Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/01570

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/01570

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Эт холбогдох

 

95,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0650/, хариуцагч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0096/, гэрч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Д.Д, түүний өмгөөлөгч Р.Пнар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МХХК нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард байрлах, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 850 мкв газар, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 227,69 мкв засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаарт бүртгэгдсэн 600 мкв талбайтай үйлчилгээний барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан Ариг банк-наас 150,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөх гэж байсан үед МХХК-ийн захирал С.Дн хүү Д.Пн танил А.Э нь мөнгө хэрэгтэй болоод байна, зээлээч банкинд төлөх ёстой хүүг нь төлнө гэсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ариг банктай Бичил хөрөнгө оруулалтын зээл-ийн  дугаартай гэрээг байгуулан сарын 2,75 хувийн хүүтэйгээр 200,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн 64,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр МХХК-ийн Ариг банкны  тоот данснаас А.Эийн Хаан банкны тоот дансанд 64,000,000 төгрөгийг А.Эийн хүсэлтээр материалын хөлс гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. МХХК нь А.Эээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, материал зэргийг худалдан аваагүй болно. А.Э нь өнөөдрийг хүртэл 64,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд МХХК нь 64,000,000 төгрөгийн хүүд сар бүр Ариг банк-нд 1,760,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл буюу 18 сарын хугацаанд нийт 31,680,000 төгрөгийг А.Эийн өмнөөс төлж хохироод байна.

Хариуцагчийн ярьж буй зүйл нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64,000,000 МХХК-иас ямар үндэслэлээр авсан юм бэ гээд асуухад яг тодорхой юм хэлээгүй. Одоогийн ойлголтоор дансанд мөнгө байршуулаад тендерт үзүүлж, харуулах зорилгоор удахгүй буцааж өгье гээд авсан боловч буцааж өгөөгүй. Бид нарын хооронд өр төлбөрийн асуудал үүслээ, гэхдээ танай компанийн мөнгийг төлнө гэсэн байдаг. А.Эээс 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 17,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 24,500,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөгийг тус тус нийт 134,500,000 төгрөгийг Д.Пд шилжүүлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны дүнг ярьж байна вэ гэхээр энэ хооронд манайд яг 64,000,000 төгрөг төлөх ёстой байсан учраас бид 64,000,000 төгрөгөө авсан гэдэг зүйл ярьсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64,000,000 төгрөг авснаас хойш 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12,300,000 төгрөгийг А.Эийн  тоот дансанд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 8,320,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр  тоот дансанд 23,800,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 48,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Нийт 112,042,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ хоёр мөнгийг хооронд нь хасвал 22,000,000 төгрөгийн зөрүү гарч байна. Ийм байтал 64,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учраас авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэнэ. 64,000,000 төгрөгийг авсны дараа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14,000,000 төгрөгийг шилжүүлж аваад 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Пд 50,000,000 төгрөгийг буцаан шилжүүллээ гэж ярьсан. Ингэж шилжүүлэхдээ ямар нэгэн зүйл огт аваагүй гэдэг тайлбар гаргалаа. Энэтэй холбоотой баримт нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь аудитын дүгнэлтээр гарсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар маш их хэмжээний мөнгийг 50,000,000 төгрөг шилжүүлснээс хойш авсан. Өнөөдөр МХХК-иас уг мөнгийг өөрийнх нь хүүхдэд аваачиж буцаан хүүлж өгөх зорилгоор ээжийг нь хуурч мэхлээд 50,000,000 төгрөгийг аваад ашиг олоод үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Зээлийн гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг шаарддаггүй. Зөвхөн тухайн зээлийн гэрээнд хүү буюу алданги тооцох тохиолдолд бичгээр хийнэ гэсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан. Та надад мөнгө өгөөч, энэ мөнгийг хэрэглэх шаардлага гараад байна. Харин 64,000,000 төгрөгт тооцогдох хүүг нь давхар төлье гэж ярьсан байдаг. Тэр үндсэн дээр мөнгийг шилжүүлсэн. Тэгэхээр үүрэг үүсээгүй хэдий ч үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд цаашаа хүүхдэд нь хүүлээд, тэрийгээ хэдэн зуу дахин нэмэгдүүлээд авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Энэ хүн анхнаасаа 64,000,000 төгрөгт тохирох хэмжээний төлбөрийн хүүг тооцож өгье гэсэн учраас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 18 сарын хугацаанд 31,680,000 төгрөгийг 64,000,000 төгрөгт тооцуулж төлсөн. Өөрөөр хэлбэл энэ хүний авч хэрэглэсэн мөнгөний хүүг МХХК хариуцан төлсөн буюу даалгаваргүйгээр энэ үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь харагддаг. Яг үнэн чанартаа энэ хүн төлөх ёстой байсан. Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж хэлэхээсээ илүүтэйгээр өөрийн авсан мөнгөө тогтоосон хугацаандаа төлөх, авсан мөнгийг буцаан өгөх үүргийг биелүүлэхгүй байгаа учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т заасан хугацаа хэтрэх үр дагавар бий болсон. Үүрэг үүсээгүй гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 282.4 заасан мөнгө шилжсэнээр байгуулагдсан гэж үзэж байгаа бол үүргийн асуудал яригдана. Гэтэл харилцан тохиролцооноос харахаар ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд, хөрөнгөжсөн эд хөрөнгөөрөө ашиг олсон гэдэг нь харагдаж байна.

Иймд МХХК-иас А.Эийн авсан 64,000,000 төгрөг, Ариг банкинд хүүд төлсөн 31,680,000 төгрөг, нийт 95,680,000 төгрөгийг хариуцагч А.Эээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Э, түүний өмгөөлөгч Ч.Бнар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МХХК нь А.Э миний биед 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 64,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж зээлийн төлбөр болон зээлээ төлөөгүйгээс өөрт учирсан хохирол гэх 31,680,000 төгрөгийн хамт нийт 95,680,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: Нэхэмжлэгч МХХК нь Ариг банкны тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний Хаанбанкны  тоот дансанд 64,000,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ ийнхүү мөнгө шилжүүлсэн үйл баримт нь зээл байгаагүй бөгөөд миний бие хэзээ ч МХХК-иас зээлийн гэрээ байгуулан зээл авч байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нэхэмжлэгч МХХК-ийг үүсгэн байгуулагч, 100% хувьцаа эзэмшигч бөгөөд захирлаар нь Д.Д гэх эмэгтэй ажилладаг байх ба миний бие энэ хүнтэй хэзээ ч уулзаж, зээл хүсч зээл авч байгаагүй. Дээр дурдсан МХХК-ийг үүсгэн байгуулагч, 100% хувьцаа эзэмшигч бөгөөд захирлаар нь ажилладаг Д.Д нь миний бага ангидаа хамт сурч байсан найз Д.Пгийн ээж юм. Д.П нь надтай харилцаа холбоотой байж надаас байнга мөнгө зээлж буцаан төлдөг байсан юм. Ингээд 2015 оны 10 дугаар сард мөнгөө буцаан авах талаар шаардахад зээл хөөцөлдөж байна, удахгүй зээл бүтэхээр өгнө гэсээр явсан ба 2015 оны 10 дугаар сард ээжийнхээ нэр дээр байдаг МХХК-иараа зээл авахаар болсон, зээл бүтэнгүүт хамгийн түрүүнд чиний мөнгийг буцааж өгнө гэснийхээ дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний Хаан банкны 5 тоот дансанд 64,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.П нь ийнхүү зээлээ төлж 64,000,000 төгрөгийг ээжийнхээ компанийн данснаас шилжүүлсний 3 хоногийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин мөнгөний хэрэг гарлаа гэж надаас буцаагаад 50,000,000 төгрөгийг зээлсэн. Миний дансанд МХХК-иас 64,000,000 төгрөг шилжиж орж ирсэн шалтгаан бол ийм л учиртай.

Ингээд түүнээс хойш Д.Пд урьдын адил мөнгө зээлдүүлж, Д.П нь зээлээ эргүүлэн төлөх зэргээр явсан ба харин хамгийн сүүлд миний 160 сая төгрөгийн үнэ бүхий 4 хөөрөг авч залилсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Д.Пд холбогдуулан гомдол гаргасны дагуу түүнд залилангийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Энэ талаар Баянгол дүүргийн Прокурорын газраас хэд хэдэн удаагийн албан бичиг болон надад 64,000,000 төгрөг зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргаад буй МХХК-ийн захирал Д.Д, түүний хүү надаас мөнгө зээлдэг байсан Д.П нарын мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Гэтэл Д.П өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэнгүүт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөртөө шилжүүлсэн 64,000,000 төгрөгийг өөрийн ээжийнхээ нэр дээрх МХХК-иас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж тус компаниас зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргуулсан юм. Энэ нь хэрэгт ирсэн Д.Д болон Д.П нараас авсан мэдүүлгийн он сар болон МХХК-иас надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан цаг хугацааны дарааллаас харагдана. Д.Пд холбогдох гомдлыг 2016 онд гаргаж Д.Дгаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр, харин Д.Пгаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтэнээр тус тус байцаалт мэдүүлэг авсан байна. Харин тэд үүний дараа буюу 2017 оны 5 дугаар сард надад холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. МХХК-ийн нэхэмжлэлтэй А.Э надад холбогдох энэ хэрэг маргаан өмнө нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд буцаж ирсэн. Одоог болтол нэхэмжлэгч нь надад зээл олгосон гэх үндэслэл шаардлагаа дэмжсэн хэвээр байна. Нэгэнт нэхэмжлэгч нь надад зээл олгосон гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг үүссэн гэдгээ нотолж чадаагүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хавтаст хэргээс харагдахгүй байна. Бидний хооронд Зээлийн гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдоно.

1. Зээлийн бичгээр хийгдсэн гэрээ байхгүй байна. Зээлийн гэрээг амаар байгуулж болох ч МХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал Д.Дтай миний бие огт уулзаж байгаагүй, бие биенээ танихгүй хүмүүс байдаг.

2. Мөн мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга нь зээл гэж үзэх ямар ч боломжгүй юм. Мөнгө шилжүүлэхдээ Материалын тооцоо гэсэн утгаар шилжүүлсэн. Ийм утгаар шилжүүлэх болсон шалтгаан нь банкнаас зээл авахдаа хуулгаа үзүүлэхэд тодорхой бизнесийн орлоготой гэж харагдуулах үүднээс ийм утгаар бие биендээ шилжүүлдэг байсан юм. Д.П нь өөрийнхөө зээлийн төлбөрийг төлж шилжүүлсэн учраас бидний ярьж тохиролцож байсны дагуу ажлын хөлс гэж хийсэн байдаг ба хэрэв энэ шилжүүлэг нь Д.Пд хамааралгүй, үнэхээр зээл байсан бол утгыг зээл гэж бичих нь ойлгомжтой юм.

3. Мөн нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа А.Э мөнгө хэрэгтэй байна зээл аваад өгөөч гэж гуйхаар нь арга буюу банкнаас хүүтэй мөнгө зээлж аваад зээлдүүлсэн, тэгээд мөнгөө өгөөгүй учраас бид хүүнд хохирсон гэж тайлбарлаж, хүүнд төлсөн гэх төлбөрийг шаардсан байна. Гэтэл МХХК нь бусдад хүүгүй мөнгө зээлдүүлэхийн тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй юм. Өндөр хүүтэй зээл авсан атлаа бусдад ямар ч хүүгүй, барьцаа баталгаагүйгээр, мөн бичгээр гэрээ байгуулалгүй зээл өгсөн гэж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй, илтэд худал тайлбар. Тийм ч учраас энэ тайлбараа нэхэмжлэгч нотолж чаддаггүй.

4. Дээр дурьдсанаар миний бие үнэхээр мөнгө зээлээч гэж гуйсан юм бол 2015 оны 10 дугаар сарын 21-нд мөнгөгүй байх ёстой. Мөнгө байсан ч яаралтай хэрэглэх гэж зээл авсан юм бол дансанд орж ирсэн даруйд шаардлагатай зүйлд хэрэглэж тухайн мөнгө буцаад ямар нэгэн байдлаар зарцуулагдсан байх ёстой. Гэтэл тухайн үед надад ямар ч мөнгөний хэрэг байгаагүй. Тиймдээ ч МХХК-иас орж ирсэн 64,000,000 төгрөг миний дансанд 3 хоносны дараа 50,000,000 төгрөгийг нь Д.Пд буцаагаад дахин зээлдүүлсэн. Энэ нь 64,000,000 төгрөг шилжиж орж ирсэн миний Хаанбанкны 5 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгийг Д.Пд түүний Хаан банкны 5тоот дансанд буцаан шилжсэн баримтаар нотлогдоно. Хүүд нь 50,000,000 төгрөгийг зээлдүүлэхийн тулд ээжээс нь 64,000000 төгрөгийн зээл авах нь утгагүй юм.

5. Мөн нэхэмжлэгч нь надад үнэхээр зээл олгосон бол олгосон зээлээ нэг ч удаа эргэн шаардалгүй бүтэн 2 жил шахуу явах боломжгүй. Энэ хооронд надаас болж авсан гэх зээлээ Ариг банкинд төлж хохирсон гэж тайлбарлаж байгаа атлаа энэ бүх өнгөрсөн хугацаанд надад холбогдуулан ямар ч шаардлага гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн тайлбар бодит үнэнд нийцээгүй болох нь харагдах юм. МХХК нь Ариг банкнаас 200,000,000 төгрөгийн зээлийн эргэлтийн хөрөнгө хийх зорилгоор авсан байгаа нь тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээнээс харагдах бөгөөд үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан 2020 он хүртэлх хугацаатай авсан зээлээ хугацаанаас өмнө бүрэн төлж дуусгасан байдаг.

Дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн зээл өгсөн гэх тайлбар нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй.

Мөн энэхүү хэрэг маргаан нь дээр дурдсанчлан өмнө нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэн дахин хэлэлцүүлэхээр ирээд байгаа билээ. Өмнө нь анхан шатны шүүх зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэж байсан бол давж заалдах шатны нгүүх зээлийн харилцаа үүсээгүй харин хариуцагч намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 64,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байсан. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зээлийн гэрээний харилцаа гэсэн хэвээр байгаа ч хэрэв үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 64,000,000 төгрөгийг шаардах, нөгөө талаар шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл бий эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх тохиолдолд дараах үндэслэл, тайлбар, нотлох баримтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүйг нотолж байна.

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсанаас үүсэх үүргийг хуульчилсан байх бөгөөд 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж заажээ. Хуулийн 491.1-д зааснаас харвал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл нь тухайн этгээд бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж үзэж хөрөнгө шилжүүлсэн ч тэдний хооронд үүссэн гэж үзэж байсан үүрэг үүсээгүй байсан тохиолдолд буцаан шаардахаар байна. Харин бидний тохиолдолд МХХК нь иргэн Д.Пгийн надад төлөх төлбөрийг төлж, түүний өмнөөс 64,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул миний бие үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй юм. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүй шилжүүлсэн бөгөөд миний буцаан төлөх үүрэг хүлээгээгүй болно.

2. Миний бие МХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй болох нь Д.Пгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа сэжигтэнээр өгсөн мэдүүлэгээр тодорхой нотлогддог. Үүнд: ... 2015 оны 03.22-ны өдөр А.Э нь 5 тоот данснаасаа миний Хаан банкны 5тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би 2015 оны 3 дугаар сарын 25-нд өөрийн 5данснаас түүний 5 дансруу 12.3 саяыг өгсөн, А.Э нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дээрх данснаасаа 20,000,000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 11-нд мөн 30,000,000 төгрөгийг миний 5руу шилжүүлсэн, Би 2015 оны 6 дугаар сарын 30-нд 23.8 саяыг өөрийн 5-с Эрдэнэбилэгт өгсөн, А.Э нь 2015 оны 8 дугаар сарын 13-нд 5 данснаасаа миний 5дансруу 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Би Эрдэнэбилэгт 2015 оны 8 дугаар сарын 25-нд түүний 5 дансруу 48 саяыг шилжүүлсэн, А.Э нь 2015 оны 8 дугаар сарын 27-нд 5 данснаасаа 5.5 сая, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5 данснаас 24.5 сая, 2015 оны 8 дугаар сарын 29-нд 15 саяыг тус тус миний 5дансруу шилжүүлсэн, А.Э нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5 данснаасаа миний 5дансанд 25 саяыг шилжүүлсэн, Би А.Эт 2015 оны 10 дугаар сарын 21-ний 5данснаас 5 дансанд нь 64,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Уг мөнгийг Ариг банканд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах Отгонжолоо авто сургуулийн ажлын байрыг барьцаалж 200,000,000 төгрөг зээлж авч байсан гэсэн мэдүүлгийг өгч байжээ. Өөрөөр хэлбэл Д.П нь А.Э надтай байнгын зээлийн харилцаатай байснаа дэлгэрэнгүй дурьдаж 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний Хаанбанкны 5 дансанд шилжүүлсэн 64,000,000 төгрөгийг өөрийнхөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан байна. Хэдийгээр 64,000,000 төгрөгийг ээжийнхээ компанийн данснаас шилжүүлсэн ч уг мөнгийг Д.П миний бие А.Эт өгсөн гэдгээ хэлж, улмаар уг мөнгийг өгөхийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ариг банканд барьцаанд тавьж 200,000,000 төгрөгийг банкнаас зээлж байснаа мэдүүлж байсан байна. Энэ нь надаас нэхэмжилж буй 64,000,000 төгрөгийг МХХК-иас надад зээл олгоогүй, харин тус компанийн захирал Д.Дгийн хүү Д.П нь надад төлөх төлбөртөө тооцон шилжүүлж өгсөн гэх миний тайлбар бодит үнэнд нийцэж байгаа нь нотлогдож байна.

3. Мөн үүний дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 64,000,000 төгрөгийг манай компаниас зээлсэн гэх МХХК-ийн захирал Д.Д нь Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлгийг хууль сануулан өгөхдөө ... манай хүү Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдэж байгаа гэхдээ А.Э манай Отгонжолоо авто сургуүль дээр ирээд Д.Пг хайж ирсэн үеэс мэднэ. Манай хүү ер нь бол А.Э гэх залуугаас зээлсэн мөнгөө н.Бат-Ирээдүй гэх залууд алдчихсан гэж би ойлгож байгаа. Гэхдээ Д.П нь зээлсэн мөнгөө тодорхой хэмжээний хүүтэй А.Эт төлсөн байдаг. Энэ байдал нь манай хүүгийн Хаан банкны хуулгаар тодорхой харагдаж байгаа. А.Э мөнгө өгөх үедээ миний нэр дээр байдаг МХХК-ийг барьцаалж 64,000,000 төгрөгийн зээлийг авч тухайн өдөр А.Эт өгсөн байдаг. Энэ мэтчилэн өөрийнхөө нэр дээр байгаа эд зүйлсийг А.Эээс авсан мөнгө н.Бат-Ирээдүйд өгчихөөд өөрөөсөө мөнгө гаргаад хүү үндсэн мөнгийг нь А.Эт төлж байсан байгаа юмаа. Энэ талаар сүүлд мэдсэн гэсэн мэдүүлгийг өгч байжээ. Энэ нь МХХК-ийн захирал Д.Дгийн хүү Д.П нь надад төлөх төлбөрөө ээжийнхээ компаниас шилжүүлсэн, уг мөнгийг миний бие буцаан төлөх үүрэггүй болохыг харуулж байна.

4. Иргэний хуулий 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гээд мөн хуулийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Хэргийн нөхцөл байдлаас зээл бус харин надаас мөнгө байнга зээлдэг Д.П нь зээлсэн мөнгөө ээжийнхээ нэр дээрх компаниас шилжүүлсэн болох нь улам бүр нотлогдож байна.

5. Д.Д нь өөрийн эзэмшдэг компаниасаа 64,000,000 төгрөгийн төлбөрийг миний данс руу хариу төлбөргүй, хүүгийнхээ төлөх төлбөрт тооцон шилжүүлсэн атлаа хүүд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэнгүүт хүүтэйгээ хуйвалдан надад зээл олгосон гэж бодит үнэнд нийцэхгүй, хүнд байж болохгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад миний бие туйлын харамсаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч миний бие зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээний хариу төлбөр төлөх үүрэггүй, мөн нэхэмжлэгч МХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Д.П нь надад төлөх төлбөртөө тооцон өөрийн төрсөн ээж Д.Дгийн нэр дээр МХХК-ийн данснаас 64,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг төлбөрийг миний бие буцаан төлөх үүрэггүй болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч А.Эт холбогдуулан зээлийн үүрэгт 64,000,000 төгрөг, хохирол 31,680,000 төгрөг, нийт 95,680,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээний хариу төлбөр төлөх үүрэггүй, мөн нэхэмжлэгч МХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Д.П нь надад төлөх төлбөртөө тооцон өөрийн төрсөн ээж Д.Дгийн нэр дээр МХХК-ийн данснаас 64,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг төлбөрийг миний бие буцаан төлөх үүрэггүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

МХХК-ийн Ариг банкин дахь 2105008805 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Эийн Хаан банкин дахь 5 тоот данс руу 64,000,000 төгрөгийг Материалын тооцоо, ажлын хөлс гэсэн утгаар шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү шилжүүлсэн үйл баримтад зохигчдын хэн алин нь маргадаггүй.

 

Гэрч Х.Хурцболд, Д.П нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээс үзвэл эдгээр 2 гэрч болон хариуцагч А.Э нарын хооронд зээлийн харилцаа үүсдэг буюу Х.Хурцболд, А.Э нар нь Д.Пд бичгийн гэрээ, хэлцэлгүйгээр амаар харилцан тохирч мөнгө зээлүүлж, буцаан хүүтэй нь тооцон төлдөг байсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Х.Хурцболд, Д.П, А.Э нарын банкны дансны хуулгаас үзэхэд дараахи байдлаар мөнгө зээлүүлж, буцаан төлөлт хийгдсэн байна. Үүнд:

Х.Хурцболд нь 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 17,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 24,500,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөг, нийт 116,500,000 төгрөг,

А.Э нь 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 55,500,000 төгрөгийг Д.Пд тус тус зээлүүлсэн буюу нийтдээ 172,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Дээрх 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл буюу 64,000,000 төгрөгийг шилжүүлэх хүртэл 172,000,000 төгрөгийг Х.Хурцболд, А.Э нар нь Д.Пд шилжүүлсэн бол энэхүү цаг хугацаанд Д.П нь Х.Хурцболдод 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12,300,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 8,320,000 төгрөг, нийт 20,620,000 төгрөг, А.Эт 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,375,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 23,800,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 48,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 107,175,000 төгрөг буюу нийтдээ 127,795,000 төгрөгийг буцаан төлсөн байна.

 

Үүнээс үзвэл Х.Хурцболд, Д.П, А.Э нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр МХХК-иас А.Эт 64,000,000 төгрөгийг шилжүүлэхэд 44,205,000 /172,000,000 127,795,000/ төгрөгийн өр төлбөрийн асуудал байсан байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Пгаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр МХХК-иас 64,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь А.Э бид хоёрын мөнгөний асуудалтай хамааралгүй, ... А.Э нь нэг тендерийн ажил байна. Мөнгө хэрэгтэй байна, 64,000,000 төгрөг чи ээждээ хэлээд аваад өг гэж надаас гуйсан учраас би ээжид хэлж өгсөн ... гэж мэдүүлсэн байна.

 

Хариуцагч А.Э нь бид амаар зээл болон хүүгээ тохироод төлөлт хийгдээд явдаг байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хэрвээ Д.П нь 44,205,000 төгрөгийн өглөгтэй байсан бол хэдэн хувийн хүү тооцоод 64,000,000 төгрөг болсон нь тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл МХХК-ийн захирал Д.Д нь өөрийн хүү Д.Пгийн бусдад төлөх өр төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй, хариу төлбөргүйгээр А.Эт шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Д.Пд холбогдох эрүүгийн 201626022471 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан мэдүүлэг, тайлбар, аудитын дүгнэлтийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй юм.

 

МХХК-ийн Ариг банкин дахь 2105008805 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Эийн Хаан банкин дахь 5 тоот данс руу 64,000,000 төгрөгийг Материалын тооцоо, ажлын хөлс гэсэн утгаар шилжүүлсэнээс үзэхэд зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин дээр дурьдсан үйл баримтуудаас дүгнэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч МХХК-ийн мөнгөн хөрөнгө болох 64,000,000 төгрөг нь хариуцагч А.Эт шилжсэн боловч хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч нь уг төлбөрийг буцаан төлөхгүй буюу хариу төлбөргүй болох нь нотлогдохгүй байх тул хариуцагч А.Эийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч МХХК нь дээрх 64,000,000 төгрөгийг А.Эт шилжүүлсэн цаг хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ариг банктай Бичил хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг, жилийн 33 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан болох нь тогтоогдож байх боловч энэхүү зээлийг хариуцагч А.Эт 64,000,000 төгрөгийг шилжүүлэхийн тулд авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул зээл ашигласан хугацаанд 64,000,000 төгрөгт тохирох хүүд төлсөн гэх 31,680,000 төгрөгийг хохирол гэж үзэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 64,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Эээс 64,000,000 /жаран дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 31,680,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 477,950 /дөрвөн зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/09124 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ