Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0498

 

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0498

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

         Б.Аийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Гнар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагч Монголын Хуульчдын холбоо

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Хуульчдын холбоо Тү.Э нарт холбогдох эрх залгамжлагч байгууллагад хүргүүлээгүйгээс уг маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа тул хүргүүлэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгах, Монголын Хуульчдын холбоо, Монголын Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 12.000.000 төгрөгийг Монголын Хуульчдын холбооноос гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Аээс Монголын Хуульчдын холбоонд холбогдуулан “Монголын Хуульчдын холбоо Тү.Э нарт холбогдох эрх залгамжлагч байгууллагад хүргүүлээгүйгээс уг маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа тул хүргүүлэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгах, Монголын Хуульчдын холбоо, Монголын Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 12.000.000 төгрөгийг Монголын Хуульчдын холбооноос гаргуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр: 

“...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тү.Э нарт холбогдох маргааны материалыг Шүүхийн сахилгын хороонд хүргүүлээгүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, хүргүүлэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Анхан шатны шуух хэрэг хянан эрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно”, 26.2-т “Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна”, 26.3-т “Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэсэн хуулийн заалтыг баримтлан эрх залгамжлагчаар Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог эрх залгамжлагчаар этгээдээр оролцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасанд гомдолтой байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, өөрөөр хэлбэл хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үүрэг хүлээнэ, 21.2.3-т “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг” гэх хуулийн заалтыг зөрчиж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2/293 тоот албан бичгээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн нэр дээр шилжүүлснээ 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл буюу 10 сар 17 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдээгүй, чухам ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй, түүнчлэн дээрх 2/293 тоот албан бичгээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлснээс хойш даруй 18 хоногийн дараа буюу 2021 оны 7 сарын 20-ны өдөр шүүх хуралдаан болсон, энэ хуралд хүрэлцэн ирж, шүүхэд хэргийн талаар үнэн, зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад нөлөөлсөн, 2021 оны 7 дугаар сарын 2-ноос 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 10 сар 9 хоног, нийт 309 хоногийн дараа маргааны материалыг Монголын өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлсэн эсэх талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 4, 2022 оны 3 дугаар сарын 1, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий Б.Аийн гомдолтой, хуульч Тү.Э нарт холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн сахилгын шинжээчийн тогтоолтой А/17/023 тоот маргааны материалын талаар бодит үнэнийг нуун дарагдуулсан, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 2, 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн, зориуд нуусан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулах хүсэлтийг гаргасан ч шийдвэрлээгүйд гомдолтой байна.

3.2.Хэргийн бодит нөхцөл байдал болон даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хороо 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 3 жил, 10 сар, 4 хоногийн хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон журмаар явагдах бөгөөд уг журмыг Зөвлөл батална”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг зөрчиж, угтаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар магадлал, Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2019 оны 1 дүгээр сарын 8-ны 2/02 дугаар захирамж, Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүний мөн оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоол, Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/43 дугаар захирамж, Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүний 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор хуульч Тү.Э нарт холбогдох ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж маргаан үүсгэсэн, маргаан шалгах ажиллагааг ямар хүрээнд явуулсан, түүнчлэн ямар нотлох баримтад үндэслэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй гэх шүүхийн шийдвэрт үндэслэж, нэмэлт шалгах ажиллагаа хийгээгүй, гэмт хэргийг нуун дарагдуулсан зөрчил, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэнд гомдолтой байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор “Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө” гэж хуульчилжээ.

Тангараг өргөсөн хуульч Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Э, Б.Э, Н.Б, Л.Г нар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргаан шийдвэрлэх журмын 1.12 дугаар зүйлийн 1-д “сахилгын шинжээч, шалгагч нь бүрэн эрхээ хараат бус шударгаар хэрэгжүүлэх бөгөөд гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль, дүрэм, журамд захирагдана”, 8.7 дугаар зүйлийн 2-т “Сахилгын шинжээч гомдол, мэдээлэл хүсэлтэд тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн, эсхүл зөрчлийн шинжтэй бол эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд тухайн гэмт хэрэг, зөрчил хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран Хороонд харьяалагдах маргааныг хянан шийдвэрлэнэ”, мөн журмын 1.13 дугаар зүйлийн 1-д “Сахилгын шинжээч ...нь өргөдлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч хуульчийг буруутгах болон үгүйсгэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэсэн бүрэн эрхээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийт 4 жил, 2 сар, 8 хоногийн хугацаанд хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 20.5 дугаар зүйлийн 1-д “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 2-д “Зөрчилд шийтгэл ногдуулахдаа хуульчийн эрхэлж байгаа ажил албан тушаалаас үл хамааран тэгш, шударга хандах бөгөөд зөрчил, шийтгэл хоорондоо дүйцсэн байх зарчмыг удирдлага болгоно”, Хуульчдын холбоотой харилцахдаа мөн дүрмийн 20.1 дүгээр зүйлийн 1.1-д “худал мэдээлэл өгөх”, 1.2-т “урьд өгсөн худал мэдээллийг засах шаардлагатай арга хэмжээ авахгүй байхыг хориглоно” гэж тус тус дүрэмжүүлсэн бөгөөд шүүгч, нотариатч, өмгөөлөгч, прокурор, сахилгын шинжээч, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Э.З, холбооны Ерөнхийлөгч Ж.Х, Б.Ө нар хэргийн бодит нөхцөл байдлын талаар худал тайлбар гаргаж, хэргийг санаатайгаар удаашруулсан, өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсанд гомдолтой байна.

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/17/023 дугаар тогтоолоор маргаан үүсгэсний дараа мөн оны 7 дугаар сарын үед уг хэрэгт байсан гуравдагч этгээдийн тайлбар ямар нэгэн шалтгааны улмаас засварлагдсан, мөн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шүүхийн шийдвэрийг хуурамчаар үйлдсэн, гэтэл уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан хариуцлага тооцох байтал зохих ажиллагааг огт хийгээгүй, харин өмгөөлөгч Ч.Эийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсаас оргон зайлсан болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогддог.

Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрхийнхээ хүрээнд шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан, улмаар шүүгч Тү.Э хүсэлтийг хүлээн авч 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргасан атлаа 2012 оны 4 дүгээр сарын 13-наас 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл даруй 9 жил, 11 сар, 19 хоног Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргаж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргэнэ” гэснийг зөрчсөн болохыг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг шалган шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан. Нийтийн албан тушаалтан, улсын бүртгэлийн албан хаагчид Б.А миний овог, нэр, регистрийн дугаар, Л.Агийн зурагтай, хуурамч ДА ДА 8369988 тоот иргэний үнэмлэх, хуурамч Е серийн 0228795 тоот гадаад паспорт, Б.А намайг Б.Бтай гэрлүүлсэн хуурамч гэрлэлтийн гэрчилгээг үйлдэн олгож, хууль, дүрэм, журам зөрчиж 2010 оны 7 дугаар сарын 28-наас 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 жил, 7 сар, 27 хоногийн хугацаанд гадаад улс руу зорчих эрхийг хязгаарласан илт хууль бус 76 дугаар захиргааны акт гаргасан, уг актаа 8 жил, 7 сар, 27 хоногийн хугацаанд танилцуулаагүй эс үйлдэхүй гаргасан, БНСУ-д суугаа Консулын ажилтан 6 жил, 8 сар, 26 хоногийн хугацаанд “хойшлуулшгүй ажиллагаа” явуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн цахим санд Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэх худал мэдээлэл оруулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэх худал мэдээллийг бүрэн устгахыг даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 655 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолтой Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар биелүүлснээр 2005 оноос 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэмт хэрэг таслан зогсоогдсон. А нь 2005 оны 4 дүгээр сарын 16-наас 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 7 жил, 2 сар, 13 хоногийн турш Б.А миний нэрийг хууль бусаар ашиглаж, БНСУ-д оршин сууж, БНХАУ, БНСУ, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 233.2, Эрүүгийн хуулийн 89.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон.

Дээрх гэмт хэрэг урт хугацааны турш үргэлжилсэн шалтгаан нөхцөл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Х, прокурор Ё.Сагсай нар 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн бодит үнэнийг тогтоох, хэргийг нэг мөр, шуурхай илрүүлэх, Б.А миний овог, нэр, регистрийн дугаар, хуурамч ДА 8369988 иргэний үнэмлэх, 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б.А миний нэрийг ашиглаж, Үндэсний гадаад паспорт гаргуулан авах мэдүүлэг бөглөсөн этгээд, хуурамч Е серийн 0228795 тоот гадаад паспорт олгосон улсын байцаагч Д.Б намайг Б.Бтай гэрлүүлсэн гэрлэлтийн гэрчилгээг үйлдэн олгосон этгээд, дээрх хуурамч нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж намайг БНСУ-д оршин сууж, БНСУ, БНХАУ-ын хилийг хууль бусаар 12 удаагийн давтан үйлдлээр хууль бусаар нэвтэрч, МУ-ын Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн Л.А нарыг олж тогтоон шударгаар ял оногдуулах албан үүрэг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал олгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хээл хахууль өгөх, авах, зуучлах гэмт хэргийг нууж, гэмт хэргийг нуун дарагдуулсан үйлдэлд нь 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 2022 оны Эрүүгийн хуулийн 247.1-д заасан хариуцлага тооцохоор хуульчилсан байна.

Гэвч хуульд заасан хугацаанд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шүүгч Ч.Х, прокурор Ё.С үйлдэлд мэргэжлийн дүгнэлт хийгээгүй, харин ч эс үйлдэхгүй гаргасан байна.

2010 оны 7 дугаар сарын 1-ний өдөр миний эх Д.Б өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 15.5 сая төгрөгөөр худалдан борлуулж, 10.5 сая төгрөгөөр нь урьдчилгаа 30% урьдчилгаа төлж, 4.354.319 төгрөгөөр миний цалингийн зээлийг хаасан, Төрийн банкны орон сууцны зээлд хамрагдаж 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр одоогийн бидний амьдарч байгаа Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4-32 тоот 3 өрөө худалдаж авсан ба уг байрыг худалдан авахад Л.Аын эгч Л.А 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1 тоот батлан даалтын гэрээ байгуулагдсан. Нотариатч Ц.Э уг хэлцлийг гэрчлэн Нотариатын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.4-т “нотариатч дор дурдсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.4.1-д “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх” үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, уг байрны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцлийг гэрчлэн батлахдаа худалдах худалдан авах гэрээний үнийг 1 сая төгрөгөөр хийх зөвлөгөө өгч, гэрчлэн баталсан нь зээлийн гэрээгээр халхавчилсан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж, хууль бус зөвлөгөө өгсөн байна.

Үүнээс 27 хоногийн дараа буюу 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.А би Улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаад паспорт гаргуулах хүсэлт гаргасан. 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн хяналтын байцаагчийн компьютерын дэлгэцээс харуулсан Л.Агийн зургийг Б.А би харсан даруйдаа таньсан. Гэтэл  Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Д.Отгонжаргал Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах  хэлтсийн дарга И.Под 2010 оны  8 сарын 5 өдөр 9/7694 албан бичиг явуулахдаа Бүжинлхамын Алтанцэцэгийн овог нэрийг ашиглан үл таних хүн                   Е-0228795 дугаар гадаад паспорт гаргуулсан гэсэн худал мэдээлэл явуулж,  Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга И.П, мөн газрын дарга Б.Х, Д.Г, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нар Эрүүгийн 20847065 дугаар хэрэг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 9/7694 дүгээр албан бичгийг  2010 оны 8 дугаар сарын 5-наас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 7 жил, 4 сар, 3 хоног зориуд нууж байгаад Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүгч , өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг ятгах гэмт хэрэг үйлдэх зорилгоор гаргаж өгч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо хэргийн бодит үнэний талаар худал тайлбар гарган Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шүүхийг хуурч мэхэлж байсан байна.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор “...Эрүүгийн 20847065 дугаар хэрэгт нэхэмжлэгч Б.А намайг сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй байхад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар “ сэжигтэн, яллагдагч”-д авах албадлагын арга хэмжээ буюу “гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах” эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй байхад уг эрхийг хууль бусаар хязгаарласан, “ хязгаарлах”-аар гаргасан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 01/961 дугаар албан бичиг нь эрх зүйн үр дагавар шууд бий болгосон нэхэмжлэгчид дарамт болсон сөрөг захиргааны акт мөн байна”, мөн Хил хамгаалах ерөнхий газар нь хууль бус Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаар албан бичигт үндэслэн Б.А намайг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдлийг “илт хууль бус” болохыг тогтоосон. Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 501  дүгээр тогтоолоор Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичиг”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч  Тагнуулын ерөнхий газар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр биелүүлсэн Захиргааны акт гаргаснаар 2010 оны 9 дүгээр сарын 9-нөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл 8 жил, 7 сар, 10 хоногийн турш үргэлжилсэн Эрүүгийн хуулийн 13.9-д заасан гэмт хэрэг таслан зогсоогдсон.

2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр миний бие сэжигтэн Л.Аг харсан даруйдаа таньсан, харин 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр сэжигтэн Л.А гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч БНСУ-д суугаа Монгол улсын Консулын газар очсон бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад ирсэн, Тагнуулын ерөнхий газар дээрх хугацаанд Б.А надад таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад Эрүүгийн 20847065 дугаар хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Хишигжаргал 2013 оны 14 дүгээр “илт хууль бус” прокурорын тогтоол гаргаж, хохирогч, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд байхгүй гэсэн худал дүгнэлт гарган, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2-т заасан хариуцлага тооцохоор хуульчилжээ.

Гэвч хуульд заасан хугацаанд Монголын Хуульчдын холбоо, Мэргэжлийн хариуцлагын хороо, прокурор С.Хишигжаргалын үйлдэлд мэргэжлийн дүгнэлт хийхгүй эс үйлдэхүй гаргасан.

Энэ үед дахин гэмт хэрэг гарч, Төрийн банкны  орон сууцны зээлийн батлан даагч Л.А нь Б.А ээжийнхээ байрыг зараад , мөнгийг нь хэрхэн, яаж зарцуулсан эсэхийг миний бие дүүгийн хамт мэдэхгүй, сүлжээний бизнест л зарцуулсан гэж сонссон гэж гүтгэсэн учраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Т. Энхжаргал, өмгөөлөгч Ч.Э нар бүлэглэж, нэхэмжлэгчид эрх үүргийг  танилцуулалгүй, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулалгүй, түүнчлэн 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Зохигчдыг эвлэрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 649 дүгээр “илт хууль бус” шүүгчийн захирамж гаргасан. Энэ бол шүүгч Тү.Э, өмгөөлөгч Ч.Э нар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан идэвхтэй үйлдэл юм.

Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт “Шүүх зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэх бөгөөд ямар ч тохиолдолд уг хугацааг сунгах болон дахин хугацаа өгөхгүй байхаар хуульд зохицуулжээ” хэмээн тайлбарлажээ. Гэтэл Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн шүүгч Тү.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т, өмгөөлөгч П.Б, Ч.Э нар 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 4470 дугаар хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэн, улмаар “илт хууль бус” шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч Б.А, хариуцагч Л.Аын эрхийг ноцтой зөрчиж,  шүүхийг хууран мэхлэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг зохион байгуулсан. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “ Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэж хуульчилсан бөгөөд өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц, Б.Ца нарын хэн алинд ч Б.Аийн нэхэмжлэлтэй Л.Ат холбогдох иргэний хэрэгт  хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон шүүхэд төлөөлөх итгэмжлэл байхгүй.

2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өмгөөлөгч Ч.Э утсаар шүүгч Л.Ат “байраа зарах итгэмжлэл өг, нөхөртөө итгэж байж, өр зээл, амьдрал чинь шийдэгдэнэ, эвлэрлийн хугацаа дууслаа” хэмээн хуурч, мэхэлсэн, мөн Л.Аыг “эхнэр чинь бүх байрыг чинь аваад, чамаас салж, чамайг гудамжинд гаргах гэж байна” хэмээн хуурч, мэхэлж, надаас итгэмжлэл авсан байна. Уг итгэмжлэлийг ашиглаж, нотариатч Ц.Э 2011 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр миний итгэмжлэлийн он, сар, өдрийг 2011 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэж өөрчилсөн, манай гэр бүлийн эд хөрөнгийг М.М-Оын өмчлөлд шилжүүлсэн хуурамч худалдах, худалдан авах гэрээг, мөн М.М-Оын дүү М.Мө нь эгч М.М-Оынхоо хувьчлагдаагүй 2 өрөө байрыг үнэ төлбөргүй авахын тулд 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Л.Аын эгч Л.Ариунаагийн гарын үсгийг зурсан, Л.Ариунаагийн хугацаа нь дуусан иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан  худалдах, худалдан авах гэрээг гэрчилж, улсын бүртгэгч бүртгэн авсан.

Нотариатч Ц.Э 10 жил, 1 сар, 19 хоногийн турш Л.Аөөрийн биеэр ирсэн, миний гэрчлэл үнэн, зөв гэж “худал” ярьж байсан болох нь  Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны дэргэдэх Нотариатчийн мэргэшлийн хорооны 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 001 дүгээр дүгнэлтийн 1, 3, 8 дахь заалтаар хөдөлбөргүй тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл шүүгч Тү.Э, өмгөөлөгч Ч.Э, П.Б, Б.Ца, Л.Ц, хуульч нотариатч Ц.Э нар бүлэглэн, бусдын  эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг зохион байгуулсан албан тушаалаа урвуулан ашигласан нь гэм буруугийн шууд  санаатай үйлдэл юм. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн           28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж хуульчилсан. Гэвч 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдөр шүүгч Тү.Э, өмгөөлөгч П.Б, шүүгчийн туслах шүүх, хуралдааны нарийн бичгийн дарга З.Т нар 476 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, Б.А миний нэрийг хууль бусаар ашиглан, хариуцагч М.М-Оыг хуурамч гуравдагч этгээдээр сольсон, харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан, уг нотлох баримтаа нуун дарагдуулж байгаад хуурамч нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж,  2016 оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхийн архивт байсан иргэний хэрэгт нэмж хийсэн нь хуурамч нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашигласан гэмт үйлдэл болно.

Шүүгч Тү.Э нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “ Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн материаллаг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1.5, 80.1.8, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно”, 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” байх процессын хуулиудыг ноцтой зөрчиж, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2633 дугаар шүүгчийн захирамж гарган, өмгөөлөгч Ч.Э, П.Б, хуурамч гуравдагч этгээдийн өмгөөлөгч гэх Л.Ц нар бүлэглэн хууль бус  шүүх хуралдаан явуулж, улмаар 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар “илт хууль бус” шийдвэр гаргасан, энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 250.2-т заасан гэмт хэрэгт хамаарна. 

Манай гэр бүл Төрийн банкинд хохирол учруулаагүй болох нь 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 562 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 69 дүгээр магадлалаар тогтоогддог. Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн шүүгч Тү.Э 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр миний нэхэмжлэлтэй хэргийг хууль бусаар сэргээж, улмаар миний төлөөлөгч Л.А “Л.Ариунаагаас 3.888.000 төгрөг гаргуулсан, Л.Ариунаагийн нэрийг хууль бусаар ашигласан М.Мөийн 1 өрөө байрны өмчлөгчөөр Л.А, Б.А, А.Ачит, А.Ихэрмарал, А.Ижилмарал” нарыг тогтоосон нь буруу” гэж Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч шүүгч Х.С, А.Д, Д.Т, Т.У, Ц.А нар түүний гомдол буруу гэх 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол гаргасан. Манай гэр бүлийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, 22 дугаар хороолол,  9-28 тоот 3 өрөө орон сууцыг М.М-О гэгчийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлддэг.

Үүнээс 2 сар, 4 хоногийн дараа Монгол Улсын дээд шүүхийн шүүгч  Х.С, А.Д, Б.У, Х.Э, Ц.А нар Төрийн банкны нэхэмжлэлтэй зохиомол хэрэг үүсгэж, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 242 дугаар тогтоол, үүргийн гүйцэтгэлийг манай гэр бүлийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4-32 тоот 3 өрөө орон сууцаар хангуулах шийдвэр гаргаж, бидний хувь заяагаар тохуурхан тоглосон. Төрийн банкны зээлийн ангиллыг зориуд зохиомлоор “муу” ангилалд шилжүүлж, Төрийн банк болон манай гэр бүлийн эд хөрөнгөд ноцтой хохирол учруулдаг.

Хуурамч М.М-О, Л.Анараас гаргуулсан 8.888.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль бусаар Төрийн банкинд шилжүүлсэн нь зөв гэх 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1036 дугаар тогтоолыг Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.С, П.З, Х.Э, Г.А, Д.Ц нар гаргаж, дээрх М.М-О, М.Мө нар өөртөө давуу байдал бий болгодог.

Прокурор С.Хишигжаргал, шүүгч Тү.Э, өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц, Б.Ца, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т, нотариатч Ц.Э нарын хууль бус үйлдлийг нуун дарагдуулахын тулд прокурор Д.Э, Б.С, А.Д, Б.О, М.Ч нар 2012 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл олон  удаа тогтоол гаргаж байсан. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх бөгөөд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмын 1.12 дугаар зүйлийн 1-д “...сахилгын шинжээч, шалгагч нь бүрэн эрхээ хараат бус шударгаар хэрэгжүүлэх бөгөөд гагцхүү Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль, дүрэм журамд захирагдана”, мөн журмын 8.7 дугаар зүйлийн 2-т “Сахилгын шинжээч гомдол мэдээлэл хүсэлтэд тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн эсхүл зөрчлийн шинжтэй бол эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд тухайн гэмт хэрэг, зөрчил хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран хороонд харьяалагдах маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж  хуульчилсан бөгөөд бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг тус тусад нь салган, Шүүхийн сахилгын хороонд даалгасан нь хуульд нийцэж байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт гаргуулахаар гомдол гаргаж байна.

3.3.Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монголын Хуульчдын холбоо, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хуульд заасан хугацаанд хууль дүрэм, журамд заасны дагуу шийдвэрлээгүйн улмаас учирсан хохирол, задаргаа, нотлох баримтыг хангалттай гаргаж өгч байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцлага хүлээх эзэнгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагчаас хэрэг маргааныг шалтгаангүйгээр удаашруулж байснаас учирсан гэм  хорын хохирлоос 12 сая төгрөгийг  гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

3.4.Нэмэлт тайлбарын тухайд:

Захиргааны процессын эрх зүй нь нэг талаас мөрдөн шалгах зарчмыг баримталдгаараа эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйтэй төсөөтэй шинжтэй бол, нөгөө талаараа нэгэн зэрэг диспозитив зарчмыг баримталдгаараа иргэний процессын эрх зүйтэй нийтлэг шинжтэй энэ байдал нь захиргааны процессын эрх зүйг хосолмол шинжтэй гэж нэрлэхэд хүргэж буй юм. /Захиргааны процессын эрх зүй гарын авлага. 2013 он/.    

Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх ...дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, ...эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, ...бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 15.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, ...оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 8-д “...захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх, ...шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6-д “ Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Б.Аийн нэхэмжлэлтэй  Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох Захиргааны хэргийг  хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох шүүгч Тү.Э нарт холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/17/023 дугаар   маргааны материалыг хариуцагч Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн Тамгын газар нь  2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2/293 дугаар албан бичгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн нэр дээр   шилжүүлсэн атлаа 2021 оны  7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, 2021 оны 7 дугаар сарын 2-ноос 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 10 сар, 5 хоногийн турш нэхэмжлэгчид мэдэгдээгүй, 2021 оны 7 дугаар сарын 2-ноос 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 10 сар, 12 хоногийн турш мөн зориуд  нуун дарагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад  учруулсан, түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны 376 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 281 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний 1892 дугаар, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 9507 дугаар, 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 214 дүгээр захирамжууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 594 дүгээр магадлал, Нийслэл дэх  Захиргааны   хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар шийдвэр гарахад шүүхэд нөлөөлсөн.    

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэнэ”, 6 дугаар зүйлийн 6.1-д “ Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор “Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж Хуульчдын холбоонд тангараг өргөнө, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульчид энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм /цаашид “Хуульчийн мэргэжлийн дүрэм” гэх/-тэй байна,  мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах,хууль бус аргаар явуулах”, 27.1.6-д “шүүгч болон шүүхийн ажилтныг шүүхийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчихөд хүргэх, туслах”, 27.1.7-д “мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байна” гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байна”,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “шүүхэд хэргийн талаар үнэн, зөв тайлбар гаргах, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үүрэг хүлээнэ, 21.2.3-т “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг “гэсэн хуулийн заалтаас үзвэл Б.Аийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн хариуцагч нь нотлох баримтыг  хадгалах, хамгаалах үүрэг бүхий   албан   хаагч, ажилтны байр  суурь, бодлогыг илэрхийлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол хуульч Тү.Э нарт холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/17/023 дугаар маргааны материалыг өөр захиргааны байгууллагад шилжүүлснээ зориуд нууж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлэх боломжтой”, 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд уг маргааны материал Монголын Хуульчдын холбооны архивт байгаа, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг маргааны материалыг шилжүүлсэн эсэхийг тодруулахад “үгүй” гэх худал тайлбар гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” бөгөөд хариуцагчийн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Гдараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...Монголын Хуульчдын холбоонд Тү.Э нарт холбогдох маргааны материалыг Шүүхийн сахилгын хороонд шилжүүлэх үндэслэлгүй, эрх хэмжээ болон чиг үүрэг байхгүй, харин энэ маргааныг нэгтгэж эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэж байна.

Учир нь иргэн Б.А нь нэр бүхий шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт холбогдуулан гаргасан гомдлыг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хүлээн авч гомдлыг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр маргаан үүсгэн шалган шийдвэрлэсэн. Энэхүү маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Шүүхийн ёс зүйн хороо зэрэг шат шатны хуулийн байгууллагуудад хянан шийдвэрлэгдсэн, Улсын дээд шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 4/1232 дугаар албан бичгээр 1 хавтас 346 хуудас маргааны материалыг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн бөгөөд одоо Хуульчдын холбооны архивт хадгалагдаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч байх тул шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Б.А “…миний нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 594 дүгээр магадлалд дурдсан шаардлагууд байсан…” гэх боловч уг магадлалд “…маргааны гол зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлүүдийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой талаар нягталж дүгнэлт хийгээгүй …байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү магадлалд заасны дагуу Б.Аээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж, мөн нэмэгдүүлсэн байх бөгөөд шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 1892 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүхийн мөн оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор өөрчилж, Б.Аийн гомдлын зарим хэсгийг хангасны дагуу шүүх “Монголын хуульчдын холбоо Тү.Э, өмгөөлөгч Б.Ц, П.Б, Л.Ц, Ч.Э нарт холбогдох маргааны материалыг холбогдох эрх залгамжлагч байгууллагад хүргүүлээгүйгээс уг маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа тул материалыг хүргүүлэхийг Монголын хуульчдын холбоонд даалгах, тус холбоо болон Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол болох 12 сая төгрөгийг мөн холбооноос гаргуулах” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хороотой холбоотой зохицуулалт хүчингүй болсонтой холбогдуулан уг хорооны хянан шалгах ажиллагаанд байсан Тү.Э /шүүгч/-д холбогдох хэргийг бусад нэр бүхий өмгөөлөгчдийн хамт Монголын өмгөөлөгчдийн холбоонд бус харин албан тушаалын харьяаллаар нь Шүүхийн сахилгын хороонд хүргүүлэх ёстой байсан гэх агуулгаар анхан шатны шүүхээс гомдлын зарим хэсгийг хангахдаа Тү.Эыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байгааг анхааралгүйгээр шийдвэрлэсэн нь буруу, хэдийгээр хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй ч нэхэмжлэгч Б.А энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл Тү.Эыг тэтгэвэрт гарсан болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54-57 зүйлд заасан хариуцлага, 95 дугаар зүйлийн 95.1, 101-114 дүгээр зүйлд заасан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтуудаас тус тус үзэхэд Сахилгын хороо нь зөвхөн шүүгчид холбогдох сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэхээс бус шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, энэ тохиолдолд иргэн Тү.Эын шүүгчийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа гаргасан гэх зөрчлийн талаарх Б.Аийн гомдлоор үүссэн хэргийг Шүүхийн сахилгын хороо цаг хугацааны хувьд одоо хянан шийдвэрлэх боломжгүй.

2.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нэг нөхцөл нь хэрэгжих бодит боломжтой байх явдал. Нэгэнт хэрэгжих боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үр дагаваргүй бөгөөд хэлбэрийн хувьд хангасан ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх үр дагаварт хүргэхгүй.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт “Шүүгчийн гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны алдаа, зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу төр хариуцан арилгана” гэж заасан бөгөөд Тү.Э Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа Б.Атэй холбоотой  хэргийг хянан шийдвэрлэхдээ мэргэжлийн алдаа гаргасан гэж үзвэл өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар төрөөс шаардах эрх нэхэмжлэгч Б.Ат нээлттэй болно.

Түүнээс Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо тухайн үед маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүйгээс учирсан гэх “гэм хор”-ын хохиролд 12 сая төгрөг Монголын Хуульчдын холбооноос шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуульд заасан гэм хорын хохиролд Б.Аийн 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 2022 оны 1 дүгээр сарын 4 хүртэлх хугацаанд Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралд нийт 55 удаа оролцсоны зардал, шуудангийн төлбөр, байрны түрээсийн төлбөр, ломбардын болон зээлийн хүүгийн төлбөр зэрэг нь хамаарахгүй.

3.Нөгөөтэйгүүр хариуцагчаар татагдсан Монголын хуульчдын холбоо Тү.Эын Мэргэжлийн хариуцлагын хороонд хянагдаж байсан маргааны материалыг Шүүхийн Сахилгын хороонд тухайн үед хүргүүлээгүй нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрхгүй, мөн З.Тг шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байхад нь гаргасан гомдлын хүрээнд одоо шүүгчээр томилогдсонтой нь холбогдуулан түүнд холбогдох маргааны материалыг Шүүхийн сахилгын хороонд шилжүүлэхийг даалгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл З.Тд холбоод холбогдох гомдлын агуулга нь шүүгчээр томилогдохоос өмнөх буюу шүүгчийн туслахаар ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчилтэй холбоотой байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны эрх залгамжлагчаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог татах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлт зөв байна.

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаар захирамжаар Б.Аээс өмгөөлөгч Б.Ц, П.Б, Л.Ц, Ч.Э нарт холбогдуулж гаргасан гомдолд дурдсан үйл баримтад маргаан үүсгэхээс татгалзсан, уг захирамжийг тус хорооны Маргаан хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн МТ-01 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байгаагаас үзэхэд Монголын хуульчдын холбооноос шилжүүлсэн дээрх нэр бүхий өмгөөлөгч нарт холбогдох гомдлыг Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хянаж зохих шийдвэрээ гаргажээ.

4.Харин давж заалдах гомдолд дурдсан “…сахилгын шинжээч Б.Э, Б.Э, Н.Б, Л.Г нар нь хууль, журамд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, …Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Э.З, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Х, Б.Ө нар хэргийн бодит үнэний талаар худал тайлбар гаргаж, хэргийг санаатайгаар удаашруулж, Захиргааны хэргийн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан гэх, мөн бусад нэр бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн талаарх үйл баримт…”-ын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь эдгээр нэр бүхий этгээдэд холбогдуулж анхнаасаа хариуцагчид хандан гомдол гаргаагүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан Б.Аийн “Монголын хуульчдын холбоо Тү.Э нарт холбогдох маргааны материалыг холбогдох эрх залгамжлагч байгууллагад хүргүүлээгүйгээс уг маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа тул материалыг хүргүүлэхийг Монголын хуульчдын холбоонд даалгах, тус холбоо болон Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол болох 12 сая төгрөгийг мөн холбооноос гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгч Б.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН