Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 01632

 

З.Н-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01265 дугаар шийдвэртэй, З.Н-гийн нэхэмжлэлтэй, М.М-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 78 740 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Н, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М нь З.Н-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч одоог хүртэл төлөлт хийгээгүй. М.М зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байрны 113 тоот хаягт байршилтай, 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Иймд М.М-гоос үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 10 800 000 төгрөг, алданги 27 940 000 төгрөг, нийт 78 740 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн албан ажилд хэрэглэх зорилгоор З.Н-гаас 40 000 000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус зээлсэн мөнгийг хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Харин З.Н-гийн нэхэмжилсэн 27 940 000 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй. Иймд алданги төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч М.М-гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 940 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч  М.М нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох М.М-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байр, 113 тоот хаягт байршилтай, 53.12 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 551 650 төгрөг, 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-гоос улсын тэмдэгтийн хураамжид 411 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Н-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Н давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрээний 2.6-д "зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ" гэснийг мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт "гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь: өгүүлбэрийн эхэнд зээлдүүлэгч нь гэж бичсэн ч өгүүлбэрийн төгсгөлд зээлдэгчээр төлүүлнэ гэж бичсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлинн 198.2, 198.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлах байтал алдангийг хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие М.М-той алдангийн тал дээр харилцан тохиролцож гэрээнд тусгасан болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50 800 000 төгрөгийн 50 хувиар тооцож 25 400 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч З.Н хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алданги 27 940 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 40 000 000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангий 63 дугаар байрны 113 тоот хаягт байрлалтай 53.12 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. /хэргийн 4-7 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 10 800 000 төгрөг нийт 50 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний утга агуулгыг тайлбарлахдаа хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний алдангийн тохиролцоо нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, алдангийг зээлдэгчээр төлүүлэх агуулгатай байхад алдангийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Тиймээс зээлийн гэрээний үндсэн үүрэг 50 800 000 төгрөг, алданги 25 400 000 төгрөг нийт 76 200 000 төгрөгийг хариуцагч М.М-гоос гаргуулж нэхэмжлэгч З.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 540 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01265 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “50 800 000” гэснийг “76 200 000” гэж, “27 940 000” гэснийг “2 540 000“ гэж, 3 дахь заалтад “411 950” гэснийг “538 950” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА