Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00281

 

Д.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2020/00532 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204/МА2020/00034 дүгээр магадлалтай,

Д.Нын нэхэмжлэлтэй

Д.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.Бд холбогдуулан үндсэн зээл 6,500,000 төгрөг, зээлийн хүү 5,850,000 төгрөг, нийт 12,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...6,500,000 төгрөгийг зээлж, нийт 16,070,000 төгрөг төлсөн. Нэмж мөнгө төлөх үндэслэлгүй.” гэжээ

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2020/00532 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Нын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Бд холбогдох 12,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204/МА2020/00034 дүгээр магадлалаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2020/00532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Нын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Наас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2017.01.11-ний өдөр Д.Бд гуйгаад байхаар нь 6,500,000 төгрөгийг банкнаас цалингийн зээл авч өгсөн юм. Д.Б 7 хоногийн хугацаатай авсан боловч хугацаандаа төлж чадахгүй болоод эгч нь хүүг нь төлөөд яваад байя гэхээр нь зөвшөөрсөн. Түүнээс хойш хэсэг хугацаанд төлж байсан. Сүүлдээ удаа дараа шаардсан боловч төлж өгөхгүй хойшлуулж байгаад өдий хүрсэн. Нэхэмжлэлийн 6,500,000 төгрөгийг төлөөгүй, зөвхөн хүүнд 12,920,000 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл хүү болох 5,800,000 төгрөг дээр үндсэн зээл 6,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх миний гаргаж олсон баримтыг үнэлээгүй хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Б нь зээлийн хүүг өөрөө сайн дураараа төлсөн учир буцаан нэхэмжлэх эрхгүй ба зөвхөн хүүнд зориулж төлбөр хийж байсан болохоос үндсэн зээлийг чинь төлж байна гэж нэг ч удаа төлбөр хийгээгүй. Д.Б нь 2019.09.30-нд зээлийг үлдэгдэл хүүтэй нь төлнө гэж бичгээр хүсэлт гаргасныг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн боловч шүүх үнэлэх ёстой баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан учир гомдолтой байгаа. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Анхан шатны шүүх Д.Бгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 6,500,000 төгрөг, зээлийн хүү 5,850,000 төгрөг, нийт 12,350,000 төгрөг гаргуулах Д.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8. Талуудын хооронд 2017.01.11-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчид 6,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцсоныг зохигч маргаагүй бөгөөд энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний шинжийг агуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

9. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

10. Д.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 6,500,000 төгрөгийг Д.Бгийн өмчлөлд шилжүүлсэн, мөнгийг буцаан төлөх 7 хоногийн хугацаа 2017.01.18-ны өдрөөр дуусгавар болсон, үүнээс хойш талууд гэрээний хугацааг сунгаж, уг хугацаанд хүү төлөхөөр бичгэн хэлбэрээр нэмэлт гэрээ байгуулаагүй хэдий ч хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж, мөнгө төлж байсан нь тогтоогдсон, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч нь 2017 оны 02 сараас 2019 оны 07 сар хүртэл 7,570,000 төгрөг төлж, хожим нь 2019.07.16-ны өдөр “Д.Б 2019.09.30-нд төлж барагдуулна” гэсэн баталгааг бичгээр гаргаж, улмаар 2019.10.01-ний өдөр 7,000,000 төгрөг, 2020.04.05-ны өдөр 1,500,000 төгрөг төлснийг зохигч маргаагүй байна.

11. Дээрхээс үзвэл, хариуцагчийн баталгаа гаргах хүртэл төлсөн нийт 7,570,000 төгрөгийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасны дагуу зээлийн хүүг зөвшөөрч төлсөн гэж үзэх нь хууль зөрчихгүй байна. Тодруулбал, зээлийн гэрээнд хүү төлөхөөр талууд тохиролцох бол гэрээг бичгээр хийхийг хууль шаарддаг боловч нэгэнт хариуцагч хүлээн зөвшөөрч төлсөн бол зээлийн хүүг төлөгдсөнөөр тооцох үндэслэлтэй юм.

12. Хариуцагчийн гарын үсэг бүхий “2019.09.30-нд төлж барагдуулна” гэсэн баталгаа болох бичгийн баримт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй хамааралтай болохыг зохигч маргаагүй бөгөөд харин тухайн баримтад ямар үүрэг /үндсэн зээл эсхүл хүү аль нь болохыг заагаагүй, мөнгөний үнийн дүн тусгагдаагүй/ болох нь тодорхой бус байна.

13. Дээрх баталгаа бичиг үйлдсэний дараа хариуцагч нь 2 удаагийн шилжүүлгээр нийт 8,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, уг мөнгийг үндсэн зээлд тооцсоноор зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж маргасан, шүүх түүний тайлбар бусад баримтыг үндэслэн зээлийн гэрээний үүргийг хариуцагч гүйцэтгэсэн, нэхэмжлэгчид үндсэн зээл болон 2020 оны хүүг шаардах эрх үүсэхгүй гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Учир нь хариуцагч 8,500,000 төгрөгийг зээлийн хүүд гэж шилжүүлсэн нь тогтоогдоогүй, өмнө дурдсанаар нэхэмжлэгч зээлийн хүү шаардахын тулд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх шаардлагатай ба ийм гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарын дагуу уг мөнгийг зээлийн хүүгийн төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид зээлийн хүү шаардах эрх үүсэхгүй.

14. Шүүх хариуцагчийг 2017.01.11-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2020/00532 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204/МА2020/00034 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Н 2021.01.07-ны өдөр 212,550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН