Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 202/МА2020/00030

 

    

 

Б.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 136/ШШ2020/00304 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Б.С-н нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: А.Ч-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээний үүрэгт нийт 3530000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.Сээс иргэн А.Ч нь зээлсэн мөнгө болон барааны үнэ болох нийт 3500000 төгрөгийг 2011 онд авсан. Энэ мөнгийг удахгүй өгнө гэж авсан байдаг. Тухайн үед А.Ч нь Депод туслах машинчаар ажиллаж байсан бас таньдаг учир итгээд өгсөн. Барьцаанд нь машинчийн жолоодох эрхийн үнэмлэх болон туслах машинчийн үнэмлэхээ үлдээсэн. Удахгүй ажлаасаа гарсан учир миний мөнгийг төлж барагдуулна гэж удаа дараа худлаа ярисаар ирсэн. 2018 онд ажилдаа эргэн орж бичиг баримт хэрэгтэй болсон тул ирж уулзаад 2019 оны 06-р сарын 25-ны өдөр бүх мөнгийг өгнө гэж тохиролцоод бичиг баримтаа аваад явсан. Гэтэл одоо болтол худлаа яриад мөнгийг төлж барагдуулахгүй байна. Иймд иргэн А.Чөөс зээлсэн мөнгө болон барааны үнэ 3500000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хөлс 30000 төгрөг, нийт 3530000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч А.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Сийн нэхэмжилсэн 3500000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний бичиг баримтыг барьцаалж авсан. Бичиг баримтаа буцааж авах гэтэл 3500000 төгрөг нэхсэн. Тэгээд намайг заавал бичиг хийж өг гэж шахсаар байгаад аргагүй болж бичиг хийж өгч бичиг баримтаа авсан. Энэ хүнд 900 юаны өртэй болох нь үнэн...” гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А.Чөөс 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 530 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Чөөс 20099 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар давж заалдсан гомдолдоо: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулах байх гэж бодсон боловч энэ талаар тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс хариуцагч А.Чөөс 1 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын 2 530 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч хэлэхдээ “Миний бие Б.Сийн нэхэмжилсэн 3500000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...”, “Би 2004 онд туслах машинист болоод дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан. Манай байрны хажууд байдаг учраас ус, тамхи, хиам, талх зээлээд авдаг байсан. 2009 оны 05-р сарын 29-ний ажлаасаа халагдсаны дараа хятад явахаар 900 юань зээлсэн нь үнэн. ...нэхэмжлэгчээс бараануудаа зээлж авдаг байсан нь үнэн боловч арай ч 3500000 төгрөг бол хүрэхгүй... харин зээлж авсан мөнгөө тооцоолоод 1 000 000 төгрөгийг өгье гэж би хэлж байсан...” гэсэн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх миний нэхэмжилсэн мөнгөний яг ямар учиртай нэхэмжилсэн мөнгийг нь хангаад, ямрыг нь хангахгүй орхисон нь тодорхойгүй, энэ талаар шийдвэртээ тусгаагүй байна. Зөвхөн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн мөнгөний дагуу хэргийг шийдвэрлэсэн. Б.С би хариуцагч А.Чөөс зээлсэн мөнгөө нэхэмжлэхдээ огт хүү нэхэмжлээгүй, зөвхөн зээлсэн мөнгө болон зээлсэн барааны үнийн дүнг нэхэмжилсэн. Гэтэл шүүх шийдвэртээ хүү нэхэмжлэх эрхгүй талаар дурдсаныг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.    

 

Нэхэмжлэгч Б.Содгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгч надаас асуулт асуухгүйгээр хариуцагчийн ярьснаар шийдвэрийг гаргасан. Тухайн үед хариуцагч надаас мөнгө зээлдэг байхдаа гарын үсэг зурж авч байгаагүй. Сүүлдээ өөрт нь асуудал үүсээд өөрөө бичиг баримтаа надад авчирч өгсөн. Тэр үед ажлаасаа гарсан байсан тул ямар нэгэн шалтаг хэлээд хойшлуулаад яваад байсан. Харин ажилдаа орчихоод туслах машинчийнхаа үнэмлэхийг өөрөө шалгалтаа өгөөд авсан учраас надаас бичиг баримтаа авна гэж ирээгүй. Бид нар багаасаа нэг байранд байдаг байсан тул итгээд анх мөнгө зээлүүлдэг байсан юм. Манай бага хүүхэд 2017 онд саажилттай төрсөн. Тэгээд хариуцагчид учир байдлаа байнга хэлээд мөнгө хэрэгтэй байна, эмчилгээнд явж байгаа гэхэд “өгнө өө эгч ээ” гэдэг байсан. Сүүлд над дээр ирж бичиг баримтаа авъя ажилдаа орчихсон үнэмлэх хэрэг болоод байна гэсэн. Тухайн үед нотариатаар батлуулъя гэхэд хагас сайн өдөр таараад ажиллахгүй байсан. Тэгэхээр нь хоорондоо ярилцаад тохиролцсоноо бичгээр үйлдье гэхэд хариуцагч хүлээн зөвшөөрөөд бичиг баримтаа аваад явсан. Гэтэл хариуцагч тухайн үед намайг дарамталж хүчээр гарын үсэг зуруулсан гэж хэлсэн байсан. Надад энэ хүнийг дарамтлах ямар ч боломж байхгүй, өөрөө шаардлагатай үедээ авчихаад буцаагаад өг гэхээр ийм асуудал гаргаад байгаад нь гомдож байна. Мөн тухайн шүүх хуралдаанд шүүгч миний гаргаж өгсөн сидиг үзээгүй бас надаас асуулт асуухгүйгээр хариуцагчийн мэдүүлгээр шийдвэрээ гаргасан. Би анхан шатны шүүхэд сидиг шинжлэн судалж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шинжлэн судлаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр сидиг үзэх гэсэн дуу нь сонсогдохгүй байсан. Тэгсэн чинь шүүгч нь би өөрөө үзчихсэн гэж хэлээд шийдвэрээ гаргасан...” гэв.

 

 Хариуцагч А.Чулуунтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр анх 900 юань зээлж бичиг баримтаа барьцаанд нь өгсөн. Өмнө нь нэхэмжлэгчид удаа дараа согтуу ч бай, эрүүл ч бай хамаагүй нэхсэн мөнгө болгоныг нь өгдөг байсан. Нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн үедээ би ажлаасаа гарчихсан байж байгаад 2017 онд ажилдаа орсон. Тэгээд нэхэмжлэгчтэй уулзаад бичиг баримтаа авах гэтэл анх надаас 5 000 000 /таван сая/ төгрөг нэхэж, өчнөөн жил болчихлоо би хүмүүст зээлүүлээд явсан бол ийм хэмжээний мөнгө болчих байсан юм гэхээр нь “өө эгч яаж ийм их мөнгө өгөх юм бэ?” гэсэн чинь “үгүй би чамаас заавал 5 000 000 /таван сая/ төгрөг авна” гэхээр нь хоорондоо ярилцаж байгаад 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг болгож гарын үсэг зурсан. Учир нь надад бичиг баримт яаралтай хэрэгтэй болсон тул бичиг хийж гарын үсэг зурсан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Чөд холбогдуулан худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт нийт 3500000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хөлс 30000 төгрөг, нийт 3530000 төгрөг нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч 900 юань зээлсэн өөр өглөггүй, одоо 1000000 төгрөг төлнө гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “... зөвхөн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн мөнгөний дагуу хэргийг шийдсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

 

Тодруулбал нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчтай харилцан ярьсан ярианы бичлэг буюу CD-г хавсаргаж, уг бичлэгт үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг /хх-3/ анхан шатны шүүх шийдвэрлээгүй байна.

 

Энэ нь анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д  “... үзлэг ... хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. ” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар “... үзлэг ... хийх ... зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэх учиртай ба хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ийнхүү үзлэг хийсэн болон тэмдэглэл хөтөлсөн тухай баримтгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийн шаардлагын талаар ... тодруулаагүй, ... огт хүү нэхэмжлээгүй байхад хүү нэхэмжлэх эрхгүй талаар дүгнэлт хийсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй ба шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгчээс “... нэхэмжлээд байгаа 3500000 төгрөгийг ямар аргачлалаар бодож нэхэмжилж байгаа, уг мөнгийг бэлнээр зээлүүлээгүй юу ... гэх зэргээр түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсан, улмаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Би тодорхой хэмжээгээр хүү бодсон ... гэсэн нь түүний нэхэмжлэлийн шаардлагад хүү тооцогдсон гэж үзэх үндэслэл болох тул шүүхээс маргаанд холбогдуулан хүүгийн талаарх хуулийг тайлбарласныг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба  нэхэмжлэгч ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох нь тэргүүн ээлжинд түүнд хамааралтай үүрэг болох нь энэхүү хуулиудад тодорхойлогджээ.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолдоо “ ... зөвхөн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэсэн ... “ гэсэн байх ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгохоор буцааж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болно.

 

Гэхдээ дараа төлөх нөхцөлтэй худалдах, худалдан авах тохиролцоо болгон Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохгүй ба анхан шатны шүүх энэ талаарх хуулийг буруу хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоос “ ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай ...” хэсгийг хангасан буюу гомдлын зарим хэсгийг хангасан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 136/ШШ2020/00304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шйидвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                      ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                                      Н.БАТЧИМЭГ