Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2020/00457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ...-р баг, .... тоотод оршин суух, Ш овогт Бын С-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ....-р баг, .... тоотод оршин суух,Ч овогт Аийн Ч-т холбогдох

            3 530 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Ч бид хоёр багаасаа нэг байранд өссөн. Би байрныхаа хажуу талд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. А.Ч төмөр замын татах хэсэгт ажилладаг байхдаа надаас шаардлагатай зүйлсээ зээлж аваад цалингаа буухаар буцааж төлөх байдлаар харилцдаг байсан. Тухайн үед төмөр замын машинч болон туслахын үнэмлэхээ барьцаалж үлдээгээд надаас 3.000.000 төгрөг болон 500.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн зээлж авсан. Гэхдээ тэр үед өөрт нь асуудал тулгараад ажлаасаа гарчихсан байсан. Зээлүүлсэн мөнгөө нэхэхээр өөдөөс шалтаг тоочоод огт буцааж өгөөгүй. Энэ асуудал гараад 10 гаруй жил болж байна. Бид нэгнийгээ багаас нь таньдаг нэг байрны хүмүүс байсан учраас мөнгө зээлүүлэх үедээ албан ёсоор баримт үйлдэж гарын үсэг зуруулж байгаагүй. Зөвхөн дэвтэртээ гараар тэмдэглэл хөтлөөд явдаг байсан. Би хүнсний дэлгүүр ажиллуулдаг учраас надаас хүнсний бүтээгдэхүүн авдаг байсан. Хэдийгээр А.Ч тэр үед төмөр замаас гарчихсан ч гэсэн өөр ажил хийж байх хугацаандаа байнга ямар нэг шалтаг тоочоод зээлсэн мөнгөө өгдөггүй байсан. Энэ зээлүүлсэн мөнгө 2-3 удаагийн үйлдлээр хуримтлагдсан байдаг. Сүүлд А.Ч төмөр замд буцаж ажилд ороод, дахин шалгалт өгч туслахын үнэмлэхгүйгээр ажиллаж байсан. Гэхдээ машинчаар ажиллахын тулд надад барьцаалж үлдээсэн үнэмлэхээ заавал буцааж авах шаардлагатай болсон. Тэгээд надаас үнэмлэхийг нь буцааж өгөхийг гуйж өөрийн гараар тэр гэрээг бичиж өгсөн. Зээлсэн мөнгөө өгөлгүй маш олон жил болсон учраас 4.000.000 төгрөг авмаар байгаагаа хэлсэн боловч тийм хэмжээний мөнгө өгөх боломжгүй 3.500.000 төгрөг л өгье гээд хоорондоо тохиролцоод гэрээ байгуулж түүнийгээ баримтжуулаад дуу дүрсний бичлэг хийсэн. Өөрийнх нь хэлсэн хугацааг өнгөрсөн ч зээлсэн мөнгөө өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Би одоо 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Анх манайх подволд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. 2009 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас подволд ажиллуулах боломжгүй гэж дүгнэсэн учраас буулгаад сүүлд нь өөрийнхөө хашаанд дахин хүнсний дэлгүүр барьсан. Тэгж байх явцдаа өрийн бүртгэл хөтөлдөг байсан нэг дэвтэрээ алга болгочихоод олохгүй байгаа. Тэр дэвтэр дээр А.Чөд хэзээ, хэдэн төгрөг зээлүүлсэн талаарх задаргааг гараар бичсэн байсан. Сүүлд нээсэн дэвтэр дээрээ 2011 оны 6 дугаар сард А.Чөд 3.000.000 төгрөг зээлсэн талаар гараар бичсэн байгаа. Мөн надаас авсан бараа бүтээгдэхүүний жагсаалт нь байгаа. Нөгөө хуучин дэвтрээ олохгүй байгаа болохоор үүнээс нарийн тооцоо байхгүй. Гэхдээ А.Ч надаас тийм мөнгө зээлээгүй байсан бол хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахгүй байсан гэв. Энэ шүүх хуралдаан анхных биш. Хариуцагчийн өгч байгаа тайлбар өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээс нь зөрж байна. Хэрэв үнэн байсан бол нэг зүйлээ л ярина. Гэтэл өөр зүйл яриад байна. Би 200.000 төгрөгийн өрийг арай ч ийм хэмжээнд өсгөж нэхэхгүй. Би 2017 онд бага хүүгээ төрүүлсэн. Хүү минь тархины саажилттай болоод, одоо хөгжлийн бэрхшээлтэй болсон. Хариуцагчийн ахынх нь хүүхэд яг миний хүүхэдтэй адилхан хөгжлийн бэрхшээлтэй. Энэ хүнд өөрөө ухамсараараа зээлсэн мөнгөө буцааж өгөх хангалттай хугацаа байсан. Өнгөрсөн хугацаанд төмөр замд ажиллаагүй ч гэсэн уул уурхайн чиглэлээр ажиллаад өрөө төлөх хангалттай боломж байсан. Одоо миний хүү өвдөөд өдөр бүр эм тариа хэрэглэж байгаа учраас мөнгө хэрэгтэй болсноо хэлэхэд асуудалгүй өгнө гэж хэлсэн мөртлөө өдий хүртэл өгөөгүй л байна. Хэрэв хариуцагч үнэн ярьж байсан бол өмнөх шүүх хуралдаан дээр өгч байсан тайлбар нь өнөөдрийн өгч байгаа тайлбартай нь таарах ёстой. Гэтэл хэлж байгаа бүх зүйл нь зөрж байна. Надад энэ хүнийг гүтгэх ямар ч шаардлага байхгүй. Хариуцагч хэлсэн амласан зүйлээсээ буцаж асуудал үүсгэж байгаа учраас би шүүхэд хандсан гэв.

            Хариуцагч А.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2004 оноос хойш нэхэмжлэгчийн дэлгүүрээс нь байнга юм зээлж аваад цалингаа буухаар буцааж төлдөг байсан. Би ажлаасаа халагдчихсан байж байгаад Хятад Улс руу явах болоод 2010 оны 5 сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс 800-900 юань авсан. Намайг ажилгүй гээд зээлэхгүй байхаар нь би 8 дугаар сард буцаад ажилдаа орно гэж хэлээд ажлынхаа үнэмлэхийг барьцаанд үлдээж байгаад тэр мөнгийг зээлж авч байсан. 2010 оны 8 дугаар сард буцаж ажилдаа ороод бичиг баримтаа авах гэтэл хүү бодогдоод төлөхөд хэцүү байсан. Ажлаасаа халагдсан хугацаандаа мөнгөгүй байж байгаад 2017 онд ажилдаа ороод бичиг баримтаа авах гэтэл надаас 5.000.000 төгрөг нэхсэн. 2019 онд очиж уулзаад учраа хэлээд гуйсан чинь 3.500.000 төгрөг өгөөд ав гэсэн. Тэгээд бичиг баримтаа авахын тулд хүчээр шахуу тэгж бичиж байж авсан. Тухайн үеийн ханшаар 200.000 төгрөгийн өр байгаа. Би удаасан учраас 1.000.000 өгье гэсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Надад худлаа хэлсэн зүйл байхгүй. Хэрэв үнэхээр тийм өртэй байсан бол хэл ам хийлгүй төлөх байсан. Худлаа үнэн юм ярьж их хэмжээний мөнгө нэхээд байгаад нь дургүйцэж байна. 900 юань зээлж авсныхаа төлөө 3.500.000 төгрөг өгнө гэхээр гомдолтой байна. Зээлж авсан мөнгөө 1.000.000 төгрөг болгож өгье гэхэд өөрөө зөвшөөрөөгүй. Би 2017 онд ажилдаа дөнгөж ороод очиж авах гэтэл надаас 5.000.000 төгрөг нэхсэн. Тэр үед надад мөнгөний эх үүсвэр байгаагүй учраас мөнгөн дүн дээрээ тохирч чадаагүй. 2019 онд дахиж очиж гуйхад 3.500.000 төгрөг өгнө гэсэн баримт бичиж өгвөл миний бичиг баримтыг өгнө гэсэн. Тэгэхээр нь би 6 сарын сүүлээр зээл хөөцөлдөөд бүтвэл өгье гэсэн бодолтойгоор тэр баримтыг бичиж өгсөн гэв. Тэгээд ажилгүй, дээрээс нь хугацаа хэтрэлттэй зээлтэй байсан учраас миний ямар ч зээл бүтээгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Чт холбогдуулан зээлсэн барааны үнэ, зээлийн төлбөр, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 3.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 530.000 төгрөгөөр багасгасаж 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилнэ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.С “намайг хүнсний дэлгүүр ажиллуулж байхад А.Ч нь 2004 оноос миний дэлгүүрээс бараа зээлж аван цалин буухад буцааж өгөх байдлаар олон удаа харилцсан байдаг. Энэ хугацаандаа надаас бараа зээлж авахаас гадна бэлэн мөнгө хэд хэдэн удаа зээлж авсан байдаг. Хамгийн сүүлд надаас 2010-2011 оны үед 3.000.000 төгрөгийг зээлж аван барьцаанд нь өөрийн ажлын үнэмлэхээ өгсөн. Зээлсэн мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд 2019 онд барьцаанаас үнэмлэхээ авахдаа баталгаа бичиж өгсөн. Иймд А.Чөөс барааны үнэ 500.000 төгрөг, зээл 3.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан 30.000 төгрөг нийт 3.530.000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. 

Хариуцагч А.Ч “би нэхэмжлэгч Б.Сээс ийм хэмжээний мөнгө зээлж авсан удаа байхгүй, түүний дэлгүүрээс бараа зээлж авдаг байсан ч буцаан төлдөг байсан, хамгийн сүүлд 2010 оны үед би ажлаасаа гарсан байсан тул Хятад улс явах гээд Б.Сээс 800-900 юаньд ногдох хэмжээний мөнгө зээлж авсан нь үнэн бөгөөд энэ үед өөрийн ажлын үнэмлэхийг барьцаанд тавьж зээлж авсан байдаг. Энэ мөнгийг буцаан өгөх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.С нь надад миний ажлын үнэмлэх чухал шаардлагатай байгаа, аргагүй байдалд орсон байдлыг ашиглаж надаар мөнгө төлөх талаар баримт бичүүлж авсан тул би энэ мөнгийг төлөх боломжгүй, харин олон жил авсан мөнгөө удаасан тул 1.000.000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Чийн өмчлөлд тодорхой хэмжээний мөнгөн дүнг шилжүүлсэн, хариуцагч А.Ч нь тодорхой хугацааны дараа мөнгийг нэхэмжлэгч Б.Сд эргүүлэн төлөхөөр тохиролцсон байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжийг агуулж байх тул тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн  байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхийн талаар зохицуулсан. 74.1.Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; 76 дугаар зүйлийн 76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилсан.

Талуудын хооронд 2011 онд зээлийн гэрээ хийгдсэн талаар тэдний тайлбарт дурдсан байгаагаас дүгнэхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дууссан байна. 

Иргэний хуулийн 82 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар. 82.2.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Б.С, хариуцагч А.Ч нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад А.Ч нь 2019 оны 4 сарын 26-ны өдөр нь “А овогтой Ч ....  тоот. Утас ..... Бын Сд 3.500.000 төгрөг зээлсэн нь үнэн. Барьцаанд нь 2ш бичиг баримт /ажлын үнэмлэх/ тавьсан байсан ч авсан. Одоо энэ хүний мөнгийг 2019 оны 6 сарын 25-нд өгнө. Мөнгийг өгөөгүй тохиолдолд шүүхээр явахад гомдолгүй” гэж тайлбар бичиж өгсөн нь түүнийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул Б.Сийг А.Чөөс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

Талууд зээл авсан талаар маргахгүй, харин зээлийн үнийн дүнгийн хэмжээнд маргана.

Хариуцагч А.Ч “би 2017 онд өөрийн үнэмлэхийг авах гээд очиход Б.С нь надаас 5.000.000 төгрөг нэхсэн тул би зөвшөөрөөгүй, 2019 онд шаардлага гараад үнэмлэхээ авахдаа аргагүйн эрхэнд 3.500.000 төгрөг гэж бичсэн” гэж тайлбарладаг.

А.Ч нь өөрийн ажлын үнэмлэхийг 2011 онд барьцаалан 2019 онд авсан байна. Тэрээр энэ хугацаанд ажлын үнэмлэхээ Б.Сээс авахад үндэслэлгүй 5.000.000 төгрөг нэхсэн гэж үзвэл шүүхэд хандаж өөрийн эрхээ хамгаалуулах боломжтой байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй 8 жилийн хугацаа өнгөрсөн үйл баримтаас дүгнэвэл түүний түүний аргагүй байдалд орж дээрх нотлох баримтыг бичиж өгсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч 800-900 юань ногдох хэмжээний төгрөг хүлээн авсан гэж тайлбарлах боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Б.С нь анх зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг шаардсан байх бөгөөд хариуцагч А.Чийн үүргийн гүйцэтгэлээс 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бичгээр баримт үйлдсэн байх тул  түүнийг 3.500.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэв.

А.Чийн зээлийн гэрээний үүргийг 3.500.000 төгрөг гэж дүгнэх боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ, зардал 530.000 төгрөгөөр багасгаж 3.000.000 төгрөг болгосон тул энэ хэмжээгээр хариуцагч А.Чөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Чөөс 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгох нь зүйтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А.Чөөс 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Чөөс 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АРИУНЗУЛ