Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 12

 

О.Бгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Мад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн 142/ШШ2020/01308 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Мад холбогдох

 

 “Гэм хорын хохиролд 15.701.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч О.Мын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 17*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О Б миний бие 2018 оны 11 дүгээр сарын 29*******нөөс 30*******нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Отгончулуун овогтой Мын зам хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж авто тээврийн осолд орсон. Уг осолд орсны улмаас миний биед гавал тархины битүү гэмтэл, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлийн шилбэний хоёрлосон ил хугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан болохыг шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн №01 дүгнэлтээр тогтоогдсон.

Энэхүү авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж шүүгдэгч О.Мад 1 жилийн тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авч мөн миний цаашид гарах зайлшгүй эмчилгээний зардал болон гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. О.М нь ачааны автомашин жолоодож явсан уг ба тээврийн хэрэгслээрээ миний араас дайрч улмаар миний хувьд одоо ажил эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвар алдалт 69%*******иар тогтоогдож, одоо тахир дутуугийн тэтгэвэрт байгаа болно. Осол болох үед миний хүү Б.Ананд төрөөд 20 хонож байсан, эхнэр нярай хүүхэдтэй тул цалин орлогогүй болж, улмаар манай гэр бүлийн өрхийн орлого шууд буурч хүнд байдалд байсан ба миний Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020 оны 01 дүгээр сарын 16*******ны өдрийн 101 дугаартай шийдвэрээр 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин түүнтэй адилтгах орлогын зөрүүг гаргахаар шийдвэрлэсэн ба одоо уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа одоо явагдаж байгаа. Миний хөдөлмөрийн чадвараа алдсан хэдий ч сэтгэл сайтай хамт олон, амьдралын байдлыг минь ойлгох ажил олгогчийнхоо ачаар 2020 оны 08 дугаар 25*******ны өдрөөс эхлэн өмнө ажиллаж байсан, одоо нэрээ сольсон Бүрдэл майнинг ХХК*******д ажилдаа эргэж орсон ба өмнө шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснээс хойш одоог хүртэлх хугацааны гэм хорын хохирлоо гаргуулахаар шүүхэд хандаж байна. Уг гэм хорын хохирлыг арилгах асуудлаар О.Мтай холбогдоход эргэж залгая, завгүй байна гэх атлаа холбогдохгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

Иймээс миний бие шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.2019 оны 12, 2020 оны 01 дүгээр сарын цалин, түүнтэй адилтгах орлогын зөрүү сар бүрийн орлого 1.950.000 төгрөгөөс тахир дутуугийн тэтгэвэрт сар бүр авсан 270.000 төгрөгийг хасаж сар бүр 1.680.000 нийт 2 сарын 3.360.000 төгрөг

2.2020 оны 02 дугаар сараас эхлэн тахир дутуугийн тэтгэвэр нэмэгдэж сар бүрийн 300.000 төгрөг болсон тул 2020 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08 сарын сар бүрийн цалинтай адилтгах орлогын зөрүү 1.650.000 төгрөг, нийт 7 сарын зөрүүнд 11.550.000 төгрөг

3.Эм тарианы мөнгө 791.500 төгрөг нийт 15.701.500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие одоогийн байдлаар иргэн О.Бгийн төлбөрийг төлж яваа. Одоо 10,11,12 дугаар сард 1.100.000 төгрөгийн төлөлт төлөх үлдсэн байгаа. Нэхэмжлэлийн зарим хэсэг болох эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн 142/ШШ2020/01308 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.*******д заасныг баримтлан хариуцагч О.Маас 15.701.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7*******д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Маас 236.457 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие М нь нэхэмжлэгч О.Бд гэм хорын хохирол 15.701.500 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд амьдардаг. Гэтэл Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх харьяалал зөрчиж Булган аймгаас Орхон аймагт намайг дуудаж хэргийг харьяалал зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогч О.Б нь Зүүн хараад хэрэг шийдэгдэх үеэр эхлээд 10.397.700 төгрөг, шүүхээр 6.234.474 төгрөг, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан 12.594.792 төгрөгөөс машины төлбөр дээр 1.000.000 төгрөгийг О.Бд төлсөн. Гэтэл дахин шүүхэд 15.701.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

О.Бгийн ажиллаж байсан “Э а з” компани нь 2019 оны 05 сард үйлдвэрлэлийн осол гаргаж, 3 хүний амь нас хохирсны улмаас Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газраас хааж одоог болтол ажиллахгүй байгаа. Гэтэл О.Бд урд авч байсан цалингаар нь 1.950.000 төгрөгөөр бодож надаас зөрүү гаргуулсан нь буруу байна.

Энэ компани нь ажиллаагүй, үедээ сул зогсолтын мөнгө хэдээр олгодог нь тодорхойгүй, сул зогсолтын мөнгө огт олгоогүй тухай ажилчид нь ярьдаг. Ийм байхад компанийн жигд үйл ажиллагаа явуулж байсан үеийн цалингаар бодож байгаа нь ойлгомжгүй байна. О.Бгийн эмчлүүлж байсан, эм авч байсан баримтууд нь эмч нарын дүгнэлт болон эмчийн жорын дагуу хийгдээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна. ...Шүүх наад өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаагүй, хэт нэг талыг барьж байгаад гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн 1308 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй олгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч О.Маас гэм хорын хохирол 15.701.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 29*******30*******нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн М П................... улсын дугаартай машиныг жолоодож Улаанбаатар хотоос Булган аймгийн Хангал сумын чиглэлд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхдаа Приус 20 маркийн машины араас мөргөж О.Бд гавал тархины битүү гэмтэл, 2 хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн хөлний шилбэний хоёрлосон нугарал, аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Нэхэмжлэгч О.Б нь осолд орохын өмнө “Э а з” ХХК*******нд экскаваторын операторчноор сард 1.950.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан байх ба ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж, 2019 оны 9 дүгээр сарын 12*******ны өдөр тахир дутуугийн тэтгэвэр /сард 270.000 төгрөг/ тогтоолгосон, 2020 оны 02 дугаар сараас тахир дутуугийн тэтгэвэр нэмэгдэж 300.000 төгрөг болсон зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагч О.М Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.*******д зааснаар бусдын биед, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүх нэхэмжлэгч О.Бгийн цалин тэтгэврийн зөрүүг тооцож, хэрэглэсэн эм тарианы үнийг хариуцагч О.Маар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд нийцжээ.

Хариуцагч О.М нь нэхэмжлэгч О.Бг “Э а з” ХХК нь 2019 оны 05 дугаар сараас үйлдвэрлэлийн осол гаргаж хаагдсан, ажиллахгүй байхад урд авч байсан цалингаар зөрүү мөнгийг тооцож гаргуулсан нь буруу гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч өөрийн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.*******т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”.

Хариуцагч О.М нь гэм буруугүй болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул түүний гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн 142/ШШ2020/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Мын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагч О.Мын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.457 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ