Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

 

 

 2020           05           28                                            2020/ДШМ/685                                                                                                   

Б.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор А.Дүүрэнбилэг,

            шүүгдэгч Б.Э-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2005001660115 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Э, Сэлэнгэ аймагт 1965 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, “Рома таун” хотхоны 0000 дүгээр байрны 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Б.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны

нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрийн зоог” цайны газарт М.Хувьзаяатай цалин, хөлснөөс болж маргалдах явцдаа баруун гарыг нь мушгин түлхэж  унагаснаар “тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч И.Хувьзаяа гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. Цайны газарт урьд ажиллаж байгаад ажлаа орхиж явсан хохирогч цалин мөнгөний тооцоо хийж, цалингаа авахаар ирээд маргалдсан. Түүнтэй зууралдаж, түлхсэн. Унаснаас гэмтэл учирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ үйлдэлд хохирогч И.Хувьзаяа нь ажлын байран дээр ирж тайлбар ойлгохгүй, дайрч, маргаан үүсгэж танхайрсан буруу ч байгаа гэж үзэж байна. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлын баримтаа ирүүлвэл нөхөн төлөхөд татгалзахгүй. Хохирлын баримт байхгүй тул анхан шатны шүүх намайг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч зардлаа жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Би тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог ба энэ талаарх баримтаа хууль мэдэхгүйн улмаас хэрэгт хавсаргаж чадаагүй. Мөрдөгч, прокурор ч шаардаагүй. Шүүхэд гаргаж өгөөгүйгээс намайг орлоготой эсэх нь тодорхойгүй, торгуулийн ялыг төлөх боломжгүй гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Би ачааны автомашинтай бөгөөд үүгээр ачаа тээвэр хийж орлого олдог. Мөн бусад үед нь эхнэр Б.Уранбилэгтэй хамтран цайны газар ажиллуулан тодорхой орлого олдог. Урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Эрүүл мэндийн хувьд зүрх өвддөг, даралт ихэсдэг, нуруу суулттай тул биеийн хүчний ажил хийхэд хүндрэлтэй байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал, гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй байдал, мөн хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг бүх талаас нь харгалзан надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, тус зүйл ангид заасан торгуулийн ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул түүний давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ түүний давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажиллуулдаг “Гэрийн зоог” цайны газартаа хоол бэлтгэгчээр ажиллаж байсан М.Хувьзаяатай цалин, хөлснөөс болж маргалдах явцдаа баруун гарыг нь мушгин түлхэж  унагаснаар “тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч И.Хувьзаяагийн “... 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс хойш нэг сарын хугацаанд “Гэрийн зоог” цайны газарт бэлтгэгчээр ажилласан юм. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цайны газрын эзэн Урнаатай уулзаж цалингийн талаар ярилцахад дансаар шилжүүлнэ гэсэн. Удаа дараа цалингаа нэхэхэд өгөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цайны газарт очиход нөхөр Жавхаа нь байсан ба цалингаа нэхэхэд “Мөнгө байхгүй, цалин өгөхгүй, чи явдаг газраараа явж мөнгөө ав” гэж доромжлоод түлхэхээр нь цамцнаас нь зуурсан. Тэр үед Жавхаа намайг түлхэж гаргаад, баруун гарыг мушгиж цамцаа тавиулсан” /хх 10-11/,

шүүгдэгч Б.Э-гийн яллагдагчаар өгсөн “И.Хувьзаяа “Цалингаа авна” гэхээр нь “Эхнэр хөдөө явсан, ирээд цалинг чинь бодож өгнө, чи хэлдэг газраараа яв” гэсэн. И.Хувьзаяа над руу дайраад “Би цалингаа авмаар байна” гээд орилоод миний цамцны энгэрээс зуураад байхаар нь гарыг нь доош дарж салгаад түлхээд үүдээр гаргасан” /хх 23-24/ гэх мэдүүлгүүд,

хохирогч И.Хувьзаяагийн биед тархи доргилт, баруун шуу, тохойн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 652 тоот шинжээчийн дүгнэлт /хх 13-14/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл, тухайлбал: түлхэх, мушгих зэрэг үйлдлээс үүснэ” /хх 14-15/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч И.Хувьзаяагийн гарыг нь мушгин түлхэж унагаснаас хохирогчид тархи доргилт, гаранд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон тохиолдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгч аж ахуй эрхэлж орлого олдог, тодорхой хөрөнгийн эх үүсвэртэй байдал нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн хохирогч И.Хувьзаяа ажилласан хугацааны цалингаа нэхэмжлэхэд, шүүгдэгч Б.Энхжавлан цайны газартаа ажиллуулсан цалинг хугацаанд нь өгөхөөс цаарагласнаас тэдний хооронд маргаан үүсч, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх ба хохирогчийн цалин хөлсөө нэхэмжилсэн шаардлага хууль ёсны ашиг сонирхолд үндэслэсэн байх тул  “...гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Э-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН