Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01265

 

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2020/00436 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2021/00001 дүгээр магадлалтай,

Б ын нэхэмжлэлтэй

Д , В  нарт холбогдох

2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Ү-0713003321 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Д , В  нарт холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Ү-0713003321 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2020/00436 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Б , Д  нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09 сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан Д , В  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгийг В ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Ү-  0713003321 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ээс 295,450 төгрөг, В аас 378,150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ. 

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2021/00001 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2020/00436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хуулийн 56.1.10-т ...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч В ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнханд, өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч В ын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.01.13-ны өдрийн 202/МА2021/00001 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

4.1. Хууль хэрэглээний тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа "... тухайн хуулийн этгээд нь өөрийн шаардлага бүхий гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах, ийнхүү авахдаа худалдах, худалдан авах гэрээг үндэслэх нөхцөлийг хуулиар хориглоогүй хэдий ч эд хөрөнгийг өөрийн нэр дээр биш бусдын нэр дээр шилжүүлэн авч байгаа үйлдлийг дээрх хуульд нийцсэн гэж үзэх буюу хуульд заасны дагуу хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.”, “...Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог" гэжээ.

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах 2015.09.22-ны гэрээг хийхдээ гэрээг уншаагүй, ач холбогдол, үр дагаврыг нь ойлгоогүй, түр барьцаанд тавьж байгаа гэж ойлгосон гэж тайлбарласан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч уг гэрээг байгуулсан цагаас хойш маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс гадна эзэмших эрхийг ч шилжүүлэн өгч, хөрөнгийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн. 2015 оноос хойш уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд хариуцагч В  болон түүний эхнэр О гийн компанийн салбар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн ба хариуцагч В  ч 2018 оноос өөрийн металл хайгч худалдан борлуулах үйлчилгээгээ давхар явуулсаар байсан. Үүнээс гадна нэхэмжлэгч Б  нь өөрөө худалдах, худалдан авах гэрээнд болон нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан гэдэгтэй маргадаггүй. Мөн Б  нь эрх зүйн бүрэн чадамжтай, уншиж бичиж чаддаг хүн юм. Хариуцагч Д  нь “И ” ХХК-ийн тухайн бүс нутагт байрлах салбарын эрхлэгчээр 2015-2018 онд ажиллаж байсан, тухайн компанийг төлөөлөн тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан этгээд юм. Д  тухайн компанийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан талаар өөрөө мэдүүлдэг. Энэ хүрээнд “И ” ХХК-ийн захирал О гийн зөвшөөрлөөр өөрийн эрхэлж байсан ажил албан тушаалын хүрээнд хуулийн этгээдийг төлөөлж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь тодорхой харагддаг.

4.2. Хүсэл зоригийн илэрхийллийн тухайд: Иргэний хуулийн 39.1-д заасан хүсэл зоригийн  илэрхийллийн хүрээнд нэхэмжлэгч Б  нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, өмчлөлийг аль алиныг нь шилжүүлэн өгсөн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч гэрээний агуулгыг уншиж мэдэж, ойлгосон, түүнийхээ үр дагаврыг ойлгож мэдсэний хүрээнд үйлдэл хийж өмчлөл болон эзэмшлийг шилжүүлэн өгсөн байна. Мөн нэхэмжлэгч Сайншанд суманд сүүлийн 20 гаруй жил амьдарч байгаа бөгөөд өөрийн өмчлөлийн хөрөнгөд өөр этгээд үйл ажиллагаа явуулж байгааг болон засан сайжруулалт хийсэн болохыг харсан, мэдсэн боловч хэн нэгэнд ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, асуугаагүй талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Хэрэв нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус байсан бол тухайн үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байгаа этгээдээс өөрийн өмчийн талаар асуух, цаашлаад гомдол гаргах байсан. Гэтэл ямар ч үйлдэл хийгээгүй байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний хүрээнд гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл нь хэвээрээ, үр дагаврыг ойлгож мэдэж байсан нь тодорхой харагдаж байна. Талуудын тухайд нэг талаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авах, нөгөө талаас өөрийн дүүгийн өр төлбөрийг хариу төлбөртөө тооцуулах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсан байна.

Барьцааны гэрээ гэдэг бол тодорхой эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалан, уг барьцаагаа баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлдэг харилцаа болохоос эд хөрөнгийг биет байдлаар эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэн өгөх харилцаа огтоос биш юм. Нэхэмжлэгч Б  нь 2015 оноос өнөөдрийг хүртэл бүтэн таван жил гаруйн хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн талаар нэг ч удаа маргаан гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагад болон хариуцагч нарт хандаж байсан удаа байхгүй. Харин Д  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөрөнгө завшсан хэрэгт холбогдон хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа л анх удаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь өөр зорилготой гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

4.3. Бэлэглэлийн гэрээний тухайд: Д  нь 2017.01.10-ны өдөр О д Дорноговь аймаг, Сайншанд, 1-р баг, Шинэ ахуй 567 үйлчилгээний 567 тоот хаягт байрлах 32,4 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-0713003321 дугаартай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг хийж, нотариатаар баталгаажуулсан. Уг итгэмжлэл нь Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан бүхий л хууль зүйн шаардлагыг хангаж хийсэн хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Уг итгэмжлэлийг Д  нь О д олгосноос хойш бүтэн нэг жил найман сарын дараа бэлэглэлийн гэрээ хийж В  руу шилжүүлсэн. Итгэмжлэл нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл. Д  нь хэдийд ч уг итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй боловч итгэмжлэлээсээ татгалзсан асуудал байхгүй. Мөн нэхэмжлэгч нь уг итгэмжлэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Дээрх хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу О  нь иргэн В тай бэлэглэлийн гэрээ байгуулж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймээс Иргэний хуулийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байна гэж үзнэ. Улсын бүртгэл үнэн зөв, В  нь хууль ёсны өмчлөгч байхад үл хөдлөх эд хөрөнгийг В ын эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Уг үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч эзэмшил, өмчлөлөө шилжүүлж өгснөөс хойш засвар үйлчилгээ хийж, багагүй хэмжээний салгаж үл болох хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ч уг үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийсэн байсныг харсан  талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Үүнээс гадна Д , Б  нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр бусад тооцогдсон байлаа ч Д ээс О д олгосон итгэмжлэл болон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчин төгөлдөр ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг миний үйлчлүүлэгч В  руу шилжүүлэхдээ уг итгэмжлэлийг үндэслэсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь бэлэглэлийн гэрээний талуудын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдолгүй, тэдгээрийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд итгэмжлэл олгосон этгээдийн хүсэл зоригийг үгүйсгэхгүй ба тухайн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч В  мэдэх боломжгүй байсан байна.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйл 114.1 дэх хэсэгт “...эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.” гэж заасан байдаг. В ын тухайд хүчин төгөлдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ болон хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндсэн дээр уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан. Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “...Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасан.

В ын тухайд бүртгэлийг үнэн зөв гэж ойлгон өөртөө шилжүүлж авсан бөгөөд өмнө нь хэний өмчлөлөөс хэрхэн яаж шилжиж ирсэн талаар мэдээгүй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйл 114.1 болон 183 дугаар зүйл 183.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны ашиг сонирхол, үл хөдлөх эд хөрөнгөөрөө хохирсон гэж үзвэл өөрийн нөхрийн төрсөн дүү Г гаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо түүний нөхрийн төрсөн дүү Г  нь түүнийг хуурч мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулгаар гаргасан бөгөөд харин Д  нь түүнд барьцааны гэрээ гэж тайлбарласан зүйл байхгүй талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн. Үүнээс харахад гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шалтгаан нөхцөл нь ч Д  болон В  нартай холбогдохгүй байна. В ын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авч, эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа талаар маргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь энэ тал дээр ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Хэрвээ түүнийг хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэж байгаа бол өөрийг нь хуурч мэхэлсэн хүнтэй холбогдуулан нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй юм. Харин Б  болон Д  нарыг хуулиар эрх үүрэг, хүлээх хүсэл эрмэлзэлгүй байсан гэж дүгнэх  хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4. Давж заалдах шатны шүүх магадлалдаа "...Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5-д заасан “...талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх...” үүрэгтэй боловч хариуцагч Д ийн өмчлөлд уг эд хөрөнгө байхгүй. Харин хариуцагч В ын өмчлөлд эд хөрөнгө байгаа нь тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “хууль бус өмчлөлөөс эд хөрөнгийг гаргуулж авах” тухай шаардлагын үндэслэлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай буюу хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос нэхэмжлэгч Б  нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэж хариуцагч В ын эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцжээ" гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 56.1 -д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох хариуцагч Д  нь уг үл хөдлөх хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид төлөхөөр зохицуулсан байна. Хариуцагч В  нь шударгаар үл хөдлөх хөрөнгө олж авч, эзэмшиж байхад түүний эзэмшил, өмчлөлөөс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Хариуцагч В ын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын тойргийн 333 дугаартай нотариатч Цэдэнпилжээгийн Дарханбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй нь талуудын эрх тэгш байдал болон мэтгэлцэх эрхээр хангаагүй, оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.1 дэх хэсэгт “...Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа ямар ч хүн гэрч байж болно”, мөн хуулийн 43.2 дахь хэсэгт "...Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна” гэж заасан байдаг.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд маргаан бүхий Б , Д  нарын хооронд байгуулагдсан 2015.09.22-ны өдрийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Д , В  нарын хооронд байгуулагдсан 2018.09.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч болох Ц ын гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхэд хамгийн чухал, ач холбогдолтой баримт болох байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах үедээ ямар гэрээн дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, үр дагаврыг нь мэдээгүй, нотариатч тайлбарлаж өгөөгүй, барьцаанд түр тавьж байна гэж маргадаг, харин хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний төлбөрт бодож худалдан авсан, барьцаанд авсан асуудал огт байхгүй гэж маргадаг ба нотариатыг гэрчээр асууснаар нэхэмжлэгч үнэхээр гэрээний үр дагаврыг ойлгосон эсэх, нотариатч түүнд гэрээний үр дагаврыг тайлбарлаж өгсөн эсэхийг тогтооход хамгийн чухал шаардлагатай баримт байх байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс баримтыг үнэлж, гэрчийн мэдүүлэг ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа талаар лавлагаа авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Голомт банкийг гуравдагч этгээдээр татаагүй нь банкны эрх ашгийг ноцтой зөрчсөн явдал болж байна. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 136/ШШ2020/00436 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.13-ны өдрийн 202/МА2021/00001 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч В ын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

6. Нэхэмжлэгч Б  хариуцагч Д , В  нарт холбогдуулан 2015.09.22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2018.09.26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Ү-0713003321 дугаарын бүртгэлийг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр шаардлагын үндэслэлээ “...Сайншанд суман дахь 32.4 м.кв талбайтай 1 өрөөг 27,600,000 төгрөгөөр худалдан авч, 2013.09.02-ны өдөр Ү-0713003321 дугаарт бүртгүүлсэн. ...нөхрийн төрсөн дүү Г  2015.09 сард зээлийн барьцаанд тавихыг хүссэн. ... Г  зээлдэгчийн ажилтан Д тэй хамт ирээд баримт бичигт гарын үсэг зуруулсан. ... бичиг баримттай танилцаагүй, ... Г  надад зээл төлөөд дууссан гэж хэлсэн. ... миний орон сууц 2015.09.22-ны өдөр Д т, Д ээс О д олгосон итгэмжлэлийн дагуу 2018.09.26-ны өдөр В ад шилжсэн байна. Нөхрийнхөө төрсөн дүү Г д тусалж гэрчилгээгээ өгсөн.” гэж тайлбарласан.

7. Хариуцагч Д  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “.. Би 2015 онд “И ” ХХК-д салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Энэ компанийн захирал нь О  гэж хүн байдаг. ...2014 онд Г гийн зээл доголдож зээлээ төлж чадахгүйд хүрсэн. ... Г  ахаасаа байрыг нь түр зуур барьцаанд тавья гэж гуйхад зөвшөөрлөө гэж хэлсэн. ... Г тай хамт Сайншандад ирээд намын хороонд байрлах нотариат дээр очиход нэг танихгүй эмэгтэй хүн их яаруу ирээд худалдах-худалдан авах гэрээтэй огт танилцахгүй шууд гарын үсэг зураад явчихсан. ... О  татвараас зайлсхийж миний нэр дээр байлгасан. ... О  2017 онд өөртөө итгэмжлэл хийж өгөхийг надаас шаардсан. ... удирдлага учир үгүй гэж чадаагүй. ... ингээд В ад шилжүүлсэн байсан. ... Г гийн зээлийн хувьд ямар нэг барьцааны гэрээ байгуулагдаагүй, барьцаагүй гэрээ” гэж тайлбарлаж байна.

8. Хариуцагч В  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... нотариат дээр ирж гэрээнд гарын үсэг зурчхаад уншиж танилцаагүй байх боломжгүй. ... мэдсээр байж, дүр үзүүлж байна. ... Г  40,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлээ төлөх зорилгоор ахынхаа үл хөдлөх эд хөрөнгийг 27,500,000 төгрөгт тооцон хаасан. ... “И ” ХХК үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах боломжгүй, ... миний эхнэр О д эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болсон тул Д ээс итгэмжлэл авч В ад бэлэглэсэн. ...5 жил өнгөрсөн байхад нэг ч удаа санал гомдол гаргаагүй.” гэж мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, Ү-0713003321 бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ “Зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь хүсэл зоригийн дутагдалтай дүр үзүүлсэн хэлцэл гэж үзсэн бол бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан хэлцлүүд хүчингүй тул хариуцагчийн өмчлөл, эзэмшлийг хууль бус гэж дүгнэн орон сууцыг буцаан гаргуулж хууль ёсны өмчлөгчид олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Харин үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт олгогддог “Ү” дугаар нь дахин давтагдахгүй, өмчлөгч өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй тул тус дугаарыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын чанартай өөрчлөлт оруулсан байна.

11. Нэг талаас нэхэмжлэгч Б , нөгөө талаас хариуцагч Д  нар 2015.09.22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг Шинэ ахуйн үйлчилгээний 567 тоот 32.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0713003321 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ гэх баримтыг бичгээр  үйлдэж, холбогдох этгээд гарын үсэг зурж, үл хөдлөх эд хөрөнгө Д ийн өмчлөлд шилжсэнийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн, 2017.01.10-ны өдөр Д  нь О д үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, хөлслөх, банкны зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт бүртгүүлэх, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгож итгэмжлэлийг олгосон, итгэмжлэлийн дагуу 2018.09.26-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдэж үл хөдлөх эд хөрөнгийг О гийн нөхөр болох В ад шилжүүлсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ дахин гарсан үйл баримтууд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогджээ.

12. Талууд 2015.09.22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2018.09.26-ны өдөр бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргасан байна.

13. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ худалдагч Б д өмчлөлийн орон сууцаа худалдах хүсэл зориг бүрдээгүй, худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг хүсээгүй, өөрийн нөхрийн дүү Г г өр төлөхөд тус болох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөө зээлдэгчийн барьцаанд түр тавих итгэл үнэмшилтэй атал худалдах-худалдан авах гэрээг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан нь хүсэл зоригийн дутагдал бий болгосон гэж дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзлээ. Нэхэмжлэгч Б  нь Г гийн гуйлтаар худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурахдаа хөнгөмсөг хандаж гэрээтэй танилцаагүй, гэрээний агуулга эд хөрөнгийг барьцаалах тухай бус өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх тухай агуулгатай болохыг мэдээгүй нь хариуцагч Д ийн “... Г тай хамт Сайншандад ирээд намын хороонд байрлах нотариат дээр очиход нэг танихгүй эмэгтэй хүн их яаруу ирээд худалдах-худалдан авах гэрээтэй огт танилцахгүй шууд гарын үсэг зураад явчихсан. ...” гэх тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн худалдан авагч Д  ч уг эд хөрөнгийг хувьдаа худалдан авах зорилгогүй, Г гийн зээлийн өрөнд тооцож байгаа нөхцөл байдлыг худалдагч Б  мэдээгүйг ухамсарлаж байсан хэдий ч энэ талаар худалдагч талд тайлбарлах, ойлгуулах арга хэмжээ аваагүй байна. Ийнхүү гэрээнд гарын үсэг зурахдаа хайхрамжгүй, хөнгөмсөг хандсан үйлдэлдээ нэхэмжлэгч буруутай хэдий ч уг гэрээ түүний Г тай ярилцаж агуулгыг нь урьдчилан тохирч зөвшөөрсөн гэрээ биш, огт өөр нөхцөл бүхий, өмчлөх эрхийг дуусгавар болгоход чиглэсэн хэлцэл болох, уг нөхцөл байдлыг худалдан авагч тал мөн нэгэн адил мэдэж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээг хүсэл зоригийн дутагдалтай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

14. Нэг талаас Д , нөгөө талаас В  нарын хооронд  2018.09.26-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хоёр шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзжээ. Нэхэмжлэгч Б  өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад барьцаалахыг Г д зөвшөөрөх болсон гол шалтгаан нь Г  болон “И ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй тухайд зохигчийн хэн аль нь маргаагүй. Түүнчлэн “И ” ХХК-нд хариуцагч Д  салбарын эрхлэгчээр ажилладаг байсан, Д ээс итгэмжлэл авч үл хөдлөх эд хөрөнгийг цааш шилжүүлсэн О  нь уг компанийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч болох, мөн О гаас үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлээр шилжүүлэн авсан этгээд нь О гийн нөхөр В  болох үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.

Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Д ээс эд хөрөнгийг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авах үедээ В  нь Д ийн өмчлөх эрхийн тухайд хуулиар хамгаалагдвал зохих шударга итгэл үнэмшилтэй байсан гэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Д т маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ямар арга замаар, хэрхэн шилжиж ирснийг мэдсэн гэх үндэстэй байх тул түүний Д тэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хүсэл зоригийн дутагдалтай, хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд түүний Д тэй байгуулсан хэлцэл нь хууль ёсны эрхгүй этгээдтэй байгуулсан хэлцэлд тооцогдоно. Энэ талаар өгсөн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан “В ын тухайд бүртгэлийг үнэн зөв гэж ойлгон өөртөө шилжүүлж авсан бөгөөд өмнө нь хэний өмчлөлөөс хэрхэн яаж шилжиж ирсэн талаар мэдээгүй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйл 114.1 болон 183 дугаар зүйл 183.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй” гэх агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй.

15. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэгэнт эд хөрөнгийг олж авах үндэслэл болсон бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байхын зэрэгцээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх боломжгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Насанжаргалд буцаан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгээр хангасан бол, өмчлөлийн зүйлээ бодит эзэмшилдээ шилжүүлэн авах буюу бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэн хангасан нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “хариуцагч В  нь шударгаар үл хөдлөх хөрөнгө олж авч, эзэмшиж байхад түүний эзэмшил, өмчлөлөөс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхив.

16. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд “Голомт банк” ХХК-ийн ипотек үүссэн нь тогтоогдсон байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасны дагуу ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь ипотекийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ ч агуулгаар ипотек хүчин төгөлдөр байх хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлэхийг хязгаарлах нь хуулиар хориглогдсон. “Голомт банк” ХХК ипотекийн эрхийг шударгаар олж авсан гэх үндэстэй бол өмчлөгч өөрчлөгдсөн нь тус банкны ипотекийн хүчин төгөлдөр байдалд сөргөөр нөлөөлөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тус банкны ипотек хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Голомт банк ипотекийг шударгаар олж авсан эсэх асуудал нь тус маргааны зүйл биш бөгөөд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь банкны ипотекийн эрхийн хууль зүйн хүчин чадалд шууд нөлөөлөхгүй юм. Иймд ипотекийн эрх бүхий этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болжээ.

17. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн нотариатч Ц ыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, үнэлэх журмыг зөрчөөгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

18. Эдгээр үндэслэлээр хариуцагч В ын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн чанартай өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2021/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр төлсөн 734,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                     Г.БАНЗРАГЧ

      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН