Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/03028

 

                        

 

 

 

            

 

 

   2020         09          04                                         101/ШШ2020/03028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Д аймаг, Д сум, 10 дугаар баг, өөрийн байр хаягт байрлах, РД:9023194, Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав 13311, Их монгол улсын 101-р байрны 49 тоот хаягт оршин суух, РД:ЧД85080409, Мы Мт холбогдох илүү олгогдсон тэтгэвэр 6.212.459 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр авч байсан Н.Э /ЧД62011801/ нь 2017-01-13-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон сард 883.637 төгрөг авч байгаад 2017-06-09-нд нас барсан байдаг. Нас барсны дараа түүний ар гэрийнхэн нь нас барсны гэрчилгээг тэтгэврийн байцаагчид авч ирч өгч мэдэгдээгүй байсан тул тэтгэврийг зогсоолгүй үргэлжлүүлэн олгосон. Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн хэрэгжилт, 2017-01-01-2018-01-01 хүртэлх хугацааны тэтгэврийн олголтыг тэтгэвэр авагчийн хувийн хэргийг үндэслэн шалгасан. Тэтгэвэр авагч /талийгаач/ Н.Эд 2017 оны 8-р сараас 2018 оны 1-р сарыг дуусталхи  хугацаанд сард 883.637 төгрөг 2018 оны 2-р сард 910637 төгрөг, нийт 7 сарын тэтгэвэр 6.212.459 төгрөг Капитал банк дахь түүний дансруу шилжсэн байсныг илэрүүлж буцаан төлүүлэх 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 028 дугаартай Улсын байцаагчийн акт тавигдсан.

Тус хэлтэс нь тэтгэврийг буцаан Нийгмийн даатгалын данс руу татахаар Капитал банк руу мэдэгдсэн боловч тэтгэвэр авагч Н.Э нь 2017-02-15-ны өдөр тус банкнаас 12 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан байсан бөгөөд тэтгэврийн мөнгө нь зээлийн данс руу нь орж зээл нь хаагдсан гэсэн хариу тайлбар өгсөн.

Талийгаач Н.Э нь Д аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг "Мон сөнөд” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд түүнийг нас барсны даргаа түүний охин М.М компанийг өв залгамжлан авч 2018-06-12-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон одоог хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Иймээс 2019 оны 12 сарын 16-ны өдөр охин М.Мтэй хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга А.Т, хуулийн зөвлөх Ц.М нар уулзалт хийхэд илүү олгогдсон тэтгэврийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сараас 2020 оны 09 сарыг дуустал сар бүр хуваарийн дагуу төлж 6.212.459 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцон график байгуулж гарын үсэг зурсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. Иймд талийгаач Н.Эгийн Капитал банкин дахь данс руу илүү олгогдсон тэтгэвэр 6.212.459 төгрөгийг охин М.Мээр төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.М би ээжийгээ 2017-02-15-ны өдөр тэтгэврийн зээл авсан, 2018-12-16-ны өдөр тэтгэвэр илүү олгогдсон, энэ талаар улсын байцаагчийн акт гарсан зэргийг огт мэдээгүй 2019-12-16-ны өдөр дээрх үйл баримтын талаар Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдсэн. Миний хувьд талийгаачийн тэтгэврийг нас барснаас хойш тэтгэвэр гаргуулах, тэтгэврийн мөнгийг Капитал банкинд шилжүүлэх, илүү төлсөн мөнгийг буцаан татан гаргуулах зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээх этгээд бус учир Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 6.212.459 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иймд иргэн надад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч М.Мээс тэтгэвэр авагч Н.Эг нас барснаас хойших 2017 оны 8-р сараас 2018 оны 2-р сарыг дуусталхи хугацаанд олгогдсон тэтгэвэр 6.212.459 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.М нь “ээж Н.Э нь 2017 оны 6-р сард нас барж, Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс оршуулгын тэтгэмжийг авсан, оршуулгын тэтгэмжийг олгосон атлаа, тэтгэвэрийг 2018 оны 2-р сарыг хүртэл олгосон нь байгууллагын буруу. Ээж Н.Эг нас барсанаас хойш өндөр насны тэтгэвэрийг авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлж, Нийгмийн даатгалын байгууллагад хандаагүй, 6.212.459 төгрөгийг аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан. 

Нэхэмжлэгч Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн М.Мээс тэтгэвэр авагч Н.Эд олгогдсон тэтгэвэр 6.212.459 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлнэ” гэжээ.   

Хариуцагч М.М Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс талийгаач Н.Эд 2017 оны 8-р сараас 2018 оны 2-р сарыг дуусталхи хугацаанд олгосон тэтгэвэр 6.212.459 төгрөгийг авсан гэдэг нь нотлогдохгүй байна. 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн “Оролцогчийг сонсох ажиллагааны тэмдэглэл” гэх баримтаар хариуцагч М.М илүү олгогдсон тэтгэвэр 6.212.459 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.    

Нэхэмжлэгч Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс нэхэмжлэлийн шаардлага 6.212.459 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 114.349 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Мээс илүү олгогдсон тэтгэвэр 6.212.459 төгрөгийг гаргуулах Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс 114.349 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.  

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА