Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01596

 

  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01570 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Э-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 64 000 000 төгрөг, хохирол 31 680 000 төгрөг, нийт 95 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард байрлах, улсын бүртгэлийн 18638310407888 дугаарт бүртгэгдсэн, 850 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201042206 дугаарт бүртгэгдсэн 227,69 м.кв засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201013283 дугаарт бүртгэгдсэн 600 м.кв талбайтай үйлчилгээний барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан “Ариг банк” ХХК-иас 150 000 000 төгрөгийн зээл хөөцөлдөх үед М ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваагийн танил А.Э нь “мөнгө хэрэгтэй болоод байна, зээлээч банкинд төлөх ёстой хүүг нь төлнө” гэсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Ариг банк” ХХК-тай бичил хөрөнгө оруулалтын зээлийн 2105008806 дугаартай гэрээг байгуулан сарын 2,75 хувийн хүүтэй 200 000 000 төгрөгийн авсан зээлийн 64 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-ийн Ариг банкны 2105008805 тоот данснаас А.Э-ийн ХААН банкны 5042277070 тоот дансанд 64 000 000 төгрөгийг А.Э-ийн хүсэлтээр “материалын хөлс” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. М ХХК нь А.Э-ээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, материал зэргийг худалдан аваагүй болно. А.Э өнөөдрийг хүртэл 64 000 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд М ХХК нь 64 000 000 төгрөгийн хүүд сар бүр “Ариг банк” ХХК-д 1 760 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл буюу 18 сарын хугацаанд нийт 31 680 000 төгрөгийг А.Э-ийн өмнөөс төлж хохироод байна. Хариуцагч А.Э-ээс нийт 134 500 000 төгрөгийг Д.Пүрэвдаваад шилжүүлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны дүнг ярьж байна вэ гэхээр энэ хооронд манайд 64 000 000 төгрөг төлөх ёстой учраас бид 64 000 000 төгрөгөө авсан зүйл ярьсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64,000,000 төгрөг авснаас хойш нийт 112 042 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ хоёр мөнгийг хооронд нь хасвал 22 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. Ийм байтал 64 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учраас авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэнэ.

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж хэлэхээсээ илүүтэйгээр өөрийн авсан мөнгөө тогтоосон хугацаандаа төлөх, авсан мөнгийг буцаан өгөх үүргийг биелүүлэхгүй учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасан хугацаа хэтрэх үр дагавар бий болсон. Үүрэг үүсээгүй гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 заасан мөнгө шилжсэнээр байгуулагдсан гэж үзэж байгаа бол үүргийн асуудал яригдана. Иймд А.Э-ийн авсан 64 000 000 төгрөг, Ариг банкны хүүд төлсөн 31 680 000 төгрөг, нийт 95 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ХХК нь Ариг банкны 2105008805 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны 5042277070 тоот дансанд 64 000 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Ийнхүү мөнгө шилжүүлсэн үйл баримт нь зээл байгаагүй бөгөөд миний бие хэзээ ч М ХХК-иас зээлийн гэрээ байгуулан зээл авч байгаагүй. Нэхэмжлэгч М ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Д.Дэнсмаа гэх эмэгтэй ажилладаг ба миний бие энэ хүнтэй хэзээ ч уулзаж, зээл хүсч зээл авч байгаагүй.

Дээр дурдсан М ХХК-ийн захирлаар ажилладаг Д.Дэнсмаа нь миний бага ангидаа хамт сурч байсан найз Д.Пүрэвдаваагийн ээж юм. Д.Пүрэвдаваа надтай харилцаа холбоотой байж надаас байнга мөнгө зээлж буцаан төлдөг байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сард мөнгөө буцаан авах талаар шаардахад 2015 оны 10 дугаар сард ээжийнхээ нэр дээр байдаг М ХХК-иар зээл авахаар болсон, зээл бүтэнгүүт хамгийн түрүүнд чиний мөнгийг буцааж өгнө гэснийхээ дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны 5042277070 тоот дансанд 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Пүрэвдаваа ийнхүү зээлээ төлж 64 000 000 төгрөгийг ээжийнхээ компанийн данснаас шилжүүлсний 3 хоногийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин мөнгөний хэрэг гарлаа гэж надаас буцаагаад 50 000 000 төгрөг зээлсэн. Миний дансанд М ХХК-иас 64 000 000 төгрөг шилжиж орж ирсэн шалтгаан ийм учиртай. Түүнээс хойш Д.Пүрэвдаваад урьдын адил мөнгө зээлдүүлж, Д.Пүрэвдаваа нь зээлээ эргүүлэн төлөх зэргээр явсан ба сүүлд миний 160 000 000 төгрөгийн үнэ бүхий 4 хөөрөг авч залилсан тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Пүрэвдаваад холбогдуулан гомдол гаргасны дагуу түүнд залилангийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Энэ талаар Баянгол дүүргийн Прокурорын газраас хэд хэдэн удаагийн албан бичиг болон надад 64 000 000 төгрөг зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргаад буй М ХХК-ийн захирал Д.Дэнсмаа, түүний хүү надаас мөнгө зээлдэг байсан Д.Пүрэвдаваа нарын мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна. Гэтэл Д.Пүрэвдаваа өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэнгүүт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөртөө шилжүүлсэн 64 000 000 төгрөгийг М ХХК-иас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж тус компаниас зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргуулсан юм. Энэ нь хэрэгт ирсэн Д.Дэнсмаа болон Д.Пүрэвдаваа нараас авсан мэдүүлгийн он сар болон М ХХК-иас надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан цаг хугацааны дарааллаас харагдана. Д.Пүрэвдаваад холбогдох гомдлыг 2016 онд гаргаж Д.Дэнсмаагаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр, харин Д.Пүрэвдаваагаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтэнээр тус тус байцаалт мэдүүлэг авсан байна. Харин тэд үүний дараа буюу 2017 оны 05 дугаар сард надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ хэрэг маргаан өмнө нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд буцаж ирсэн. Нэгэнт нэхэмжлэгч нь надад зээл олгосон гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг үүссэн гэдгээ нотолж чадаагүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хавтаст хэргээс харагдахгүй. Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй болох нь

1. Зээлийн бичгээр хийгдсэн гэрээ байхгүй. Зээлийн гэрээг амаар байгуулж болох ч М ХХК-ийн захирал Д.Дэнсмаатай миний бие огт уулзаж байгаагүй, танихгүй.

 2. Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга нь “Материалын тооцоо” гэсэн утгаар шилжүүлсэн. Ийм утгаар шилжүүлэх болсон шалтгаан нь банкнаас зээл авахдаа хуулгаа үзүүлэхэд тодорхой бизнесийн орлоготой гэж харагдуулах үүднээс ийм утгаар бие биендээ шилжүүлдэг байсан юм. Д.Пүрэвдаваа нь өөрийнхөө зээлийн төлбөрийг төлж шилжүүлсэн учраас бидний ярьж тохиролцож байсны дагуу ажлын хөлс гэж хийсэн ба энэ шилжүүлэг нь Д.Пүрэвдаваад хамааралгүй, үнэхээр зээл байсан бол утгыг зээл гэж бичих нь ойлгомжтой.

3. Мөн нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа А.Э мөнгө хэрэгтэй байна зээл аваад өгөөч гэж гуйхаар нь арга буюу банкнаас хүүтэй мөнгө зээлж аваад зээлдүүлсэн, тэгээд мөнгөө өгөөгүй учраас бид хүүнд хохирсон гэж тайлбарлаж, хүүнд төлсөн гэх төлбөрийг шаардсан байна. Гэтэл М ХХК нь бусдад хүүгүй мөнгө зээлдүүлэхийн тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй, энэ тайлбараа нэхэмжлэгч нотолж чаддаггүй.

4. Дээр дурдсанаар миний бие үнэхээр мөнгө зээлээч гэж гуйсан юм бол 2015 оны 10 дугаар сарын 21-нд мөнгөгүй байх ёстой. Мөнгө байсан ч яаралтай хэрэглэх гэж зээл авсан юм бол дансанд орж ирсэн даруйд шаардлагатай зүйлд хэрэглэж тухайн мөнгө буцаад ямар нэгэн байдлаар зарцуулагдсан байх ёстой. Гэтэл тухайн үед надад ямар ч мөнгөний хэрэг байгаагүй. Тиймдээ ч М ХХК-иас орж ирсэн 64 000 000 төгрөг миний дансанд 3 хоносны дараа 50 000 000 төгрөгийг Д.Пүрэвдаваад буцаагаад дахин зээлдүүлсэн. Энэ нь миний ХААН банкны 5042277070 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 50 000 000 төгрөгийг Д.Пүрэвдаваад түүний ХААН банкны 5099116979 тоот дансанд буцаан шилжсэн баримтаар нотлогдоно. Хүүд нь 50 000 000 төгрөгийг зээлдүүлэхийн тулд ээжээс нь 64 000 000 төгрөгийн зээл авах нь утгагүй юм.

5. Нэхэмжлэгч нь надад зээл олгосон бол нэг ч удаа эргэн шаардалгүй бүтэн 2 жил шахуу явах боломжгүй. Энэ хооронд надаас болж авсан гэх зээлээ Ариг банкинд төлж хохирсон гэж тайлбарлаж байгаа атлаа надад холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн тайлбар бодит үнэнд нийцэхгүй юм. М ХХК нь Ариг банкнаас 200 000 000 төгрөгийн зээлийн эргэлтийн хөрөнгө хийх зорилгоор авсан байгаа нь зээлийн гэрээнээс харагдах бөгөөд үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан 2020 он хүртэлх хугацаатай авсан зээлээ хугацаанаас өмнө бүрэн төлж дуусгасан байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Мөн хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэж намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 64 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зээлийн гэрээний харилцаа гэсэн хэвээр байгаа ч хэрэв үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл бий эсэх талаар дүгнэлт өгөх тохиолдолд дараах үндэслэл, тайлбар, нотлох баримтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүйг нотолж байна.

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл нь тухайн этгээд бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж үзэж хөрөнгө шилжүүлсэн ч тэдний хооронд үүссэн гэж үзэж байсан үүрэг үүсээгүй байсан тохиолдолд буцаан шаардахаар байна. Харин бидний тохиолдолд М ХХК нь иргэн Д.Пүрэвдаваагийн надад төлөх төлбөрийг төлж, түүний өмнөөс 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул би үндэслэлгүй хөрөнгөжөөгүй. Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлсэн бөгөөд би буцаан төлөх үүрэг хүлээгээгүй болно.

2. Миний бие М ХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй болох нь Д.Пүрэвдаваагийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа сэжигтэнээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваа нь А.Э надтай байнгын зээлийн харилцаатай байснаа дэлгэрэнгүй дурдаж 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны 5042277070 дансанд шилжүүлсэн 64 000 000 төгрөгийг өөрийнхөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан. Хэдийгээр 64 000 000 төгрөгийг ээжийнхээ компанийн данснаас шилжүүлсэн ч уг мөнгийг Д.Пүрэвдаваа миний бие А.Э-т өгсөн гэдгээ хэлж, улмаар уг мөнгийг өгөхийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ариг банкинд барьцаанд тавьж 200 000 000 төгрөгийг банкнаас зээлж байснаа мэдүүлж байсан байна. Энэ нь надаас нэхэмжилж буй 64 000 000 төгрөгийг М ХХК-иас надад зээл олгоогүй, харин тус компанийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваа нь надад төлөх төлбөртөө тооцон шилжүүлж өгсөн гэх миний тайлбар бодит үнэнд нийцэж байгаа нь нотлогдож байна.

3. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 64 000 000 төгрөгийг манай компаниас зээлсэн гэх М ХХК-ийн захирал Д.Дэнсмаа нь Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэтээ Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваа надад төлөх төлбөрөө ээжийнхээ компаниас шилжүүлсэн, уг мөнгийг миний бие буцаан төлөх үүрэггүй болохыг харуулж байна.

4. Иргэний хуулий 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлаас зээл бус харин надаас мөнгө байнга зээлдэг Д.Пүрэвдаваа нь зээлсэн мөнгөө ээжийнхээ нэр дээрх компаниас шилжүүлсэн болох нь улам бүр нотлогдож байна.

5. Д.Дэнсмаа нь өөрийн эзэмшдэг компаниасаа 64 000 000 төгрөгийн төлбөрийг миний данс руу хариу төлбөргүй, хүүгийнхээ төлөх төлбөрт тооцон шилжүүлсэн атлаа хүүд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэнгүүт хүүтэйгээ хуйвалдан надад зээл олгосон гэж бодит үнэнд нийцэхгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад миний бие харамсаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч миний бие зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээний хариу төлбөр төлөх үүрэггүй, мөн нэхэмжлэгч М ХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваа нь надад төлөх төлбөртөө тооцон өөрийн төрсөн ээж Д.Дэнсмаагийн нэр дээр М ХХК-ийн данснаас 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг төлбөрийг миний бие буцаан төлөх үүрэггүй болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э-ээс 64 000 000 /жаран дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 31 680 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 477 950 /дөрвөн зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/09124 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн тухайд:

1. Хуульд зааснаар шүүх  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлага,  үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх журамтай ба хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн үндэслэл: шаардлагад холбогдуулан тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгч, мэтгэлзэх эрхээ хэрэгжүүлнэ. М ХХК нь А.Э надаас 95 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нотлогдохгүй болох нь доорх тайлбар баримтаар нотлогдоно. Үүнд: нэхэмжлэгч М ХХК-ийн захирал С.Дэнсмаа хүү Д.Пүрэвдаваагийн танил А.Эт “мөнгө хэрэгтэй болоод байна, мөнгө зээлээч банкинд төлөх хүүг нь төлнө” гэсэн тул Ариг банкнаас 200 000 000 төгрөгийн зээл авсан ба үүнээс 64 000 000 төгрөгийг А.Эт зээлж, материалын ажлын хөлс нэртэйгээр шилжүүлсэн, энэ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ А.Э нь биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. М ХХК-иас зээл аваагүй, бидний хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Х.Хурцболд, Д.Пүрэвдаваа нарын М ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваа нь Х.Хурцболд болон А.Э нараас байнга мөнгө зээлж, эргүүлэн төлдөг найз нөхдийн харилцаатай байсан гэх тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар П.Пүрэвдаваа нь А.Э Х.Хурцболд нараас нийт 390 920 000 төгрөгийг авч 395 693 000 төгрөгийг эргүүлэн төлсөн нь нотлогдох ба энэ зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн төлбөрт Д.Пүрэвдаваагийн М ХХК гэх нэрээр шилжүүлсэн 64 000 000 төгрөг орж байгаа. Мөн М ХХК-ийн захирал Д.Дэнсмаа Цагдаагийн байгууллагад хууль сануулан өгсөн гэрчийн мэдүүлэгтээ "...Манай хүү Д.Пүрэвдаваа нь А.Эээс мөнгө зээлээд Бат-Ирээдүй гэх хүнд алдчихсан. Д.Пүрэвдаваа нь зээлсэн мөнгөө тодорхой хүүгийн хамт төлсөн ба миний нэр дээр байдаг М ХХК-ийг барьцаалж зээл авч, 64 000 000 төгрөгийг  тухайн өдөр А.Э-т өгсөн байдаг" гэж мэдүүлсэн байдаг. Ямар ч хуулийн этгээд хэн нэгнээс өндөр хүүтэй мөнгө зээлж, хүний өмнөөс хүү төлнө гэдэг ашгийн төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдүүдийн хувьд боломжгүй. Би М ХХК-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар хүүг нь бусдад төлөх үүрэг хүлээсэн юм бол намайг түүний мөнгө зээлсэн Ариг банкинд 2015 оноос хойш надаас нэг удаа зээлсэн мөнгө шаардаж байсан үйл баримтаа нотлох нотлох ёстой.

2. Гардуулан өгсөн нэхэмжлэлийн шаардлага дээр гагцхүү зээлийн гэрээний үүрэг, хохирол нэхэмжилсэн байсан ба шүүх санаачилгаараа гэрээний бус үүргийн тайлбар хийж, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж, гэрээний бус үүрэг гэж дүгнэж гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлох, шүүх нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд мэтгэлцэх зэрэг зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн байна. Шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ зээлийн үүрэг гэж тодорхойлж байсан атлаа, хажуугаар нь түр авч тендерт хэрэглэчихээд буцаагаад өгье гэж энэ мөнгийг авсан, харилцан тохиролцсноос нь харахад хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсан байна гэх мэт өөр үндэслэл гаргаж ойлгомжгүй нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр бий болгосон. Хэрэв нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн гэж шүүх энэ талаар тодруулах, тайлбар авах, дахин гардуулах ажиллагаа хийж, тайлбар гаргах, зохих баримт бүрдүүлэн өгөх зэрэг хуульд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангах хуулиар хүлээсэн үүргээ мөн ноцтойгоор зөрчсөн.

3. Шүүх хүчингүй болж ирсэн хэргийн хувьд хүчингүй болсон үндэслэлийг арилгах, асууж тодруулах зэрэг хэргийн нөхцөл байдалд тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай. Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01601 тоот тогтоолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, дээр дурдсан нөхцөл байдалтайгаар маргааныг шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдагдсан зөрчил арилаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн ноцтой зөрчил гаргасан гэж тус тус үзэж байна.

Материаллаг хууль хэрэглээний хувьд: Нэхэмжлэгч гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохирол шаардаж байхад шүүх гэрээний бус үүрэг буюу хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаагаар маргааныг шийдвэрлэсэнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг тодорхойлсон байдаг. Хариуцагчид гардуулсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-ийн харилцаа үүссэн гэж тодорхойлж, гэрээний үүрэг буюу Иргэний хуулийн 281.1, 222.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан. Хариуцагч энэ шаардах эрхийн хүрээнд тайлбар өгч, мэтгэлцсэн. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-ээр үүссэн харилцаан дээр мэтгэлцсэн байхад шүүх хуульд заасан үүрэг буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар маргааныг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зөрчсөн гэж үзнэ. Зээлийн гэрээг шүүх үгүйсгэж байгаа бол зөвхөн зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж шийдвэрлэхээс бус харин зээлийн гэрээг үгүйсгэнэ гэдэг нь бусад бүх гэрээ, хэлцлийг үгүйсгэх үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар М ХХК болон түүний захирал Д.Дэнсмаа, хүү Д.Пүрэвдаваа нар нь бүгд нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогддог. Шүүх нэхэмжлэгчийн үндэслэл шаардалгаас хальж, тодорхой гэрээний үүрэг дээр үүсэх бүх харилцааг ямар ч мэтгэлцээн, нотлох баримтгүйгээр үгүйсгэж, мэтгэлцээгүй үйл баримт дээр ямар ч үндэслэл, тайлбар дүгнэлт, хийлгүйгээр хууль буруу хэрэглэж гэрээний маргаанд гэрээний бус үүрэг буюу хуульд заасан үүргийн заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь үүргийг тусгаарлах, хариуцлагыг тусгаарлах, эрх зүйн этгээд хооронд үүссэн харилцааны бие даасан байдлыг алдагдлуулах зэрэг Иргэний хуулийн үндсэн суурь зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна. Материаллаг хуулийн буруу хэрэглээ нь процессын хууль буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагын хүрээд талууд мэтгэлцэх, шүүх хөндлөнгийн байх зэрэг суурь зарчмуудыг алдагдуулж, хариуцагч миний мэтгэлцээгүй, нотлох үүрэг хүлээгээгүй харилцаан дээр шүүх дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан гэрээний бус хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаа байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар үүсэх үүрэг нь талуудын хүсэл зоригоос гадуур хийгддэг тодорхой үйл баримт дээр тулгуурлагддаг, хүсэл зориг үгүйсгэгдэг үйл баримт байдаг. Шүүх ямар мэтгэлцээн, ямар нотлох баримтад үндэслэн, ямар үйл баримтад ямар дүгнэлт хийж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар маргааны шийдвэрлэж байгаа гэдэгт үндэслэл бүхий тайлбар хийх ёстой. Гэтэл шүүх энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй, яагаад ийм  энэ шийдвэр гаргах болсон үйл баримт, нотлох баримтыг дурдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтад нийцээгүй. Иймд дурдсан үндэслэлүүдэд хуульд нийцүүлэн дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64 000 000 төгрөг, хохирол 31 680 000 төгрөг нийт 95 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 30 дугаар талд авагдсан баримтаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч А.Э-ийн ХААН банкин дахь эзэмшлийн дансанд нэхэмжлэгч М ХХК-ийн Ариг банкны дансаас 64 000 000 төгрөгийг “материалын тооцоо, ажлын хөлс” гэсэн утгатай шилжүүлэг хийгдсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваагаас авах авлагандаа дээрх 64 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан тул төлбөрийг буцаан төлөх үндэсгүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан дансны хуулгын баримтуудтай зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь зээл олгосон гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн утгаас үзэхэд хүлээн авагч талд зээл олгосон, талууд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч М ХХК-иас 64 000 000 төгрөгийг хариуцагч А.Э-т шилжүүлсэн боловч хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй буюу хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй тохиолдолд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Мөн Д.Пүрэвдаваад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Д.Дэнсмаа, сэжигтэн Д.Пүрэвдаваагийн мэдүүлэг, аудитын дүгнэлт зэрэг нотлох баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дэнсмаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний дагуу буюу А.Э  “мөнгө хэрэгтэй болоод байна, мөнгө зээлээч банкинд төлөх хүүг нь төлнө” гэсний дагуу дансанд нь 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тодорхойлсон байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

Хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих н зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА