелүүлээд явж байгаа гэж яриад байна. Үүнд нийгэм эдийн засгийн байдал энэ хэрэгт ямар ч хамаагүй. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан. Одоо 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, гэрээ байгуулснаас хойш 4 жилийн хугацаанд төлөх боломж байсан. Миний үйлчлүүлэгчийн тухайд Г.Энхжаргалыг настай хүн учраас уулзсан, утсаар ярьсан байдлыг олон удаа харгалзан үзсэн. Гэрээний 2 дахь заалтад захиалагч орон сууцны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг барилга ашиглалтад орохоос өмнө төлөх үүрэг хүлээнэ. Мөн улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш ажлын 15 хоногийн дотор багтааж төлбөрийг төлж дуусгана гэсэн байдаг. Тэгэхээр 2016 оноос хойш Г.Энхжаргал гэдэг хүний амьдралын байдал, ахуй нөхцөл, өөрийнх нь ярьж байгаа зүйлийг харгалзан үзээд явсан. Өнөөдрийг хүртэл 65 000 000 төгрөг өгөх ёстой хүнд 1 000 000 төгрөг өгөөд яваад байгаа нь бизнес хийж ашиг болох уу? алдагдал болох уу? Мөн нэмэлт гэрээ байгуулсан хэрнээ гэрээгээ зөрчсөн гэсэн асуудлыг ярьж байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулж болох, хавсралт хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн заалт байхгүй. 2019 онд нэг ч төгрөг төлөөгүй учраас эвлэрүүлэн зуучлахад хандаад график байгуулан хийсэн. Гэрээний 6.1-т захиалагч гэрээний 2.3-т заасан орон сууцны үнийг төлөх хуваарийг 30 дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн 0.1 хувийн алдангийг үйлчлүүлэгч төлнө гэсэн байдаг. Харин үүнийг 2016 оноос хойш тооцоогүй, зөвхөн төлөлт хийгдээгүй 2019 оноос эвлэрүүлэн зуучлалд хандах хугацаа хүртэл тооцсон. Одоо алданги тооцох юм бол төлөх дүн нь маш өндөр гарч ирнэ. 2020 онд хийсэн гэрээнээс хойш 4 удаагийн төлөлтийг хийсэн. Энэ нь дүр үзүүлж хийж байгаа үйлдэл, хатуу хэлэхэд залилангийн гэмт хэргийн үйлдэл харагдаж байна. Тиймээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс аль нэг тал үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан боловч үүрэг гүйцэтгэгч тал нь харилцан тохиролцсон үүргээ гүйцэтгэхгүй байгаа бол гэрээнээс татгалзан гарах шаардлага тавьж байгаа. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн эрхийнхээ дагуу шаардаж байгаа. Тэрнээс гэрээний үүрэг зөрчөөд, хууль бус зүйл гаргаагүй. Харин таны яриад байгаа гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй байсан хэдий ч гэрээний хавсралт хэсэгт байгаа нөхөн төлөхөөр гаргасан графикийг хүчин төгөлдөр байгаа гэж үзвэл гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчиж байна. Сүүлийн төлөлт шүүхээр чөлөөлүүлэх нэхэмжлэл гарсны дараа 3 000 000 төгрөг төлсөн. Та өөрөө хүнд 65 000 000 төгрөг зээлчихээд талыг нь аваад талыг авахгүй яваад байх уу? гэдэг асуудалтай адил зүйл. Тиймээс гэрээг цуцалж, тухайн байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Эко Сүмбэр хотхоны 9 байрны 2 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Энхжаргалд даалгаж, нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК-иас 40 850 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 482.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж,... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гомдлын шаардлага: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00222 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрөх тухай

Гомдлын агуулга: Цогц Өргөө ХХК нь 2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тус байрны 2 тоотыг иргэн Гомбо овогтой Энхжаргалтай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3/3 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан, Энхжаргал тухайн өдрөө тус байранд орж одоог хүртэл амьдарч байна.

Энхжаргал нь 2016 оны 3/3 тоот гэрээ байгуулсан цагаасаа гэрээний үүргээ өөрчилж төлбөр тооцоог удаашруулсны улмаас шүүхэд хандан тухайн байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шүүх тус нэхэмжлэлийг хангасан боловч ямар хуулийн ямар зүйл заалтыг баримтлан Цогц Өргөө ХХК-иас 40.850.000 /дөчин сая найман зуун тавин мянган/ төргөг гаргуулж иргэн Г.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00222 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан Цогц Өргөө ХХК-иас 40.850.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалд олгосугай гэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Г.Энхжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3/3 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан цагаасаа гэрээний үүргээ зөрчин манай компанийг бизнесийн алдагдалд оруулсан нь дараах тооцоо, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. 2016 онд нэг удаагийн гүйлгээгээр 2.000.000 /хоёр сая/, 2017 онд 5 удаагийн гүйлгээгээр 18.000.000 /арван найман сая/, 2018 онд 3 удаагийн гүйлгээгээр 13.000.000 /арван гурван сая/, 2019 онд ямар нэг төлөлт хийгдээгүй, 2020 онд 6 удаагийн гүйлгээгээр 7.850.000 /долоон сая найман зуун тавин мянга/ нийт 40.850.000 төгрөг төлсөн боловч, 2016 оны 3/3 дугаартай гэрээний 6 дугаар зүйлд заасан ...Захиалагч гэрээний 2.3-т заасан орон сууцны үнийг төлөх хуваарийг 30-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн зөрчигдсөн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувийн алдангийг Гүйцэтгэгчид төлнө заалтыг эс хайхран Г.Энхжаргалд бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд увуулж, цувуулж өгсөн 40.850.000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

2. Тус байрыг хэрвээ түрээслүүлсэн бол сарын 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр бусдад түрээслэж байсан тухай шүүхийн хэлэлцүүлэгийн явцад мэдүүлж байсныг харгалзан үзээгүй

3. Тус байранд одоо засвар үйлчилгээ хийхэд ямар зардал гаргахыг тооцоогүй зэргээс шалтгаалан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00222 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан Цогц Өргөө ХХК-иас 40.850.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалд олгосугай гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа миний бие нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 134/ШШ2020/00222 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК нь тус шүүхэд хандаж манай компани 2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 багийн нутаг дэвсгэрт Эко-Сүмбэр хотхоны 9-р байрыг барьж ашиглалтанд оруулсан. Эко Сүмбэр хотхоны 9-р байрны 2 тоотыг захиалагч иргэн Г.Энхжаргал нь №:3/3 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

Иргэн Г.Энхжаргал нь тус байранд амьдарч байгаа боловч төлбөр тооцоог удаашруулан одоогийн байдлаар үндсэн төлбөр 28.150.000 төгрөг, алданги 12.480.000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Энэхүү асуудлаар удаа дараа шаардлага тавьж хүргүүлсэн боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Говьсүмбэр аймгийн Эвлэрүүлэн зуучлах төвд хандсан ч эвлэрээгүй болно.

Иймд гэрээний 5.2.1-т заасны дагуу орон сууц захиалах гэрээг цуцалж, тухайн байранд амьдарч байгаа Г.Энхжаргалыг албадан гаргаж тус байрыг чөлөөлж өгөх захирамж гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Г.Энхжаргал надад холбогдуулан шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүх нь:

Нэхэмжлэгч ...төлбөр тооцоог төлөх боломжгүй бол орон сууцны зээлд хамруулаад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаад өгье гэж маш олон удаа шаардлага тавьсан, ингэж явсаар байгаад 4 жил болж байна. Цаашдаа энэ байдлаар яваад байх юм байна гэж үзэж сар бүр 2.000.000 төгрөг төлөхөөр тохиролцоо хийсэн. Тохиролцоо хийсэн боловч Г.Энхжаргал нь тохиролцооны дагуу төлбөр хийдэггүй

2020.04.28-нд 950.000

2020.05.10-нд 900.000

2020.05.28-нд 1.000.000

2020.07.16-нд 1.000.000 төгрөг төлсөн.

2020 оны 08 дугаар сар хүртэл шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. 2020.09.14-нд 3.000.000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгээс 2020.03.26-ны өдөр хариуцагч Г.Энхжаргалд гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг хүлээж авсан тухай баримт хэрэгт авагджээ.

Талуудын байгуулсан гэрээний 2.3-т захиалагч нь гэрээний 2.1-т заасан төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу Гүйцэтгэгчид төлнө. 5.1.2-д гэрээний аль нэг тал гэрээгээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээж авснаас хойш нөгөө талдаа ажлын 10 хоногт багтаан хариу өгөөгүй бол гэрээг дуусгавар болгох, 5.2.1-д Захиалагч нь орон сууцны үнийг төлөх хуваарийг 10-с дээш хоногоор зөрчсөн тухай гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор уг зөрчлийг арилгаагүй ба Гүйцэтгэгчийн санаачлагаар гэрээг цуцална

Гэрээний нэмэлт нөхцөлүүд 9-д 2016 оны 10.25-ны өдөр 2.000.000 төгрөг

2016.12 сард 1.800.000 төгрөг, үлдэгдэл 45.000.000 төгрөгийг 2017.02 сард Орон сууцны зээлд хамруулж төлөхөөр тохиролцов гэжээ.

Дээрхи гэрээний тохиролцооноос үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь 2020.03.26-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, хариуцагч мэдэгдлийг хүлээж авсан боловч гэрээний 5.2.1-т заасан хугацаанд хариу өгөөгүй үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Г.Энхжаргал нь зөрчлийг арилгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцны үнийг 100 хувь төлөөгүй, гэрээг цуцлах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК-наас 40 850 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар сарын 205.1-д заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 заасныг баримтлан хариуцагч Г.Энхжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016.10.25-ны өдрийн 3/3 дугаарт Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2-р баг, Эко Сүмбэр хотхон 9 байр 2 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Энхжаргалд даалгаж, нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК-наас 40.850.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалд олгохоор анх анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

1. Талуудын байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ нь урт хугацаатай гэрээ байсан. Талууд гэрээ байгуулаад хариуцагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлсэн байдаг. Хууль бусаар орон сууцанд суугаагүй.

Нийт төлбөрийн 60 хувийг 2020.03.25-ны өдөр гэхэд төлсөн байсан. Нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК-ийн захирал Б.Эрдэнэбилэг нь хариуцагчид мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд тус мэдэгдэлд Манай компаний зүгээс төлбөр тооцоог барагдуулах талаар олон удаа шаардлага, сануулга тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй учир тус гэрээний 5.2.1-ийг үндэслэн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж байна гэсэн мэдэгдлийг өгсөн өдрөө буюу 2020.03.26-ны өдөр талууд харилцан тохирч байрны үлдэгдэл мөнгө төлөх графикийг шинээр байгуулж 2020.04.25-ны өдрөөс 2021.07.25-ны өдрийг хүртэл 1 сарын 2.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Гэтэл шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлж өөрөөр хэлбэл 2020.03.26-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, хариуцагч мэдэгдлийг хүлээн авсан боловч Гэрээний 5.2.1-т заасан хугацаанд хариу өгөөгүй үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд Г.Энхжаргал нь зөрчлийг арилгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Г.Энхжаргал нь зөрчлийг арилгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Миний бие нь шүүхэд нотлох баримтаар Байрны үлдэгдэл мөнгө төлөх графикийг гаргаж өгсөн. Түүнчлэн 2020.04.28-ны өдрөөс 2020.09.14-ний өдрийг хүртэл 6.850.000 төгрөг гэрээнд заасан графикийн дагуу төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримт гаргаж өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Миний бие нь гэрээний дагуу 65.000.000 төгрөгөөс 75 хувь буюу нийт 40.850.000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хувиарын хугацаа 2020.07.25-ны өдөр дуусаагүй байхад хэт нэг талыг барьж шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн гэрээний 8.2-т гэрээнд зааснаас бусад давтагдашгүй нөхцөл байдал, байгалийн гамшиг, онц аюултай үзэгдэл үүсвэл талууд харилцан тохиролцож, маргааныг эвлэрэх аргаар шийдэх ба харилцан хүндэтгэлтэй хандах гэж заасан бөгөөд Дэлхий нийтэд гарсан Цар тахалтай холбогдуулан эдийн засгийн хямрал үргэлжилж байгааг шүүх анхаарч үзэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 134/ШШ2020/00222 дугаартай шүүхийн шийдвэрийг ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргээс үзэхэд нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК нь хариуцагч Г.Энхжаргалд холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/3 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ татан авчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Эко Сүмбэр хотхоны 9 дүгээр байрны 2 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Энхжаргалд даалгаж, нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК-иас 40.850.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Энхжаргалд олгохоор, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг дурдаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх боловч давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх шатанд эвлэрлийн гэрээнд нэмэлт оруулж, нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК нь хариуцагч Г.Энхжаргалд холбогдуулан гаргасан Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,150,000 төгрөгийг хэсэгчлэн буюу 2021 оны 2 дугаар сард 5,000,000 төг, 2021 оны 3 дугаар сараас 7 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 2,830,000 төгрөгийг Цогц Өргөө ХХК-ний дансанд төлж барагдуулах график гарган тохирч, талууд эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцэлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсаныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2020/00222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Цогц Өргөө ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 19,150,000 төгрөгийг хэсэгчлэн 2021 оны 2 дугаар сард 5,000,000 төг, 2021 оны 3 дугаар сараас 7 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 2,830,000 төгрөг төлж барагдуулах график гарган харилцан тохиролцсон зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 362,200 төгрөг, хариуцагчийн 482,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч Г.Энхжаргал нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Г.ТЭГШСУУРЬ