Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 02

 

 

С.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй,

С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох, цалин хөлсний зөрүү 3.467.182 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч С.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1990 оноос хойш боловсролын салбарт 32 жил ажиллаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ..... сумын дунд сургуульд захирлаар томилогдон ажиллаж байтал 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 тоот аймгийн засаг даргын захирамжаар улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар тогтоолоор намайг Увс аймгийн ..... сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд аймгийн засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 тоот захирамжаар .... сумын ЕБС-ийн захирлаар томилсон. Аймгийн засаг дарга Д.Б намайг үзэл бодлоор ялгаварлаж, ажлаас чөлөөлснөөс гадна буцаад ажилдаа ороход хөдөлмөрийн харилцааны явцад ялгаварлан хязгаарлал тогтоон, миний сүлжээний цалинг ТҮБД-7 зэрэглэл, 5 дугаар шатлал байхад 1 дүгээр шатлал болгож, мөн ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл зэргийг хасаж хохироосон. Иймд цалин болон нэмэгдлүүдийн зөрүү нийт 3.467.182 төгрөгийг нэхэмжилж байна.

Аймгийн засаг дарга анх 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/47 тоот захирамжаар цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо миний цалинг ТҮБД-7 ангиллын 1 дүгээр шатлал буюу 673.849 төгрөгөөр тогтоож,  мөн орон нутгийн болон ур чадварын нэмэгдэл огт олгохгүй тогтоосон. Сүлжээний цалингийн зөрүү /734.053 төгрөгөөс 673.849 төгрөгийг хасаж тооцсон/ 60.204 төгрөг, ур чадварын нэмэгдэл -734.053 төгрөгийн 25% буюу 183.500 төгрөг, орон нутгийн нэмэгдэл- 734.053 төгрөгийн 15% буюу 110.000 төгрөг, нийт 353.704 төгрөг.

 Ингээд 2018 оны 9-12 дугаар сарын цалингийн зөрүү /353.704x4/ нийт 1.414.816 төгрөг дутуу олгосон.

2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн аймгийн засаг даргын А/32 тоот захирамжаар цалин нэмэгдлийн хэмжээг шинэчлэн батлахдаа шатлалыг  2  болгож 827.037 төгрөгөөр тогтоосон. Би 5 дугаар шатлал буюу 893.425 төгрөгөөр цалинжих ёстой. Мөн ур чадварын нэмэгдлийг 5 хувиар бууруулж тогтоосон. Эндээс нэг сарын цалингийн зөрүү 893.425-827.037=66.388 төгрөг, ур чадварын нэг сарын зөрүү 5 хувь буюу 44.671 төгрөг болно, нийт зөрүү нь  66388+44671=111.059 төгрөг, үүнийг 12 сараар тооцвол /111.059 х 12 сар/ 1.332.708 төгрөг.

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн аймгийн засаг даргын Б/05 тоот захирамжаар цалинг шинэчлэн тогтоохдоо миний цалинг 5 дугаар шатлал буюу 964.899 төгрөгөөр тогтоох ёстой байтал мөн 2 дугаар шатлал буюу 893.200 төгрөгөөр тогтоосон. Мөн ур чадварын 5 хувийг хасаж тогтоосон. 964.899 төгрөг 893.200 төгрөг=71.699 төгрөг, нэг сарын цалингийн зөрүү 964.899 төгрөгийн 5 хувь буюу 48.244 төгрөг, ур чадварын нэг сарын зөрүү 71.699 төгрөг+48.244 төгрөг=119.943 төгрөг, 2020 оны 1-6 дугаар сар 119.943 төгрөг х 6 сар=719.658 төгрөг дутуу олгосон.

Иймд 2018 оны 9-12 дугаар сарын олгогдоогүй зөрүү 1.414.816 төгрөг, 2019 оны 1-12 дугаар сарын зөрүү 1.332.708 төгрөг, 2020 оны 1-6 сарын зөрүү 719.658 төгрөг, нийт 3.467.182 төгрөгийг  дутуу олгож намайг хохироосон.

Би Увс аймгийн Засаг даргын намайг ажилд эгүүлэн тогтоосон, цалин шинэчлэн тогтоосон захирамжуудыг мэдэж байсан. Засаг даргатай уулзаж цалингийн нэмэгдлийн талаар саналаа хэлж байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж Увс аймгийн Засаг даргаас 3.467.182 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Увс аймгийн ..... сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Б нь аймгийн Засаг даргын 2018 оны Б/41, 2018 оны Б/47, 2019 оны А/32, 2020 оны Б/05 дугаартай захирамжуудын улмаас өөрийн авах ёстой байсан цалин, урамшууллыг аваагүй тул нөхөн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын 2018 оны Б/41, Б/47 дугаартай захирамж болон 2019 оны А/32 дугаартай захирамж, 2020 оны Б/05 дугаартай захирамжийн дагуу цалин, урамшуулал авч, хөдөлмөрийн харилцаанд оролцож ирсэн бөгөөд энэ нь түүнийг дээрх эрх зүйн актуудыг мэдсэн буюу мэдэх ёстой байсан болохыг хангалттай нотолж байна. Тэрээр тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Мөн ерөнхий боловсролын үйлчилгээний тухайд, Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг дарга нь тухайн төсвийн төвлөрүүлэн захирагч байх бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1 дэх заалтын дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй байна. Иргэн С.Б-ийн цалингийн сүлжээний шатлалыг тогтоох эрх нь дээрх хуулийн заалтаар аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байх тул нэхэмжлэгчийн зүгээс заавал ТҮБД-5 шатлалаар цалинжих ёстой байсан гэж үзсэн нь тодорхой эрх зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн авах ёстой гэж үзсэн ур чадварын нэмэгдлийн тухайд, Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын дагуу зохицуулагдах бөгөөд тус журмын 3 дахь заалтад Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно, журмын 4 дэх заалтад Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно гэж тус тус заажээ. Гэвч төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт тогтоосон хэм хэмжээний акт батлагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийгөө 25 хувийн ур чадварын нэмэгдэл авах ёстой гэж үзсэн нь ямар шалгуур үзүүлэлтээр, хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна. Орон нутгийн нэмэгдлийн тухайд Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журмын дагуу зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгчид дээрх журмын дагуу орон нутгийн нэмэгдэл олгох ёстой байсан боловч, нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж шүүхэд гомдол гаргах хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох 2018 оны цалингийн зөрүү 1.414.816 төгрөг, 2019 оны цалингийн зөрүү 1.332.708 төгрөг, 2020 оны цалингийн зөрүү 719.658 төгрөг, нийт 3.467.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс гомдол гаргах хугацаа буюу эрхээ мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргатай 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаа танилцуулж сүлжээнийхээ цалин авмаар байна гэсэн саналаа хэлсэн. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Г, ...... сумын төрийн албан хаагчидтай уулзаж хурал хийхэд би саналаа хэлж цалингийнхаа шатлал бууруулсан болон нэмэгдэл хөлсийг өгөхгүй байгааг танилцуулж цалингаа шатлалын дагуу авмаар байна гэдгээ хэлсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сард Т суманд болсон сургуулиудын тайлангийн үеэр саналаа Боловсрол, соёл, урлагийн газрын дарга С.Д, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.А нарт цалингийн шатлалаа үндэслэлгүйгээр бууруулсан гэдгээ танилцуулж цааш нь аймгийн Засаг дарга Д.Б-д уламжилж хэлж өгөхийг хүссэн. Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааны явцад улс төрийн шалтгаанаар ялгаварлаж, дарамтад оруулж байсан учир гомдлоо гаргаж чадахгүй, амаар саналаа хэлж байсан.

Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн бол анхнаасаа хэрэг үүсгэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох байсан. Ийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Увс аймгийн Засаг даргын 2018 оны Б/41, Б/47 дугаартай захирамж болон 2019 оны А/32 дугаартай захирамж, 2020 оны Б/05 дугаартай захирамжуудыг тус тус мэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар холбогдох нотлох баримтаа бичгээр гаргаж өгөөгүй, нотолгооны бусад арга хэрэгслээр нотлоогүй тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч С.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 9 сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлсний зөрүү  нийт 3.467.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.   

Нэхэмжлэгч Увс аймгийн ....... сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Б нь ажил олгогч Увс аймгийн Засаг даргын  2018 оны 9 сарын 17-ны өдрийн Б/47 ,  2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн А/32, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар “Цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” захирамжаар үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллын хэмжээг тус тус буруу тогтоосноор цалин хөлсийг дутуу олгосон  гэж маргаж шаардлага гаргажээ.  

Ажилтны энэхүү гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссын харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисс / байгууллага/-т гомдлоо гаргах эрхтэй байна.

Тухайн гомдлыг хянан шийдвэрлээд гаргасан хөдөлмөрийн маргаан таслах байгууллагын шийдвэрийг ажилтан эс зөвшөөрвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор харьяалах сум, дүүргийн шүүхэд гомдол гаргах ба энэ нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

Тодруулбал, ажил олгогч, ажилтны хооронд гарсан ганцаарчилсан маргаан буюу цалин хөлс буруу тогтоосонтой холбоотой маргааныг хуулиар шууд шүүх харьяалан шийдвэрлэхээр тогтоогоогүй боловч хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэж, уг комиссоос гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд  гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгч С.Б нь цалин хөлс дутуу олгосон тухай гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст хуульд заасан хугацааны дотор гаргахгүйгээр шүүхэд хандсан байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу уг гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр хүлээн авахаас татгалзаж болох боловч ажил олгогч буюу Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхийг шаардах боломжгүй буюу энэ үндэслэлээр түүний шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Б нь ажил олгогч Увс аймгийн Засаг даргын 2018 оны 9 сарын 17-ны өдрийн Б/47 ,  2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн А/32, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар  “ цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” захирамжуудтай тухай бүр танилцаж мэдсэн, эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдэж байсан болох нь түүний анхан шатны шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Би аймгийн Засаг даргын цалин тогтоосон захирамжууд гарсныг мэдэж байсан. Тухайн үедээ аймгийн Засаг дарга Б-тай уулзаад энэ талаар хэлж байсан ч миний саналыг хүлээж авахгүй байсан тул шүүхэд хандаагүй.  Мөн аймгийн төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Г ........ сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийхэд би саналаа хэлж, миний цалингийн шатлал бууруулсан, нэмэгдэл хөлс олгохгүй байгаа талаар хэлж байсан. Мөн 2019 оны 01 сард аймгийн БСУГ-ын дарга С.Д, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.А нартай уулзаж, үндэслэлгүйгээр цалингийн шатлал бууруулж цалин тогтоосон талаар танилцуулж, аймгийн засаг даргад уламжилж өгөхийг хүссэн ” гэх тайлбараар нотлогдсон.

Ажил олгогч Увс аймгийн Засаг дарга 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлын цалин, нэмэгдлийн хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоосон байх бөгөөд хамгийн сүүлчийн буюу 2020 оны 01 дүгээр 27-ны өдрийн Б/05 дугаар “Цалин шинэчлэн тогтоох тухай” захирамж гарснаас хойш 10 сар гаруй хугацааны дараа буюу  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч энэ талаар шүүхэд гомдол гаргасан байх тул гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргаагүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Мөн нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “ энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан ба “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, эсхүл хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд байсан, мөн байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэргээр өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах  хугацаагаа алдсан байхыг ойлгоно. 

Нэхэмжлэгчийн “Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн бол анхнаасаа хэрэг үүсгэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох байсан. Ийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Ажилтан хөдөлмөрийн маргааны талаарх гомдлоо шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүдэд  заасан хугацаанд тус тус гаргасан эсэх, мөн  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааны дотор гаргаж чадаагүй эсэхийг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж буй нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэдэг тул иргэний хэрэг үүсгэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримтын талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.425 /далан мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бийн давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.425 /далан мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Л.АЛТАН