Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2020/02134

 

 

 

 

2020 12 17 155/ШШ2020/02134

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дугаар багийн******* тоотод оршин суух******* овогт*********************-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2020/01987/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч байгууллагын захирал*******, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие******* нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тооцооны нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/74 дугаартай захирлын тушаалаар намайг жинхлэн ажиллуулсан. Үүнээс хойш одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн. Намайг санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал, гүйцэтгэл, цаг ашиглалт зэргийг харгалзан нягтлан бодогчийн орон тоог нэг болгон цөөрүүлэх шаардлага үүсч байгааг үндэслэн гэсэн шалтгаанаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар ажлаас минь чөлөөллөө. Надад нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй.

Иймд************** намайг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ажлаас халах тухай тушаал гаргахаасаа өмнө албан ёсоор ажлаас халах талаар огт ярьж хэлээгүй. Захирлын зөвлөлийн дэргэдэх хурлын шийдвэрээр ажлаас халахаар шийдвэрлэж байгаа гэсэн боловч үүнийгээ надад танилцуулж байсан удаа байхгүй. Тухайн хурал болсон гээд байгаа өдөр нь би хуралд огт суугаагүй, нэг ёсондоо тэр өдөр хурал болоогүй байтал хурлын тэмдэглэл дээр яагаад миний нэрийг оролцуулж, намайг байсан мэтээр бичсэн юм бэ? гэж асуумаар л байсан. Ажлаас халах тухай мэдэгдлийг надад 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн ба тэр үед мэдэгдлийг надад өгөхөд хэлсэн үгийг маань дуу хураагуурт бичиж авчихаад намайг хурал дээр тэр үгийг хэлсэн болгоод байх шиг байна. Би тухайн байгууллагад захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр түр тушаалаар анх тооцооны нягтлан бодогчийн ажилд томилогдож 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/74 дугаартай тушаалаар тооцооны нягтлан бодогчийн ажилд жинхлэн томилогдож байсан. Ингээд би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирлын Б/75 дугаартай тушаалаар ажлаасаа халагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед би ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргээ гүйцэтгэж, хий гэсэн бүх л ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ажлын ачаалал нь багассан учир орон тоог цөөрүүлсэн гэж хэлж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээнд холбогдсон гэж хэлж байгаа ч бүрэн гүйцэд холбогдож дуусаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан татвар бүх юмаа гараараа шивж оруулаад явж байгаа. Малын тоо толгой цөөрсөн гэж байгаа боловч тоо бүртгэлийнх нь хувьд өмнө нь ч ажил дээр ачаалал өгөөд байдаггүй, жилдээ хоёр удаа очиж тоолж бүртгэлийг нь хөтөлдөг байсан. Дотуур байрны хүүхдүүдийн хоолны тооцоо байхгүй болсон гэдэг дээр хэлэхэд 2019 оны эхэн үеэс дотуур байрны хүүхдүүдийн хоолны тооцоо хийхгүй болсон ч ажилчдын хоолны тогооч гэж нэмэгдэж орж ирсэн ба ялгаагүй л түүний тооцоог хийж байсан. Бүтэц орон тоо хүрэхгүй байгаа юм бол яагаад түүндээ хамааруулж ажилчдаа ажиллуулахгүй, хууль дүрэм журам яриад байгаа мөртлөө үүнийхээ дагуу ажлаа хийхгүй байж яагаад батлагдсан орон тоотой миний ажлын байрыг надаас нэхээд шаардаад байгаа юм бэ? Тухайн байгууллагад бүтэц орон тоонд багтахгүй зөндөө л хүмүүс ажиллаж байхад яагаад намайг халж байгаа юм бэ? Эсвэл намайг халж байгаа юм бол өөр бүтэц орон тоон дээр ажиллуулах боломж байсан. Иймд******* намайг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: МСҮТ-ийн захирал******* би Төсвийн тухай хуулийн 16.5-д заасан Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд бус хуулийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэснийг үндэслэж Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар нягтлан бодогчийн орон тоог нэг болгох, өмч хөрөнгийн бүртгэл хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор няравын орон тоог 2 болгох тухай хэлэлцэж ажилласан. Тус хуралд Ерөнхий нягтлан бодогч тооцооны нягтлан бодогч******* нар оролцсон. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсгох үйл ажиллагааг 2 удаа явуулсан болно. Улмаар тооцооны нягтлан бодогч*******д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу мэдэгдлийг нэг сарын өмнө өгч гарын үсэг зуруулсан. Мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн. Энэ нь нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай*******ыг ажлаас чөлөөлөх тухайг мэдэгдсэн.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаагүй болно. Улмаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Дээрх сонсгох үйл ажиллагаа явуулсан ажлаас чөлөөлхөөс 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг өөрт нь өгч гарын үсэг зуруулсан нь*******ын надад нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй болохыг нотлож байна.******* нь ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч хоёр сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээн авсан болно. Миний бие төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж*******ыг ажлаас чөлөөлөх шийдвэрээ хуульд нийцүүлж гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******д орон тоо цөөрүүлэх талаарх шийдвэрийг танилцуулсан. Хуралд өөрөө биечлэн оролцоогүй гэж байгаа боловч хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Би энэ хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эхлээд хурал хийгээд нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл 2 нягтлан бодогч, 1 няравтай ажиллахад хэн нь юу хийж байгаа нь ойлгогдохгүй ажил цалгардаж байгааг, хөрөнгийн хадгалалт хамгаалалт сул, үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгөө хариуцсан нярав шаардлагатай юм байна гэж үзсэний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан. Ийм учраас нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлнэ гэдэгтэй холбоотой асуудлын талаар сонсох ажиллагааг явуулсан. Дараа нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгөхдөө санхүүгийн ажлын ачаалал, гүйцэтгэл, цаг ашиглалт зэргийг харгалзана гэж гурван үүргийг оруулсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн ажлыг 2 нягтлан биш, 1 нягтлан гүйцэтгэх бололцоотой болж орон тоог 1 болгож цөөрүүлэх шаардлага үүсэж байна гэж 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн. Сонсох үйл ажиллагаа явуулсан, мэдэгдэл өгсөн нь орон тоо цөөрүүлэх талаар шийдвэр гарч байгааг танилцуулсан хэлбэр гэж ойлгож байгаа. Орон тоог цөөрүүлэх талаар мэдэгдэл өгөөд сарын дараа ямар нэг гомдол, санал, хүсэлт ирүүлээгүй байгаа. Орон тоо цөөрүүлэх талаар 1 сарын өмнө мэдэгдэж байгаа нь тухайн ажилтан нэг сарын дотор орон тоог нь цөөрүүлэх гэж байгаа талаар ажил олгогчтойгоо ойлголцох, санал, хүсэлтээ илэрхийлэх боломжит хугацаа гэж ойлгож байгаа. Үүнд ямар нэгэн асуудал гаргаагүй. Ингээд сарын дараа шийдвэрээ гаргасан. Шийдвэрт 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж байгаа. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсны дагуу шийдвэрлэсэн.*******ын нэхэмжлэл дээр нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй гэж байгаа нь удирдах дээд байгууллагын орон тоог цөөрүүлсэн зохих шийдвэр гэж ойлгоод байгаа юм байна. Төсвийн шууд захирагч бол Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар цалингийн санд багтаан орон тоог хязгаарлах бүрэн эрхтэй бөгөөд байгууллагын орон тоог цөөрүүлэх тал дээр хурлаар хэлэлцсэн учир шийдвэр танилцуулагдаж явсан гэж үзэж байгаа юм. Ингээд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-дэх заалтуудыг үндэслээд хөдөлмөрийг гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой. Тэтгэмжийг 2 сараар тооцож олгосон. Үүний дараа******* нэг удаа орж ирээд мөнгө бага байна гэсэн асуудал тавьсан байсан. Тухайн үед нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлээд эргэлтийн хөрөнгө хариуцсан няравтай болох гэж байгаа учраас өөрсдийн боломжийг харгалзан 2 сараар тэтгэмжийг өгсөн байгаа юм. Мөн нийт төсвийн байгууллагууд мэдээллийн нэгдсэн санд холбогдсон. Үүнтэй холбоотой тооцооны нягтлан бодогчийн хийж байсан нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой бүртгэл нэгдсэн системд холбогдсон. Өөр нэг зүйлийг онцолж хэлэхэд*******ыг тооцооны нягтлан бодогчоор ажилд авах үед манай байгууллага дотуур байрны хүүхдүүдийн хоолыг хийж өгдөг байсан. Тогооч нар хоол хийдэг учир хоолны материал орлого зарлага тооцох гол ажил байсан бөгөөд энэ ажил хийгдэхгүй болсон. Өөрөөр хэлбэл бид нар 73-таа багтаагаад орон тоогоо хязгаарлаад яв гэсэн учраас тогооч нарын орон тоог цөөрүүлсэн ба хүүхдүүдэд хоолны мөнгийг нь шууд өгдөг болсон. Хүүхдийн хоолны асуудалтай холбоотой тооцооны нягтлан бодогчийн ажил байхгүй болсон гэсэн үг юм. Мөн туслах аж ахуйтай холбоотой малын тоо толгой бүртгэх орлого зарлагыг тооцохтой холбоотой ажил байдаг. Үүнийг бид ярилцаад малаа нядлаад зах зээлийн үнэ ханшаар борлуулах болж 396 толгой малыг нядалж зарж борлуулсан учраас үүнтэй холбоотой хийх ажил мөн байхгүй болсон. Ийм учраас нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх нь зүйтэй байна гэж үзсэн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай тушаал ирсэн. Энэ бүтэц орон тоог баталсан шийдвэр 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан боловч сая 12 дугаар сарын 11-ний өдөр бидэнд цахимаар ирсэн. Бүтэц орон тоог батлах хэлэлцүүлэг нилээн удаан явсан. Хувийн болон төрийн өмчийн 85 мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага байдаг ба энэ бүгдийн саналыг авсан. Үүнийг гарахаас өмнө 1000 хүүхдээс доош суралцагч хүүхэдтэй сургуульд нэг нягтлан бодогч байна гэсэн чиглэл өгсөн. Манай сургууль саналаа өгөхдөө нэг нягтлантай байхаар саналаа хүргүүлсэн байгаа. Энэ тухай хамт олондоо хэлсэн. Ойрын хэдэн жилдээ 1000 хүүхэдтэй болж чадахгүй. Энэ жил гэхэд 517 хүүхэдтэй байгаа. Ингээд бүтэц орон тоог батлаад шийдвэр ирэхэд нэг орон тоотой байхаар шийдсэн байсан. Энэ нь*******ыг ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 9 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр байгаа юм. 18 орон тоог заавал байх ёстой гэж баталсан бөгөөд энэ дотор тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй байгаа юм. Бусад боловсролын туслах ажилтан, төсвийн тухай хууль болон 16.5.3-т заасны дагуу захирал өөрөө шийдвэр гаргах ёстой. Ийм учраас*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаалаар тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг Б/75 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 5-р тал/,*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 38-40-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь*******ыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо нь хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх нийтлэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ба хуулийн энэхүү заалтын орон тооны цомхтгол нь байгууллагыг татан буулгасан, ажиллагсдын тоог хасах, цөөрүүлэх гэсэн 3 агуулгаар хэрэгждэг учиртай.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэхэмжлэгч*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ...төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр*******д мэдэгдлийг 1 сарын өмнө өгч түүнийг тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнчлэн захиргааны удирдлага болон бусад ажилчдын жишиг бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалаар 1000 хүртэл суралцагчтай тохиолдолд нягтлан бодогчийн орон тоог нэг байхаар баталсан ба энэ жишгийн дагуу*******ын ажлын байрыг цөөрүүлсэн. ...гэж тайлбарлаж энэхүү тайлбартайгаа холбогдуулан Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, дээрх тушаалын 1,2,3 дугаар хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл,*******ыг ажлаас чөлөөлөх тухай гэх 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай тушаал, 2020 оны 10 сарын 23-ны өдрийн №262 дугаартай төлбөрийн хүсэлт гэх баримтын хуулбар, Д.Лхагвадорж, Д.Одбаяр,******* нарт тушаал гардуулсан тухай баримтын хуулбар, тооцооны нягтлан бодогч Нармандах овогтой*******д хүргүүлсэн мэдэгдэл, санхүүгийн баримт 3 хуудсаар, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалын тодорхойлолт гэх баримтын хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний А/185 дугаартай тушаалаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишгийг 999 хүртэл суралцагчтай тохиолдолд захирал-1, захиргаа аж ахуйн менежер-1, ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч-1, ...байхаар баталжээ.

Гэтэл хариуцагч байгууллагын захирал нь нэхэмжлэгч*******ыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх боловч энэ талаар тушаалд тусгаагүй, тухайн байгууллагын бүтцээс ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгаж орон тоог цөөрүүлсэн болохоо нотолж чадахгүй байна.

Ажил олгогч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийнхээ дагуу, мөн Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар нягтлан бодогчийн орон тоог нэг болгон цөөрүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн бодит нөхцөл байдлаар хариуцагч нь байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тооцооны нягтлан бодогчийн ажлын байрыг үгүй болгож орон тоог хасаж шийдвэр гаргажээ.

Тодруулбал Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний А/185 дугаартай тушаалаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишгийг 999 хүртэл суралцагчтай тохиолдолд захирал-1, захиргаа аж ахуйн менежер-1, ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч-1, ...байхаар баталсан байхад нэхэмжлэгч*******ын ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажлын байрыг цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул*******ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,*******0 дугаар зүйлийн*******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар*******ыг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН