Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 07

 

О.Нын нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Дд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Дд холбогдох

 

 “Гэм хорын хохирол 180.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч О.Нын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний Тоёота приус-20 маркийн машины урд салхины шилийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хүрэнбулаг баг, 4-16-67 тоотод суух Ч.Дий хүү Г.Ө хагалсныг Цагдаагийн газрын 102 утсанд дуудлага өгсний дагуу шалгалт явуулж тогтоосон болно. Далай ван аудит ХХК нь 180.000 төгрөгөөр үнэлсэн. Надад учирсан 180.000 төгрөгний хохирлыг Г.Өийн ээж Ч.Дөөс гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн зүгээс түүний нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

Тус үйл явдал болох үед О.Н нь машинаа 4-р микрийн 16 дугаар байрны сагсан бөмбөгийн талбайн өөдөөс харуулан байрлуулсан байсан гэх. Энэ үед миний хүү 4-р микрийн 16 дугаар байрны 2-р орцны урд байрлах хашилган дотор найзуудтайгаа тоглож байсан буюу машины ард тоглож байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа манай гэрт О.Н ах ирж танай хүүхэд манай машины цонхыг хагалсан байна гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа цагдаа дээр намайг дуудан очтол танай хүүхэд машины цонх хагалсан байна, энэ хүний хохирлыг барагдуул гэж хэлсэн. Тэгээд хүүгээсээ асуутал би хагалаагүй юу болсныг мэдэхгүй гэсэн. Үүнээс хойш иргэн О.Н, уг хэргийг шалгаж буй Ахлах дэслэгч Э.Чамин-Эрдэнэ нараас уг авто машиныг миний хүү Ө хагалсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгнө үү гэж удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй. Миний хүү Ө уг машины шилийг хагалсан гэдгийг нотлох баримт *******. Мөн Ахлах тэслэгч Э.Чамин-Эрдэнэ нь уг хэргийг шалгах явцдаа насанд хүрээгүй хүүхдээс асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг авсан, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн эзгүйд миний хүүтэй 3-4 удаа уулзсан... Мөн миний хүүгийн сургууль дээр 2 удаа очиж Машины байрлал хаана байсан, чи хагалсан биз дээ, Бумаа, Бомбок 2-оос асуусан чамайг хагалсан гэж хэлсэн... гэх зэргээр хүүгийн минь эрхэнд ноцтой халдсан үйлдлүүдийг гаргасан. Миний хүү иргэн О.Нын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах үйлдэл хийгээгүй тул О.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01315 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Нын хариуцагч Ч.Дөөс гэм хорын хохирол 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний машины шилийг Ө гэдэг хүү хагалсан болохыг Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж тогтоогоод Прокурорын газар нь хяналт тавьсан байхад шүүх эсрэг шийдвэр гаргасанд харамсаж байна. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байхад Ө, Бумгэрэл, Бат-Итгэл гэх 3 хүүхэд /ална хядна/ гээд явсан. Үүнийг яагаад хуулийн байгууллага шалгахгүй байна вэ. Энэ 3 хүүхэд миний машин руу чулуу шилсэн орилоод бүгдээрээ явсан гэх мэт өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээс харахад Ө хагалсан гэдэг нь ойлгомжтой байна. ...Ө нь би хагалсан гэж ярьсан бичлэг цагдаагийн байцаагчид байсан. Цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолд Ө гэхийг Эрдэнэбаяр гэж сольж бичсэн байна. Үүнийг залруулж өгөхийг Цагдаагийн газраас хүссэн. Шүүхийн шийдвэрт миний хэлсэн үгийг бүрэн эхээр нь бичээгүй байна. Хариуцагч О.Дий үгийг бүрэн бичсэн байна. Шүүх бүрэлдэхүүн Онцгой байдал үүссэн үед гамшгийн тухай хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гарах үед гадны нөлөө орсон гэж үзэж байна. Б.Бямбасүрэн шүүгч иргэдийн төлөөлөгчийг шийдвэр гарахаас өмнө бичээд аваад ир гэсэн. Ийм учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.1-д заасныг баримтлан хариуцагч О.Дөөс гэм хорын хохирол 180.000 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Ч.Дөөс гэм хорын хохиролд 180.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр микрийн 16 дугаар байрны гадна зогсоолд тавьсан Приус-20 маркийн машины салхины шилийг хагалсан үйл баримтад үндэслэн насанд хүрээгүй Г.Өийн эх Ч.Дд холбогдуулан гэм хорын хохирол 180.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ч.Д нь манай хүү Ө машины шилийг хагалсан болох нь тогтоогдоогүй, нотлох баримт *******. Өөрөө машинаа 16 дугаар байрны сагсан бөмбөгийн талбайн өөдөөс харуулан байрлуулсан байсан, тэр үе хүү маань байрны 2 дугаар орцны хашилган дотор машины ард тоглож байсан  байна лээ. Цагдаагийн ажилтнаас манай хүүг  хагалсан гэдгийг нотолж нотлох баримт гаргаж өгнө үү гэж удаа дараа шаардсан гаргаж өгөөгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Ө, Бат-Итгэл, Бумгэрэл нарын насанд хүрээгүй 3 хүүхэд 4 дүгээр микрийн 16 дугаар байрны гадна тэр өдөр тоглож байсан нь тогтоогдсон байгаа боловч Г.Өийн шидсэн чулуу нэхэмжлэгч О.Нын машины шилийг онож хагалсан талаар гэрчүүд мэдүүлээгүй, өөр холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй, Цагдаагийн газрын шалгаж хаасан зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаар Г.Өийн чулуу шидэж, машины салхины шилийг хагалсан гэж үзэх боломжгүй,  нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч О.Дий хүү Г.Ө нь нэхэмжлэгчийн машины урд салхины шилийг хагалсан гэм хор учруулсан, гэм буруутай болох нь тогтоогдоогүй, түүнийг цонх хагалсныг шууд харсан гэрч, нотлох баримт *******  үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий болжээ. Хавтаст хэргийн 51 дэх талд авагдсан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоолын тогтоох хэсэгт зөрчил гаргагчийн  нэр буруу бичигдсэн зөрчилтэй тогтоол авагдсан байна.

Нэхэмжлэгч О.Н нь давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгч нарын нэр солигдож орж ирсэн гэж гомдол гарган тайлбарлаж байх ба 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1056 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалагчаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарыг томилсон боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1070 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Л.Ариунцэцэгийн шүүх хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа гэсэн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж шүүгч Р.Үүрийнтуяаг оролцуулахаар албажуулсан байна. Мөн нэхэмжлэгч О.Н шүүгч иргэдийн төлөөлөгчийг гарч байгаад дүгнэлтээ бичээд ир гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн байгаа гэсэн гомдол гаргаж байгаа боловч шүүх хуралдааны бичлэг шалгуулах хүсэлтээ шүүхийн тамгын газарт журмын дагуу гаргаагүй тул энэ талаар гомдлыг шийдвэрлэх боломжгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай.

Насанд хүрээгүй Г.Өийн машины салхины шилийг хагалсан гэх гэм буруутай үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1.-д зааснаар түүний эх О.Д гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй болно.

Иймд нэхэмжлэгч О.Нын давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Нын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Нын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч О.Нын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ