Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2021/00007

 

 

 

 

 

 

2021 03 17 07

 

 

Б.Мөнхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 40,634,654 /дөчин сая зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батсүх, нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16 тоот тогтоолоор Б.М намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №001/ХТ2020/00537 дугаартай тогтоолоор тус тус нотлогдож байгаа учир Б.М би ажилгүй байсан хугацааны 19 сарын цалинг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 тоот тушаалаар дундаж цалин хөлс олгох журмын 7-д Ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу 2018 оны 4 дүгээр сард 1,625,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 1,651,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 3,140,000 төгрөгийн цалин хөлстэй ажилласан байна. Дээрх 3 сард авсан нийт цалин хөлсний дүн 6,416,972 төгрөг, үүнийг 3 хуваахад сард дунджаар 2,138,666 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогдож байгаа учир 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бүгд 19 сар ажилгүй байсан юм. Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19 сарыг 2,138,666 төгрөгөөр үржүүлэхэд 40,634,654 төгрөг болж байна. Хавтаст хэрэгт нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн. Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Хариуцагч байгууллага 2019 оны 7 дугаар сард цалин авч байсан гэж баримт гаргаж өгсөн байгаа. Ийм хуурамч нотлох баримт үйлдэж болохгүй. Дээрх 40,634,654 төгрөгийн цалин хөлсийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Мыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай ТУЗ-ийн тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар санхүүгийн зөрчил, аудитын зөвлөмж, нийтийн албан тушаалтанд тавигдах шаардлага зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Шүүхээс гарсан тогтоол хүчин төгөлдөр болсон учир биелүүлэх нь зүйд нийцнэ. Гэвч Б.Мыг Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 нэгж буюу 5,500,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч тал нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн магадлал, тогтоол нь нэхэмжлэгч Б.Мыг ажлаас үндэслэлгүй халсныг нотолж байгаа боловч түүнд ажиллаж байсан хугацааны цалинг олгох ёстой гэсэн үг биш юм. Хөвсгөл дулаан ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шүүхээр шийтгэгдсэн хүнийг ажиллуулах боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохгүй гэсэн шийдвэр гарсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн.

Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн гүйцэтгэх захиралтай контрактын гэрээ байгуулдаг. Уг гэрээнд тухайн гүйцэтгэх захирлын сард олгох цалин, урамшууллыг тогтоодог юм. Харин нэмэгдэл хөлс тооцогдохгүй гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 6 дугаар сарын цалин эргэлзээтэй бодогдсон.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ шалгагдаж байсан хугацаагаа болон ялаа эдэлж байгаа хугацаагаа ажиллаж байсан гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Мы ажилгүй байсан хугацааны 19 сарын цалин нийт 40,634,654 /дөчин сая зургаан зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2021/00152 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 23,883,675 /хорин гурван сая найман зуун наян гурван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгч Чулуут овогт Бийн М /......./-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,750,979 /арван зургаан сая долоон зуун тавин мянга есөн зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,123 /гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөл удирдах зөвлөлөөс 277, 368/ хоёр зуун далан долоон мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батсүх давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, зөвтгөн өөрчлүүлэх шаардлагатай гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч Б.Мы ажилгүй байсан хугацааг тооцохдоо 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаа нийт 395 хоног гэж тооцоолсон байна. Гэвч Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн ба шийтгэх тогтоол 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй, гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлсэн байна.

2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байгаа учир түүнд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргах боломжгүй гэж маргасан боловч энэ нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй хамааралгүй, түүний цалин хөлсөө гаргуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад тулгуурлаж чадаагүй байна. Хариуцагч талаас ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн үндэслэл болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрхийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ, ажилгүй байсан хугацааны хувьд маргасан болно. Тодруулбал: Хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхээ хасуулан ялаа эдэлж байгаа хүнд ажиллаж байх ёстой гэж тооцоолон ажилгүй байсан хугацааны тэтгэмж олгож байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулж, ялын зорилго үл биелэгдэж байна.

3.Шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсний дунджийг тооцоолон гаргахдаа 2017 оны 9,10,11 дүгээр саруудын авч байсан цалинг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн олгожээ. Гэтэл Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дундаж цалин хөлс тодорхойлох журам-аар сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцох, цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт биш ажил олгогч байгууллагаас олгож байсан цалин хөлсний хүснэгтээр тодорхойлохоор заажээ.

4.Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхийн магадлал, УДШ-ийн тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн орох боломжгүй юм. Учир нь нийтийн албанд томилогдох эрх хасах ял 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хэрэгжүүлэгдсэн байна.

5.Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, зөрчилдөөнийг нэг мөр зохицуулах учиртай. Гэтэл нэхэмжлэгч Б.Мыг урьд ажиллаж байсан ажилд нь буюу Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд буцаан томилбол Монгол Улсын үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдаж, ял шийтгэлээ эдэлж байгаа хүнийг ажилд авах нь хууль бус болж, тус шийтгэх тогтоолыг үнэгүйдүүлээд зогсохгүй хууль бус шийдвэр болох юм. Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн удирдах зөвлөлийн зүгээс нэхэмжлэгч Б.Мөнхсайханыг ажиллуулахгүйгээр сул цалин өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд эрх зүйн зөрчилдөөн үүсээд байна. Гэвч энэ байдлуудад эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь учир дутагдалтай болжээ.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 40,634,654 төгрөгийг Хөвсгөл Дулааны Станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжилсэн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Б.Мнь Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, мөн өдрийн 16 дугаар тогтоолоор ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.М нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ч 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ажилгүй байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бүгд 19 сарын цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 395 хоногоор тооцсон нь буруу болжээ.

Нэхэмжлэгч Б.М нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн шийтгэх тогтоол хэрэгт авагдсан /хх-ийн 41-44-р хуудас/ байх тул түүнд нийтийн албанд томилогдох эрх хасагдсан хугацааны цалин хөлс олгох үндэслэлгүй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т Шүүх эрх хасах ялыг ...торгох ...ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, ...хугацааг тоолно. гэж заасан учир Б.Мы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг түүнд ял оногдуулсан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс тоолно.

Иймд ажил олгогчоос 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 278 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн 2017 оны 9-11 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний дунджаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцсон нь үндэслэлтэй.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасан ч нэхэмжлэгч нь 2017 оны 12 сар, 2018 оны 02-06 дугаар саруудад урамшуулал авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон учир дээрх хугацааны цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй.

Нэхэмжлэгч Б.Мн нь 2017 оны 9-11 дүгээр саруудад сар бүр 1,300,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байх тул ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан 278 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 16,809,270 төгрөг /1,300,000/21.5*278/ гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 23,825,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй. Иймд нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,123 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул гомдол гаргагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2021/00152 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийдвэрийн 1 дэх заалтыг 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,809,270 /арван зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чулуут овогт Бийн М //-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,825,384 /хорин гурван сая найман зуун хорин таван мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

б/ Шийдвэрийн 2 дахь заалтыг 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,123 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс улсын тэмдэгтийн хураамж 241,996 төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,368 /хоёр зуун далан долоон мянга, гурван зуун жаран найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.