Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, О.Б /Регистрийн дугаар: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, тоотод оршин суух, Л.М /Регистрийн дугаар: /-д холбогдох

Гэм хорын хохиролд 15,701,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч О.М, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие 2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.М-ын зам хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж авто тээврийн осолд орсон. Уг осолд орсны улмаас миний биед гавал тархины битүү гэмтэл, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлийн шилбэний хоёрлосон ил хугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан болохыг шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №01 дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж шүүгдэгч О.М-д 1 жилийн тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авч мөн миний цаашид гарах зайлшгүй эмчилгээний зардал болон гэм хорын хохиролыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн. О.М нь ачааны автомашин жолоодож явсан уг ба тээврийн хэрэгслээрээ миний араас дайрч улмаар миний хувьд одоо ажил эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвар алдалт 69%-иар тогтоогдож, одоо тахир дутуугийн тэтгэвэрт байгаа болно. Осол болох үед миний хүү Б.А төрөөд 20 хонож байсан, эхнэр нярай хүүхэдтэй тул цалин орлогогүй болж, улмаар манай гэр бүлийн өрхийн орлого шууд буурч хүнд байдалд байсан ба миний Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101 дугаартай шийдвэрээр 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин түүнтэй адилтгах орлогын зөрүүг гаргахаар шийдвэрлэсэн ба одоо уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа одоо явагдаж байгаа. Миний хөдөлмөрийн чадвараа алдсан хэдий ч сэтгэл сайтай хамт олон, амьдралын байдлыг минь ойлгох ажил олгогчийнхоо ачаар 2020 оны 08 дугаар 25-ны өдрөөс эхлэн өмнө ажиллаж байсан, одоо нэрээ сольсон Бүрдэл майнинг ХХК-д ажилдаа эргэж орсон ба өмнө шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснээс хойш одоог хүртлэх хугацааны гэм хорын хохирлоо гаргуулахаар шүүхэд хандаж байна. Уг гэм хорын хохирлыг арилгах асуудлаар О.Мтай холбогдоход эргэж залгая, завгүй байна гэх атлаа холбогдохгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

Иймээс миний бие шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.2019 оны 12, 2020 оны 01 дүгээр сарын цалин, түүнтэй адилтгах орлогын зөрүү сар бүрийн орлого 1,950,000 төгрөгөөс тахир дутуугийн тэтгэвэрт сар бүр авсан 270,000 төгрөгийг хасч сар бүр 1,680,000, нийт 2 сарын 3,360,000 төгрөг

2.2020 оны 02 дугаар сараас эхлэн тахир дутуугийн тэтгэвэр нэмэгдэж сар бүрийн 300,000 төгрөг болсон тул 2020 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08 сарын сар бүрийн цалинтай адилтгах орлогын зөрүү 1,650,000 төгрөг, нийт 7 сарын зөрүүнд 11,550,000 төгрөг

3.Эм тарианы мөнгө 791,500 төгрөг нийт 15,701,500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие одоогийн байдлаар иргэн О.Б-ийн төлбөрийг төлж яваа. Одоо 10,11,12 дугаар сард 1,100,000 төгрөгний төлөлт төлөх үлдсэн байгаа. Нэхэмжлэлийн зарим хэсэг болох эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Бнь хариуцагч О.Мад холбогдуулан гэм хорын хохиролд цалингийн зөрүү 11,550,000 төгрөг, эм тарианы мөнгө 791,500 төгрөг нийт 15,701,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.М нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Хариуцагч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 29-30 нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Мицибуши Пусо загварын 27-70 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Улаанбаатар хотоос Булган аймгийн Хангал сум орохоор замын хөдөлгөөнд оролцож яваад Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгийн чиглэлийн төв засмал замын 150-151 дэх километрийн заалтын орчимд тоёота приус 20 загварын 73-65 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажийг онгойлгон ослын гурвалжин тэмдэг гаргах гээд зогсож байсан О.Биндэръяаг мөргөж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх бөгөөд, уг ослын улмаас нэхэмжлэгч О.Бнь гавал тархины битүү гэмтэл, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлийн шилбэний хоёрлосон ил хугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтэл авч гэм хорын хохирол учирсан байна.

Дээрх автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт хариуцагч гэм буруутай болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан байх тул нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч О.Босолд орохын өмнө “Эко алтан заамар” ХХК-д экскаватор оператор-2000 албан тушаалд, сарын 1,950,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан байх ба, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж улмаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож, нийгмийн даатгалын сангаас сар бүр 270,000 төгрөгний тэтгэмж авч байгаад, 2020 оны 02 дугаар сараас эхлэн тэтгэмж нэмэгдэж 300,000 төгрөг болсон байна.

Нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн буцаж ажилдаа орсон гэж тайлбарлаж байх бөгөөд, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00101 шийдвэрээр 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин хөлсний зөрүү 12,594,792 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж дуусаагүй байна.

Хэдийгээр өмнөх шийдвэрийг биелүүлээгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч, түүнийг төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн 2019 оны 12, 2020 оны 01 дүгээр сарын цалин, түүнтэй адилтгах орлогын зөрүү сар бүрийн орлого 1,950,000 төгрөгөөс тахир дутуугийн тэтгэвэрт сар бүр авсан 270,000 төгрөгийг хасч сар бүр 1,680,000, нийт 2 сарын 3,360,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас эхлэн тахир дутуугийн тэтгэвэр нэмэгдэж сар бүрийн 300,000 төгрөг болсон тул 2020 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08 сарын сар бүрийн цалинтай адилтгах орлогын зөрүү 1,650,000 төгрөг, нийт 7 сарын зөрүүнд 11,550,000 төгрөг, Эм тарианы мөнгө 791,500 төгрөг нийт 15,701,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.             

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч О.Маас 15,701,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Маас 236,457 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН

                      ШҮҮГЧИД                                                     Л.АРИУНЦЭЦЭГ