Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00152

 

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00152

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 1-06 тоотод оршин суух, Чулуут овогт *********************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 40.634.654 / дөчин сая зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин дөрөв / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнийг суулцуулан, нэхэмжлэгч Б.Мөнхсайхан, хариуцагч Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөвсгөл дулааны станц ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөл нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16 тоот тогтоолоор Б.Мөнхсайхан намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №001/ХТ2020/00537 дугаартай тогтоолоор тус тус нотлогдож байгаа учир Б.Мөнхсайхан би ажилгүй байсан хугацааны 19 сарын цалинг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгэм хамгааллын сайдын 2005 оны 55 тоот тушаалаар дундаж цалин хөлс олгох журмын 7-д Ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно. гэсний дагуу 2018 оны 4 дүгээр сард 1.625.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 1.651.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 3.140.000 төгрөгийн цалин хөлстэй ажилласан байна. Дээрх 3 сард авсан нийт цалин хөлсний дүн 6.416.972 төгрөг, үүнийг 3 хуваахад сард дунджаар 2.138.666 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогдож байгаа учир 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бүгд 19 сар ажилгүй байсан юм.Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19 сарыг 2.138.666 төгрөгөөр үржүүлэхэд 40.634.654 төгрөг болж байна. Дээрх 4.634.654 төгрөгийн цалин хөлсийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл дулаан ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор нотлогдож байна. Миний бие ажилгүй байсан хугацааны 19 сарын цалин нэхэмжилж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон заасны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журамд зааснаар ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу миний бие 2018 оны 4 дүгээр сард 1,625,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 1,651,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 3,140,000 төгрөгийн цалин хөлс авч байсан. Дээрх 3 сард нийт 6,416,972 төгрөгийн цалин авсан ба үүнийг 3 сард хувааж тооцвол 2,138,666 төгрөгийн цалин авч байсан. Миний 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19 сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин 2,138,666 төгрөгийг 19 сараар үржүүлбэл 40,534,654 төгрөг болж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хариуцагчийн зүгээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг ярьж байна. Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарсан. Хяналтын шатны шүүхийн тогтоолд энэ бол өмнө болсон асуудал тул Б.Мөнхсайханыг ажилд нь эгүүлэн тогтоож байна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй ямар ч хамааралгүй гэж бодож байна. Хавтаст хэрэгт нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн. Мөн Нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлж байсан баримтаа сая шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Танай байгууллага намайг 2019 оны 7 дугаар сард цалин авч байсан гэж баримт гаргаж өгсөн байгаа. Ийм хуурамч нотлох баримт үйлдэж болохгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ажилтны сүүлийн 3 цалинг хэлэлцдэг. Шагнал, урамшууллын хувьд бүх ажилтны цалинг жагсааж захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд явуулж зөвшөөрсний үндсэн дээр энэ цалинг нь олгодог. Үгүй, хандаагүй. Хөвсгөл дулаан ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэлдэхүүн дутуу хараат бус гишүүд нь чөлөөлөгдсөн ирц бүрдэхгүй байгаа гэсэн хариу өгсөн. ... гэв.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнхсайхан нь манай байгууллага болон ТУЗ-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 19 сарын ажилгүй байсан хугацааны цалингаа сүүлийн авч байсан цалингийн 3 сарын дунджаар тооцож, нийт 40.634.654 /дөчин сая зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч Б.Мөнхсайханыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай ТУЗ-ийн тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар санхүүгийн зөрчил, аудитын зөвлөмж, нийтийн албан тушаалтанд тавигдах шаардлага зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Гэвч Б.Мөнхсайхан нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж шүүхэд гомдол гаргаж, түүнийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-өдрийн 01 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаартай тогтоолоор Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон байна. Шүүхээс гарсан тогтоол хүчин төгөлдөр болсон учир биелүүлэх нь зүйд нийцнэ. Гэвч Б.Мөнхсайхан нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Өөрийн эзэмшлийн Ланд круйзер маркийн 8470 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг
өөрийн хамаарал бүхий эхнэрийн дүүгийн Хөх сээг ХХК-ийн нэр дээр шилжүүлэн хуурамч гэрээ байгуулан Хөвсгөл дулааны станц ТӨХК-аас түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг, шатахууны зардалд 3.285.498 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл нийт 2.262.000 төгрөгийг өөртөө цалингийн хувь болгож ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр тус тус авсан болох нь тогтоогдож, Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө
давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн юм. Нэхэмжлэгч Б.Мөнхсайханыг ажилд эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. Учир нь нийтийн албан тушаалд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч тал нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.Энэхүү шүүхийн магадлал, тогтоол нь нэхэмжлэгч Б.Мөнхсайханыг ажлаас үндэслэлгүй халсныг нотолж байгаа боловч түүнд ажиллаж байсан хугацааны цалинг олгох ёстой гэсэн үг биш юм.

Иймд Нэхэмжлэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ шалгагдаж байсан хугацаагаа болон ялаа эдэлж байгаа хугацаагаа ажиллаж байсан гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Мөнхсайханы ажилгүй байсан хугацааны 19 сарын цалин нийт 40.634.654 /дөчин сая зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийн бодит байдлыг хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Мөнхсайхан нь Хөвсгөл дулаан ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед би Хөвсгөл дулаан ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төлөөлөн удирдах зөвлөл хуульд заасны дагуу шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин болох 40,534,654 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Б.Мөнхсайхан нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт нийтийн албанд 2 жилийн хугацаагаар томилогдох эрх хасах ялаар шийтгүүлж байсан. Хөвсгөл дулаан ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шүүхээр шийтгэгдсэн хүнийг ажиллуулах боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохгүй гэсэн шийдвэр гарсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Б.Мөнхсайхан надад утсаар шүүхийн шийдвэрийн талаар хэлсэн. Ингээд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоо гэж шийдвэр гарсан юм. Хэд хэдэн шалтгаан байгаа. Надад утсаар мэдэгдэж байсан. Гэхдээ Нэхэмжлэгчээс албан ёсны шаардлага ирээгүй. Харин шүүхийн шийдвэрийг хүлээж авсан. Хөвсгөл дулаан ТӨХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд заасны дагуу хурлаа хуралдуулсан боловч шийдвэр нь хүчин төгөлдөр байж чадаагүй. Хараат бус гишүүд нь чөлөөлөгдсөн тул ирц бүрдэхгүй байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн гүйцэтгэх захиралтай контрактын гэрээ байгуулдаг. Уг гэрээнд тухай гүйцэтгэх захирлын сард олгох цалин, урамшууллыг тогтоодог юм. Харин үндсэн цалин үндэслэж бодох байх. Харин нэмэгдэл хөлс тооцогдохгүй гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 6 дугаар сарын цалин эргэлзээтэй бодогдсон... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би үүн дээр нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаагаар тооцох ёстой гэж бодож байна. Шүүхийн шийтгэх тогтоолд мөн өөртөө давуу байдал олгож илүү өгсөн цалинг үндэслэж дундаж цалин хөлсийг тодорхойлж болохгүй болов уу Энэ сарууд нь шийтгэх тогтоол дээр тодорхой байгаа.... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхсайхан нь хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 40.634.654 / дөчин сая зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин дөрөв / төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэьдорж эс зөвшөөрч маргасан байна.

Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Батдондогийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох Б.Мөнхсайханы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Нямдорж овогтой Пүрэвдорж /РЮ91041810/-г томилон оролцуулж байна. Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж нь тус иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдлэж , үүрэг хүлээж оролцох ба нэхэмжлэлийн хувь гардаж авах, хариу тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгчтэй эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй оролцох болно. гэх албан бичиг хэрэг авагдсан байна.

Иймд Н.Пүрэвдорж нь хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй.

Хэрэгт: Нэхэмжлэгч Б.Мөнхсайханаас

- Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай 1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцсэний дагуу **************ыг Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний Гүйцэтгэх захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий Б.Мөнхсайханыг ажилд томилох тухай тогтоолын хуулбар баримт 1 хуудас, / нотариатчаар гэрчлүүлсэн/,

- Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай 1. Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны санхүүгийн аудитын тайлан болон нийцлийн аудитын тайлангаар илэрсэн зөрчил, зөвлөмж, эрх бүхий байгууллагын удирдамжийн дагуу Батаа овогтой*******ыг тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлсүгэй. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тогтоолын хуулбар баримт 1 хуудас, / нотариатчаар гэрчлүүлсэн/,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чулуут овогт ************** нэрээр нээж олгосон 587701 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн нүүр хэсэг болон 2017, 2018 онуудад төлсөн шимтгэлийн бичилттэй хэсгийн хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/,

- Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай магадлалын хуулбар баримт 3 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

- Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №001/ХТ2020/00537 дугаартай тогтоолын хуулбар баримт 3 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/

- Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2019/00629 дугаар шийдвэрийн шүүхийн архив хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 4 хуудас,

- Хөвсгөл аймаг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаар Ажлаас чөлөөлөх тухай хурлын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

- Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан Даатгуулагч **************ы 2018 оны 1-6 дугаар сард шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа 1 хуудас зэрэг баримтыг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс

- Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны 2020/ШЦТ/235 дугаар Шийтгэх тогтоол-ын шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 4 хуудас,

- Батаа овогтой*******ы 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд авч байсан Цалингийн хүснэгч эх хувиар 1 хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар тус тус ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Мөнхсайхан нь Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр томилогдож, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн,

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар шийдвэрээр урьд ажиллаж байсан Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Мөнхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Тус шүүхийн дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь марган гомдлоо гаргасныг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Мөнхсайханыг Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Нямдорж дээрхи Хөвсгөл аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №001/ХТ2020/00537 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

Дээрхи маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх явцад буюу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгсон гэм хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж... шийтгэсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талууд дээрхи үйл баримтад маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж,

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:

... 36.1.2. ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тус тус заажээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай ... ТОГТООХ нь: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхсайханыг Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. гэх магадлал,

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №001/ХТ2020/00537 дугаартай ...Тогтоох нь 1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай магадлалыг хэвээр үлдээсүгэй ... гэх шүүхийн хүчин төгөлдөр тогтоол зэргээс нэхэмжлэгч **************ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь тогтоогдов.

Үүнээс дүгнэвэл Б.Мөнхсайхан нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө*******өөс гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нэхэмжлэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр Шийтгэх тогтоол байгаа учир түүнд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргах боломжгүй гэж маргасан боловч энэ нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй хамааралгүй, түүний цалин хөлсөө гаргуулах эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Мөнхсайханы ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүхийн хүчин төгөлдөр магадлал, тогтоол гэж тайлбарлан цалин хөлсний хэмжээг хамгийн сүүлд тухайн байгууллагаас авч байсан цалин хөлс болох 2018 оны 4-6 дугаар сарын цалингаас тооцон гэж тодорхойлжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн Ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор,

Б.Мөнхсайхан нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацааны цалин хөлсөө гаргуулан авсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2019/00629 дугаар шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр тус тус нотлогдов.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснийг дагуу тооцох учиртай ч нэхэмжлэгч нь 2017 оны 12сар, 2018 оны 02 сар, 2018 оны 3сар, 2018 оны 4 сар, 2018 оны 5 сар, 2018 оны 6 дугаар саруудад урамшуулал авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн 2017 оны 9, 10, 11 саруудад авч байсан цалин хөлсийг үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь тухайн саруудад нэг сард 1.300.000 төгрөгийн үндсэн цалин хөлстэйгээр ажиллаж байсан болох нь ... нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Дундаж цалин хөлсийг тооцоход: дээрхи гурван сард авсан нийт цалин хөлс 3.900.000 төгрөг, үүнийг 3-т хуваахад сард дунджаар 1.300.00 төгрөг, үүнийг 21,5-д хувааж нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлоход 60.465 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 395 ажлын хоног ажилгүй байжээ. /амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж тооцсон болно./

Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлоход: 60.465х395=23.883.675 төгрөг гэж тооцов.

Иймд Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс **************ы ажилгүй байсан хугацааны цалин хөлс 23.883.675 төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.750.979 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 361.123 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох 277.368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхсайханд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 23.883.675 /хорин гурван сая найман зуун наян гурван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгч Чулуут овогт *********************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.750.979 /арван зургаан сая долоон зуун тавин мянга есөн зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.123 / гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлөөс 277.368/ хоёр зуун далан долоон мянга гурван зуун жаран найм / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхсайханд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА