Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/04099

 

Version:1.0 StartHTML:0000000237 EndHTML:0000107749 StartFragment:0000039807 EndFragment:0000107709 SourceURL:file:///C:/Users/user/AppData/Roaming/Output%20Messenger/EJAAA/Received%20Files/ЧДНДХ-ТӨБЗГ-НДТХ-16.1.docx

 

 

 

 

 

 

 

    2020 о     12 с        17 ө

Дугаар         101/ШШ2020/04099

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бумцэндийн гудамж, 46-д байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /РД:9080821/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16 Засгийн газрын 9 байранд байрлах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох,

3,800,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэлмаа, Д.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэлтэстэй харилцагч “Боомтын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т Төрийн өмчийн хорооны 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар “Комисс томилох тухай” 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/32 дугаар тушаалаар татан буулгасан. Татан буугдах үедээ “Боомтын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь 2.533,750 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан. Уг өр 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны өрийг төлж барагдуулаагүй бөгөөд нийт 2.533,750 төгрөгийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан ”Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 1.266.875 төгрөг нийт 3.800.625 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн. Татан буугдсан “Боомтын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1244 дугаар “Нийгмийн даатгалын өр шимтгэлийг барагдуулах тухай албан тоотоор мэдэгдсэн боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А-5/246 тоот албан бичгээр шимтгэлийн өрийг төлөх боломжгүй гэж мэдэгдсэн. Энэхүү зөрчлийн улмаас тус байгууллагын даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд заасан Хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулахаар “Боомтын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай” 158 тоот албан шаардлага, тус хэлтэст бүртгэлтэй Хаан банкны 5003440919 тоот дансны зарлагын гүйлгээг хаасан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 237 тоот мэдэгдэл мөн хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг тус тус зөрчиж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 2.533.750 / төгрөгт хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 1.266.875 төгрөг нийт 3.800.625 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү.

 

Дэлгэрэнгүй бүртгэл тооцооны үлдэгдлийн баталгаа болдог. 2015 оны 03 сарын эцсийн үлдэгдлийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд баталгаажуулаад тамга дараад гарын үсгээ зурсан. Нягтлан бодогч татан буугдаж байгаа гээд нийгмийн даатгалд тайлангаа авч ирж өгсөн. Ажиллаж байсан байцаагч нь өр авлага барагдуулаарай гэж хэлээд шимтгэлийг программ дээр зогсоосон байгаа. Тухайн үед хариуцаж байсан байцаагч нар өр авлага барагдуулах талаар дарга захирал нарт нь хэлээд шаардлага тавихад комисс шийдвэрлэнэ гэж явсаар өдий хүрсэн байна. Жишээ нь Д.Очирбат гэдэг даатгуулагч 2017 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолтод 2014, 2015 оны Боомтын хөгжлийн төвд ажиллаж байсан цалин хөлс тооцогдсон. Шимтгэлийг төлөхгүй бол Д.Очирбат гуайн нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийг зогсоохоос өөр аргагүй болсон. Даатгуулагчдыг дуудаж нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийн баталгаажилтыг хүчингүй болгох арга хэмжээ авах хуультай. 15 даатгуулагчийн эрх ашиг хохирч байна даатгуулагчдыг чирэгдүүлж байна. Шимтгэл барагдахгүй тохиолдолд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дансыг хаах арга хэмжээ авна. Нийгмийн даатгалын сангийн хохирлыг барагдуулах шаардлагатай. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ажлаа ямар байдалтай хийж байгаа нь харагдаж байна. Бид хувийн компаниас нийгмийн даатгалын шимтгэл нэхэмжлээгүй төрийн байгууллагаас нэхэмжилж байгаа. Татан буулгаж байгаа комисс хариуцлагатай хандах ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлгүй...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч болон ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт тавих, төлүүлэхийг шаардах эрх, үүргийг нийгмийн даатгалын байгууллага, ажилтан уг хуульд заасны дагуу хэрэгжүүлдэг. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан буугдсан “Боомтын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гарган шаардсан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй анхаар ч үзэх нь зүйтэй юм. Иргэний хуулийн 75.2.3-т “Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “Боомтын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийг2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлүүлэхээр шаардах эрхтэй байсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл өр барагдуулалт төлөлтөд хяналт тавих үндсэн байгууллага бол нийгмийн даатгалын байгууллага. Нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө хариуцлагагүй хандсан. Шимтгэлээ сар бүр төлүүлэх хэрэгтэй. Татан буугдаж байгаа байгууллага өөрөө татан буугдах үедээ өрөө төлсөн байх ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог шаардаж 2015-04-01-ний өдрийн албан бичиг ирүүлсэн байдаг. Хуульд зааснаар 3 жилийн хугацаанд шүүхэд хандаж эрх ашгаа сэргээлгэх байсан. Хойшдоо ч гэсэн энэ байдалдаа анхааралтай хандаасай гэдэг үүднээсээ хөөн хэлэлцэх хугацаанаас шалтгаалж шимтгэл төлөхгүй байх боломж байдаг гэдгийг мэдрүүлээсэй гэж бодож байна. Тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Эрсдэлийн сангаас даатгуулагчдын шимтгэлийг төлж хохирлыг барагдуулах ёстой. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 2,533,750 төгрөг, алдангид 1,266,875 төгрөг, нийт 3,800,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн байгууллагаар нь төлүүлэх арга хэмжээ аваагүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2014 оны 6 сарын 7-ны өдөр “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг  байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан буулгасан болох нь Монгол Улсын Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 сарын 7-ны өдрийн 181 дүгээр тогтоол, 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

“Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар 2014 оны 7 сараас 2014 оны 12 сарыг дуусталх хугацаанд 10,743,204.97 төгрөгийн шимтгэл төлөхөөр тайлагнаж, 2014 онд 10,193,037.82 төгрөг, 2015 оны 1 сарын 10-нд 550,167 төгрөг, нийт 10,743,204.82 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгийн гүйлгээний жагсаалтаар тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.

 

“Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар 2015 оны 1 сард 2,323,749.98 төгрөг, 2015 оны 2 сард 105,000 төгрөг, 2015 оны 3 сард 105,000 төгрөг, нийт 2,533,750 төгрөгийг тус тус төлөхөөр тайлагнасан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, “Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 1, 2, 3 сарын тайлан зэргээр  тогтоогдож байх ба уг өр төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжилж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар 401 дүгээр тогтоолыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байх ба уг тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2 тушаалаар “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах комиссыг байгуулсан  болох нь хэрэгт авагдсан  Төрийн өмчийн хорооны даргын 2015 оны 01 сарын 21-ний өдрийн А/20, 2015 оны 01 сарын 27-ны өдрийн А/32 дугаартай тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолын 3 дугаар заалтаар хилийн боомтууд дээр байгуулагдсан 26 боомтын захиргаадын ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын 261,144,700 төгрөгийг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгажээ.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах үүрэгтэй.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд Засгийн газрын чиг үүрэг, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ... хууль дээдлэх явдал .. гэж заасан ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4-т зааснаар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ....төрийн өмчийн бодлого... хамаарахаар байна.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар томилогдсон комисс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг болон Төрийн өмчийн хорооны даргын 2015 оны 01 сарын 21-ний өдрийн А/20, 2015 оны 01 сарын 27-ны өдрийн А/32 дугаар тушаалыг  биелүүлж, “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэл болох 2,533,750 төгрөгийг 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэн, төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч талын ...нийгмийн даатгалаас тэтгэвэр тогтоолгосон, тогтоолгох иргэдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн... гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо татан буугдсан, Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулсан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэх тайлбараар нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-т “нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхтэй байна.

 

Гэвч “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар 2014 оны 12 сарын 31-нд татан буугдсан, татан буугдсан байгууллагад алданги ногдуулах үндэслэлгүй, алданги ногдуулсан байцаагчийн актгүй байх тул алданги 1,266,875 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч тал төлөөгүй дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын тайлагнасан 2015 оны 1-3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 2,533,750 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс алдангид нэхэмжилсэн 1,266,875 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55,490 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлийн 6.1, 183 дугаар зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2,533,750 /хоёр сая таван зуун гучин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 1,266,875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 55,490 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ