Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2020/00532

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, ___ багт оршин суух, Х- овогт Д-ийн Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, *************** тоотод оршин суух, Б- овогт Д-гийн Б-д холбогдох 12,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Н- миний бие 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б-д 10 хувийн хүүтэй 6,500,000 төгрөг зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Д.Б- нь анх 7 хоногийн хугацаатай гэж зээл авсан боловч хугацаандаа өгч чадахгүй болоод байна сар сардаа хүүгээ төлөөд явна гэсэн. Ингээд 2017 онд хүүгээ асуудалгүй төлж явсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сараас эхлэн хүүгээ цаг хугацаандаа өгөхгүй болсон. Ингэж явсаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү болох үндсэн мөнгөө төлж барагдуулна гэж бичиг хийж өгөөд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2018 он болон 2019 оны хүүнд 7,000,000 төгрөг өгч мөн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг өгч нийт 8,500,000 төгрөгийг 2018, 2019 оны хүүндээ суутгаж авсан. Үүнээс хойш үндсэн төлбөр болох 2020 оны хүү 5,850,000 төгрөг нийт 12,350,000 төгрөгийг Д.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Н-, хариуцагч Д.Б- нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр гэрээ хийсэн байдаг. Уг гэрээнд 6,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Жил бүрийн хүүг 10 хувиар бодохоор нийт 7,800,000 төгрөг болж байна. 2017 онд хүү 7,800,000 төгрөгөөс 5,650,000 төгрөгийн хүү төлсөн. 2018 онд хүү 7,800,000 төгрөгөөс 1,320,000 төгрөгийн хүү төлсөн. 2019 онд хүү 7,800,000 төгрөгөөс 7,600,000 төгрөгийн хүү төлсөн. 2020 оны 1-9 дүгээр сарын хооронд 5,850,000 төгрөгийн хүү төлөхөөс 1,500,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Нийт 4 жилийн хугацаанд 29,250,000 төгрөг төлөхөөс хүүнд 16,070,000 төгрөгийг төлсөн. Үндсэн 6,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Нэхэмжлэгч Д.Н-ын зүгээс 2017 оны хүүг бүгдийг өгсөнд тооцсон. Мөн 2018-2019 онд төлсөн 1,320,000 төгрөг, 7,600,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сард төлсөн 1,500,000 төгрөг зэргийг 2018-2019 оны хүүнд тооцсон. Энэ нь нийт 10,420,000 төгрөгийг 15,600,000 төгрөгийн хүүнд тооцож авсан байдаг. 2020 оны 1-9 дүгээр сар хүртэлх хүү болох 5,850,000 төгрөгийг үндсэн төлбөр болох 6,500,000 төгрөг дээр нэмээд нийт 12,350,000 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч Д.Б-гийн хувьд 2017 онд 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-аас зээлж авсан байдаг. Тухайн үед ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулагдаагүй. Хуульд зааснаар гэрээний хэлбэрийн шаардлага хангахааргүй буюу иргэн Д.Н-т өргөдөл гаргах нь гэж байгаад бичгээр хүсэлт гаргасан баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Нэхэмжлэгч Д.Н-ын зүгээс зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч тухайн зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талын дурдсан төлсөн гэх мөнгөн дүнгүүд дээр санал нийлж байна. Хариуцагч Д.Б- нь өнөөдрийг хүртэл нийт 16,070,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-т төлсөн байдаг. Зээлийн гэрээ байгуулаагүй учраас хуульд зааснаар хүү авах эрхээ алдана гэсэн үг. Хариуцагч Д.Б- нь үндсэн 6,500,000 төгрөгийг төлснөөс гадна 9,570,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-т илүү төлсөн байна. Ийм учраас дахин нэхэмжлэгч Д.Н-т мөнгө төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Д.Б-гаас 12,350,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул 12,350,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь Д.Б- 2017 онд хүүгээ асуудалгүй төлж явсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сараас эхлэн хүүгээ цаг хугацаандаа өгөхгүй явсаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүнд 7,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 6,500,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй зээлж байгаа бөгөөд 7 хоногийн хугацаанд төлж дуусна, мөнгө зээлсэн Д.Б- гэсэн бичгийг шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчээс гаргаж өгснийг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, Д.Б-гийн ХААН банкны 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн дансны хуулгаар Д.Н-аас 6,500,000 төгрөгийг Д.Б-гийн данс руу шилжүүлжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43-3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр хийсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр талууд тохиролцож хүү тогтоож болно, мөнгө зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Иймд Д.Н-аас Д.Б-д 6,500,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр шилжүүлж, 7 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй тохиролцож, Д.Н-, Д.Б- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээ нь хэлбэрийн шаардлага хангахгүй хэдий ч гэрээний гол зүйл үндсэн зээл, хүү, хугацааг тохирч зээлдэгч гарын үсэг зурснаар зээлдүүлэгч 6,500,000 төгрөгийг шилжүүлжээ.

Д.Б- нь Б.Н-ын 5556235423 тоот дансанд 2017-03-16-нд 650000 төгрөг, 2017-04-12-нд 650000 төгрөг, 2017-06-19-нд 500000 төгрөг, 2017-10-17-нд 500000 төгрөг, 2017-12-27-нд 200000 төгрөг, 2018-02-27-нд 300000 төгрөг, 201-03-26-нд 400000 төгрөг, 2018-05-30-нд 120000 төгрөг, 2018-12-03-нд 500000 төгрөг, 2019-01-18-нд 500000 төгрөг, 2019-05-17-нд 100000 төгрөг, 2019-10-01-нд 7,000,000 төгрөг, 2020-05-04-нд 1,500,000 төгрөг шилжүүлсэн нь Д.Б-гийн ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч Д.Н-т нийт 12,920,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн нь ХААН банкны дансны хуулгын баримтаар тогтоогдож байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Д.Б- нийт 16,070,000 төгийг төлсөн гэж тайлбарыг гаргаж байна.

Иймд Д.Б- нь нийт 16,070,000 төгрөгийг Д.Н-т төлжээ.

Зээлийн гэрээг цааш сунгаж, хүү тохиролцсон гэрээ бичгээр байгуулаагүй, зээлийн гэрээнд хүү тохиролцож цааш сунгаагүй байх тул Д.Н- нь 2020 оны зээлийн хүү, үндсэн зээл 6,500,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Иймд Д.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох үндсэн зээл 6,500,000 төгрөг, 2020 оны хүү 5,850,000 төгрөг нийт 12,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2019 оны 09 дүгээр сарын 30-нд төлж барагдуулна гэж бичиг Д.Б-гаас хийж өгснийг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд гаргасан гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох 12,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ДУЛМАА