Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 29

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч: З овогт С-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

      2018 оны цалингийн зөрүү 1.414.816 төгрөг, 2019 оны цалингийн зөрүү 1.332.708 төгрөг, 2020 оны цалингийн зөрүү 719.658 төгрөг, нийт 3.467.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсээн төлөөлөгч У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие 1990 оноос хойш боловсролын салбарт 32 жил ажиллаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Х сумын дунд сургуульд захирлаар томилогдон ажиллаж байтал 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 тоот аймгийн засаг даргын захирамжаар улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар тогтоолоор намайг Увс аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд аймгийн засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 тоот захирамжаар Х сумын ЕБС-ийн захирлаар томилсон. Аймгийн засаг дарга намайг үзэл бодлоор ялгаварлаж, ажлаас чөлөөлснөөс гадна буцаад ажилдаа ороход хөдөлмөрийн харилцааны явцад ялгаварлан хязгаарлал тогтоон, миний сүлжээний цалинг ТҮБД-7 зэрэглэл, 5 дугаар шатлал байхад 1 дүгээр шатлал болгож, мөн Ур чадварын нэмэгдэл, Орон нутгийн нэмэгдэл зэргийг хасаж хохироосон. Иймд цалин болон нэмэгдлүүдийн хасагдсан зөрүү 3.467.182 төгрөгийг нэхэмжилж байна. Аймгийн засаг дарга 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/47 тоот захирамжаар цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо миний цалинг 5 дугаар шатлал буюу 734.053 төгрөг байх ёстойг 1 дүгээр шатлал буюу 673.849 төгрөгөөр тогтоож мөн Орон нутгийн нэмэгдэл болон Ур чадварын нэмэгдлийг өгөлгүй тогтоосон. Сүлжээний зөрүү /734.053 төгрөгөөс 673.849 төгрөгийг хасаад/ 60.204 төгрөг, Ур чадварын нэмэгдэл /734.053 төгрөгийн 25% буюу 183.500 төгрөг, Орон нутгийн нэмэгдэл 734.053 төгрөгийн 15% буюу 110.000 төгрөг, нийт 353.704 төгрөг, 2018 оны 9-12 дугаар сарын цалингийн зөрүү /353.704x4/ 1.414.816 төгрөг. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн аймгийн засаг даргын А/32 тоот захирамжаар цалин нэмэгдлийн хэмжээг шинэчлэн батлахдаа 5 дугаар шатлалыг 2 дугаар шатлал болгож 827.037 төгрөгөөр тогтоосон. Би 5 дугаар шатлал буюу 893.425 төгрөгөөр цалинжих ёстой. Мөн Ур чадварын нэмэгдэл 5 хувиар бүуруулж тогтоосон. 893.425-827.037=66.388 төгрөг нэг сарын цалингийн зөрүү, Ур чадварын нэг сарын зөрүү 5 хувь буюу 44.671 төгрөг, 66388+44671=111.059 төгрөг, 111.059 х 12 сар=1.332.708 төгрөг. 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн аймгийн засаг даргын Б/05 тоот захирамжаар цалинг шинэчлэн тогтоохдоо миний цалинг 5 дугаар шатлал буюу 964.899 төгрөгөөр тогтоох ёстой байтал шатлал бууруулж 2 дугаар шатлал буюу 893.200 төгрөгөөр тогтоосон. Мөн ур чадварын 5 хувийг хасаж тогтоосон. 964.899 төгрөг 893.200 төгрөг=71.699 төгрөг, нэг сарын цалингийн зөрүү 964.899 төгрөгийн 5 хувь буюу 48.244 төгрөг, Ур чадварын нэг сарын зөрүү 71.699 төгрөг+ 48.244 төгрөг=119.943 төгрөг, 2020 оны 1-6 дугаар сар 119.943 төгрөг х 6 сар=719.658 төгрөг. Иймд 2018 оны 9-12 дугаар сарын зөрүү 353.704 х 4=1.414.816 төгрөг, 2019 оны 1-12 дугаар сарын зөрүү х 12 сар=1.332.708 төгрөг, 2020 оны 1-6 сарын зөрүү 119.943 төгрөг х 6 сар=719.658 төгрөг, нийт 3.467.182 төгрөг дутуу олгож намайг хохироосон. Би Увс аймгийн Засаг даргын намайг ажилд эгүүлэн тогтоосон, цалин шинэчлэн тогтоосон захирамжуудыг мэдэж байсан. Засаг даргатай уулзаж цалингийн нэмэгдлийн талаар саналаа хэлж байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж Увс аймгийн Засаг даргаас 3.467.182 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү... гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсээн төлөөлөгч У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Увс аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, иргэн Б нь аймгийн Засаг даргын 2018 оны Б/41, 2018 оны Б/47, 2019 оны А/32, 2020 оны Б/05 дугаартай захирамжуудын улмаас өөрийн авах ёстой байсан цалин, урамшууллыг аваагүй тул нөхөн олгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын 2018 оны Б/41, Б/47 дугаартай захирамж болон 2019 оны А/32 дугаартай захирамж, 2020 оны Б/05 дугаартай захирамжийн дагуу цалин, урамшуулал авч, хөдөлмөрийн харилцаанд оролцож ирсэн байх бөгөөд энэ нь түүнийг дээрх эрх зүйн актуудыг мэдсэн буюу мэдэх ёстой байсан болохыг хангалттай нотолж байна. Тэрээр тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Мөн ерөнхий боловсролын үйлчилгээний тухайд, Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг дарга нь тухайн төсвийн төвлөрүүлэн захирагч байх бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1 дэх заалтын дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй байна. Иргэн Б-ийн цалингийн сүлжээний шатлалыг тогтоох эрх нь дээрх хуулийн заалтаар аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байх тул нэхэмжлэгчийн зүгээс заавал ТҮБД-5 шатлалаар цалинжих ёстой байсан гэж үзсэн нь тодорхой эрх зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн авах ёстой гэж үзсэн ур чадварын нэмэгдлийн тухайд, Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам- ын дагуу зохицуулагдах бөгөөд тус журмын 3 дахь заалтад Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно, журмын 4 дэх заалтад Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно гэж тус тус заажээ. Гэвч төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт тогтоосон хэм хэмжээний акт батлагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийгөө 25 хувийн ур чадварын нэмэгдэл авах ёстой гэж үзсэн нь ямар шалгаар үзүүлэлтээр, хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна. Орон нутгийн нэмэгдэлийн тухайд Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журмын дагуу зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгчид дээрх журмын дагуу орон нутгийн нэмэгдэл олгох ёстой байсан боловч, нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж шүүхэд гомдол гаргах хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2018 оны цалингийн зөрүү 1.414.816 төгрөг, 2019 оны цалингийн зөрүү 1.332.708 төгрөг, 2020 оны цалингийн зөрүү 719.658 төгрөг, нийт 3.467.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Нэхэмжлэгч Б нь Увс аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж хугацаандаа буюу 2018 оны 9, 10, 11, 12, 2019 оны 1-12, 2020 оны 1-6 дугаар саруудад авах ёстой байсан нийт цалингийн нэмэгдэл нийт 3.467.182 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба тухайн онуудад цалин тогтоосон Увс аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 тоот Бийг сургуулийн захирлаар эгүүлэн тогтоох тухай захирамж, 2018 оны 9 дүгээр тоот сарын 17-ны өдрийн тоот Цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамж, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/32 тоот Цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн батлах тухай захирамж, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай захирамжуудыг мэдсэн, танилцсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

      Сүүлийн буюу Увс аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байна.

     Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

   Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох 2018 оны цалингийн зөрүү 1.414.816 төгрөг, 2019 оны цалингийн зөрүү 1.332.708 төгрөг, 2020 оны цалингийн зөрүү 719.658 төгрөг, нийт 3.467.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2019 оны үйл ажиллагаагаараа Хүүхдийн хөгжлийг дэмжигч сургууль номинацид шалгарлаа, Хүүхдийн хөгжлийг дэмжигч сургууль батламж, 2016-2017 оны Аймгийн төрөлжсөн олимпиадын нэгдсэн дүн, 2017-2018 оны анги нийтийн олимпиадын хичээл бүрийн байраар эзэлсэн онооны нэгдсэн дүн, анги нийтийн олимпиадын сүүлийн 4 жилийн дүнгийн харьцуулалт, Ерөнхий боловсролын сургуулиудын 2013 оны үйл ажиллагааны үнэлгээ, Увс аймгийн Х сумын сургуулийн 80 жилийн ойн болон сургуулийн өрөө тасалгааг тохижуулсан, зассан талаарх фото зургууд, 2018 оны 9 дүгээр сар Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хийсэн ажлын тэмдэглэл, хийсэн ажлын фото зургууд гэх нийт 26 хуудас баримтууд нь хуулбар, нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг дурдаж байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.425 улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох 2018 оны цалингийн зөрүү 1.414.816 төгрөг, 2019 оны цалингийн зөрүү 1.332.708 төгрөг, 2020 оны цалингийн зөрүү 719.658 төгрөг, нийт 3.467.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.425 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР