Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 682

 

У.Энхба

 

 

 

 

 

 2020           05           28                                            2020/ДШМ/682                                                                                                   

У.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Н.Анхбаяр,

            шүүгдэгч У.Э-,

            хохирогч Б.М-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн У.Э-т холбогдох 2005004140206 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн У-гийн Э, Дорноговь аймагт 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, метал-технологич инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 00-0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

У.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Есөн-Эрдэнэ” хотхоны 29-3-55 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.М-ыг хардалтын улмаас зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулж, сэтгэл санаанд дарамт үзүүлсэн,

2019 оны 12 дугаар сарын 29, 2020 оны 01 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд гэртээ эхнэр Б.М-ыг хардалтын улмаас байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч У.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Э-ыг гэр бүлийн хүчирхийллээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Анхбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийн аль нэгийг хэлбэрийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэх үндэслэл бүрдэнэ ... хохирогч Б.М-ын мэдүүлэг, шинжээчийн 1348, 254 дугаартай дүгнэлтүүд, гэрч У.Болорзаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч У.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 29, 2020 оны 01 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд эхнэр Б.М-ыг хардалтын улмаас байнга зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтаас үзэхэд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байхад анхан шатны шүүх нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамааралтай хүнийг эрхшээлдээ байлгах, биед нь халдах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүнийг нь гутаах, ах, дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч У.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч У.Э- тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Эхнэр бид хоёр цаашид гэр бүлийн асуудлаа харилцан ярилцаж, ойлголцож байх шийдвэрт хүрч эвлэрсэн. Энэ тухай анхан шатны шүүхэд хэлсэн. Бага насны 3 хүүхэдтэй, эхнэр маань нялх биетэй, ажил хийх боломжгүй байгаа тул ар гэрээ авч явах хэрэгтэй байна. Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Хохирогч Б.М- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар У.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч У.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Есөн-Эрдэнэ” хотхоны 29-3-55 тоот гэртээ эхнэр Б.М-ыг хардалтын улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-ын “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Энхбаяр миний бүх хувцсыг тайлж шалдлаад өөрийнхөө хувцсыг тайлаад “Минийх жижиг байна уу” гээд эрхтэнээ ам руу чихээд, давхар гараа үтрээ рүү хийсэн. Би зугтаад унтлагын өрөөнд ороход араас орж ирээд өмнөх үйлдлээ давтсан. Дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг манай нөхөр учруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөөнөөс ирээд миний харилцаж байсан залуугийн эхнэр “Намайг дагуулаад ир гэсэн” гээд айл руу хамт явсан юм. Замдаа “Чиний өөр хүнтэй харилцсан чинь үнэн бол ална” гэж намайг занаад байсан. Айлд ороод намайг түлхэж унагаасан. Миний харилцаж байсан эрэгтэйн эхнэр нь бидний харилцаж байсан зургийг үзүүлсэн. Автомашин дотор миний хоолойг боогоод хөл рүү өшиглөж, гарнаас зулгаагаад байсан. Хуучин гэсэн гэмтлүүдийг нөхөр маань учруулсан” /хх 24-25/,

гэрч У.Болорзаяагийн “2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн үед бэр эгч Мөнгөнтуул гаднаас орж ирсэн. “Энэ хэн юм, миний хайр сайхан амраарай гэсэн байна” гээд тэр хоёр маргалдсан. Орой 18-19 цагийн үед ах гарч яваад 01 цагийн үед согтуу орж ирээд нөгөө зурвасны талаар яриад эгчтэй маргалдаад сандал шидэж, эгчийн үснээс зулгаасан” /хх 30/,

шүүгдэгч У.Э-ын “2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө эхнэр гаднаас ороод ирэхээр нь утасны гэрлийг нь асаах гээд эхнэрийн утсыг авахад 99058883 дугаараас “Миний хайр сайхан амраарай” гэсэн зурвас ирсэн байсан. Тэгэхээр нь эхнэрээ сэрээгээд асуусан, зодож бариагүй унтсан, 29-ний орой зурваснаас болж маргалдаад сандал шидсэн. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө эмэгтэй хүн залгаад “Чи янхан эхнэрийнхээ бөгс бөөрийг захирч чадахгүй байна уу”, “Танай эхнэрээс болж манай гэрт бөгс бөөрний асуудал дийлдэхгүй байна, танайд ч бас адилхан байгаа биз,  надад баримт байгаа” гэсэн. Би машин дотор эхнэр Б.М-ыг алгадсан. 2020 оны 01 дүгээ сарын 09-ний өдөр эхнэртэйгээ хэрэлдээд толгой руу нь гар хүрсэн” /хх 52-53/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.М-ын биед зовхи, дух, цээж, бугалгаа, бугуйн үенд шинэ цус хуралт, хүзүүнд хуучин зулгаралт, цээжинд хуучин цус хуралт, тохой, шуунд хуучин зулгаралт, өвдөгт шинэ цус хуралт, өтгөний сүвний орчим шинэ зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 1348 тоот шинжээчийн дүгнэлт /хх 32-33/,

“Б.М-ын биед учирсан хүзүүний зулгаралт, цээжний цус хуралт, тохой шууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зовхи, дух, цээж, бугалга, бугуйн үенд цус хуралт, өвдөгт цус хуралт, өтгөний сүвний орчим зулгаралт гэмтлүүд нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, хүзүүнд зулгаралт, цээжний цус хуралт, тохой, шууны зулгаралтууд нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн 254 тоот дүгнэлт /хх 40-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хохирогч Б.М- нь гэр бүлийн харилцаанаас гадуур, бусадтай эр, эмийн харилцаа тогтоосны улмаас гэр бүлд таарамжгүй байдал үүсч улмаар шүүгдэгч У.Э- нь эхнэр Б.М-ын бие махбодид халдан хөнгөн хохирол учруулжээ. Шүүгдэгч У.Э- гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийг зодохын зэрэгцээ бэлэг эрхтэнээ хөхүүлэх, үтрээ рүү нь хуруу, гараа оруулах зэргээр бэлгийн дарамт үзүүлсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчлэн, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч У.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, заналхийлэх, айлган сүрдүүлэх, гутаан доромжлох, гүтгэх, мөрдөж мөшгих, ах, дүү, найз нөхөд, хамт олноос нь тусгаарлах зэргээр тарчлаасан, харгис хэрцгий харьцсан, мөн эд хөрөнгийн эрхэд нь халдаж бие махбодын болон сэтгэл санааны дарамт байнга үзүүлэн хохирогчийг эрхшээлдээ оруулсан байх ба гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн дунд бий болсон уг тэгш бус харилцаа хэвшмэл байдалтай үргэлжилсэн нь хэргийн зүйлчлэлийг тодорхойлох үндэслэл болдог тул тодорхой нэг тохиолдлоор эр, эмийн хардалтын улмаас эхнэрээ зодож гэмтээсэн шүүгдэгч У.Э-ын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч У.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ        

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН