Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2020/01315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, О.Н /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Ч.Д /Регистрийн дугаар: /-т холбогдох

Гэм хорын хохирол 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Н, хариуцагч Ч.Д, иргэдийн төлөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний Тоёота приус-20 маркын машины урд салхины шилийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хүрэнбулаг баг, 4-16-67 тоотод суух Ч.Дний хүү Г.Ө хагалсаныг Цагдаагийн газрын 102 утсанд дуудлага өгсөний дагуу шалгалт явуулж тогтоосон болно. “Далай ван аудит” ХХК нь 180,000 төгрөгөөр үнэлсэн. Надад учирсан 180,000 төгрөгний хохирлыг Г.Ө-ийн ээж Ч.Д-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн О.Н нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний тоёота приус-20 маркын машины урд салхины шилийг 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 4-16-67 тоотод суух Ч.Д-ий хүү Г.Ө хагалсаныг Цагдаагийн газрын 102 утсанд дуудлага өгсөний дагуу шалгалт явуулж тогтоодсон. Надад учирсан 180,000 төгрөгийн хохирлыг Г.Ө-ий нээж Ч.Дөөс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн зүгээс түүний нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тус үйл явдал болох үед О.Н нь машинаа 4-р микрийн 16 дугаар байрны сагсан бөмбөгийн талбайн өөдөөс харуулан байрлуулсан байсан гэх. Энэ үед миний хүү 4-р микрийн 16 дугаар байрны 2-р орцны урд байрлах хашилган дотор найзуудтайгаа тоглож байсан буюу машины ард тоглож байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа манай гэрт О.Н ах ирж “танай хүүхэд манай машины цонхыг хагалсан байна” гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа цагдаа дээр намайг дуудан очтол “танай хүүхэд машины цонх хагалсан байна, энэ хүний хохирлыг барагдуул” гэж хэлсэн. Тэгээд хүүгээсээ асуутал би хагалаагүй юу болсныг мэдэхгүй гэсэн. Үүнээс хойш иргэн О.Н, уг хэргийг шалгаж буй Ахлах дэслэгч Э.Чамин-Эрдэнэ нараас уг авто машиныг миний хүү Өгөөмөр хагалсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгнө үү гэж удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй. Миний хүү Өгөөмөр уг машины шилийг хагалсан гэдгийг нотлох баримт байхгүй. Мөн Ахлах тэслэгч Э.Чамин-Эрдэнэ нь уг хэргийг шалгах явцдаа насанд хүрээгүй хүүхдээс асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг авсан, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн эзгүйд миний хүүтэй 3-4 удаа уулзаж, намайг ажилтай эзгүй байхад гэрт ирж миний хүүг дагуулан 4-р микрийн 22-р байранд байрлах Цагдаагийн хэлтэст дагуулж очин “Чи хагалсан биздээ, ална шүү лалар минь надад нотлох баримт нь байгаа шүү, ална шүү П... минь зэрэг үг хэлээр дормжлон, айлган сүрдүүлж шилэн хүзүүн дээрээс нь дарж, гарыг нь өчиж уйлуулан дарамталж дэлгүүр лүү кофенд явуулсан. Мөн миний хүүгийн сургууль дээр 2 удаа очиж “Машины байрлал хаана байсан, чи хагалсан биздээ, Бумаа, Бомбок 2-оос асуусан чамайг хагалсан гэж хэлсэн...” гэх зэргээр хүүгийн минь эрхэнд ноцтой халдсан үйлдлүүдийг гаргасан.

Миний хүү иргэн О.Нын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах үйлдэл хийгээгүй тул О.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Ч.Д-д холбогдуулан гэм хорын хохирол 180,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь......“Миний Тоёота приус-20 маркийн машины урд салхины шилийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хүрэнбулаг баг, 4-16-67 тоотод суух Ч.Дий хүү Г.Өхагалсаныг Цагдаагийн газрын 102 утсанд дуудлага өгсний дагуу шалгалт явуулж тогтоосон болно. “Далай ван аудит” ХХК нь 180,000 төгрөгөөр үнэлсэн. Надад учирсан 180,000 төгрөгний хохирлыг Г.Ө-ийнээж Ч.Дөөс гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх бөгөөд, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ.....Тус үйл явдал болох үед О.Н нь машинаа 4-р микрийн 16 дугаар байрны сагсан бөмбөгийн талбайн өөдөөс харуулан байрлуулсан байсан. Энэ үед миний хүү 4-р микрийн 16 дугаар байрны 2-р орцны урд байрлах хашилган дотор найзуудтайгаа тоглож байсан буюу машины ард тоглож байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа манай гэрт О.Н ах ирж “танай хүүхэд манай машины урд салхины шилийг хагалсан байна” гэж хэлсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч болон уг хэргийг шалгаж байсан цагдаагийн ажилтан нараас уг машиныг миний хүү Г.Ө хагалсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгнө үү гэж удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй. Миний хүү Г.Ө уг машины урд салхины шилийг хагалсан гэдэг нотлох баримт байх юм бол төлөхөд татгалзахгүй. Машины урд салхины шилийг хагалсаныг үзсэн харсан хүн байхгүй нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хариуцагчийн хүү Г.Өболон түүний хамт байсан насанд хүрээгүй Б.Б, А.Б нарыг гэрчээр асуусан байна.

Насанд хүрээгүй гэрч Г.Ө мэдүүлэгтээ.... “2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хүрэнбулаг баг, 4-16-р байрны гадна манай найз Б.Бминий баруун хөл рүү чулуутай шавар над руу шидсэн. Тэгэхээр нь би Б.Брүү чулуу шидсэн чинь Б.Ббултаад тэгэнгүүтээ шууд цаашаа гүйгээд явсан. Б.Ббултсан чулуу хаана буусныг нь мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн шилийг хэн хагалсаныг би мэдэхгүй байна” гэжээ.

Насанд хүрээгүй гэрч А.Б мэдүүлэгтээ....“ Манай найз Г.Ө, Б.Б бид 3 Хүрэнбулаг баг 4-16-р байрны гадаа тоглож байсан. Тэгсэн Г.Ө Б.Б2 хоорондоо чулуу юмуу, шороо юмуу мэдэхгүй юм шидээд байсан. Тухайн үед Б.Б 4-16 байрны хойд талд явган хүний зам дээр зогсож байхад Г.Ө юм шидсэн, юу шидсэн талаар мэдэхгүй. Шидсэн чулуу нь хаана буусныг мэдэхгүй. Гэтэл Г.Өза явцгаая гээд орилоод унасан. Тухайн үед би цонх хагалсаныг мэдээгүй сүүлд нь сонсоход Г.Өюм шидсэн газар машин байсан байна лээ гэжээ.

Ийнхүү хариуцагч Ч.Д-ий хүү Г.Ө нь нэхэмжлэгчийн машины урд салхины шилийг хагалж гэм хор учруулсан гэм буруутай болох нь тогтоогдоогүй, түүний цонх хагалсаныг шууд харсан гэрч, нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Түүнчлэн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Чамин-Эрдэнэ 2020 оны 10-р сарын 12-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж “ 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-р байрны гадна байсан 33-92 ОРО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан тухай гомдол мэдээллийг шалгахад холбогдогч Г.Ө нь шийтгэл хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолыг үйлдэхдээ Тогтоох хэсгийн 1-р заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7-д заасан үндэслэлээр Х.Э-т холбогдох 2025000894 дугаартай хэргийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж хариуцагч О.Ө-т холбогдох Зөрчлийн хэргийг биш, харин Х.Э-т холбогдох Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн машины урд салхины шилийг хагалсан гэх Г.Ө нь 2007 оны 12 сарын 24-нд төрсөн тухайн үед 13 настай байсан буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Иргэний эрх зүйн зарим чадамжтай байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлнө” гэсний дагуу түүний эх Ч.Д нь хүү Г.Ө-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасан боловч Г.Ө нь нэхэмжлэгчийн машины цонхны шилийг хагалсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н-ын хариуцагч Ч.Д-өөс гэм хорын хохирол 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН

                      ШҮҮГЧИД                                                     Б.ХИШИГДАВАА

                                                                       Р.ҮҮРИЙНТУЯА