Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00692

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 08 001/ХТ2021/00692

 

 

 

Н.Хонгорзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2020/02134 дүгээр шийдвэр,

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 225/МА2021/00002 дугаар магадлалтай,

 

Н.Хонгорзулын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Баатар-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Хонгорзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Н.Баатар-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Хонгорзул нь 2018.05.01-ний өдрөөс Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тооцооны нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2018.10.22-ны өдрийн Б/74 дугаартай захирлын тушаалаар намайг жинхлэн ажиллуулсан. Үүнээс хойш одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн. Намайг санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал, гүйцэтгэл, цаг ашиглалт зэргийг харгалзан нягтлан бодогчийн орон тоог нэг болгон цөөрүүлэх шаардлага үүсч байгааг үндэслэн гэсэн шалтгаанаар 2020.10.16-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар ажлаас минь чөлөөллөө. Надад нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй. Иймд Нармандахын Хонгорзул намайг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баатар-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МСҮТ-ийн захирал Н.Баатар-Очир би Төсвийн тухай хуулийн 16.5-д заасан Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд бус хуулийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэснийг үндэслэж Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар нягтлан бодогчийн орон тоог нэг болгох, өмч хөрөнгийн бүртгэл хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор нярвын орон тоог 2 болгох тухай хэлэлцэж ажилласан. Тус хуралд Ерөнхий нягтлан бодогч Ш.Даваасүрэн тооцооны нягтлан бодогч Н.Хонгорзул нар оролцсон. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсгох үйл ажиллагааг 2 удаа явуулсан болно.

Улмаар тооцооны нягтлан бодогч Н.Хонгорзулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу мэдэгдлийг нэг сарын өмнө өгч гарын үсэг зуруулсан. Мэдэгдлийг 2020.09.11-ний өдөр өгсөн. Энэ нь нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай Н.Хонгорзулыг ажлаас чөлөөлөх тухайг мэдэгдсэн. Н.Хонгорзул нь 2020.09.11-нээс 2020.10.16-ны өдрийн хооронд ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаагүй болно. Улмаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Дээрх сонсгох үйл ажиллагаа явуулсан ажлаас чөлөөлөхөөс 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг өөрт нь өгч гарын үсэг зуруулсан нь Н.Хонгорзулын надад нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Н.Хонгорзул нь ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч хоёр сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээн авсан болно. Миний бие төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж Н.Хонгорзулыг ажлаас чөлөөлөх шийдвэрээ хуульд нийцүүлж гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2020/02134 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.Хонгорзулыг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 225/МА2021/00002 дугаар магадлалаар: Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баатар-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: хариуцагч тал миний бие үндэслэлгүй гэж үзэн тус аймгийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...тодруулбал... А/185 дугаартай тушаалаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишгийг 999 хүртэл суралцагчидтай тохиолдолд захирал-1, захиргаа аж ахуйн менежер-1, ерөнхий нягтлан бодогч-1, нягтлан бодогч-1, ...байхаар баталсан байхад нэхэмжлэгч Г.Хонгорзулын ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажлын байрыг цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ... гээд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ. Дүгнэлт хийсэн энэ үндэслэл нь бодит байдлаас зөрүүтэй, ноцтой алдаа гаргасан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан орон тооны жишиг бүтцийн МСҮТ гэсэн хэсэгт манай сургууль хамааралтай байхад огт хамааралгүй ПК (Политехник коллеж)-ийн бүтцийг хамааралтай болгосон байна. Энэ талаар тодорхой тайлбарласаар байхад түүнийг үндэслэлгүйгээр үгүйсгэж хуулийг буруу хэрэглэж байгаа нь хариуцагч байгууллагын эрх зүйн байдлыг илтэд дордуулж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан болохыг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж бичсэн.

Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай тушаал, тушаалын гуравдугаар хавсралтыг үндэслэх хэсэгтээ нотлох баримтад үнэлэн дурдаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаартай Захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишиг бүтэц гэх 3 дугаар хавсралтын 999 хүртэл суралцагчтай буюу зөвхөн ПК Политехник коллеж-д хамааралтай удирдлага, зохион байгуулалтын жишиг бүтцийг баталсан ба энэ жишигт хамааруулж дүгнэх боломжгүй байна гэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь нэн харамсалтай бөгөөд хариуцагч талын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Мөн хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо нэхэмжлэгч Н.Хонгорзул шүүх хуралдаанд нэхэмжлэлээ тайлбарлахдаа орон тоо цөөрүүлсэн шинэ бүтцээр тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсныг мэдэж байна. Ийм учир өөр ажилд авч өгөхийг хүсч байна гэж нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулаад байхад шүүгч өөрчлөгдөж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг судалж үзсэнгүй гэдэгт ямар ч дүгнэлт хийсэнгүй. Одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд нэгч тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй бөгөөд хүний нөөцийн программд хүлээж авахгүй байгааг энд дурдах нь зүйтэй гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Хонгорзулын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Хонгорзул нь Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, ...ажлын ачаалал багассан үндэслэлээр миний орон тоог цөөрүүлж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн байгууллагад бүтэц, орон тоонд багтахгүй зөндөө хүмүүс ажиллаж байхад зөвхөн намайг ажлаас халж байгаа нь хууль бус, ...өөр орон тоонд ажиллуулах боломжтой байсан гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс, нэхэмжлэгч Н.Хонгорзулыг тооцооны нягтлан бодогчийн ажлын байрыг цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу, ...ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Хонгорзул нь Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2018.5.01-ний өдрөөс тооцооны нягтлан бодогчоор түр томилогдож, улмаар 2018.10.22-ны өдрөөс жинхлэн ажилласан байх ба тус төвийн захирлын 2020.10.16-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлийг, захиргааны удирдлага болон бусад ажилчдын жишиг бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаар тушаалаар батлахдаа 999 хүртэл суралцагчтай тохиолдолд нягтлан бодогчийн орон тоог нэг байхаар баталсан тул Н.Хонгорзулын ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргасан байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтцийг баталсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаар тушаалаас үзэхэд уг тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтэц-ээр МСҮТ /Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/-д ...ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч 0, ..., ПК /Политехник коллеж/-д ...999, 1000-1999, ...хүртэл суралцагчтай тохиолдолд, ...ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч 1, ... байхаар баталжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежийн захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтцийг батлахдаа нягтлан бодогчийн орон тоог өөр байхаар тогтоосон байхад шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийддвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаар тушаалаар ...999 хүртэл суралцагчтай тохиолдолд ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч 1, ...байхаар баталсан байхад нэхэмжлэгч Н.Хонгорзулын ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажлын байрыг цөөрүүлсэн нь буруу гэсэн, харин давж заалдах шатны шүүх ...3 дугаар хавсралтаар 999 хүртэл суралцагчтай буюу зөвхөн ПК /Политехник коллеж/-д хамааралтай удирдлага, зохион байгуулалтын жишиг бүтцийг баталсан, энэ жишигт хамааруулж дүгнэх боломжгүй гэсэн эргэлзээтэй дүгнэлтүүд хийсэн нь нотлох баримтыг үнэлэх талаарх хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчээс ...тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсон. ...зөвхөн намайг ажлаас халж байгаа нь хууль бус, өөр орон тоонд ажиллуулах боломжтой байсан гэсэн тайлбар гаргасан, иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, талуудын маргаж буй үндэслэл, баримтыг шалгаж тодруулан, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2020/02134 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ