Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 898

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00606/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгаламаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:  . . .  аймаг, . . .  сум, . . .-р баг, . . . дугаар хороолол, . . . тоотод оршин суугаа, Ш овогт Д.Г /утас . . ./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: . . .  аймаг, . . . сум, . . . баг, . . . хороолол, . . . байрны . . . тоотод оршин суухгаа, Ц овогт Б.Э /утас . . ./-д холбогдох

 

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, . . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . ., . . . дугаар гудамж . . . тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Г миний бие эхнэр Д.Б 2001 онд гэр бүл болсноос хойш 3 хүүхдийн эцэг, эх болон амьдарч байна. Бид хоёр энэ хугацаанд бусдын л адил хувиараа хөдөлмөр эрхэлж ирсэн. Энэхүү хөдөлмөрийн үр дүнд . . . аймаг, . . . сум, . . . баг, . . .  гудамж, . . . тоот хаягт байрлах 531 мкв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч болсон. Улмаар тус газар дээрээ 2010 онд 168.8 мкв талбай бүхий хүнс, барааны дэлгүүр болон гарааш барьсан. Тус дэлгүүрийн үйл ажиллагаагаа тогтмол явуулахын тулд “Тайван гал” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Анх дэлгүүр, гараашийн өмчлөгчөөр манай эхнэр Д.Б, харин компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр миний бие бүртгэгдсэн. Гэтэл дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг явуулахад банкнаас зээл авах, гэрээ байгуулах зэрэг асуудалд надаас гадна эхнэрийн зөвшөөрөл байнга шаардагдаж төвөгтэй байдал үүссэн тул эхнэр бид хоёр ярилцаж байгаад 2016 онд дэлгүүр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн.

2019 онд манай том охин гэнэт өвдөж манай гэр бүлд мөнгөний хэрэг гарсан. Мөн манай эхнэр дэлгүүрийн үйл ажиллагаагаа өдөр шөнөгүй эрхэлж гэр бүлдээ тавих анхаарал багасаад байсан тул миний бие уурлаж “энэ дэлгүүрийг зарчих юм бол бүх асуудал зүгээр болчих юм байна” гэж бодсон. Гэтэл манай эхнэр дэлгүүр зарах гэж байгааг мэдээд надад уурласан. Энэ асуудлаас болоод миний бие эхнэртээ гар хүрч, улмаар 2019 оны 07 сарын 25-ны өдөр дэлгүүр, гарааш, газар, компанийн хувьцаа зэргээ бүгдийг нь Б.Э гэдэг хүнд зарсан.

Гэхдээ дээрх хөрөнгөө шилжүүлэх гэрээ хийхдээ 2 өөр гэрээ хийсэн. Учир нь худалдан авсан Б.Э хэлэхдээ “Үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн бага байвал бага татвар төлдөг” гэж ойлгуулсан. Тиймээс анх нотариатч Д.Г дээр 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 1530 дугаар “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 1529 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Тус гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгөө 140,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээний нөхцөлдөө тусгасан.

Харин дараа нь нотариатч Д.Б дээр очиж 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 3251 дугаар “Ү хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 3250 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 3252 дугаар “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулсан. Тус гэрээгээр татвар бага төлнө гэхээр нь үл хөдлөх хөрөнгөө 50,000,000  төгрөгөөр худалдсан болгож гэрээндээ тусгасан.  Улмаар 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 3251 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 3250 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 3252 дугаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл 140,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг халхавчлах зорилгоор 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ дахиж хийсэн.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 дугаар зүйлд заасны дагуу Д.Г болон Б.Э нарын хоорнд байгуулагдсан 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 3251 дугаар “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 3250 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 3252 дугаар “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, . . . аймаг, . . . сум, . . . баг, . . . гудамж, . . . тоот хаягт байрлах 168 мкв талбай бүхий дэлгүүр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 мкв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэлхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлох үүрэг хүлээдэг.Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх «зарчмыг хангахын нэг үндэс нь дээр дурдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хамаардаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд маргаан бүхий эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах гэсэн шаардлагыг гаргасан байх бөгөөд уг хэрэгт хариуцагчаар Б.Э татагдан оролцож байгаа, Улсын бүртгэлийн байгууллага хариуцагчаар татагдаагүй, магадгүй хариуцагчаар татагдах боломжгүй буюу энэ тохиолдолд иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах эсэхэд эргэлзээ бий болох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч Ц.Г нь 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 3251 дугаар “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон мөн өдрийн 3250 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаар “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын үндэслэлээ “... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан бөгөөд эхнэр дургүйцээд байхад би өөрөө дур мэдэн Б.Э зарсан, ...хөрөнгө шилжүүлэхдээ 2 өөр гэрээ хийсэн бөгөөд эхлээд талуудын тохиролцсон, хүсэл зоригийн хүрээнд 140,000,000 төгрөгөөр дараа нь өөр нотариат дээр очиж 50,000,000 төгрөгөөр худалдах нөхцөлтэй гэрээ байгуулснаараа 50,000,000 төгрөгийн хэлцэл нь халхавчлах зорилгоор хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж тайлбарлажээ.

Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу Ц.Г эхнэр болох Д.Б нь мөн нь л дээр дурдсан үндэслэлээр буюу маргаан бүхий эд хөрөнгүүд нь Ц.Галбадрахын хуваарьт хөрөнгө биш, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар 50,000,000 төгрөгийн хуурамч хэлцлээрээ маргаан бүхий эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсан гэж дээр дурдсан 3 хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж дээрх 3 хэлцлийг хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Эндээс үзвэл яг нэг асуудлаар 2 өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд 2 дахь нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй тохиолдолд 3 дах нэхэмжлэлийг дахин өөр үндэслэлээр гаргах боломжтой гэж харагдахаар байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь 2 шатны шүүх шийдвэрлээд хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Г болон Б.Энарын хооронд хийгдсэн 3-н хэлцэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл буюу талуудын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож хийгдсэн. Өөрөөр хэлбэл бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсч, талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр дээрх гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн болно. Тодруулбал миний бие нь Д.Г гэрээ байгуулах саналын дуудлага болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт зарна гэсэн зарыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Дархан хамгийн том зарын групп” зарын сайтаас уншиж танилцан 7 сарын эхээр нөхрийн хамт Д.Б очиж уулзаж, дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцан, гэрээний үнийн талаар ярилцахад Д.Б нь 150,000,000 төгрөгөөс дэлгүүрийн складны дээврийн засварын ажлын хөлсийг хасаад харилцан тохиролцож болно гэж хэлж байсан. Дараа нь Д.Б дэлгүүрээ, гарааш, газрын хамт 140,000,000 төгрөгөөр авах уу гэж над руу залгасан.

Ингээд миний хувьд хувийн бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулах хүсэл сонирхолтой байсан бөгөөд тухайн дэлгүүрийн байршил бусад нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Д.Г, Д.Б нартай харилцан тохиролцож 2019 оны 07 сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 140,000,000 төгрөгөөр . . . аймаг . . . сум . . . дугаар баг . . . гудамжны . . . тоот 168 мкв дэлгүүр, гараашийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003014491 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон 531 мкв үйлчилгээний зориулалттай 000556490 дугаар гэрчилгээтэй газрыг худалдан авсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсний үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Миний хувьд Иргэний хуулийн 114дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.1-т заасны шударга өмчлөгч гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудын хүрээнд Д.Г шүүхэд гаргасан "... 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3251 дугаар “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон мөн өдрийн 3250 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаар “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, . . . аймаг . . . сум . . . дугаар баг . . . гудамжны . . . тоот 168 мкв дэлгүүр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 мкв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, . . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар гудамж . . . тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-н өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигчид болох Д.Г, Б.Э нар нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулан Д.Г-н өмчлөлийн Дархан сумын 3 дугаар баг 7-ын буудлын хажууд 531 м.кв талбайтай газар, . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар гудамж, . . . тоот, Улсын бүртгэлийн Ү-2003014491 дугаарт бүртгэгдсэн 168.0 мкв талбайтай дэлгүүр, гарааш болон “Тайван гал” ХХК-ний хувьцаа зэрэг эд хөрөнгүүдийг 140,000,000 төгрөгөөр Б.Э-д худалдаж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан 1530 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 3252 дугаартай “Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай магадлал болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Мөн өдөр Д.Г, Б.Энар нь дэлгүүр, гараашийг 50,000,000  төгрөгөөр худалдахаар тохиролцсон 3251 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, үйлчилгээний зориулалттай газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Тайван гал” ХХК-ний хувьцааг 1 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон 3252 дугаартай “Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулан, уг гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэн, дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөх эзэмших эрхийг Б.Э шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г нь “...татвар бага төлнө гэхээр нь үл хөдлөх хөрөнгөө 50,000,000 төгрөгөөр худалдсан болгож гэрээндээ тусгасан. ...Өөрөөр хэлбэл 140,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг халхавчлах зорилгоор 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ дахиж хийсэн...”  гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3250, 3251, 3252 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар дээрх гэрээнүүдийн дагуу Б.Э өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө болон компаний хувьцаа зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Гын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгуулахаар шаардлага гаргасан байна.

 

Д.Г, Б.Э нар нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1530, 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 1529, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээ” –нүүдийг бичгээр хийж, нотариатаар баталгаажуулсан байна.

1529, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийн талуудын тохиролцоо ижил байна.

Харин 1530 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээгээр талууд “...дэлгүүр, гараашийг 140,000,000 төгрөгөөр худалдахаар...” тохиролцсон боловч  нэхэмжлэгч Д.Г нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг бага төлөх зорилгоор   ...дэлгүүр, гараашийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон  3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” гэрээг дахин байгуулсан болох нь хэрэгт авагдсан татвар төлсөн тухай ХААН банкны 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх-66/, нэхэмжлэгч Д.Г-ын “...татвар бага төлнө гэхээр нь үл хөдлөх хөрөнгөө 50,000,000 төгрөгөөр худалдсан болгож гэрээндээ тусгасан...” гэх, хариуцагч талын “. . . Д.Г нь татвар бага төлнө гэж гуйсан учир дахиж гэрээ хийсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, 56.1.10-т “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байна, мөн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж тус тус заажээ.

“Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог бол хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгохоор дээрх хуульд зохицуулсан байна.

 

Зохигч талууд анхнаасаа худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан ба уг хүсэл зоригийн дагуу хийгдсэн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Д.Гаас хариуцагч Б.Э-д шилжсэн байна.

 

Өөрөөр хэлбэл талууд худалдах худалдан авах хэлцлээс өөр хэлцэл хийгээгүй, уг гэрээ хэлцлийн дагуу дээрх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн тул гэрээний үнийн дүн зөрүүтэй улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Д.Г-ын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                       

ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан “2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3251 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 3250 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 3252 дугаартай “Тайван гал” ХХК-ний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,  . . .  аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар гудамж . . . тоот хаягт байрлах 168 м.кв талбай бүхий дэлгүүр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 531 м.кв талбай бүхий газар болон “Тайван гал” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТУНГАЛАГМАА