Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2020/00436

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ... дугаар баг, .... тоотод оршин суух Б овогт Бгийн Н -ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд сум, .. дүгээр баг, .... тоотод оршин суух, А овогт Дгийн О,

 Хариуцагч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Нарны үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж, .... тоотод оршин суух Ш овогт Дийн И нарт холбогдох

2015 оны 9 сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах, 2018 оны 9 сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Ү-:... дугаарын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар /штэ-1461/, хариуцагч Д.О, хариуцагч Д.Иийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг, гэрч Г.А, О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Н би Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт “Шинэ зуун” төвийг баригдаж ашиглалтад ороход тус төвд байрлалтай үйлчилгээний зориулалттай 32.4 мталбай бүхий 1 өрөөг 27.600.000 төгрөгөөр худалдан авч 2013 оны 9 сарын 02-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн ... дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-:... дугаарт бүртгэгдэн өмчилж байсан. Манай нөхрийн төрсөн дүү Г.А 2015 оны 9 сард надтай уулзаад дээрх үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж хэрэглэж байгаад өгье гээд гэрчилгээг эхээр нь авсан. Дүү Г.А зээл өгч байгаа газрын ажилтан Д.О гэгч эмэгтэйн хамт ирээд нэг бичиг харуулаад үүн дээр гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсэг зурсан. Энэ үед би ажилтай яаруу явсан учир зээлийн барьцаанд тавьж хэрэглэж байгаад буцааж өгнө гэсэнд нь итгээд уг бичиг баримттай уншиж танилцаагүй, ямар нэр төрлийн бичиг баримт болохыг үзэж нягтлаагүй болно. Тэгээд энэ оны эхээр дүү Г.Атай утсаар ярьж нөгөө зээл чинь юу болж байна гэж асуухад төлөөд дууссан, харин зээл өгсөн хүмүүстэйгээ жаахан асуудалтай байгаа гэсэн. Ингээд миний үл хөдлөх хөрөнгө Д.И гэдэг хүний нэр дээр шилжсэнийг мэдсэн. Аймгийн цагдаагийн газарт 2020 оны 2 сард өргөдөл гаргаж шалгагдаад иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан гэж хэргийг хаасан. Миний өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт ...талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь Д.От 2015 оны 9 сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр, Д.Оээс 2017 оны 01 сарын 10-ны өдөр О.Нд олгосон итгэмжлэлийг үндэслэн 2018 оны 9 сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх Д.Иад шилжин үл хөдлөх хөрөнгийн ... дугаарын гэрчилгээ олгогдсон байна. Би нөхрийнхөө төрсөн дүү Г.Ад тусалж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгсөн. Түүний Д.О гэгчтэй хамт барьж ирсэн бичиг баримтыг үзэж танилцаагүй, гарын үсэг зурсан гэнэн байдал, илгэлд дөрөөлөн хууран мэхэлж гэрээ хийсэн, миний өмчлөлийн эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүй, хууль бусаар Д.Иын өмчлөлд шилжүүлсэн учир худалдах, худалдан авах 2015 оны 9 сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгөө гаргуулж өгнө үү. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхийн дагуу миний шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө, түүнийг өмчлөх эрхэд хариуцагч нь илтэд хууль бусаар эрээ цээргүй хандаж, өөрийн өмчлөлд авч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн. Худалдах, худалдан авах 2015 оны 9 сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл мөн Д.Оийн оролцоогүй байхад нэрийг нь ашиглан бэлэглэлийн гэрээг хийсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн хангалттай үндэслэлтэй тул 2018 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Ү-:... дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: :Д.О миний бие нь ...ХХК-ийн Замын-Үүд дэх 1 дүгээр салбарт 2011 оноос 2015 онд зээлийн мэргэжилтнээр 2015 оноос 2018 оны хооронд салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. ...ХХК-ийн захирал О.Н гэж хүн байсан бөгөөд Д.О миний бие нь ерөнхий захирлын шууд удирдлага доор ажиллаж байсан. 2012 оноос Г.А нь Замын-Үүд 1 дүгээр салбарын харилцагч болж эргэлтийн хөрөнгийн зээл авч бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Г.Ад анх зээл олгохдоо барьцаа хөрөнгө аваагүй ба барьцаагүй зээл олгосон болно. Энэхүү зээл өдөр бүр төлөлт хийгддэг өдрийн зээл юм. Агийн урьд  нь авсан зээлийн хүү алданги болон зээлийн үлдэгдэл нь нийлээд 74.000.000 төгрөг болж зээлийн анхан шатны баримт үйлдсэн болно. Ингэхдээ тухайн үед Г.А нь өөрөө байхгүй учир хүү болох Оргилболд гэх хүнтэй зээлийн гэрээ хийсэн болно. Тухайн үед Д.О миний бие нь зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд шийдвэр гаргах хэмжээний биш байсан. Учир нь салбарын эрхлэгчээр А.Б гэж хүн ажиллаж байсан. 2014 оноос Агийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ үед захирал О.Н нь намайг Агаас зээлийг нь төлүүлж дуусгахыг шахаж шаардаж хэрэв ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөрэй хэмээн дарамталж байсан. Тухайн үед миний бага хүү ой гарантай нялх байсан учир зарим тохиолдолд мөнгөө авч чадахгүйд хүрдэг байсан. Өдөр бүр шөнө оройн цагаар зээлийн хойноос хөөцөлдөж 37.000.000 орчим төгрөг төлүүлсэн. О.Н нь Аг зээлээ төлж чадахгүй бол ямар нэгэн барьцаа хөрөнгийг байршуулахыг шаардаж байсан. Мөн Д.О надад Агаас төлөгдөхгүй байгаа зээлэнд барьцаа хөрөнгө авахыг удаа дараа сануулж шахаж байсан. 2015 оны 9 сард О.Н намайг чи Атай хамт яваад Сайншандад байгаа байрыг нь өөрийн нэр дээр шилжүүлээд ир гэж хэлсэн. Үүнийг ямар учиртайг Агаас асуухад эгч нь зээлээ төлж чадахгүйн танай захирал барьцаа байршуул гээд байна. Ахаасаа байрыг нь түр хугацаагаар барьцаанд тавья гэж гуйхад зөвшөөрсөн юм гэж хэлсэн. Ингээд Атай хамт Сайншандад ирээд намын хороонд байрлах нотариат дээр очиход нэг танихгүй эмэгтэй хүн их яаруу ирж худалдах, худалдан авах гэрээтэй огт уншиж танилцаагүй шууд гарын үсгээ зурчихаад явсан. Ингээд Д.О миний нэр дээр Сайншанд сумын ....байр шилжигдсэн болно. О.Н нь энэхүү байранд ...ХХК-ийн 2 дугаар салбарыг нээж үйл ажиллагаагаа явуулах болсон. О.Н захирал нь анхнаасаа татвараас зайлсхийж өөрийн зээлийн төвөөс гаргасан зээлийн барьцаанд авсан үл хөдлөх хөрөнгөө хувь хүний нэр дээр шилжүүлсэн болно. Учир нь үйл ажиллагаагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн татварыг жил бүр хувь хүн буюу Д.О миний нэрээр төлөгдөж байсан. Мөн ...ХХК-ийн орлого зарлагын гүйлгээнүүд нь компанийн дансаар огт хийгддэггүй бөгөөд бүгд хувь хүний дансаар явуулдаг болно. ...ХХК нь 2018 оны байдлаар 15 салбартай байсан бөгөөд бүх салбарын зээлийн олголт зээлийн тооцолт зээлийн сунгалт гэх мэт ашиг орлогууд нь тухайн салбарын эрхлэгч буюу хувь хүний дансаар үйл ажиллагаагаа явуулж байдаг. Хувь хүн болон иргэн дээр татвар огт төлөгддөггүй болно. 2017 оны 01 сард Н нь чи миний нэр дээр итгэмжлэл хийж өг. Энэ бол чиний байр биш миний мэдлийн манай компанийн байр тийм болохоор надад энэ байрыг захиран зарцуулах эрхийг хуулийн хүрээнд эрхийг итгэмжлэлээр хийж өг хэмээн шаардсан. Тухайн үед миний бие нь захирал Нгийн удирдлага доор ажилладаг байсан тул үгүй гэж хэлэх эрх байгаагүй. Ингээд миний бие нь байрны гэрчилгээ эх хувь болон итгэмжлэлийн хамт Нд өгсөн. 2018 оны 7 сард ажлаас гарахдаа өөрийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг яаж шийдэх вэ. Ад хэлж байраа яахыг нь асуух уу гэж Нд удаа дараа хэлж сануулж асууж байсан. Гэтэл О.Н нь энэ чиний шийдэх асуудал биш, чамд хамаагүй би өөрөө шийдчихнэ гэж хэлсэн. Д.О миний биеийг ажлаас гарснаас хойш 2 сарын дараа Н нь өөрийн нөхөр болох И гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Миний бие нь И гэх хүнийг танихгүй бөгөөд бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй болно. О.Н нь үл хөдлөх хөрөнгөө өөрийн нөхөр дээр шилжүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгийн татвараа Д.О миний нэр дээрээс шилжүүлээгүй бөгөөд мөн үл хөдлөх хөрөнгийн татвараа төлөлгүй хугацаа хэтэрч Д.О миний нэр төрд санаатайгаар халдаж татварын дарамтад удаа дараа оруулсаар байна. 2020 оны 9 сарын байдлаар татвараа төлөөгүйн улмаас татвар дээр удаа дараа дуудагдаж ажил төрөл хийхэд саад учруулж байна. Иймд Д.О миний зүгээс Агийн гэх зээлийн барьцаанд түр хугацаагаар байршуулсан Сайншанд сум ....үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны эзэн болох Б.Нд буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Б.Н нь Замын-Үүд 1 дүгээр салбарын харилцагч биш бөгөөд ...ХХК нь барьцаат зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийн барьцаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог болно. Г.А нь авсан зээл нь эрсдэлд орж төлж чадахгүйд хүрвэл энэхүү зээлийн үүргийг хангуулахаар Сайншанд сум ....үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байршуулна гэсэн ямар нэгэн барьцааны гэрээ хуулийн хүрээнд хийгдээгүй болно. Ад гаргасан эргэлтийн хөрөнгийн зээл нь харилцагчаас барьцаа хөрөнгө шаардахгүйгээр барьцаагүй олгосон зээл болно гэв.

Хариуцагч Д.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.И нь 2018 оны 9 сарын 29-ний өдөр О.Нтай бэлэглэлийн гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг шинэ ахуйн үйлчилгээний 567 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-:... дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авсан болно. Тухайн үл хөдлөх хөрөнгөд 2015 оноос хойш ...ХХК-ийн Дорноговь аймаг Сайншанд сум дахь салбар “68 зээлийн төв” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоо ч ажиллаж байгаа юм. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан гэх Б.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл саруул хүн байж нотариат дээр өөрийн биеэр ирээд хөрөнгөө бусдад шилжүүлж буй худалдах, худалдан авах гэрээг уншиж танилцаагүй, ямар төрлийн бичиг баримт болохыг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь мөн 2015 оноос хойш тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрөө биш, байгууллага ашиглаад үйл ажиллагаа явуулж байхад мэдэхгүй байна гэх ямар ч боломжгүй зэргээс үзэхэд Б.Н нь тухайн үеийн үйл баримтыг мэдсээр байж мэдэхгүй дүр үзүүлэн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иргэн Г.А нь ...ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбараас 2014 оны 10 сарын 15-ны өдөр 76.900.000 төгрөгийн зээлийг барьцаагүйгээр, 50 хоногийн хугацаатай, 12 хувийн хүүтэйгээр зээлсэн ба зээлийг өдөр бүр төлж 2014 оны 12 сарын 04-ний өдөр дуусгах байсан боловч төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Г.А нь зээлийг авснаас  хойш өөрийн ажиллуулж байсан дэлгүүрийн орлогоос төлж байсан ба 36.900.000 төгрөгийг төлсөн байсан. 2015 оны 9 сарын 11-ний өдөр тооцоо нийлж үзэхэд 35.725.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 1.175.000 төгрөгийг нэмж аван нийт 40.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Г.А нь дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжгүй байх тул ах дүү нараасаа тусламж гуйсан. Ах нь үл хөдлөх хөрөнгөө өгье гэсэн, түүнийг танай нэр дээр шилжүүлж 27.500.000 төгрөгийн өр төлбөрийг хаая, үлдэгдэл 12.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон. ...ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрх олгогдоогүй, барьцаалж байгаагүй, Б.Нын үл хөдлөх хөрөнгийг ч зээлийн барьцаанд авах асуудал үүсэх боломжгүй юм. 2015 оны 9 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум дахь нотариат дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан Б.Н, ...ХХК-ийн Замын-Үүд салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Д.О, зээлдэгч Г.А нар уулзаж худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг шинэ ахуйн үйлчилгээний 567 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-:... дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн. Тэр цаг үеэс эхлэн ...ХХК нь тухайн хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэн салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Харин 2018 онд ...ХХК-ийн захирал О.Н нь эргэлтийн хөрөнгийн зээл авах шаардлага үүсч, үл хөдлөх хөрөнгө барьцаалахаар Д.Оээс итгэмжлэл хийлгэж авсан ба тухайн итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж Д.Иад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн болно. Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байсан Д.О нь 2019 оны 7 сард өөрийн албан тушаалын байдлыг ашиглан компанийн мөнгөн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд одоо Дорноговь аймгийн Замын-Үүд  сум дахь цагдаагийн хэлтэст мөрдөн шалгагдаж байгаа юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг Г.А өөрийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 5 жил гаруйн хугацаа өнгөрсөн, 2018 онд Д.Иын нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжсэн, 2015 оноос хойш тухайн хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байхад ямар ч гомдол санал гаргаагүй, чимээгүй байсан хүмүүс өнөөдөр цагдаа болон иргэний шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж байгааг Д.Оийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах компанийг шантаажлах зорилгоор хийж байгаа арга ядсан үйлдэл гэж үзэж байна. Б.Н нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн хариуцах чадвартай, насанд хүрсэн иргэний хувьд өөрийн биеэр Дорноговь аймаг, Сайншанд сум дахь нотариат дээр ирж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулсан, өнгөрсөн 5 жил гаруйн хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгийг ...ХХК ашиглан үйл ажиллагаа явуулж байхад нэг ч удаа ирж санал гомдол гаргаагүй зэргээс дүгнэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах санаа зорилго байсан бөгөөд гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Д.Иын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжсэн харилцаа нь хууль зөрчөөгүй байх тул түүний өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардах эрх Б.Нд байхгүй. Иймд Б.Нын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.И нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч 2018 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Ү-:... дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах, худалдан авах 2015 оны 9 сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн Д.Оийг оролцоогүй байхад нэрийг нь ашиглан бэлэглэлийн гэрээг хийсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн хангалттай үндэслэлтэй гэж тайлбарлажээ. Д.О нь 2017 оны 01 сарын 10-ны өдөр О.Нд Дорноговь аймаг, Сайншанд сум 1 баг .... талбай бүхий улсын бүртгэлийн Ү-:... дугаартай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг хийж нотариатаар баталгаажуулсан. Уг итгэмжлэлийг Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан бүхий л хууль зүйн шаардлагыг хангаж хийсэн хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Дээрх хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу О.Н нь иргэн Д.И надтай бэлэглэлийн гэрээ байгуулж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд Д.Оийг оролцоогүй байхад нэрийг нь ашиглан бэлэглэлийн гэрээ хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа худалдах, худалдан авах 2015 оны 9 сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч уг гэрээг байгуулсан цагаас хойш маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс гадна эзэмших эрхийг ч шилжүүлэн өгч, хөрөнгийн биет байдлаар  нь хүлээлгэн өгсөн. Уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд би өөрийн металл хайгч худалдан борлуулах үйлчилгээгээ явуулж байгаа бөгөөд миний эхнэр О.Нгийн компанийн салбар ч давхар 2015 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа билээ. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нөхрийн дүү А нь барьцаанд тавихаар гуйсан, би худалдах худалдан авах гэрээг уншаагүй гарын үсэг зурсан гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр нэхэмжлэгч Б.Н  нь өөрөө худалдах, худалдан авах гэрээнд болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан байдаг. Н нь эрх зүйн бүрэн чадамжтай, уншиж бичиж чаддаг хүний хувьд юун дээр гарын үсэг зурж байгаагаа нягтлан шалгаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсан гэж ойлгож байна. Гэтэл одоо бүтэн 5 жилийн дараа би юун дээр гарын үсэг зурж байгаагаа уншаагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Барьцааны гэрээ гэдэг бол тодорхой эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалан уг барьцаагаа баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлдэг харилцаа болохоос эд хөрөнгийг биет байдлаар эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэн өгөх харилцаа огтоос биш юм. Ү-:... дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага бүр тодорхойгүй байна. Учир Ү-:... улсын бүртгэлийн дугаарыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анх ганц удаа өгдөг бөгөөд өмчлөгч хэдэн удаа солигдох, улсын бүртгэлийн гэрчилгээ хэдэн удаа солигдохоос үл хамааран хэзээ ч өөрчлөгдөхгүй дугаар юм. Улсын бүртгэлийн тухайд Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байна гэж үзэж байна. Мөн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Д.О болон Д.И би хариуцагч биш бөгөөд хэрэв бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа бол Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж, өмчлөгчийн хувьд Д.И би эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр оролцох учиртай. Ү-:... дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь иргэний шүүхээр шийдвэрлэвэл зохих маргаан биш бөгөөд харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэвэл зохих маргаан юм. Б.Н нь 2015 оноос өнөөдрийг хүртэл бүтэн таван жил гаруйн хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн талаар нэг ч удаа маргаан гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагад болон хариуцагч нарт хандаж байсан удаа байхгүй. Харин Д.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөрөнгө завшсан хэрэгт холбогдон хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа л анх удаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь өөр зорилготой гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгчтэй оролцож байгаа. Гэтэл худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан яг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.О, Д.И нарт холбогдуулан Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах, Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Ү-:... дугаарын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Н: “...би Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн нөхрийн төрсөн дүү Г.Ад зээл авахад нь туслах зорилгоор барьцаалах зорилготой байснаас Г.А, ...ХХК нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зориулж шилжүүлэх зорилгогүй байсан. Д.О нь намайг хууран мэхэлж энэхүү гэрээг хийсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 9 сарын 22-ны өдөр Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

2018 оны 9 сарын 26-ны өдөр Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийгдсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Харин хариуцагч Д.О: “... надад Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байхгүй, би ...ХХК-д салбарын захирлаар ажилладаг байхад ерөнхий захирал О.Нгийн манай харилцагч, зээлдэгч Г.Агаас үл хөдлөх эд хөрөнгө нэр дээрээ шилжүүлээд ир гэж даалгасны дагуу би Б.Нтай 2015 оны 9 сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан,

2019 оны 02 сарын 22-ны өдөр захирал О.Н энэ үл хөдлөх эд хөрөнгө компанийн хөрөнгө тул надад итгэмжлэл хийж өг гэсний дагуу би захирал О.Нд итгэмжлэл хийж өгсөн. Би Д.Итай 2018 оны 9 сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хийгээгүй, захирал О.Н нь надаас олгосон итгэмжлэлийг үндэслэн гэрээг хийсэн. Дээрх гэрээнүүд нь миний хүсэл зориг биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлно,

Харин хариуцагч Д.И “... Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахад гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг эхнэр О.Нгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох ...ХХК, Г.А нарын хооронд 2014 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 27.500.000 төгрөгт тооцож авсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2015 оны 9 сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ....талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс хуулбарлаж ирүүлсэн баримтаар

1 Б.Н, Д.О нарын хооронд 2015 оны 9 сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ 2015 оны 11 сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдэн Д.Оийн нэр дээр ....дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. /хх-89-92/

2. Д.О нь О.Нд 2017 оны 01 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, хөлслөх, банкны зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт бүртгүүлэх, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгож итгэмжлэлийг олгосон байна. /хх-96/

3. О.Н Д.Оээс олгосон итгэмжлэлийг үндэслэн Д.Итай 2018 оны 9 сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж Д.Иын нэр дээр ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. /хх 93-97/

4. Д.Иаас 2019 оны 02 сарын 22-ны өдөр О.Нд тус үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг олгож итгэмжлэл олгосон байна.

5. Голомт банк, Д.И нарын хооронд 2019 оны 02 сарын 15-ны өдрийн ипотекийн гэрээ байгуулан 2019 оны 02 сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх-98-106/ үйл баримт тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг,  үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” , 62 дугаар зүйлийн 62.1 хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 63 дугаар зүйлийн 63.2 төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, 109.2 “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана”, гэж хуульчлан тогтоосон байна.

 ...ХХК Г.Агаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө хүлээн авахдаа дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн хуулийн дагуу төлөөлөгч томилон өөрийн нэрээр гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх байсан байна.

Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний талууд Б.Н, Д.О нар байхаас гадна, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл Д.Оийн нэрээр бүртгэгдсэн байгаа үйл баримтаас дүгнэхэд Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ...ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олж авсан, өмчлөгчөөр бүртгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.    

Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлд Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээнүүд нь ...ХХК болон Г.А нарын хооронд 2014 оны 10 сарын 15-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээнээс үүдэлтэй гэж зохигч маргах боловч нэхэмжлэлийн шаардлагад ...ХХК болон Г.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчинтэй эсэх, үүргийн гүйцэтгэлийн талаар дурдаагүй, нэхэмжлэгч хариуцагчаар ...ХХК, Г.А нар оролцоогүй тул  зээлийн гэрээг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.  

Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл хийгдэхэд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхлэх шинжийг агуулаагүй байна.

Харин Б.Н Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.От худалдах, Д.О нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.Наас худалдан авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, гэрээ бодитой хийгдээгүй байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна.

Иймд Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.  

2018 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Шүүх Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна ...56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл ... 56.1.10 дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл гэжээ.

Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл, энэ талаар хэлцлийн талаар мэдэж байсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна.

Хариуцагч Д.Иын төлөөлөгч, өмгөөлөгч энэ шаардлагын татгалзлын үндэслэлээ: “...Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно...” гэж заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байна гэж тодорхойлдог.

Гэтэл хариуцагч Д.Иын болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбараар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг Д.И мэдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаагаар тэдний энэ тайлбар үгүйсгэгдэж байна.  

Иймд Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.   

хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн.  

Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээнүүдийг шүүхээс  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон тул тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өмнөх өмчлөгч болох Б.Нын өмчлөлд хэвээр үлдэж байна гэж

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.  106.3 энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал ... шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан.

Б.Н нь Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ү-:... дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.4.“улсын бүртгэлийн дугаар” гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг гэж тодорхойлсон.

O-:... дугаар нь Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгийн дахин давтагдахгүй, өмчлөгч өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөггүй дугаар байна.

Энэ дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байх тул дээрх үндэслэлээр Ү-:... дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Б.Н, Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.  

2. Иргэний хуулийн 56.1.10-т заасныг баримтлан Д.О, Д.И нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.  

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сум, ....тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.Иын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Ү-:... дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            5   . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743.8000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 295.450 төгрөг, Д.Иаас 378.150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Нд  олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ