Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00992

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийдвэр,   

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр магадлалтай,

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Б.Э-д холбогдох,

2019.07.25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз, 2 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Гын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г нь Б.Эд холбогдуулан 2019.07.25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз, 2 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, граш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Гын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гын хариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан “2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Тайван гал” ХХК-ний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз, 2 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Гын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 898 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гын хариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Тайван гал” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, гарааш, зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Гын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.38, 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гын хариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Тайван гал” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, граш, зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Гын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Гын нэхэмжлэлтэй Б.Эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Батмандах би тус хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 104 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Г би хариуцагч Б.Этай 2019.07.25-ны өдрийн 1530 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 1529 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгөө 140,000,000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа тус өдөр өөр нотариатч дээр очин 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр дээрх эд хөрөнгүүдээ 50,000,000 төгрөгөөр худалдсан мэт гэрээ байгуулсан. Өмнөх 140,000,000 төгрөгөөр байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор 50,000,000 төгрөгөөр байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Энэ үйлдэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор байна.

Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлж, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байна.” гэсэн тайлбарын дагуу хэлцэл хийгч талууд анхнаасаа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 50,000,000 төгрөгөөр худалдан авах болон худалдан борлуулах санаа зорилгогүй байсан.

Мөн хуулийн тайлбарт “...Талууд санал нэгдэн дэмжин, хүчин төгөлдөр байх бүх нөхцөл өгөгдсөн тохиолдолд халхавч хэлцэл хүчин төгөлдөр байна” гэх ба бусад тохиолдолд хүчин төгөлдөр бус, харин талууд халхавч хэлцлийг хүчин төгөлдөр байлгахыг санал нэгтэйгээр дэмжсэн тохиолдолд л хүчин төгөлдөр байхаар тайлбарлажээ. Гэтэл талуудын хэн аль нь ч халхавч хэлцлийг хүчин төгөлдөр байлгахыг дэмжсэн, дэмжихээ илэрхийлсэн үйл явдал болоогүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх уг хэлцлийг тайлбарлахдаа ...талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, өөр агуулгатай хэлцлийг өөр агуулгатай хэлцлээр халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг ойлгох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-д хамааруулан, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж тайлбарладаг.

Гэвч хуулийн зүйл заалт, хуулийн тайлбараас харахад эсрэгээрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.12-ны өдрийн 898 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 104 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Эд холбогдуулан 2019.07.25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 3250 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 3252 дугаартай “Тайван гал” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, Угалз, 2-р гудамжны 2 тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, гараж зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Гын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 140,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар Д.Г, Д.Буян-Орших нартай ярилцаж тохиролцон, 2019.07.25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд байгуулж, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч, өмчлөгч болсон... гэж маргасан байна.

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулжээ.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Этай 2019.07.25-ны өдөр 1530 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, 1529 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх, мөн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 168 м.кв талбайтай дэлгүүр, гараж зэрэг үл хөдлөх хөрөнгө, 531 м.кв талбай бүхий газар, “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа зэргийг нийт 140,000,000 төгрөгөөр түүнд худалдсан байна. Улмаар зохигч мөн өдөртөө, дахин дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар, компанийн хувьцаа зэргийг нийт 50,000,000 төгрөгөөр худалдсанаар худалдах, худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх 3250, 3251, 3252 тоот гэрээ байгуулж, уг гэрээнүүдийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх, мөн “Тайван гал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг худалдан авагч Б.Эын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс ...хариуцагчтай 140,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг халхавчлах зорилгоор бид 50,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг дахин хийсэн, бидний хооронд байгуулсан 3250, 3251, 3252 тоот гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-т зааснаар дээрх гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгө, газрыг буцаан шилжүүлэх үндэстэй гэж маргажээ. 

Зохигч нь дээрх 3250, 3251, 3252 тоот гэрээнүүдийг үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварыг бага төлөх зорилгоор байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. 

8. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ...анхан шатны шүүхийн ...газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээр тохиролцсон тохиролцоо ижил, харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон худалдах үнийг, улсад татвар бага төлөх зорилгоор 50,000,000 төгрөгөөр худалдсанаар дахин гэрээ байгуулсан, ...талууд худалдах, худалдан авах хэлцлээс өөр хэлцэл хийгээгүй, уг гэрээ, хэлцлийн дагуу худалдсан эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчид шилжсэн, гэрээний үнийн дүн зөрүүтэй байгаа нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэсэн дүгнэлтүүд хийж, нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцсэн талаар зөв дүгнэжээ.

Мөн зохигчийн маргаж буй эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.Гын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх, түүнийг дангаараа бие даан захиран зарцуулах эрхтэй этгээд мөн эсэх талаарх маргааныг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.17-ны өдрийн 101 дүгээр шийдвэр, мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 27 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

9. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өмнөх 140,000,000 төгрөгөөр байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор 50,000,000 төгрөгөөр байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ үйлдэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор байна. ...хоёр шатны шүүх ...талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, өөр агуулгатай хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-д хамааруулан, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа магадлалын тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах шаардлагатай, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.38” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1.3” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.16-ны өдөр төлсөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД