Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00508

 

ЧДийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/04099 дугаар шийдвэртэй

ЧД нэхэмжлэлтэй хариуцагч Тт холбогдох

3 800 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч ЧД төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч Боомтын хөгжлийн төв ТӨААТҮГ-т Төрийн өмчийн хорооны 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар Комисс томилох тухай 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/32 дугаар тушаалаар татан буулгасан. Татан буугдах үедээ Боомтын хөгжлийн төв ТӨААТҮГ нь 2 533 750 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан. Уг өр 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны өрийг төлж барагдуулаагүй бөгөөд нийт 2 533 750 төгрөгийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 1 266 875 төгрөг нийт 3 800 625 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн. Татан буугдсан Боомтын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг Т газарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1244 дугаар Нийгмийн даатгалын өр шимтгэлийг барагдуулах тухай албан тоотоор мэдэгдсэн боловч Т газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А-5/246 тоот албан бичгээр шимтгэлийн өрийг төлөх боломжгүй гэж мэдэгдсэн. Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулахаар Боомтын хөгжлийн төв ТӨААТҮГ-т ЧД улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 158 тоот албан шаардлага, тус хэлтэст бүртгэлтэй Хаан банкны 5003440919 тоот дансны зарлагын гүйлгээг хаасан 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 237 тоот мэдэгдэл мөн хариуцагч Т газарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 2 533 750 төгрөгт хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 1 266 875 төгрөг нийт 3 800 625 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү . 2015 оны 3 сарын эцсийн үлдэгдлийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд баталгаажуулаад тамга дараад гарын үсгээ зурсан. Тухайн үед хариуцаж байсан байцаагч нар өр авлага барагдуулах талаар дарга захирал нарт нь хэлээд шаардлага тавихад комисс шийдвэрлэнэ гэж явсаар өдий хүрсэн байна. Жишээ нь Д.О гэдэг даатгуулагч 2017 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолтод 2014, 2015 оны Боомтын хөгжлийн төвд ажиллаж байсан цалин хөлс тооцогдсон. Шимтгэлийг төлөхгүй бол Д.О гуайн нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийг зогсоохоос өөр аргагүй болсон. Даатгуулагчдыг дуудаж нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийн баталгаажилтыг хүчингүй болгох арга хэмжээ авах хуультай. 15 даатгуулагчийн эрх ашиг хохирч байна даатгуулагчдыг чирэгдүүлж байна. Шимтгэл барагдахгүй тохиолдолд Т газрын дансыг хаах арга хэмжээ авна. Нийгмийн даатгалын сангийн хохирлыг барагдуулах шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Б үйлдвэрийн газрыг байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч болон ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт тавих, төлүүлэхийг шаардах эрх, үүргийг нийгмийн даатгалын байгууллага, ажилтан уг хуульд заасны дагуу хэрэгжүүлдэг. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан буугдсан Боомтын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гарган шаардсан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй анхаар ч үзэх нь зүйтэй юм. Иргэний хуулийн 75.2.3-т Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзэхэд ЧД нь Боомтын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлүүлэхээр шаардах эрхтэй байсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл өр барагдуулалт төлөлтөд хяналт тавих үндсэн байгууллага бол нийгмийн даатгалын байгууллага. Нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө хариуцлагагүй хандсан. Шимтгэлээ сар бүр төлүүлэх хэрэгтэй. Татан буугдаж байгаа байгууллага өөрөө татан буугдах үедээ өрөө төлсөн байх ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог шаардаж 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг ирүүлсэн байдаг. Хуульд зааснаар 3 жилийн хугацаанд шүүхэд хандаж эрх ашгаа сэргээлгэх байсан. Тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Эрсдэлийн сангаас даатгуулагчдын шимтгэлийг төлж хохирлыг барагдуулах ёстой. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлийн 6.1, 183 дугаар зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2 533 750 /хоёр сая таван зуун гучин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан ЧДт олгож, нэхэмжлэлээс 1 266 875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 55 490 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Боомтын хөгжлийн төв ТӨҮГ нь Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор байгуулагдаж, энэ тогтоол Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Боомтын хөгжлийн төв ТӨҮГ-ийг үүсгэн байгуулсан тогтоол хүчингүй болсон өдрөөр уг үйлдвэрийн газрын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байх тул ЧД нэхэмжилж буй нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг Т хариуцан төлөх үндэслэлгүй байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, даатгуулагч нь хуульд заасан хувь хэмжээгээр тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр байгаа нь байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нь тогтсон хугацааны турш гүйцэтгэх үүрэг гэж үзэхээр байна. Иймд уг шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ЧД хариуцагч Тт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 2 533 750 төгрөг, алдангид 1 266 875 төгрөг, нийт 3 800 625 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 181 дугаар тогтоолоор Б үйлдвэрийн газрыг байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар тогтоолоор Боомтын хөгжлийн төв ТӨААТҮГ-ыг татан буулгасан байна. /хх.13, 62-63/

Хэргийн 6 дугаар талд авагдсан ЧД 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо хийсэн хүснэгтээр Б үйлдвэрийн газрыг 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2 533 750 төгрөг, алданги 1 266 875 төгрөг нийт 3 800 625 төгрөгийн өртэй гэсэн бичгийн баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

Хариуцагч ...ЧД нь Б үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэлийн өр алдангийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлүүлэхээр шаардах эрхтэй байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

ЧД 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 0000158, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0006237, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1244 дугаар албан бичгүүдээр Т газарт хандан Боомтын хөгжлийн төв ТӨААТҮГ нь 2 533 750 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг барагдуулж, даатгалуулагчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан байна. /хх.10-14/

Т газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А-S/246 албан тоотоор Боомтын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах үед тавилга эд хогшлыг нийгмийн даатгалын өр төлбөрт тооцож өгөх саналыг гаргаж, тус төрийн өмчит үйлдвэрийн газраас мөнгө, хөрөнгө үлдээгүй тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлөх боломжгүй талаар мэдэгджээ. /хх.15/

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А-S/246 албан тоотоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн энэ хугацааг эрх зөрчигдсөнөө мэдсэн үе гэж үзнэ. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 401 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар хилийн боомтууд дээр байгуулагдсан 26 боомтын захиргаадын ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын 261 144 700 төгрөгийг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар томилогдсон комисс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 401 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг болон Төрийн өмчийн хорооны даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/20, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/32 дугаар тушаалыг биелүүлж, Б үйлдвэрийн газрын нийгмийн даатгалын шимтгэл болох 2,533,750 төгрөгийг 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэн, төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Б үйлдвэрийн газрын тайлагнасан 2015 оны 1-3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 2 533 750 төгрөгийг гаргуулан ЧДт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Анхан шатны шүүх Б үйлдвэрийн газар татан буугдсан асуудлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагаас алданги 1 266 875 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/04099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО