Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0376

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А*********

Хариуцагч: М***Х***Х**** хоорондын эс үйлдэхүй, хохиролтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г*******, иргэдийн төлөөлөгч С.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж ***************нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Иргэн Б.А********* тус шүүхэд анх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Монголын хуульчдын холбооны даргын хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 03/270 тоот албан бичиг, Ажлын албаны даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03/262 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 128/ШШ2021/0478 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 594 дүгээр магадлалаар “... маргааны гол зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой талаар нягталж дүгнэлт хийгээгүй, төрийн албаны залгамж чанарт байдлыг харгалзан маргаанд холбогдох хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг явуулаагүй....” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

4. Үүний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа тодруулсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 1892 дугаар захирамжаар “Монголын Хуульчдын холбоо Тү.Э***** нарт холбогдох эрх залгамжлагч байгууллагад хүргүүлээгүйгээс уг маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа тул хүргүүлэхийг Монголын хуульчдын холбоонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 281 дүгээр магадлалаар “Монголын хуульчдын холбоо, Монголын Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 12 сая төгрөгийг Монголын Хуульчдын холбооноос гаргуулах” шаардлагыг тодруулан шалгах шаардлагатай гэж үзжээ.

5.  Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны М17/023 дугаар тогтоолоор шүүгч Тү.Э*****, өмгөөлөгч П.Б*******, Ч.Э*********, Л.Ц********* нарт холбогдуулан үүссэн маргааны үйл баримтын талаар:

- Иргэн Б.А********* нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн М17/023 дугаар тогтоолоор шүүгч Тү.Э*****, өмгөөлөгч П.Б*******, Ч.Э*********, Л.Ц********* нарт холбогдуулан маргаан үүсгэжээ. /1-р мм-ын 1/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Э-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 17/035 дугаар тогтоолоор маргааныг хэрэгсэхгүй болгожээ. /2-р мм-ын 41-48/

- Уг тогтоолыг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2/60 дугаар захирамжаар хянаад маргааныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзжээ. /2-р мм-ын 1-3/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор дээрх гишүүний 2/60 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. /2-р мм-ын 18-23/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор гишүүний 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2/60 дугаар захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.  /2-р мм-ын 18-23/

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 221/ММ2018/00** дугаар магадлалаар Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. /2-р мм-ын 126-133/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2/60 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /2-р мм-ын 163-166/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18/067 дугаар тогтоолоор маргааныг хэрэгсэхгүй болгожээ. /2-р мм-ын 168-177/

- Уг тогтоолыг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2/02 дугаар захирамжаар хянаад маргааныг хэрэгсэхгүй болгосон 18/067 тоот тогтоолыг хүчингүй болгожээ. /2-р мм-ын 182-194/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2/02 дугаар захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.  /2-р мм-ын 216-220/

- Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээч Б.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19/28 дугаар маргааныг хэрэгсэхгүй болгох санал гаргасан бөгөөд /2-р мм-ын 222-231/ энэ хугацаанд шинжээч татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авсан бөгөөд үүний дараа Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээч Л.Г*****-ын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20/04 дугаар маргааныг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ. /3-р мм-ын 262-267/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2/05 дугаар захирамжаар Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээч Л.Г*****-ын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20/04 дугаар маргааныг хэрэгсэхгүй болгох саналыг хэвээр үлдээж, М17/023 дугаар маргааныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3-р мм-ын 268-279/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор гишүүний 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2/05 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.  /3-р мм-ын 377-395/

- Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээч Л.Г*****-ын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар маргааныг хэрэгсэхгүй болгох санал гаргасан./3-р мм-ын 411-416/

- Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2/01 дугаар захирамжаар Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээч Л.Г*****-ын маргааныг хэрэгсэхгүй болгох саналыг хэвээр үлдээж, М17/023 дугаар маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3-р мм-ын 417-428/

- Үүний дараа Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03/11 дүгээр албан бичгээр тус хорооны гишүүн Т.Г*******-т дээрх гишүүний захирамжийг эс зөвшөөрч гаргасан  Б.А*********-ийн гомдлыг хүргүүлжээ. /3-р мм-ын 417-428/

 6. Нэхэмжлэгч Б.А********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анх хуульчдын мэргэжлийн тусгай хороонд Тү.Э*****-д холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.1.6, 27.1.7 дахь заалтуудыг эдгээр шүүгч, өмгөөлөгч нар зөрчсөн. Мөн өмгөөлөгч нар үйл ажиллагаа явуулахдаа Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах дүрмийн 4.2, 4.3, 4.4, 4.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороо 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр маргаан үүсгэсэн боловч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шүүгчийн захирамж, өмгөөлөгчийн тайлбар зэргийг цуглуулсан атлаа шүүгчийн захирамж гарах болсон үндэслэлийг шалгаж үзээгүй байна гэж үзэж, маргааныг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр маргааныг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 4 удаагийн шүүхийн тогтоолоор магадлалд заасан шалгалтын ажиллагааг явуулаагүй байна гэж буцаасан боловч гишүүний захирамжийг хүчингүй болгох ажиллагаа хийгдсээр байгаад шинэ хууль хэрэгжиж эхлэх хүртэл энэ маргааныг шийдвэрлэж чадахгүй. Энэ хугацаанд магадлалд дурдагдсан захирамж гарах болсон  үндэслэлүүдийг Захиргааны хэргийн шүүх тогтоосон. Өөрөөр хэлбэл захирамж гарах болсон шалтгаан нь гэмт хэргийн үйлдэл байсан. Үүнийг 2016 оны Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор тогтоосон. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Д-У аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээг ашиглан А 2005 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл миний нэрээр Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Энэ ажиллагаануудыг хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороо өөрөө хийх ёстой байсан. Миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт оруулсан үйлдлийг Хяналтын шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор эцэслэн тогтоосон. Магадлал гарснаас хойш нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Шүүх энэ хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байж байтал тэр нотлох баримтууд нь ирчихсэн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчидтэй холбоотой асуудлыг Өмгөөлөгчдийн холбоо руу явуулах асуудалд Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороо 11 дүгээр сарын 04-ний өдөр одоо шилжүүлэх гэж байна гэсэн тайлбар хэлсэн. Харин 3 дугаар 01-ний өдөр манай архивт байгаа удахгүй шилжүүлнэ гэсэн. 4 дүгээр сарын 07-ны өдөр Тэр материал хаана байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан. 5 дугаар сарын 9-ний өдөр тайлбарлахдаа 3 дугаар сард Өмгөөлөгчдийн холбоо руу явуулчихсан гэсэн. Үүнээс болж Тү. Э нарт холбогдох хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болоод тогтоох магадлал гарчихсан байдаг. Энэ маргаан шийдвэрлэгдэж байх явцад Хууль зүйн дотоод хэргийн яамны Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийн 3 дахь хэсэгт “манай гэр бүл эд хөрөнгө шилжүүлэхдээ А гэдэг хүн биечлэн ирээгүй байхад түүний хүчингүй болсон иргэний үнэмлэхний хуулбарыг ашигласан байна”, 6 дахь хэсэгт “Олон удаагийн худалдах, худалдан авах гэрээ итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлээгүй байна” гэдгийг тус тус тогтоочихсон. Энэ шүүгч, өмгөөлөгч нар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхээс илт хууль бус гэсэн шийдвэр гаргуулсан. Үүний хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусах ёстой. 4 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоол дээр гэм хорын хохиролтой холбоотой шалгалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж дурдсан. Манай гэр бүлийн хоёр эд хөрөнгөд хохирол учруулсан, мөн эдийн засгийн хувьд хохирол учруулсан.  Миний өмгөөлөгч Б нь Дархан хуулийн фирмийн үүсгэн байгуулагч юм. Гэтэл энэ байгууллага өнөөдрийг хүртэл шүүхийг хураад, хуурамч нотлох баримт бүрдүүлээд үйл ажиллагаа явуулж байгааг Өмгөөлөгчдийн холбоо тогтоосон. Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч гэдэг нь прокурорын үүрэгтэй хүн байдаг. Энэ хүн нь хуульч, өмгөөлөгч, шүүгчид холбогдох мэргэжил, ур чадварын зөрчлийг шалгаж тогтоогоод, хэрэв энэ нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэхэд, Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэлийн хэргийг хаачихсан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх Б.А*********-ийг хууль бусаар 9 жил саатуулж байсан байна гэдгийг тогтоочихсон. Тэгэхээр тэдгээр хуульч, өмгөөлөгч нарт хариуцлага тооцох хугацаа 2024 он хүртэл үргэлжлэх ёстой. Гэтэл Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороог байгуулах нь мэргэжлийн дүгнэлт гаргаж, түүнийгээ эрх бүхий байгууллагад шилжүүлээгүйн улмаас Надад болон манай гэр бүлд эд хөрөнгийн ноцтой хохирол учраад байна. Шилжүүлээгүй гээд хоногийн дотор гомдол гаргаж явсаар байтал удаа дараагийн шүүх хуралдааны болон шуудан харилцааны зардал нь 15 сая төгрөг болчхоод байна. Энэ маргаан шийдэгдэхгүй байгаагаас шалтгаалан би сүүлийн нэг жил ажилгүй байна. Шуудан, харилцааны зардал, Дархан Улаанбаатар хоёрын хооронд гарсан замын зардал, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн магадлал гарснаас хойш зуны гурван сарын хугацаанд энд байр түрээсэлж амьдарч байсан зардлын баримтаа хэрэгт өгсөн. Энэ бүх зардал гарч байгаагаас шалтгаалан би цалингийн зээлээ төлж чадахгүй байгаа бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд хүү төлж сунгуулж байгаа. Үүнээс учирсан 5 сая гаруй төгрөгийг энэ байгууллагаас гаргуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл байнга шүүхээр явж байдаг гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдсан. Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороо гэдэг байгууллагыг Монголын хуульчдын холбоо өөрсдөө их хурлаараа байгуулсан. Татан буугдсан, эсвэл хүчингүй болсон гэсэн баримтыг нь энэ байгууллагаас гаргуулж, энэ маргааны улмаас гарсан зардал, банканд илүү төлж байгаа хүү зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Монголын Хуульчдын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийг итгэмжлэлээр төлөөлж байна. Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороог Зүмбэрэл гэдэг хүн төлөөлж оролцдог. Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус үйл ажиллагааны учир улмаас 12 сая төгрөгийн хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ 12 сая төгрөг нь Д****-У**** аймагт шийдвэрлэгдсэн Иргэний хэргийн маргаантай холбоотой байна. Өмнөх анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр материалыг Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлээгүй байна гэдэг тайлбарыг нэхэмжлэгч гаргасан. Тухайн үед надаас шүүгч энэ материал хаана байгаа юм бэ гэж асуухад Өмгөөлөгчдийн холбоонд шилжиж очоогүй байгаа бол Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны архивт байгаа байх гэж хариулсан. Түүнээс хойш архивт үзчихээд энэ баримт нь Хуульчдын холбоонд байгаа гэсэн агуулгаар тайлбар хэлээгүй. Дараа нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Ө.Г******* худлаа ярьсны улмаас 12 сая төгрөгийн хохирол учирсан гэж намайг гүтгэсэн. Үүний дараа шүүгч албан бичиг хүргүүлж, Мэргэжлийн хариуцлагын хорооноос Өмгөөлөгчдийн холбоонд шилжсэн байна гэсэн баримт нь хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

8. Иргэдийн төлөөлөгч С.Б*** дүгнэлтдээ: Б.А*********-ийн хэргийг шийдэж, бүтэн 10 жил явсан хэргийн учирсан хохирлыг Монголын хуульчдын холбооноос гаргуулах хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   1. Иргэн Б.А*********-ээс М*** Х**** холбоонд холбогдуулан гаргасан “Монголын хуульчдын холбоо Тү.Э***** нарт холбогдох эрх залгамжлагч байгууллагад хүргүүлээгүйгээс уг маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа тул хүргүүлэхийг Монголын хуульчдын холбоонд даалгах, Монголын хуульчдын холбоо, Монголын Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 12 сая төгрөгийг Монголын Хуульчдын холбооноос гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэв.

2. Иргэн Б.А*********-ийн гомдлоор шүүгч Тү.Э*****, өмгөөлөгч П.Б*******, Ч.Э*********, Л.Ц********* нарт холбогдуулан үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний ажиллах журам”-ыг зохицуулсан Долдугаар бүлэг Монгол улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөн хүчингүй болохоор тусгаж, Монгол улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

3. Ийнхүү хуулийн өөрчлөлтөөс Мэргэжлийн хариуцлагын хороо байхгүй болсон байх бөгөөд уг хороонд ажиллагаанд байсан маргааны материалыг холбогдогч албан тушаалтнуудын үйл ажиллагаанд гаргасан гомдлыг хянах эрх бүхий байгууллага руу хүргүүлэх учиртай.

4. Монголын Хуульчдын холбооны 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2/293 дугаар албан бичгээр иргэн Б.А*********-ийн гомдолтой, хуульч Тү.Э***** нарт холбогдох маргааны материалыг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

5. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 103 дугаар гишүүний захирамжаар өмгөөлөгч П.Б*******, Л.Ц*********, Ч.Э*********, Б.Ц нарт холбогдуулан гаргасан Б.А*********-ийн гомдолд маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

6. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2022 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн МТ-01 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээжээ.

7. Хэрэгт авагдсан баримт болон маргааны материалаас үзвэл Монголын хуульчдын холбооноос иргэн Б.А*********-ийн гомдлоор үүссэн шүүгч Тү.Э*****, өмгөөлөгч П.Б*******, Ч.Э*********, Л.Ц********* нарт холбогдуулан үүссэн маргаан нь шүүгч, өмгөөлөгч гэсэн 2 өөр албан тушаалтантай холбоотой байхад материалыг зөвхөн Өмгөөлөгчдийн холбоо руу хүргүүлсэн бөгөөд шүүгч Тү.Э*****-д холбогдох материалыг Шүүхийн сахилгын хороонд хүргүүлээгүй байна.

8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.3 “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд иргэн Б.А********* нь шүүгч, өмгөөлөгч нарын үйл ажиллагаанд гомдол гаргасаар байхад дан ганц Өмгөөлөгчдийн холбоонд гомдол бүхий материалыг хүргүүлсэн нь дээрх хуульд заасан ажиллагааг дутуу хийсэн, нэхэмжлэгчийг давж заалдах эрхээр хангуулаагүй гэж үзэхээр байна.

9. Иймд Монголын Хуульчдын холбоо Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар иргэн Б.А*********-ийн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2/01 дугаар захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангаж ажиллаагүйн зэрэгцээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 3-т зааснаар гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүрэн гүйцэт шийдвэрлээгүй байна.

10. Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол болох 12 сая төгрөгийг Монголын Хуульчдын Холбооноос гаргуулах шаардлагын тухайд:

 Иргэн Б.А********* хохирол нэхэмжлэх үндэслэлээ “... шүүгч Тү.Э***** хэргийг сэргээж, илт хууль бус шийдвэр гаргаснаас Төрийн банкны нэхэмжлэлтэй зохиомол хэрэг үүсгэж, Б.А********* миний зээлийн ангиллыг муу ангилалд шилжүүлж, санхүүгийн эдийн засгийн асар их хохирол учруулсан байх ба хүүхдийн тэтгэлэг нэртэй хуурамч авлага үүсч, хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн... 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 2022 оны 1 сарын 4 хүртэлх маргаанаа шийдвэрлэх хуралдаанд оролцсон 55 удаагийн зардал 2227500 төгрөг, 2018.7.7-2018.8.15 хүртэлх байрны түрээсийн мөнгө 387150 төгрөг, шуудангийн зардал 251272 төгрөг, ломбардны хүү 275000 төгрөг, шуудангийн зардал 500518 төгрөг, 36 сарын зээлийн хүү 6131060 төгрөг нийт 12 сая төгрөгийг Мэргэжлийн хариуцлагын хороо Тү.Э***** нарт холбогдох хэргийг удаашруулж, шийдвэрлэснээс үүссэн хохирол гэж нэхэмжилж байх бөгөөд Монголын хуульчдын холбоо нь Мэргэжлийн хариуцлагын хорооны хуулиар хүлээсэн чиг үүргийг эрх залгамжлан аваагүй, Монголын хуульчдын холбооны эс үйлдэхүйн улмаас дээрх хохирол учирсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

11. Өөрөөр хэлбэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Зургадугаар бүлэгт Хуульчдын холбоо, Долоодугаар бүлэгт Мэргэжлийн хариуцлагын хорооны эрх зүйн зохицуулалтыг тусгасан байсан бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хороо, Хуульчдын холбоо нь өөр өөрийн чиг үүрэгтэй тусдаа байгууллага байсан байна.

12. Харин иргэн Б.А********* дээрх албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийдвэрээр хязгаарлаагүй.

13. Иргэн Б.А********* нь эрх залгамжлагчаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог татах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан байх бөгөөд тухайн захиргааны хэргээр Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, Хуульчдын холбооны эрх залгамжлагч байгууллага гэж байхгүй, өөрөөр хэлбэл Мэргэжлийн хариуцлагын хороо /хуучнаар/-ны үйл ажиллагаа болон Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааг тус шүүх хянаагүй, хянах ч эрх зүйн зохицуулалтгүй тул нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Иргэдийн төлөөлөгч С.Б*** нь Б.А*********-н хэргийг шийдэж, бүтэн 10 жил явсан хэргийн учирсан хохирлыг Монголын хуульчдын холбооноос гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд “маргааны материалыг Шүүхийн салхилгын хороонд хүргүүлэх гэсэн” хэсгийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгч Б.А*********лтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тү.Э***** нарт холбогдох маргааны материалыг Шүүхийн сахилгын хороонд хүргүүлээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, хүргүүлэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн  1, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А*********-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тү.Э***** нарт холбогдох маргааны материалыг Шүүхийн сахилгын хороонд хүргүүлээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, хүргүүлэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Монголын Хуульчдын холбооноос 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ                                                       С.ГАНБАТ

                                        ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХЗУЛ