Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/01265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, З.Н  нэхэмжлэлтэй,

/Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 50 дугаар байр 124 тоотод оршин суух, /

 

Хариуцагч: Тойн овогтой, М.М холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 51 дүгээр байр, 21 тоотод оршин суух, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 7 дугаар байр, 41 тоотод оршин суух бүртгэлтэй, /

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 78 740 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н, хариуцагч М.М, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.М нь З.Нтай 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч одоог хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. М.М нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байрны 113 тоот хаягт байршилтай, 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Иймд М.Мгоос үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 10.800.000 төгрөг, алданги 27.940.000 төгрөг, нийт 78.740.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч М.М нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.М нь өөрийн албаны ажилд хэрэглэх зорилгоор өөрийн нэр дээр З.Нгаас 40.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус зээлсэн мөнгийг хүүгийн хамтаар төлөхөд татгалзах зүйлгүй. Харин З.Нгийн нэхэмжилсэн 27.940.000 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй болно. Иймд алданги төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            З.Нгийн нэхэмжлэлтэй, М.Мд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.740.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

             Нэхэмжлэгч З.Нгийн “...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 10.800.000 төгрөг, алданги 27.940.000 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М “үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 10.800.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг төлөх боломжгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

            З.Н, М.М нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч З.Н нь 40.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдэгч М.Мд зээлдүүлсэн, зээлдэгч М.М нь зээлийг эргүүлэн төлөөгүй талаар талууд маргаагүй болно.

 

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 10.800.000 төгрөг, нийт 50.800.000 төгрөгийг хариуцагч М.Мгоос гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэрээний 2.6-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно...” гэж заасан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу зээлдүүлэгч буюу гэрээний удиртгал хэсэгт заасан “зээлдүүлэгч З.Н” нь “зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд” гэж зээлдүүлэгч талд хамаарсан үүрэг гэж ойлгогдохоор байх тул гэрээний 2.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч З.Н нь алданги шаардах эрхгүй гэж үзэв.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Барьцааны гэрээ”-гээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, М.Мгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байр, 113 тоот хаягт байршилтай, 53.12 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.М нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлийг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч М.Мгоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27.940.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч М.М нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох М.Мгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байр, 113 тоот хаягт байршилтай, 53.12 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 551.650 төгрөг, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мгоос улсын тэмдэгтийн хураамжид 411.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД