Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01116

 

 

 

ДУАНДХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/03028 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2385 дугаар магадлалтай,

ДУАНДХсийн нэхэмжлэлтэй,

М.Мт холбогдох,

Илүү олгогдсон тэтгэвэр 6,212,459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Очирхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ДУАНДХэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр авч байсан Н.Энхтуяа /ЧД62011801/ нь 2017-01-13-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон сард 883.637 төгрөг авч байгаад 2017-06-09-нд нас барсан байдаг. Нас барсны дараа түүний ар гэрийнхэн нь нас барсны гэрчилгээг тэтгэврийн байцаагчид авч ирч өгч мэдэгдээгүй байсан тул тэтгэврийг зогсоолгүй үргэлжлүүлэн олгосон. Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн хэрэгжилт, 2017-01-01-2018-01-01 хүртэлх хугацааны тэтгэврийн олголтыг тэтгэвэр авагчийн хувийн хэргийг үндэслэн шалгасан. Тэтгэвэр авагч /талийгаач/ Н.Энхтуяад 2017 оны 8-р сараас 2018 оны 1-р сарыг дуусталхи хугацаанд сард 883.637 төгрөг 2018 оны 2-р сард 910637 төгрөг, нийт 7 сарын тэтгэвэр 6.212.459 төгрөг Капитал банк дахь түүний дансруу шилжсэн байсныг илэрүүлж буцаан төлүүлэх 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 028 дугаартай Улсын байцаагчийн акт тавигдсан.

Тус хэлтэс нь тэтгэврийг буцаан Нийгмийн даатгалын данс руу татахаар Капитал банк руу мэдэгдсэн боловч тэтгэвэр авагч Н.Энхтуяа нь 2017-02-15-ны өдөр тус банкнаас 12 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан байсан бөгөөд тэтгэврийн мөнгө нь зээлийн данс руу нь орж зээл нь хаагдсан гэсэн хариу тайлбар өгсөн.

Талийгаач Н.Энхтуяа нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг "Мон сөнөд ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд түүнийг нас барсны даргаа түүний охин М.М компанийг өв залгамжлан авч 2018-06-12-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон одоог хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Иймээс 2019 оны 12 сарын 16-ны өдөр охин М.Мтэй хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга А.Тэрбиш, хуулийн зөвлөх Ц.Мандахбаяр нар уулзалт хийхэд илүү олгогдсон тэтгэврийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сараас 2020 оны 09 сарыг дуустал сар бүр хуваарийн дагуу төлж 6.212.459 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцон график байгуулж гарын үсэг зурсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. Иймд талийгаач Н.Энхтуяагийн Капитал банкин дахь данс руу илүү олгогдсон тэтгэвэр 6.212.459 төгрөгийг охин М.Мээр төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.М би ээжийгээ 2017-02-15-ны өдөр тэтгэврийн зээл авсан, 2018-12-16-ны өдөр тэтгэвэр илүү олгогдсон, энэ талаар улсын байцаагчийн акт гарсан зэргийг огт мэдээгүй 2019-12-16-ны өдөр дээрх үйл баримтын талаар ДУАНДХсээс мэдсэн. Миний хувьд талийгаачийн тэтгэврийг нас барснаас хойш тэтгэвэр гаргуулах, тэтгэврийн мөнгийг Капитал банкинд шилжүүлэх, илүү төлсөн мөнгийг буцаан татан гаргуулах зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээх этгээд бус учир ДУАНДХсийн нэхэмжилсэн 6.212.459 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иймд иргэн надад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/03028 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Мээс илүү олгогдсон тэтгэвэр 6,212,459 төгрөгийг гаргуулах ДУАНДХсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид ДУАНДХэсээс 114,349 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2385 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 101/ШШ2020/03028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ДУАНДХэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Мээс илүү олгогдсон тэтгэврийн 6,212,459 төгрөгийг буцаан гаргуулах тухай ДУАНДХсийн нэхэмжлэлтэй хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2385 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 03028 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа болно. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2385 дугаар магадлалыг гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Магадлал буюу давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Магадлалд “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.  ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хууль гэрээний аль үндэслэлээр гаргасныг тодруулах нь зүйтэй. ...Нэхэмжлэгч аль үндэслэлээр шаардаж байгааг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс илүү өгөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл тодорхойгүй үлдсэн, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна. ...Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээ байгуулсан гэдэг утгаар эсхүл өв залгамжлагчийн хувьд шаардаж байгаагийн аль нь болох талуудын гэм буруу, хариуцагчийн өвлөн авсан өвийн хэмжээ зэрэг үйл баримт тодорхойгүй байна” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх тодруулаагүй, мэтгэлцүүлээгүй гэж буруутгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ: 25.2.2. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; 38 дугаар зүйлийн 38.1. 3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 40 дүгээр зүйлийн 40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.5. Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Харин шинээр илэрсэн нөхцөл, байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй. 42 дугаар зүйлийн 42.1. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. 42.4. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 67 дугаар зүйлийн 67.1. Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагааг явуулна: 67.1.1. зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх; 107 дугаар зүйлийн 107.2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу       өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. 107.4. Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтаа гаргана. гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч тус бүр ижил тэгш эрхтэйгээр оролцдог билээ. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож эрх, үүргээ бүрэн ухамсарлаж, шүүгч мөн эрх, үүргийг нь танилцуулж шүүх хуралдааныг удирдан явуулсан бөгөөд шүүх хуралдааны үеэр хэд хэдэн удаа шүүх хуралдаан даргалагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулсан байдаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хариуцагчаас илүү олгогдсон тэтгэврийн 6,212,459 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардлагын үндэслэлээ ДУАНДХсийн Улсын байцаагчийн 2018.03.20-ны өдрийн “Шалгалтаар
илэрсэн зөрчлийг барагдуулах тухай” акт, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт гэж, мөн хариуцагчийг уг нас барсан нийгмийн даатгалын илүү төлөлт хийгдсэн гэх Н.Энхтуяагийн өв залгамжлагч тул түүнээс нэхэмжилсэн гэх тодруулгыг өгч мэтгэлцсэн байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.”, 107.4-т “Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтаа гаргана.” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нэгдүгээрт хариуцагч М.М тухайн илүү төлөгдсөн гэх 6,212,4 59 төгрөгийг авсан буюу түүнийг төлөх үүрэгтэй болохыг, Н.Энхтуяагийн өв залгамжлагч буюу түүний үлдээсэн өр төлбөрийг дангаар хариуцан түлээх хэмжээний өв залгамжлагч болохыг нотлох үүргээ биелүүлээгүй байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг авагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж өгөөгүй, нотлоогүй баримтуудыг цуглуулах, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөө тодорхойлсоор атал түүнийг дахин мэтгэлцүүлэх замаар дахин тодруулах гэх мэт үндэслэлүүдээр хэргийн оролцогчийн өмнөөс өмгөөлөл үзүүлэх замаар дахин хэргийг шийдвэрлүүлэхээр буцаасан нь илэрхий нэг талыг баримталсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Магадлалд “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, М.Мийг дээрх мөнгийг авсан гэдэг утгаар биш харин хуулийн дагуу хариуцвал зохих өв залгамжлагч буюу хуулийн дагуу үүрэг шилжүүлэн авсан этгээд гэдэг утгаар хариуцагчаар татсан, эсхүл гэрээний тал гэдэг агуулгаар хариуцагчаар татсаны аль нь болохыг зааглан ялгах шаардлагатай” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон диспозитив зарчмыг илтэд зөрчсөн буюу шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлохыг шаардсан нь буруу болсон гэж үзэж байна. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд тодорхойлсон мэтгэлцэх зарчмын дагуу “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах” гэх зарчмуудыг зөрчиж нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл, түүнийг нотлоогүй байдлыг шүүхийн буруутай ажиллагаа гэж байгаа нь нэхэмжлэгч талд нэг талын өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн, нөгөө талаас хэргийн оролцогчдын дунд тэгш бус хандах замаар тэнцвэрийг алдагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай байх нөхцөлийг хязгаарласан, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тал бүрээс нь тайлбарлах замаар хэргийг буцаах шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2385 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 03028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ДУАНДХэс нь хариуцагч М.Мт холбогдуулан илүү олгогдсон тэтгэвэр 6,212,459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ...тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр авч байсан Н.Энхтуяа нь 2017.06.09-нд нас барсан. ...талийгаач Н.Энхтуяа нь "Мон сөнөд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, түүний охин М.М компанийг өв залгамжлан авч, үйл ажиллагааг явуулдаг. ...тэрээр илүү олгогдсон тэтгэврийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч, 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал сар бүр хуваарийн дагуу 6,212,459 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, гэвч төлбөрийг төлж барагдуулахгүй байна... гэж тодорхойлсон бол,

хариуцагчаас ...ээжийгээ 2017.02.15-ны өдөр тэтгэврийн зээл авсан, тэтгэвэр илүү олгогдсон, улсын байцаагчийн акт гарсан талаар огт мэдээгүй, 2019.12.16-ны өдөр мэдсэн. ...2017.06.09-нд оршуулгын тэтгэмжийг авсан, энэ үеэс тэтгэвэр олголт дуусгавар болсон, ...миний хувьд ээжийг нас барснаас хойш тэтгэвэр гаргуулах, тэтгэврийн мөнгийг Капитал банкинд шилжүүлэх, илүү төлсөн мөнгийг буцаан татаж гаргуулах зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээх этгээд биш... гэсэн тайлбар гаргасан байна.

6. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх маргаанд хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

Хэргийн баримтаас үзэхэд ДУАНДХсээс өндөр насны тэтгэвэр авч байсан Н.Энхтуяа нь 2017.01.13-ны өдөр тэтгэвэр тогтоолгон, сард 883,637 төгрөг авч байгаад, 2017.06.09-ний өдөр нас барсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч ...нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан. Гэвч нэхэмжлэгч захиргааны байгууллагын буруугаас талийгаач Н.Энхтуяагийн тэтгэврийг зогсоолгүй үргэлжлүүлэн, 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд буюу нийт 7 сарын тэтгэвэрт 6,212,459 төгрөг олгогдож, түүний Капитал банкнаас авсан зээл төлөгдсөн байх ба уг төлбөрийг буцаан төлүүлэх тухай улсын байцаагчийн 2018.03.20-ны өдрийн 028 тоот акт тавигджээ.

8. Анхан шатны шүүх ...хариуцагч М.М нь талийгаач Н.Энхтуяад  ...олгогдсон тэтгэврийн 6,212,459 төгрөгийг авсан гэдэг нь нотлогдоогүй, ...нэхэмжлэгчээс ирүүлсэн “Оролцогчийг сонсох ажиллагааны тэмдэглэл” гэх баримтаар хариуцагч М.М илүү олгогдсон тэтгэвэр 6,212,459 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин, давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцээгүй, энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2385 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/03028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.21-ний өдөр төлсөн 114,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ